Үе бүрд сорилт бэрхшээлийг даван туулж, илүү сайхан ертөнцийг мөрөөдөж, түүнийгээ бодит болгохын төлөө уйгагүй зүтгэх залуус цөөнгүй бий. Тэд одоогийн нийгмээ ямагт сорьж, хуучирсан хэм хэмжээг эргэцүүлж, шинэ замыг бидэнд гэрэлт цамхаг мэт гэрэлтүүлж өгдөг билээ.
Сүүлийн үед залуус сонгуультай холбоотой мэдээллээс улам дөлж буй нь харамсалтай. Өнөөдрөөс яг найм хоногийн дараа бид төрийн эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгох гэж байна. Манай улсад 18-40 насны залуучууд нийт сонгогчдын 62 хувийг бүрдүүлдэг бөгөөд залуучуудын сонголт чухал байр суурийг эзэлдэг.
Энэхүү нийтлэлээрээ нийгэмдээ өөрчлөлт хийсэн залуусын түүхээр дамжуулан утга учиртай өөрчлөлтийг жолоодохын чухлыг онцлон бичлээ. Хүсэл зорилгодоо хүрэх гэж тэмүүлэх үед боломж хязгааргүй байдгийг тэдний аялал гэрчилнэ.
Энэхүү нийтлэлээрээ нийгэмдээ өөрчлөлт хийсэн залуусын түүхээр дамжуулан утга учиртай өөрчлөлтийг жолоодохын чухлыг онцлон бичлээ. Хүсэл зорилгодоо хүрэх гэж тэмүүлэх үед боломж хязгааргүй байдгийг тэдний аялал гэрчилнэ.
Ардчиллын төлөөх тэмцэлд найдварын гэрэл авчрагч: ЖОШУА ВОНГ
Категори: Нийгэм
Нас: 27
Жагсаал болсон он: 2014
Тэнгэр баганадсан барилгуудаар дүүрэн Хонг Конгийн хөл хөдөлгөөн ихтэй хотод өөрчлөлт авчирсан нэгэн залуу бол Жошуа Вонг. Тэрээр 1996 оны 10-р сарын 13-нд төрсөн бөгөөд XXI зууны хамгийн өргөн цар хүрээтэй улс төрийн хөдөлгөөнүүдийн нэг болох 2014 оны Хонг Конгийн “Шүхэр хөдөлгөөн”-ийг зохион байгуулсан залуу юм.
1997 онд Их Британиас Хятадад бүрэн эрх нь шилжсэний дараа эх газрын зүгээс Хонг Конг-д "Нэг улс, хоёр систем" буюу өндөр бие даасан байдлыг амласан. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам Хятадын Засгийн газрын нөлөө нэмэгдэж, Хонг Конгийн иргэдийн эрхэмлэдэг ардчилсан эрх чөлөөнд заналхийлж, улмаар 2014 оны бослогоор хурцатсан юм. 2014 онд Бээжингийн зүгээс Хонг Конгийн Гүйцэтгэх засаглалын тэргүүний сонгуульд нэр дэвшигчдийг урьдчилан шалгана гэдгээ зарлаж, ардчилсан сонгуулийн эрхийг хязгаарласан шийдвэр гаргажээ. Уг шийдвэр нь Хонг Конгийн ард түмэн, ялангуяа залуучуудын ирээдүйг эрсдэлд оруулж байна хэмээн үзсэн тул Хонг Конгийн иргэд бослого гаргажээ.
Шүхэр хөдөлгөөн
2014 оны 9-р сарын 26-нд Жошуа Вонг залуучуудыг уриалан дуудаж бүх нийтийн сонгуулийн жинхэнэ эрхийг шаардсан. Уг тайван жагсаал удалгүй Хонконгийн Адмиралти, Кэйвэй Бэй, Монг Кок зэрэг томоохон бүс нутгийг хамарч, улс орныг хамарсан хөдөлгөөн болтлоо томорсон юм. Жагсагчид нулимс асгаруулагч хийгээс өөрсдийгөө хамгаалахын тулд шүхрээр зэвсэглэсэн тул "Шүхэр хөдөлгөөн" хэмээх нэрийг авчээ. Вонг Хонконгийн залуучуудын бухимдал, хүсэл тэмүүллийг илэрхийлж, ардчилсан шинэчлэл хийх, өөрсдийн эрх чөлөөг эх газраас хамгаалах шаардлагатайг онцлон үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Цуцашгүй тэмцэл
“Шүхэр Хөдөлгөөн” нь хэдий ойрын зорилгодоо хүрч чадаагүй ч Хонконгийн тэмцлийг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулж чадсан. Мөн Жошуа баривчлагдаж, шоронд хоригдож, улс төрийн дарамт шахалтад орсон ч залуучуудын итгэл найдварын бэлгэ тэмдэг болсон хэвээр байв. Жошуа Вонгийн түүх өөрчлөлтийг жолоодох залуучуудын хүч ямар жинтэй вэ гэдгийг харуулсан. Түүний шударга ёс, ардчиллын төлөөх тууштай тэмцэл нь дэлхий даяарх олон залуучуудад урам зориг өгсөн нь лавтай.
