Хүнд, эргэлзээтэй, мэдүүштэй сэдвүүдийг энгийн үгсээр, цэгцтэй хэлбэр байдлаар тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол конвениенс дэлгүүр.

их хотын амьдралын нэг хэсэг

Их хотын амьдралын хэмнэл цагийн аясыг даган даяаршиж, өдөр тутмын хэрэглээ нь алхам алхмаар өөрчлөгдөж байгааг өглөө бүр ажил руугаа яаравчлан алхах хүмүүсийн гартаа барьсан аяга кофеноос хялбархан гэгч нь харж болно. Урьд өмнө манай улсад байгаагүй барууны гэмээр энэ соёл хэн бүрийн нүдэнд өртөж, анхаарлыг татаж байгаа биз ээ. Уг сонирхолтой үйл явц нь хэрэглэгчдэд хамгийн ойр байж, хэрэгцээт зүйлсээр нь түргэн шуурхай хангах зорилготой олон улсын франчайз конвениенс дэлгүүрүүд манай улсын зах зээлд орж ирсэнтэй ихээхэн холбоотой. Тэгвэл зах зээлд байршмагцаа л хэрэглэгчдийн таашаалд төвөггүй хүрч, бидний өдөр тутмын хэрэглээний хэв маягийг хялбараар өөрчилж байгаа мэт харагдах тэр үйлчилгээний ард үнэндээ хэдэн жилийн туршлага судалгаа, том баг ажиллаж байдаг талаар та мэддэг байсан уу? Энгийн мэт боловч төсөөлж байгаагаас тань илүү нарийн төвөгтэй хэрнээ мэдүүштэй судлууштай уг бизнес моделийн тухай ярилцахаар бид “Тайлбарлах нь” булангийнхаа ээлжит дугаарыг бэлтгэлээ.



цаг хугацааны товьёог

Мөс: Далласын Оак Клиффд байрлах Southland Ice Dock компанийг өнөөгийн конвениенс дэлгүүрийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Уг дэлгүүр зөвхөн хөргөгчний мөс зардаг атлаа өдөр бүр 16 цаг ажилладаг байсан нь “Нэгэнт ингэж ажиллаж байгаа юм чинь яагаад давхар сүү, талх, өндөг зарж болохгүй гэж?” гэсэн бодлыг эзэнд нь төрүүлжээ.

Шатахуун түгээх станц: Хөгжлийн явцад конвениенс дэлгүүрүүдийг ШТС-тай хоршуулан хөгжүүлэх нь илүү тохиромжтой байжээ. Удаан хугацаанд машин барьж чилсэн жолоочдод (ялангуяа эрчүүд) супермаркетын олон сонголтоос илүү конвениенс дэлгүүрийн ойлгомжтой, тодорхой үйлчилгээ илүү амар байх нь аргагүй.

Аялагчид: Халуун үед сэрүүцэж, хүйтэн үед дулаацангаа, утсаа цэнэглэж, интернэтэд холбогдож, цангавал юм ууж, өлсвөл хоол идээд, хамгийн хямдаар тухалж, цагт баригдалгүй эрч хүчээ сэлбэх боломжийг өгдөг тул өнөө цагт аль ч газрын конвениенс дэлгүүрүүд аялагчдын авралын од болон хөгжсөн.

тооны хэлээр

1927: Конвениенс дэлгүүрийн түүх 1927 оноос эхэлдэг. Тэгэхээр танд хүрч буй конвениенс дэлгүүрийн хэв маяг, ажиллах онцлог 93 жилийн турш хөгжиж ирсэн систем байх нь.

36: Конвениенс дэлгүүрүүд анхнаасаа л уламжлалт дэлгүүрээс олон цаг ажилладаг байсан ч 24 цагаар ажилладаг модельд шилжихийн тулд 36 жилийг зарцуулжээ.

83: Конвениенс дэлгүүрээр үйлчлүүлэгсдийн 83 хувь нь худалдаж авсан бүтээгдэхүүнээ нэг цагийн дотор хэрэглэдэг.

900: Конвениенс дэлгүүрүүд нь зах зээлд цагийн ажлын байрыг нэмэгдүүлдэг гол цэгүүдийн нэг бөгөөд Монголд зөвхөн CU Mongolia л гэхэд 900 ажлын байрыг бий болгожээ.



НЭР ТОМЪЁОНЫ ЛАВЛАХ

Конбини: Конвениенс дэлгүүрийг Японд ийн нэрийддэг бөгөөд улс орон бүр хэрэгцээ, хэлбэр, онцлогоосоо хамааран өөр өөрөөр нэрлэх нь бий. Жишээ нь, Австралид Deli эсвэл Milk bar, Шинэ Зеландад Dairy, Шинэ Зеланд болон АНУ-ын зарим мужуудад Superette гэхээс гадна олон улсад C-store, Cold store, Party store, Bodega, Carry out, Mini-market, Mini-mart, Corner shop хэмээн олон янзаар нэрлэнэ.

Франчайз: Зах зээлд амжилт олсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний технологи, брэндинг, ноу-хауг албан ёсоор ашиглах, хэрэгжүүлэх гэрээт эрхийг хэлнэ. Манай улсад хамгийн олон буюу 71 салбар дэлгүүртэй ажиллаж буй CU-г энд жишээ болгон дурдаж болно. Тэд ч мөн өөрсдийн брэндинг-д франчайз хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр жижиг дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж эхлээд байгаа юм.

