Дэлхийн өнцөг булан бүрдэх хэдэн арван сая хүүхдийн дурсамжид тодоос тод зурагдан үлдсэн алдарт “Spirited away” кино энэ жил 25 нас хүрч байна. Уг бүтээл нээлтээ хийсэн даруйдаа дотооддоо 234 сая долларын орлого олж Японы хамгийн өндөр ашиг орлоготой киноны жагсаалтыг бүтэн арван есөн жил тэргүүлсэн юм. Түүнчлэн тус бүтээл гагц найруулагч Хаяао Мияазакиг дэлхийн уран бүтээлч болгоод зогсохгүй, анимэгийн түүхийг дахин шинээр бичсэн билээ. 

Өнөөдөр бид эл кино урлагийн нөлөө бүхий бүтээл хэрхэн бүтсэн тухай болоод анимэгийн буюу анимейшний түүхэнд оруулсан нөлөөг нь өгүүлэхээр энэхүү нийтлэлээ бэлтгэлээ. 

Хүлээн авна уу.


Чихиро төрсөн түүх

1990-ээд оны сүүлчээр найруулагч Мияазаки Хаяао кино урлагаас түр завсарлахаар шийдэж байсан хэдий ч найзынх нь охин түүнийг уран бүтээлээ ахин үргэлжлүүлэхэд хүргэсэн гэдэг. Тэрээр тухайн үед хүүхдэд зориулсан кино хэтэрхий хялбар өгүүлэмжтэй, баатарлаг дүр, адал явдалд л голчлон баригдсан хэмээн үзэж, үүнээс үүдэн бодит амьдралд илүү ойр түүхийг бүтээлээрээ өгүүлэхийг хүсэж байсан аж. Түүнчлэн найруулагч бээр өмнөх бүтээлүүддээ бага насны хүүхэд, өсвөр насныхны тухай өгүүлж байсан боловч арав орчим насны охидын тухай тусгайлан төвлөрсөн бүтээл хийгээгүй тул яг тэдэнд зориулсан түүх бүтээхийг зорьсон нь “Spirited Away”-ийн эхлэл болжээ. Ийнхүү тэрхүү найзынх нь охиноос Чихирогийн анхны үүдэл санаа төрсөн гэнэ.

Студийн уран бүтээлээ туурвидаг арга барил ч Чихирог “амьд” болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэхэд хилсдэхгүй. Найруулагч урьдчилан зохиол бичилгүй, киногоо бүтээх явцдаа “storyboard”-оо зурах замаар дүрээ адал явдалтай нь хамт хөгжүүлдгээрээ алдартай. Түүний уг арга барил магадгүй дүрүүдийг нь хэт архетип маягтай болгохоос сэргийлдэг ч байж мэднэ.



Мөн уг бүтээлийн япон нэр нь “千と千尋の神隠し”. Үүний “神隠し” (かみかくし - Камикакүши) гэх ойлголт нь эртний түүхтэй. Эрт цагаас эл үгээр япончууд хүн уул толгод, сүм хийд, ой мод зэрэг ариун дагшин газар яваад сураггүй алга болохыг илэрхийлдэг байсан бөгөөд үүнд уулын эзэд буюу Тэнгү (天狗) нар чухал оролцоотой хэмээн үзсээр ирсэн байдаг. Найруулагч үндэстнийхээ уг уламжлалт ойлголтыг уран сайхны аргаар өрнүүлэн орчин үеийн хүүхдийн амьдралтай холбож өгсөн нь тус бүтээлийн нэгэн онцлог шинж.

Японы уламжлалт философийн “Ма” (間) буюу аливаа зүйлийн “завсрын үе” хэмээх ойлголт ч тус бүтээлд онцгой үүрэгтэйг дурдууштай. Тухайлбал, киноны эхэнд гол дүрийн Чихиро охин сургуулиасаа шилжин, гэр бүлээрээ нүүж буйг харуулдаг бөгөөд ээж аавын хамт нэгэн үл таних газар түр саатсанаар бүх адал явдал эхэлдэг. Харин киноны төгсгөлд бүгд хуучин байрандаа буцаж, аав ээж, охин гурав шинэ гэрийн зүг хамтдаа явдаг билээ. Тэгэхээр энэхүү бүтээл нь бүхэлдээ Чихиро болоод түүний гэр бүлийн хуучин орчноосоо шинэ орчин руу шилжиж буй “завсрын үе”-ийг буюу “Ма”-г буулгасан гэж хэлж болно. Үүгээрээ найруулагч дэлхийн хүн бүхний мэдэрдэг мэдрэмжийг уламжлал, шинэчлэлийг хослуулан илэрхийлж чадсан бөгөөд чухам энэ л шалтгаанаар тус бүтээл өнөөг хүртэл үзэгчдийг татсаар буй биз ээ.



Хэрхэн “Spirited Away” анимэ ертөнцийг өөрчлөв?

2002 онд уг бүтээл Берлины кино наадмын дээд шагнал “Алтан баавгай”-г гардсан анхны анимейшн болов. Үүний удаах жил 75 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоор “Шилдэг анимейшн”-ий эзэн болж, өнөөг хүртэл тус төрөлд ялалт байгуулсан цорын ганц гар зургаар бүтсэн, англи хэл дээрх бус бүтээл хэвээр буй. Сонирхуулахад, 74 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоор анх удаа “Шилдэг анимейшн”-ий төрөл нэмэгдсэн бөгөөд дараа жил нь л “Spirited Away” цөмрөн орж ирсэн нь хэний ч хүлээгээгүй үйл явдал болсон гэдэг.



