Технологийн салбарын хамгийн том цугларалт “Tech Week 2025” энэ жил анх удаа Улаанбаатар хот болон орон нутагт долоо хоногийн турш зохион байгуулагдаж байгаа билээ. Монголын технологийн салбарын бүх тоглогчид: төрийн байгууллага, гарааны бизнес, хөрөнгө оруулагч, инженер, оюутан гээд бүгд нэг дор цугларч, “ирээдүйн дижитал Монгол”-ын тухай ярилцсан уг арга хэмжээнээс 5 гол эвентийн онцлох мөчүүдийг танилцуулж байна.

1. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол


09-р сарын 22-ны өдөр салбар бүрийн технологи сонирхогчдын нэгдмэл орчныг бүрдүүлэх зорилготой TECHWEEK 2025 арга хэмжээний хэвлэлийн бага хурал Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт амжилттай зохион байгуулагдсан юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр:

- TECHWEEK 2025-ын ач холбогдол, онцлог болон технологийн салбарын хөгжилд оруулах хувь нэмрийн талаар онцолж, улс даяар зохион байгуулагдах 50 гаруй эвентийн ач холбогдлыг тодотголоо.
- Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Монгол Улс анхны “Виртуал бүс”-ийг байгуулах шийдвэр гарсныг зарлав. Энэхүү шийдвэр нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, дижитал экспортын шинэ боломжийг нээх түүхэн алхам болсныг албан ёсоор тэмдэглэлээ.
- Мөн TECHWEEK 2025-ын Gold Sponsor “Тэсо” группийн Тэсо Инвестмент компанийн хөрөнгө оруулалттай “TINO” супер апп нь Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх супер апп болох “GrabMaps”-тай стратеги болон технологийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, олон улсад батлагдсан газрын зураг боловсруулах инновацыг Монгол Улсад нутагшуулах томоохон зорилтыг дэвшүүлэв.

2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэлэлцүүлэг 

21 аймагт - 2025.09.19-22

Энэ долоо хоногийн онцлох арга хэмжээ орон нутагт зохион байгуулагдсан “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэлэлцүүлэг”-үүд байлаа. Дөрвөн аймагт (Дундговь, Баянхонгор, Архангай, Булган) болж өнгөрсөн эдгээр хэлэлцүүлэг нь төрийн байгууллага, инженерүүд, мэдээлэл зүйн багш нар, малчид, сурагчид гээд олон нийтийг хамруулснаараа онцлог.

Дундговь аймагт 470 хүн оролцсон хэлэлцүүлгийн үеэр “Бүх нийтийн цахим ур чадвар дээшлүүлэх 5-р аян”-ы тусламжтай 400 гаруй иргэн төрийн үйлчилгээг цахимаар авах практик ур чадвартай болсон нь том алхам байв. Малчид E-Mongolia системд бүртгүүлж, төрийн үйлчилгээг утсаараа авах боломжтой гэдгийг биечлэн туршсан юм.

Баянхонгор аймагт төрийн албан хаагч, инженер, мэдээлэл зүйн багш нар төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн тогтвортой хөгжлийг хангах шийдлийг эрэлхийлэв.

Архангай аймагт 100 гаруй оролцогчтой уг хэлэлцүүлэг сурагчдын дунд цахим дээрэлхэлтийн эсрэг сургалтыг зохион байгууллаа.

Булган аймагт “Дижитал аймаг”, “Дэд бүтэц”, “Цахим аймаг” зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл тавигдаж, орон нутгийн дэд бүтцийг шат дараатай хөгжүүлэх, мэргэжилтнүүдийг тогтвортой бэлтгэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах стратеги санал дэвшүүлсэн нь бодлогын түвшний чухал хэлэлцүүлэг болж өрнөв.

 3. AI ба IT карьерын ирээдүй


Хиймэл оюуны нөлөөгөөр мэргэжил, карьерт гарч буй өөрчлөлтийг тодорхойлж, оюутан, инженерүүдэд AI-тэй хамтран ажиллах, тасралтгүй суралцах замыг эрэлхийлэх боломжийг олгох байв. Энэхүү хиймэл оюун болон мэдээллийн технологийн салбарын харилцан уялдаа, карьер хөгжлийн шинэ боломжуудыг практик жишээ, мэргэжлийн зөвлөгөө, панел хэлэлцүүлгээр дамжуулан хэлэлцсэн нь онцлог байлаа.

- Ч.Билгүүн (Чимэгэ Системс ХХК, AI Team lead, Master of Computer Science) "AI IT карьерын ирээдүйг хэрхэн өөрчилж байна вэ?" сэдвээр 18:10-18:35 хооронд илтгэл тавьсан. Тэр бээр ажлын байрны бүтэц, ур чадварын шаардлага, автоматжуулалт ба хүний үүргийн шинэчлэл зэрэг асуудлыг баримтад тулгуурлан тайлбарлаж, оюутан, инженерүүдэд анхаарах практик зөвлөмжүүд өгөв.

- Сэдвэчилсэн хэлэлцүүлэг дээр оролцогчид хиймэл оюуныг ёс зүйтэй, үр дүнтэй ашиглах арга зам, өгөгдөл ба загварын чанарыг сайжруулах, тасралтгүй суралцагч болох шаардлагын талаар туршлага солилцов.

- Панелистууд: доктор М. Золжаргал (Ailab - CEO), Э.Алтаншагай (МУИС оюутан, Оюутны төлөөлөл), Г. Хаш-Эрдэнэ (UFE Tech - Сургалтын албаны дарга, Chipmo - Хамтран Үүсгэн байгуулагч) нар өөрсдийн ажлын туршлага, салбарын ирээдүйн хандлага, сургалт ба ажлын зах зээлийн хоорондын холболтын талаар санал бодлоо хуваалцсан нь энэ чиглэлд ажиллахаар зэхэж буй залуу мэргэжилтнүүд, оюутан сурагчдад өгөөжтэй байсан биз ээ.

4. Видео кодчилолын сургалт

Зохион байгуулагч Хакум Вишн Viger.tv платформыг хөгжүүлэх явцад Монголын нөхцөлд тулгарсан encoding, transcoding, CDN болон streaming pipeline-тай холбоотой бодит сорилт, шийдлийг танилцуулан, оролцогчдод суурь ойлголт болон практик туршлага өгөхөөр уг сургалтыг зохион байгуулжээ. 25 хүн оролцсоноос ихэнх нь оюутан байсан ба видео технологид сонирхолтой инженер, хөгжүүлэгчид хүрэлцэн ирсэн нь залуу мэргэжилтнүүд энэ чиглэлд илүү сонирхолтойг илтгэж буй болов уу.

5. ICT форум


Tech Week 2025-ийн хамгийн чухал арга хэмжээ бол ICT Forum 2025. “Digital First” уриан дор зохион байгуулагдсан энэхүү форум Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, шийдлүүдийг төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдийн дунд өргөн хүрээнд хэлэлцэх гэж буй.

Форумын эхний өдрүүдэд IT Park дээр шинэ технологи, гарааны бизнес, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудыг нэг дор цуглуулсан технологийн хэлэлцүүлэг өрнөнө. ICT Forum 2025-ийн зорилго нь зөвхөн салбарын асуудлыг ярих бус, цаашдын “Digital First” хөтөлбөр, AI стратеги, хууль эрх зүйн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход чиглэсэн юм. Уг арга хэмжээ энэ долоо хоногийн баасан гарагт зохион байгуулагдах юм.

TechWeek 2025-д бүртгүүлэхийг хүсвэл энд дараарай.