Видео стрийминг үйлчилгээ хөгжихийн хэрээр хүн бүр дэлхийн сор бүтээлүүдийг хүссэн газраасаа хүлээн авах боломжтой болсон билээ. Гэсэн ч цаг хугацааны эрхээр үзэгчид өөрсдийн хэл, соёл, нийгмийн өнгө төрхтэй нийцсэн дэлхийн стандартын бүтээлийг хүсэх болсон нь нууц биш. Гагцхүү энэ эрэлт хэрэгцээг хурдан хугацаанд үр дүнтэй хангах боломж нь тухайн бүтээлийн франчайз эрхийг авч, “дахин бүтээх” явдал бөгөөд уг жишгээр сүүлийн үед чанартай кино уран бүтээлүүдийн гадаад хувилбар олны хүртээл болсоор буй.  Үүний нэг нь “Suits” олон ангит кино юм. 

Уг бүтээлийн олон улсын дөрөв дэх хувилбарыг Монгол HD телевиз албан ёсны эрхтэйгээр бүтээж, ирэх арванхоёрдугаар сарын 3-ны өдрөөс үзэгчдийн хүртээл болгох юм. Ингээд эл бүтээлийг үзэх гурван шалтгааныг танилцуулъя. 

АМЕРИКИЙН SUITS 

АНУ-ын NBC Universal компанийн бүтээл Suits цуврал нь 2011 онд эхэлж, 2019 он хүртэл есөн улирлын 134 ангийг олны хүртээл болгожээ. Хар тамхины наймаанаас болж их сургуулиа орхисон чадварлаг өмгөөлөгч Майк Росс Нью-Йорк хотын шилдэг хуульчдын нэг Харви Спектертэй хамтран ажиллаж байгаа талаар өгүүлдэг тус цуврал нь гарсан цагаасаа хойш олон амжилтын эзэн болжээ. Тухайлбал, эрэгтэй үзэгчдийн дундах судалгаагаар 2011 оноос хойших АНУ-ын хамгийн өндөр үзэлттэй цуврал, Netflix дээр зургаан долоо хоногийн турш 20 тэрбум минутын үзэлт авсан бүтээл, Netflix Америкийн “Шилдэг цуврал”-аар тус тус шалгарч байв.

Мөн уг цувралыг Өмнөд Солонгос, Япон, Саудын Арабын телевиз, студиуд албан ёсны эрхтэйгээр бүтээсэн ба KBS 2 телевизийн хувилбар гэхэд л эфирт цацагдсан цагаасаа хойш нийт дөрвөн тэрбум минутын үзэлт авч, тус телевизийн к-драмууд дундаас эхний аравт жагсаж байжээ.



МОНГОЛЫН SUITS 

Манай улсын хувьд тус олон ангит киноны албан ёсны эрхийг авч бүтээсэн дөрөв дэх орон болж байгаа бөгөөд зураг авалт нь дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилжээ. Кино багт 100 орчим арын албаны ажилтан, 200 гаруй гол болон туслах жүжигчин ажилласан ба гол дүрүүдэд жүжигчин Э.Чинзориг, О.Самданпүрэв, Н.Баярмаа, Б.Мөнхнаран, Б.Ариунцэцэг нар тогложээ.

Монголын кино урлагийн салбарт шинэ дэвшил, өнгө төрхийг бий болгохоор зорьсон уг бүтээл эх хувилбартайгаа ижил үнэний төлөө тэмцэх, шударга өмгөөлөгчдийн дүрүүдээр Монголын хуулийн ертөнцийг таниуулж, анги бүрээр нийгэмд тохиолдож буй асуудлуудыг илэрхийлэхээр зорьсон аж.



ӨМНӨД СОЛОНГОСЫН КИНО БАГ 

Монгол хувилбарын ерөнхий продюсероор Өмнөд Солонгосын “Кино продюсерын холбоо”-ны Дэд ерөнхийлөгч, K-arts буюу Солонгосын Үндэсний урлагийн их сургуулийн Кино тэнхимийн эрхлэгч Чүэ Юн Бэ ажилласан юм. Түүний хувьд Өмнөд Солонгос улсаас анх удаа Оскарын кино наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн Бун Жүн Ху найруулагчийн “The Host” киноны ерөнхий продюсероор ажилласан туршлагатай төдийгүй Солонгосын кино урлагийн салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж буй.

Мөн зөвлөх зураглаачаар Өмнөд Солонгосын хамгийн анхны гадаадад төгссөн зураглаачдын нэг, 30 жилийн туршлагатай зураглаач Ким Хён Гү ажилласан бол эвлүүлгийн найруулагчаар Бун Жүн Ху найруулагчийн Snowpiercer бүрэн хэмжээний бүтээл, Money Heist цувралын солонгос хувилбар дээр ажилласан Чүэ Мин Ён тус тус ажиллажээ.

Уншигч та Suits олон ангит киноны монгол хувилбарыг арванхоёрдагаар сарын 3-наас эхлэн Монгол HD телевиз болон Ori-оор хүлээн авч үзэх боломжтой.