Үүгээрээ Studio Ghibli анимейшнийг гагц хүүхдэд зориулсан төрөл гэх Америкийн тогтсон үзлийг халж, жинхэнэ урлагийн нэгэн зүйл гэдгийг баталсан гэж судлаачид үздэг байна. Тухайн үед Японы төдийгүй, олон улсын студиүд гар зургийн анимейшнаас татгалзаж байхад гагц Studio Ghibli тус арга барилаа орхилгүй үргэлжлүүлсэн нь өөрийн гэсэн гоо зүй, онцлог өнгө төрхийг бүрдүүлэх гол суурь нь болсон аж. Хэдийгээр уламжлалт анимейшний арга нь хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддаг ч студи бүрэн хэмжээний кинондоо компьютер анимейшн ашиглахаас татгалзсаар буй. Найруулагчийн хамгийн сүүлд үзэгчдийн хүртээл болгосон “The Boy and the Heron” бүтээлийг л гэхэд нийт 60 аниметор нэгэн зэрэг ажиллаад сарын хугацаанд 1 минутын анимейшн гаргаж байсан гэж продюсер Т.Сүзүки мэдэгдсэн байдаг.

Тэрчлэн “Spirited Away” дэлхий даяар олон кино уран бүтээлчдэд урам зориг өгснийг энд цохууштай. Тодруулбал, үзэгчид Мексикийн найруулагч Гильермо Дель Торогийн “Pan’s Labyrinth” бүтээл хэд хэдэн талаараа “Spirited Away”-г санагдуулам хэмээн дүгнэх нь бөгөөд найруулагч Вес Андерсон ч өөрийн “Isle of Dogs” киног бүтээхдээ ашигласан “аниргүй”-н аргаа найруулагч Мияазаки Хаяаогаас суралцсан хэмээн онцолж байв.



Соёлын цаана орших соёл

Киноны гол дүр Чихиро халуун усны газар ажилд орох гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа “にじり口” буюу тун намхан хаалгаар мөлхөн ордгийг уншигч та санаж буй биз ээ. Эрт цагаас Японд цайны ёслолд оролцох зочид эл хаалгаар ордог уламжлалтай бөгөөд тэгэхдээ зэр зэвсэг, илд сэлмээ гаднаа үлдээн “өөрөөрөө” дотогш нэвтэрдэг уламжлалтай байсан гэнэ. Мөн Японы уламжлалт Но театрын хөгжимчид ч ижил хаалгаар тайз руугаа “бөхийн” ордог нь нэгэн төрлийн “хувирал” (metamorphosis)-ийг бэлгэддэг байна. Энэхүү соёлын гүн бэлгэдлээр найруулагч дүрийнхээ дотоод хувирлыг мөн илтгэсэн байдаг байна.


Кинон дээрх "にじり口" хаалга

Өөр нэгэн жишээг хуваалцахад, луун дүрд хувилсан голын савдаг Хакү рүү зуу зуун хүний хэлбэртэй цаас довтлон дайрдаг. Тус цаасан биетүүд нь “形代” (かたしろ - Каташиро) гэх эртний Японы бөөгийн уламжлалд хүн амьтныг цэвэрлэн, элдэв цээрийг нь тайлахад хэрэглэдэг асан эд гэнэ. Түүгээр хүн биеэ арчаад голд угаавал шингэсэн муу зүйл нь арилан оддог хэмээн үздэг байжээ. Харин кинон дээр тэдгээр биетүүд Хакү рүү довтолдог шалтгаан нь халуун усны газрын эзэн Юбабагийн биед нь оруулсан хануур хорхойг зайлуулах гэж оролдож буй нь тэр аж.



Сүүлийн жишээ нь, Чихиро Юбабагийн ажлын гэрээнд гарын үсэг зурахдаа Хагино Чихиро (萩野千尋) бус, Эно Чихиро (获野千尋) хэмээн нэрийнхээ эхний ханзыг алдаж бичсэнээрээ халуун усны газрын эзний мэдэлд бүрэн оролгүй үлджээ. Тодруулбал, эртний Японд эмэгтэйчүүд нэрээ нууцалдаг уламжлалтай байсан бөгөөд бусдад жинхэнэ нэрээ хэлэх нь муу зүйлд өртөхийн ёр болдог байсан гэдэг.

Арван настай хүүхдэд “萩” гэх ханз хэт хэцүүгийн дээр Юбабагийн шахалт доор бичсэн тул “获” хэмээн андуурах өндөр магадтай бөгөөд найруулагч ч “storyboard” дээрээ Эно Чихиро (获野千尋) хэмээн бичсэн байдаг нь уг “алдаа” өөрийнх нь шийдэл байсныг баталж буй хэрэг болов уу.


Найруулагч Мияазаки Хаяаогийн "storyboard"

Эцэст нь тус гайхалтай бүтээлийг хөгжмийн зохиолч Joe Hisaishi-гийн аялгуугүй төсөөлөхийн аргагүй билээ. Иймд та нийтлэлийнхээ төгсгөлд доорх хөгжмийг сонсон эл бүтээлтэй хэрхэн анх танилцсан түүхээ бидэнтэй сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.