Дэлхийд тэргүүлэгч оператор компаниуд хиймэл оюунд суурилсан шинэ шийдэл, системүүдийг амжилттай нэвтрүүлж буй энэ цаг үед Төв Азийн орнуудаас хамгийн анх Монгол Улс сүлжээ хяналтын ухаалаг системийг амжилттай нэвтрүүлсэн туршлагаа олон улсад танилцууллаа.  Тодруулбал, Испанийн Барселон хотод 205 орны, 109 мянган оролцогчдыг цуглуулсан MWC 2025 (Mobile World Congress 2025) арга хэмжээний үеэр Юнител групп AUTIN системийг нэвтрүүлснээрээ онцгойров. 

Тэд Virtual Network Operations Center (vNOC) буюу Бүрэн автоматжуулсан сүлжээний хяналтын төвийг бий болгох ажлын хүрээнд AUTIN системийг нэвтрүүлж, үр дүнд нь сүлжээний станц болон дамжуулах үйл явцад гарч буй алдааг тогтмол илрүүлэн улмаар засварлах хугацааг нь 60 орчим хувиар бууруулаад байгаа аж.  

AUTIN систем гэж юу вэ?

AUTIN бол олон улсын eTOM болон ITIL-ийн стандартуудаар загварчилагдсан сүлжээний хяналт болон үйл явцыг автомажуулсан систем юм. Энэ систем нь ихэвчлэн байгууллагын үйл ажиллагааг оновчтой болгох, автоматжуулах, шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх зорилготой.

Одоогийн байдлаар энэхүү ухаалаг системийг 54 улсын 100 гаруй оператор үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улсад Юнител групп нэвтрүүлсэн нь энэ юм. Ингэхдээ тэд тус системийг шууд авч ашиглах бус системийг сайжруулж, оновчлох шинэ шийдлүүдийг өөрсдийн туршлагад үндэслэн санал болгосон төдийгүй 200 гаруй сайжруулалтыг хийснээрээ онцлогтой.

Сонирхуулахад, уг ухаалаг системд оруулсан шинэчлэл, амжилтттай нэвтрүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж, Юнител групп дэлхийн харилцаа холбооны салбарынхны цуглардаг “Digital Transformation Innovation Contest 2024” арга хэмжээний үеэр “AUTIN-Outstanding Network Operations Award” шагналыг хүртээд байгаа билээ.



AUTIN систем ямар хэсгээс бүрддэг вэ?

Fault Management (FM): 5 минутад илрүүлдэг байсан доголдлыг 5 секундэд илрүүлэх буюу асуудлаа таних хугацаа минутаас секунд болж буурах юм.

Service Disk Management (SDM): Гэмтэл засварлах явцыг автоматжуулснаар засварын хугацааг 60 хувь бууруулах гэхчлэн техникийн ажилтнууд илүү оновчтой, хурдтай ажиллах боломжтой.

Workforce Management (WFM): Гарсан алдаа доголдлыг түргэн хугацаанд олох нөхцөлийг бүрдүүлж буй нь түүний ард ажиллаж байгаа хүний нөөцөд эерэг нөлөө авчрах нь тодорхой. Ингэснээр засвар үйлчилгээ, техникийн ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах, анхнаасаа үүрэг даалгаврыг оновчтой, тэнцвэртэй хуваарилах, ажлын явцыг хянах, алсын зайнаас удирдах боломжийг бий болгох юм.

AUTIN систем үүрэн холбооны салбарт ямар ашигтай вэ?

Товчхондоо үүрэн холбооны салбарт хиймэл оюун, автоматжуулалтын үр ашгийг бүрэн ашиглах боломжийг олгох юм. Иймд уг системийг нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардал буурах, хэрэглэгчийн сэтгэл ханамж өсөх, сүлжээний тогтвортой ажиллагаа сайжрах зэрэг олон давуу тал бий болох боломжтой.