Галт зэвсгийн эсрэг дуу хоолой: ЭММА ГОНЗАЛЕС
Категори: Нийгэм
Нас: 24
Жагсаал болсон он: 2018
Эмма Гонзалес 2018 оны 2-р сарын 14-ний эмгэнэлт үйл явдлын дараа галт зэвсгийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэгчдийн нэг болжээ. Тэр өдөр зэвсэгт этгээд Маржори Стоунмэн Дуглас ахлах сургуульд гал нээж, 17 хүний амь насыг авсан. Тухайн үед ахлах ангийн сурагч байсан Эмма хамгийн ойроос үйл явдлыг харсан хүний хувьд буу зэвсгийн хяналтыг хамгийн хүчтэй дэмжигчдийн нэг болсон.
"March for our lives" жагсаал
Эмма Форт Лодердейл хотноо томоохон жагсаал зохион байгуулсан юм. Тус жагсаал дээр тэрээр “Улс төрчид бидэнд буу бол зүгээр л хутгатай адил нэг хэрэгсэл гэж хэлдэг. Тэд буутай сайн залуу, буутай муу залууг зогсоох хүчтэй гэдэг. Тэд галт зэвсгийн хууль нь галт зэвсгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхгүй гэдэг” хэмээн илтгэл тавьсан нь улс даяар шуугиан дэгдээж, нэгэн үеийнхний бухимдал, шийдэмгий байдлыг харуулсан баатарлаг үйл явдал болжээ. Эммагийн тэмцэл нь 2018 оны 3-р сарын 24-нд Вашингтон хотод болсон “March for our lives” жагсаалыг өрнүүлэхэд нөлөөлж, олон зуун мянган хүн галт зэвсгийн хяналтын цогц хууль тогтоомжийг шаардан жагссан онцлууштай үйл явдал болсон юм.
Галт зэвсгийн хяналтад орсон өөрчлөлт
2018 оны 3-р сард Флоридагийн хууль тогтоох байгууллага Маржори Стоунман Дуглас ахлах сургуулийн нийтийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталсан. Уг хуульд галт зэвсэг худалдан авах насны доод хязгаарыг 21 болгож, хүлээлгийн хугацаа, хяналт, шалгалтын механизмыг тогтоож, зарим багш нарт галт зэвсэг олгох, сургуулийн орчинд цагдаа хүчний байгууллагын тоог нэмэгдүүлэх зэрэг заалтууд багтжээ. Тус хуулийг хэрэгжүүлэхэд 400 сая доллар төсөвлөж тус ондоо эрх баригчид гарын үсэг зурж, баталсан нь бодит үр дүнг авчирсан чухал үйл явдал болсон билээ.
бидний анзаараагүй өнцөг: РАЮФ АЛЬХУМЕДХИ
Категори: Цахим орчин
Нас: 24
Жагсаал болсон он: 2017
Саудын Арабт төрсөн Раюф Альхумедхи цахим орчин дахь дижитал дүрслэлд багагүй нөлөө үзүүлсэн нэгэн юм. Түүний цахим орчинд авчирсан өөрчлөлт маш энгийн юм шиг хэр нь нийгмийн чухал бүлгийн төлөөлөл, нэр хүндийг хамгаалсан үйл хэрэг болсон билээ.
Дижитал хүртээмжтэй байдал: Hijab emoji төсөл
Тэрээр хижаб өмссөн мусульман эмэгтэйчүүдийг төлөөлсөн эможи байдаггүйг анзаарч дөнгөж 15 насандаа Юникод Консорциумд хижаб эможиг оруулах санал тавьжээ. Түүний санал цахим орчин дахь төлөөллийн ач холбогдлыг онцолсон үнэ цэнтэй санал болж, улмаар 2017 онд хижаб эможи батлагдан, ашиглалтад орж эхэлсэн юм. Уг санаачилга нь залуучуудын өвөрмөц байдлыг харгалзаж, хүндэтгэх нь дэлхий дахинд ямар чухал нөлөөтэй болохыг харуулсан бодит жишээ билээ.
