Залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах, зорилгодоо хүрэхэд нь бодитой дэмжлэг үзүүлэх зорилготой “YPG буюу Залуу мэргэжилтнүүдийн менторшип” хөтөлбөр хэрэгжээд 10 жилийн нүүрийг үзэж буй. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь нэг жилийн турш оролцогчдод салбартаа тэргүүлэгч менторуудаас туршлага судлах, ирээдүйн бизнесийн хамтрагчидтайгаа холбогдох, найз нөхөд, танилын хүрээллээ тэлэх зэрэг олон боломжийг нээж өгдөг билээ.
Ингээд хөтөлбөрийн арав дахь жилийн нээлт болон 2024-2025 оны хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааг тоймлон хүргэж байна.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: YPG ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ ТОВЧХОН
“Залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр” нь YPG Mongolia болон Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Young Global Leaders” болон “Global Shapers” нийгэмлэгүүдийн хамтран хэрэгжүүлдэг, залуучуудад чиглэсэн, сайн дурын хөтөлбөр юм. Үүгээр дамжуулан 30 хүртэлх насны залуусыг салбар бүрийн экспертүүдтэй холбон, туршлагаас нь суралцах нэг жилийн менторшип хөтөлбөр хэрэгжүүлдэг.
НЭЭЛТ
Арга хэмжээг нээж, ТУЗ-ийн дарга В.Ганзориг хөтөлбөрийн нийт төгсөгч, менторуудад баяр хүргэхийн сацуу ирээдүйд хийхээр төлөвлөж буй зорилго зорилтуудаасаа дурдсан юм.
Юун түрүүнд, Залуу мэргэжилтнүүдийн холбоо нь ирэх жилүүдэд сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь чиглэсэн сургалтыг зохион байгуулж, гадаад, дотоодын их сургуульд өргөдлөө амжилттай илгээхэд нь дэмжлэг үзүүлэхүйц хөтөлбөрийг 21 аймагт үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн YPG хөтөлбөрийн үе үеийн менторуудаас бүрдсэн “Mentor’s Club”-ийг байгуулахаар болсон тухайгаа мэдэгдэв.

YPG хөтөлбөр нь арван жилийн хугацаанд нийт 200-гаад ментий, давхардсан тоогоор 100 гаруй ментортой болжээ. Харин энэ жил хөтөлбөрт хамрагдахаар өргөдлөө илгээсэн хүмүүсийн тоо 600-д хүрч рекорд тогтоолоо.
ТУЗ-ийн дарга В.Ганзориг
Арга хэмжээнээс онцлох нь

Нэг жилийн хугацаанд ментий нар маань ур чадвараа дээшлүүлэн чадварлаг ажилтан болсных нь дараа томоохон компаниудад зуучлах гүүр нь болж өгнө.
“Монголиа Талент Нетворк” компанийн Recruitment үйлчилгээ хариуцсан захирал О.Батжаргал
“Монголиа Талент Нетворк” компани нь YPG хөтөлбөртэй гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм.

YPG хөтөлбөр албан ёсны вебсайттай болжээ.
Вебсайтаар зочлох: ypg.mn
Энэхүү вебсайт нь YPG-ийн төгсөгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой. Вебсайтад үе үеийн төгсөгчдийн ажиллаж буй салбар, байгууллага, хөтөлбөрийг төгссөний дараах амжилт, карьерын өсөлт зэрэг мэдээлэл байрших юм.
YPG хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож буй зохион байгуулагчид, хамтран ажиллагчид болон дэмжигч байгууллагууд бүгд сайн дурын үндсэн дээр хүчин зүтгэж буйгаараа онцлогтой.
2024-2025 ОНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТ

