“Танд сонсогдож байна уу?”, “Сонсохгүй ч гэсэн ярьж чадна биз дээ?”, “Амны хайрцаг уншиж чадах уу?”...
Энэ бүхний хариулт бол – “Сонсголгүй хүн сонсохоос бусад бүх зүйлийг хийж чадна.”
Өнөөдрийн нийтлэлдээ хүн бүр мэддэг ч ташаа ойлголт нь түүнээс олон байдаг сонсголын бэрхшээлийн тухай ярилцах болно. Эл сэдвийг энгийнээр тайлбарлаж, дохионы хэл болон сонсголын бэрхшээлтэй хүний соёлын талаар өгүүлэхээс гадна “Зүрхэл” төслийг танилцуулах юм.
СОНСГОЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОО ЦЭГЦЛЭХ НЬ
Бид чих хэмээх эрхтнээр дамжуулан хорвоо ертөнцийн анирыг хүлээн авч, тэрхүү эгшиг, чимээ бүрээр гадаад орчныг танин мэддэг. Гэвч энэхүү эрхтэн тогтолцоо хэрхэн ажиллаж бидэнд тэдгээр дуу чимээг сонсоход тусалдаг болох, мөн ямар доголдол, асуудал үүссэнээр сонсголын чадвараа алддаг талаарх мэдлэг төдийлөн хомс билээ. Тэгвэл одоо сонсголын тухай ойлголтоо цэгцлэх цаг иржээ.
Сонсгол – Бидний бие организм гаднын дуу авиан хэлбэлзлийг сонсголын тусламжтайгаар хүртэн хүлээн авахыг сонсгол гэдэг. Хүний биеийн таван мэдрэхүйгээс хамгийн түрүүнд сонсох хүртэхүйгээрээ бид мэдээллийг хүлээн авдаг бөгөөд тархи дууны долгионыг ердөө 0.5 секундын дотор таньдаг аж. Сонсох үйл явцын тухайд дууны долгион гадна чихээс хэнгэрэгт хүрч, дунд чих рүү дууны чичиргээг дамжуулдаг. Үүний дараа чихний дун доторх шингэнийг уг дууны чичиргээ цалгиулж, үслэг эсийг найгуулснаар тухайн дуу авиа нь цахилгаан дохио болон тархинд очдог байна.
Сонсголын бэрхшээл – Сонсголын эрхтэнд үүссэн ямар нэг саад бэрхшээлийн улмаас дуу чимээг хүлээн авч сонсох түвшин сул байхыг сонсголын бэрхшээл гэнэ. Илүү энгийнээр тайлбарлавал гаднын чимээг тархи руу дамжуулахад оролцож буй чихний аль нэг хэсэгт асуудал үүссэн бол уг бэрхшээл тохиолдох шалтгаан болно гэсэн үг. Сонсголын бэрхшээлтэй болох олон шалтгаан байдаг ч үндсэн гурван хүчин зүйлээс болж бидний сонсгол аажмаар мууддаг. Дамжуулагч буюу гадна, дунд чихэнд асуудал гарсан бол, мэдрэгч буюу дотор чихэнд доголдол учирсан бол, эсвэл дээрх хоёр хавсарсан тохиолдолд сонсох чадвараа алддаг аж.
Сонсголын бэрхшээлтэй хүн – Сонсох эрхтний аливаа нэг гэмтэл, өвчлөлийн улмаас эсвэл удамшлын шалтгаанаар сонсголын эрхтэн өөрийн үүргээ ямар нэг хэмжээгээр гүйцэтгэж чадахгүй болсноос хүний хэл яриа хөгжөөгүй буюу хөгжих бэрхшээлтэй болсон, бие дааж хэл яриа эзэмших, хэл яриагаа сонсголын замаар хөгжүүлэх чадваргүй болсон хүнийг сонсголын бэрхшээлтэй хүн гэж тодорхойлно.
“Өнөөдөр Монгол Улсад 8430 сонсголын бэрхшээлтэй иргэн амьдарч байна.”
1212.mn
- 2050 он гэхэд 2.5 тэрбум хүн сонсголын ямар нэг асуудалтай болох бөгөөд 700 сая хүн сонсголын нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болно.
- Одоогоор 1 тэрбум орчим залуу, насанд хүрэгчид амьдралын буруу дадлаас үүдэн зайлсхийж болохуйц сонсголын бэрхшлээлтэй болох эрсдэлтэй байна.
- Дэлхийн хүн амын 5 гаруй хувь буюу 430 сая хүн сонсголын бэрхшээлээ арилгахын тулд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.
Хэвийн сонсголтой хүн 0-13дб хэлбэлзлийг сонсож чаддаг ба сонсгол алдагдлыг түвшингээр нь дараах байдлаар хувааж болно.
Децибел (дб) нь дуу чимээний хүчийг хэмжих нэгж.
