Нийтлэлээ эхлэхээс өмнө танд нэгэн асуулт тавья: Та хэрхэн амьдардаг вэ? 

Энэ нь жаахан сонин, өмнө нь тулгарч байгаагүй асуулт тань байж магадгүй. Гэхдээ бид ихэнх зүйлийг ийм, тийм гэж өөрийнхөөрөө тодорхойлчихдог хэр нь ээ  өөрийгөө хэрхэн амьдарч буйгаа төдийлөн тодорхойлдоггүй мэт. Магадгүй тийн тодорхойлох алба үгүй ч байж болох юм. Гэхдээ амьдралаа илүү утга учиртай, зорилго чиглэлтэй болгоё гэвэл сүүлийн үед тренд болж буй дараах амьдралын хэв маягуудтай танилцангаа энэхүү асуултыг хэсэгхэн зуур эргэцүүлээд үзээрэй: 

Та хэрхэн амьдардаг вэ? 

Байгальд ээлтэй (Sustainability) 


Хаягдал түүхий эдийг дахин боловсруулахын сацуу аливаа хэрэглүүр, бүтээгдэхүүнийг хаяхын оронд өөр эсвэл ижил зорилгоор дахин ашиглах явдал 2010-аад оноос хойш дэлхий дахинд гаарсаар өдгөө бидний өдөр тутмын хэрэглээнд хэдийн нэвтэрч, минималист амьдралын хэв маягийн гол өнгө төрх болоод буй.

2023 оны байдлаар дэлхий дахинд 199 сая орчим ашигласан ухаалаг гар утас зах зээлд эргэн орсон бол ThredUp-ийн 2024 оны тайланд дурдсанаар цахим худалдаа (resale) дахин эрчимжиж, 2029 он гэхэд уг зах зээл 40 тэрбум долларт хүрнэ гэж таамаглажээ. Мөн дэлхий даяар хуванцрын үйлдвэрлэл, хэрэглээ 2040 он гэхэд 2020 оныхоос 70 хувиар өсөх төлөвтэй байгаа ба дахин боловсруулалтын үр ашиг үүний хурдыг гүйцэж чадахгүй яваа. Тиймээс хаягдлын хэмжээг багасгах, дахин ашиглах, орлуулах үйл ажиллагаа улам бүр эрчимжиж байгаа аж.

Экологид ээлтэй амьдарна гэдэг уулыг өргөж, усыг эргүүлэх шиг хэцүү зүйл огтхон ч биш. Ердөө л өдөр тутмын хэдхэн дадлаа бага зэрэг өөрчлөхөд л болно. Тухайлбал, шүдээ угаахдаа усаа хаах, шүршүүрт арай богино хугацаанд орох, хүнгүй өрөөний гэрэл, цахилгаан хэрэгслийг унтраах, хүнсний үлдэгдэл тэргүүтэн органик хаягдлыг бордоо болгон ашиглах, дахин ашиглах боломжтой усны сав, даавуун уут хэрэглэх гэх мэт. Энэ мэт жижиг боловч өндөр ач холбогдолтой үйлдлүүдийг бодоод үзвэл байгальд ээлтэй амьдрах нь байгальд ээлгүй амьдрахаас ч хялбар билээ. Хэрэв бид нэг л удаа оролдоод үзвэл шүү дээ.

дижитал детокс


“Digital detox” гэх нэршил нь 2013 онд “Oxford Dictionaries Online”-д албан ёсоор орж, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч эхэлсэн байдаг. Технологийн хэт хэрэглээнээс үүдэн бий болох анхаарал сарних, сэтгэл түгших зэрэг эрсдлээс ангид байх зорилгоор урт болон богино хугацааны “off-grid” горим, мэдэгдэл унтраах, нийгмийн сүлжээг түр зогсоох зэрэг дадлуудыг олон оронд ашиглах болжээ. 2025 онд олон улсын digital detox шийдлүүдийн зах зээл 1.18 тэрбум долларт хүрсэн бөгөөд 2033 он гэхэд 3.65 тэрбум долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарласнаар сэтгэцийн эрүүл мэндэд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гардгийг олон судалгаанаас харж болно. Энэ удаа digital detox амьдралын хэв маяг сонирхогчдын талаар судалгааг хуваалцъя. 2025 оны нэгдүгээр сард, АНУ-д, 13-аас дээш насны 2,900 гаруй хүн гар утасны хэрэглээ ба түүнийг багасгах хандлагын талаар судалгаанд оролцжээ. Судалгаанд хамрагдсан Милленниал үеийнхний 49 хувь, Z үеийнхний 44 хувь, нийт судалгаанд хамрагдагсдын 43 хувь нь сүүлийн зургаан сард дэлгэцийн хэрэглээг зориуд хязгаарлаж байгаагаа хуваалцжээ. Мөн Милленниал үеийнхний 57 хувь, Z үеийнхний 55 хувь нь гар утасны хэрэглээг багасгаснаар стресс, түгшүүр багасдаг гэж үзсэн байна. Нийт судалгаанд хамрагдагсдын 69 хувь нь гар утасны хэрэглээг багасгаснаар илүү утга учиртай үйлд буюу тухайлбал, унших, дасгал хийх, бусадтай ярилцах зэрэгт цагаа зарцуулах болсон гэжээ.