YPG хөтөлбөр нь банк санхүү, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, бизнес, боловсрол зэрэг олон салбарын төлөөллийг хамруулж, ментий нараа тал бүрийн мэргэжилтнүүдээс бүрдүүлдэг онцлогтой. Арга хэмжээний үеэр 2024-2025 оны хөтөлбөрийг төгсөгч ментий нарт сертификат гардууллаа.
Үүнээс гадна жил бүр “Шилдэг ментор” болон “Шилдэг ментий” шалгаруулдаг уламжлалтай. Шилдэг менторыг тодруулахдаа хөтөлбөрийн явцад ментий нараас хэд хэдэн удаа санал асуулга авч, тухайн жилийн турш хамгийн өндөр үнэлгээ авсан нэг менторыг тодруулдаг аж.
ШИЛДЭГ МЕНТОР

Энэ жилийн “Шилдэг ментор”-оор Америкийн Худалдааны Танхимын Тэргүүн Гари Стефен Биондо тодорлоо. Тэрээр YPG хөтөлбөрт хоёр дахь жилдээ ментороор ажиллаж буй бөгөөд Монгол Улсад 10 жилийн хугацаанд бизнесийн өсөлтийг дэмжих, нийгэмд ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх, иргэдийн амьдралын чанар ба амьжиргааг сайжруулахад идэвхтэй хувь нэмэр оруулсаар ирсэн, салбартаа нэр хүндтэй мэргэжилтэн юм.
ШИЛДЭГ МЕНТИЙ + ГЭНЭТИЙН БЭЛЭГ
Харин шилдэг ментийг жилийн турш хөтөлбөрт оролцсон байдал, карьертаа гаргасан ахиц дэвшил, хөрөнгө оруулалт татсан эсэх зэрэг олон үзүүлэлтээр үнэлж шалгаруулдаг. Мөн бусад ментий нарын санал бодлыг ч харгалзан үзэж, шилдгийн шилдэг нэг менторыг шалгаруулдаг байна.
Тэгвэл энэ жил YPG хөтөлбөрийн арван жилийн түүхэнд анх удаагаа хоёр ментий шилдгээр тодорсон юм. Тэдний авсан оноо тэнцсэн бөгөөд ментор болон зохион байгуулагчид аль нэгийг нь давуу гэж үзэх боломжгүй байсан учраас уламжлалаа эвдэн, хоёр “Шилдэг ментий” тодруулжээ. Тэд бол Э.Мөнхтуул, Б.Бат-Оргил нар юм.

“YPG хөтөлбөрт хамрагдсанаар алсын хараагаа тодорхойлох ямар чухал болохыг Алтанбагана ментороосоо ойлгосон. Алсын хараа буюу зорилгоо тодорхойлсноор амьдралд маань олон эерэг өөрчлөлт гарсан. Жишээ нь, хөтөлбөрт хамрагдсанаас хойш цахим хуудсаараа контент бүтээж эхэлсэн бөгөөд сошиал хуудас маань дөрвөн сарын дотор 28,000-аар нэмэгдсэнн. Мөн шинэ ажилд орж, цалин маань хоёр дахин нэмэгдсэн төдийгүй хосын харилцаа, хамт олон, найзуудын хүрээлэл ч сайжирч эхэлсэн.”

“YPG-д бүртгүүлэхээр төлөвлөж буй залууст хандаж хэлэхэд, шалгууруудаа маш сайн анхаараарай. Хоёр минутын бичлэг гэвэл илүү ч үгүй, дутуу ч үгүй яг хоёр минутын бичлэг явуулах хэрэгтэй. Мөн хөтөлбөрт ямар зорилготой орж байгаа, өөрт чинь ямар ментор хэрэгтэй вэ гэдэг нь тодорхой байх нь чухал.”
ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Ментий, менторуудын зөвлөж буйгаар хамгийн чухал зүйл бол зорилгоо тодорхойлж, менторшип хөтөлбөрт идэвхтэй оролцох явдал. Тиймээс хөтөлбөрт бүртгүүлэхээр төлөвлөж буй залуус шалгуур үзүүлэлтээ судалж, өөрт тохирох ментор, ирээдүйн зорилгоо тодорхойлоорой.


Сэтгэгдэл бичих