- Хөнгөн зэргийн сул сонсгол – 55дб
- Дунд зэргийн сул сонсгол – 55-70дб
- Хүнд зэргийн сонсгол алдагдал – 70-90дб
- Нэгдүгээр зэргийн дүлий – 90-100дб
- Хоёрдугаар зэргийн дүлий – 100-110дб
- Гуравдугаар зэргийн дүлий – 110дб-ээс дээш
ДОХИОНЫ ХЭЛТЭЙ БОЛ ДОГЬ
Дэлхийн хүмүүстэй хаана ч ойлголцохын тулд бид англи эсвэл хятад хэлийг зайлшгүй сурах шаардлагатай гэж хэлэлцдэг ч дохионы хэлийг тэр бүр анхаардаггүй. Гэвч дохионы хэл ч бас “хэл” шүү дээ. Өдгөө дэлхий дахинаа ердөө 70 гаруй сая хүн дохионы хэлээр харилцаж байгаа бөгөөд манай улсын хувьд 10 хүрэхтэй үгүйтэй дохионы хэлмэрчтэй. Харин эсрэг талд жил ирэх тусам сонсголын асуудалтай хүний тоо олширсоор…
Дохионы хэл – Дохионы хэл нь өөрийн гэсэн хэлзүйн дүрэм, тогтолцоотой хэл ба аман хэлд байдаг үг зүй, өгүүлбэр зүй, дүрэм, найруулга зүй, хэрэглээний дүрэм гэх мэт хэлзүйн бүхий л судлагдахуун түүнд бий. Улс орон бүр өөрсдийн гэсэн дохионы хэлний онцлогтой бөгөөд сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын харилцаа хөгжихийн хэрээр хурал, чуулганы үеэр хэрэглэдэг олон улсын дохионы хэл ч бий болжээ.
Монгол дохионы хэл – Цагаан толгойн 35 үсгийн байрлалын дагуу гарын хэлбэр, байрлал, алганы хэлбэр, хөдөлгөөн, үгэн бус илэрхийлэл буюу нүүрний хувирлаар дамжуулан харилцах боломжтой. Ингэхдээ аман ярианы хэллэгүүдийг хурууны хөдөлгөөнөөр илэрхийлэх ба оноосон нэр, шинэ ухагдахуун эсвэл дохионы хэлэнд байхгүй үгийг ойлгуулахдаа ихэвчлэн хурууны үсэг ашигладаг.
Дохионы хэлний соёл – Дэлхийн улс орон бүр өөрсдийн гэсэн харилцааны онцлогтой байдгийн адилаар дохионы хэл ч мөн өөрийн соёлтой. Харь орны хэлээр ярьж буй хүнд яриагаа бүрэн дүүрэн ойлгуулахын тулд бид олон янзаар тайлбарлахыг хичээдэг шиг сонсголын бэрхшээлтэй хүнтэй харилцахдаа ч тэдний онцлогт тохируулах хэрэгтэй. Тэднийг сонсохоос бусад бүх зүйлийг хийж чадна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс энэ бүгд эхэлнэ.
“ЗҮРХЭЛ” ТӨСЛИЙН ТУХАЙ
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны “Тогтвортой хөгжилд залуус” хөтөлбөрийн хүрээнд Purple баг “Зүрхэл 2022” төслийг дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн санаачилжээ. Тэд манай улсад аж төрж буй сонсголын бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй гол асуудал болох нийгмийн харилцааны үл ойлголцол, сонсголтой хүмүүстэй сайн харилцаж чадахгүй байгаа явдал зэрэг бэрхшээлийг уг төслөөрөө дамжуулан олон нийтэд таниулах зорилготой байсан юм. Тэр дундаа дохионы хэл болон сонсголын бэрхшээлийн тухай нийгэмд эерэг хандлага түгээх, үнэн зөв мэдээлэл хүргэх, залуу үедээ дохионы хэлний талаар ойлголт өгөх, сонсголын бэрхшээлтэй сурагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхээр зорьжээ.
Дээрх зорилгынхоо хүрээнд тус багийн долоон гишүүн болон бусад хамтран ажиллагч байгууллагатай нэгдэн сар гаруй хугацаанд цөөнгүй үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Тэдгээрээс дурдвал, “Билгүүний харандаа”-тай хамтран дохионы цагаан толгойн 35 үсгийг шинэчлэн танилцуулж, “Би чамд хайртай” хэмээх хэллэгийг монгол дохионы хэлээр дохиж байгаа зургаар давалгаалах сошиал аяныг өрнүүлэв.
Мөн өдөр тутамдаа ашиглах боломжтой, харилцааны энгийн хэллэгийг танилцуулсан дөрвөн видео контентыг бэлтгэсний зэрэгцээ Монголын анхны эдүтэйнмент арга хэмжээ болох “Update 2022”-т хүрэлцэн ирсэн 30 орчим сонсголын бэрхшээлтэй залуусын оролцоог хүртээмжтэй байхад анхаарч, хамтран ажилласан юм.
“Үндэстэн бүрийн дохионы хэл нь тухайн улс орны соёл, онцлогийг өөртөө шингээсэн байдаг тул монгол дохионы хэлний буруу ташаа ойлголтыг залруулахын тулд “Зүрхэл” төслийг цаашдаа тогтмол хэрэгжүүлэх болно”
“Зүрхэл” төслийн баг
З Зочин 2022.06.02 124.158.126.17
Нийгэмд мэдлэг мэдээлэл түгээсэн, сонсголын бэрхшээүтэй иргэдээ дэмжсэн сайхан төсөл болжээ. Санаачилж хэрэгжүүлсэн залуусдаа баярлалаа. Цаашдын ажил, хичээлд нь амжилт хүсье.