Цогц эрүүл мэнд (Holistic Wellness) 


"Holistic wellness" гэх ойлголт нь бие, сэтгэл, сүнс гурвыг бүхэлд нь хамарсан, тэнцвэртэй, цогц амьдралын хэв маяг гэсэн утгатай. Өөрөөр бол зөвхөн биеийн эсвэл зөвхөн сэтгэлийн эрүүл мэнддээ анхаарал хандуулж, үлдсэн хоёрыг нь хөсөрдүүлээд байлгүй бие, сэтгэл, сүнсээ тэнцүүхэн “тэтгэх” явдлыг хэлж байгаа юм. Ийм амьдралын хэв маягтай байхын тулд:

- Биеэ арчлах: Тэнцвэртэй хооллож, дасгал хөдөлгөөн хийх

- Сэтгэл санаагаа тэнцвэржүүлэх: Бясалгал, амьсгалын дасгал хийх, өдрийн тэмдэглэл хөтлөх

- Сүнс болон дотоод ертөнцөө хөгжүүлэх: Зорилго, үнэ цэнээ тодорхойлох, йог хийж оюун санааны төвлөрлийг сайжруулах, алхах, аялах зэргээр байгальтай ойр байхыг зөвлөдөг.

“Global Wellness Institute”-ийн 2024 оны тайланд wellness салбарын дэлхийн зах зээл 5.6 их наяд ам.долларт хүрсэн гэж гарсан. Энэ тоо 2020 онд 4.4 их наяд, 2023 онд 5.6 их наяд байсан бөгөөд жилд есөн хувийн тогтвортой өсөлттэй байгааг харуулж байна. Зах зээл дотроос “holistic wellness” буюу “mind-body practices” (йога, бясалгал, цогц эрүүл мэндийн арга) нь хамгийн хурдтай өсөж байгаа дэд салбарууд болоод байна.

Зайнаас ажиллах (Remote Work) 


2020 оноос хойш бид дэлхийг ковидоос өмнө болон дараа гэж хуваан авч үзэх болсон. Цар тахлын үеэр дэлхийн дахин хүссэн хүсээгүй зайнаас ажиллах горимд шилжиж, энэ нь ч ажлын цагийн хуваарийг уян хатан болгох талын сайн туршилт болж чадсан. Үүнээс улбаалан одоо АНУ-д л гэхэд 32.6 сая хүн буюу нийт ажиллах хүчний 22 хувь нь зайнаас ажиллаж байна. Мөн шинээр бүртгэгдэж буй ажлын байрны 40 орчим хувь нь зайнаас болон оффисоос хосолсон байдлаар ажиллахаар зохицуулагдаж байгаа нь зайнаас ажиллах хүсэлтэй хүмүүс огцом өсөж байгааг харуулах биз ээ. Манайх шиг түгжрэлийн асуудал нь ужгирсан оронд бол зайнаас ажиллах горимыг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой байж мэдэх юм. Ялангуяа технологийн компаниуд ажилтнуудаа зайнаас ажиллах боломжоор нь хангаж байгаа нь сүүлийн үед түгээмэл болсон.

Community-centric lifestyle  


Монголчилбол нийгэм, олон нийтэд төвлөрсөн амьдралын хэв маяг. Энэ нь хувь хүн зөвхөн өөрийн хэрэгцээ, ашиг сонирхлыг бус харин хамт олон, хөрш зэргэлдээ, орон нутаг, цаашлаад нийгмийн сайн сайхны төлөө ухамсартайгаар амьдрахын нэр юм. Европын улсуудад eco-village буюу байгальд ээлтэй хамтын суурингууд цэцэглэж байгаа бол АНУ-д co-housing movement буюу айл өрхүүд хамтран дэд бүтэц, орон сууцаа хуваалцан амьдрах соёл ч бас бий. Харин Монголд сүүлийн жилүүдэд “community garden, neighborhood volunteer group” гэх санаачилгууд үзэгдэх болсон. Ийм амьдралын хэв маягтай байснаар өөрийгөө “ертөнцийн төв биш” гэдэгтэй эвлэрч, нийгмийн харилцаагаа сайжруулан, ганцаардлаас ангижрахаас гадна эдийн засаг болон байгаль орчинд ээлтэй, мөн аливаа асуудлыг хамтын хүчээр шийдэх боломжтой болдог билээ.

Олон улсын зах зээлд хамтын орон сууц 2023-2030 он хүртэл жилд 27 хувийн өсөлттэй байгаа бөгөөд ийм маягаар амьдарснаар орон сууцны зардал 15-30 хувиар хямдарч, нүүрстөрөгч 23-30 хувиар бага ялгаруулж байна гэсэн мэдээлэл байна.