Далайн амьтдад ээлтэй хуванцар хаягдлын менежмент: БОЯН СЛАТ
Категори: Байгал орчин
Нас: 29
Жагсаал болсон он: 2013
Боян Слатын түүх бол ганц хүн дэлхийн хөдөлгөөнийг хэрхэн бадрааж болдгийн онцлох жишээ юм. 2011 он буюу дөнгөж 16 настай байхдаа Б.Слат Грект шумбах аялалын үеэр далайд хаягдсан хуванцар хог хаягдлыг хараад ер нь бид яагаад далайг цэвэрлэж чадаагүй юм бэ? хэмээх асуултыг өөртөө тавьснаар түүний өөрчлөлтийн түүх эхэлсэн түүхтэй.Тэрээр далайн амьтдад хор хөнөөл учруулахгүйгээр хуванцар хог хаягдлыг цуглуулах хөвөгч саадыг бий болгох санааг дэвшүүлсэн нь "The Ocean Cleanup" ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулах үндэс болсон юм. Түүний итгэл үнэмшил, алсын хараа нь дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэд, байгаль орчны мэргэжилтнүүдийн анхаарлыг хурдацтайгаар татаж, томоохон дэмжлэг, хөрөнгө оруулалтуудыг татаад амжсан.
Далайн хуванцар хог хаягдлын 90 хувийг цэвэрлэхийн төлөө
Түүний санаачлагын дүнд 2018 онд “The Ocean Cleanup” компани Хавай болон Калифорниа хоёрын хооронд орших далайн хуванцар хог хаягдлыг цуглуулах туршилтын системийг эхлүүлжээ. Анхны туршилт бүтэлгүйтсэн ч түүнийг үл харгалзан 2019 он гэхэд тэд уг системийг амжилттай нэвтрүүлж чадсан юм. 2040 он гэхэд далайн хуванцар хог хаягдлын 90 хувийг цэвэрлэх зорилготой “The Ocean Cleanup” төсөл одоог хүртэл амжилттай үргэлжилсээр байгаа юм.
Бояны ажил нь, бүтээлч байдал, тэсвэр тэвчээр, хамтын ажиллагааны тусламжтайгаар хамгийн хэцүү сорилтуудыг ч даван туулах боломж бидэнд бий гэдгийн нотолгоо болсон итгэл найдвар, урам зоригийн чухал түүх юм.
Америкийн түүхэн дэх хамгийн том хөдөлгөөн: Black Lives Matter
Үүсгэн байгуулагчид: Алисия Гарза, Патрисс Куллорс болон Опал Томети нар
Категори: Нийгэм
Нас: 39-43
Жагсаал болсон он: 2020
2013 онд Алисия Гарза, Патрисс Куллорс, Опал Томети гэх гурван эмэгтэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг шударга ёсны төлөөх дэлхийн хөдөлгөөнийг санаачилжээ. Хар арьст өсвөр насны залуу Трейвон Мартиныг буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Жорж Зиммерманыг цагаатгасны хариуд Black lives matter хөдөлгөөн анх эхэлсэн түүхтэй. Ингэхдээ анх Алисиа Гарзагийн "Black Lives Matter" гэх Facebook пост оруулж харин түүнийг нь Патрисс Куллорс #BlackLivesMatter гэсэн хаштаг болгосноор цахим орчинд асар том давлагаа үүссэн гэдэг. Тэд хар арьст хүмүүсийн эсрэг зөвхөн цагдаа хүчний байгууллагын харгислалыг эсэргүүцээд зогсохгүй хар арьст хүмүүст шууд нөлөөлж буй хүчин зүйлүүд болох эдийн засаг, амьдрах орчин, боловсролын тэгш бус байдлын асуудлуудыг хөндсөн.
600 гаруй хүмүүс гадуурхалтын эсрэг
Black Lives Matter хөдөлгөөн 2020 онд Америкийн түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн нэг болсон нь дэлхий даяар санаа зовоож байсан Жорж Флойдын амь насыг хөнөөсөн хэргийн дараа илт харагдаж байв. 15 хоногийн дотор BLM хөдөлгөөнийг зохион байгуулагчид үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, 600 гаруй хүнийг цуглуулж, Сент-Луис хотын нутаг дэвсгэрт жагсаалаа эхлүүлсэн. Цаашлаад уг хөдөлгөөн төрийн бодлогод нөлөөлж, цагдаагийн хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг арилгахад чиглэсэн хуулийн шинэчлэлүүдийг батлахад нөлөөлсөн нь бахархам амжилт юм.
Эдгээр залуучуудын шударга бус байдлыг эсэргүүцэх эр зориг, эх дэлхийгээ хамгаалах хүсэл тэмүүлэл, төвөгтэй асуудлыг шийдвэрлэх шинэлэг шийдэл нь бид бүгдийн урагшлах замыг ахиулж, илүү гэгээлэг ирээдүй рүү хөтөлж буй нь гарцаагүй. Яг одоогийн бидэнд ус, агаар мэт хэрэгтэй ухаалаг шийдэл, үнэн, мөнийг гэрчлэх, түүний төлөө тэмцэх тэсвэр хатуужлыг эл түүхүүд зааж буй.
Эцэст нь хэлэхэд агуу том өөрчлөлт жижигхэн чармайлтаас эхлэлтэй. Тиймээс өөрт олгогдсон боломжоо ухамсарлаж сонгуулийн саналаа идэвхтэй өгөөрэй.
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.