Киоск: Өргөн хэрэглээний, цөөн тооны тодорхой бүтээгдэхүүнийг худалдаалах жижиглэн худалдааны киоск модель нь нөгөө л конвениенс дэлгүүрийн чинь нэг төрөл шүү дээ. Конвениенс дэлгүүр одоогоор киоск, мини, тодорхой сонголтот, уламжлалт, өргөтгөсөн зэрэг зургаан төрлөөр салбарлан хөгжиж буй.

түгээмэл асуулт, хариулт

1. СУПЕРМАРКЕТ ЭСВЭЛ ОРЦНЫ ЖИЖИГ ДЭЛГҮҮРЭЭС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ГЭЖ?

Супермаркет нь бөөний худалдаа, гэр бүлийн хэрэгцээнд зориулсан модельтой байдаг бол конвениенс дэлгүүр илүү хувь хүний, нэг удаагийн хэрэглээнд чиглэсэн байдаг. Харин жирийн л нэг жижиг дэлгүүртэй харьцуулвал конвениенс дэлгүүр нь илүү тухтай, чанартай, стандарт үйлчилгээтэй. Ер нь конвениенс дэлгүүр нь час хийсэн хэрэгцээт сонголтууд, хэрэглэгч төвтэй үйлчилгээнд төвлөрдөг.

2. КОНВЕНИЕНС ДЭЛГҮҮРЭЭС ХАЙГААД ОЛОХГҮЙ ЗҮЙЛ?

Конвениенс дэлгүүрт таны хэрэгцээг хангаж чадах бүтээгдэхүүнүүд цөөнгүй бий ч архи, согтууруулах ундаа зардаггүй. Байршлаасаа хамаараад бага зэргийн алкохолын орц бүхий шар айраг, дарс гэх мэт бүтээгдэхүүн л зарим салбаруудад бий. Ажил ихтэй, завгүй хүмүүст зориулагдсан үйлчилгээ тул заавал байх ч шаардлагагүй.

3. ТАХЛЫН ҮЕД КОНВЕНИЕНС ДЭЛГҮҮРҮҮД ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА ВЭ?

Дэлхий даяар энэ төрлийн дэлгүүрүүд хүргэлтийн үйлчилгээ, дижитал шилжилтэд илүү төвлөрч байна. Энэхүү хандлагыг “7/11” сүлжээ дэлгүүрийн захирал Жозеф ДеПинто ч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрэглэгчид конвениенс гэх тодорхойлолтыг илүү дижитал, илүү цогц (хүргэлтийн үйлчилгээтэй, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой гэх мэт) болгон өөрчилж байна хэмээсэн юм.


САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ

Конвениенс дэлгүүрийн бэлэн бүтээгдэхүүнүүд муу байх аа

Энэ төрлийн дэлгүүрүүдийн хамгийн гол давуу тал нь бэлэн хүнсний бүтээгдэхүүн, хоол зардагт байдаг. Франчайз байдлаар буюу нэгдсэн шалгуур стандартын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлдэг тул хоол үйлдвэрлэлдээ ч гойд анхаарах нь зайлшгүй. Жишээ нь, CU (Convenience store for You) бие даасан хоолны үйлдвэртэй бөгөөд хоолыг өглөө бүр шинээр нь салбар дэлгүүрүүддээ түгээж, орой бүр үлдэгдэл бүтээгдэхүүнүүдийг устгалд оруулдаг байна. Дэлгүүрүүдээр худалдаанд гарч буй нэг хоол 90 хоногийн судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтээр дамждагийн сацуу тун боломжийн үнээр худалдан авагчдад хүрдэг.

Нэг брэндийн дэлгүүрүүд байтал заримдаа өөр өөр бүтээгдэхүүнтэй байх юм...

Энэ нь конвениенс дэлгүүрүүдийн хэрэглэгчдэд хүртээмжтэй байх гэдэг үндсэн зорилготой холбоотой. Иймд бүтээгдэхүүний сонголт нь байршлаасаа шалтгаалан өөр байх тохиолдол бий. Орон сууцны хорооллууд дунд сүү, өндөг гэх мэт ахуй, хүнсний зүйлс түлхүү байршдаг бол оффис, албан газруудтай ойролцоох салбарт USB, цэнэглэгч зэрэг бүтээгдэхүүн түлхүү байдаг.

Жирийн дэлгүүрүүдэд ороход худалдагч нь байнга л бараагаа татаж харагддаг, конвениенс дэлгүүрүүд тэгдэггүй...

Конвениенс дэлгүүрүүд хотын хаана ч байршдаг, олон салбартай байдаг тул тээвэр, хуваарилалтын асуудалдаа тун их ач холбогдол өгдөг. CU дэлгүүрийн хувьд 300 дэлгүүрийг хангах хүчин чадалтай агуулах дээрээ нийлүүлэгчийн барааг хүлээн авч бэлтгээд, өөрсдөө түгээлтээ хийснээр дэлгүүрийн ачааллыг багасгаж, харилцагчдаа цагаа зориулах боломжийг олгодог. Энэ нь нөгөө талаар замын ачаалал, машины түгжрэл үүсгэхгүй байхад ч өндөр ач холбогдолтой систем юм.

ирээдүйгээс ирсэн захидал

Amazon компанийн дөрвөн жил орчмын өмнөөс ажиллаж эхэлсэн Amazon Go төсөл нь дэлгүүр, худалдааны салбарын чиг хандлагыг тодорхойлж, ижил салбарт ажиллаж буй өрсөлдөгчдөө өөрчлөлтөд дуудаж буй. Ямар ч худалдагчгүй, оочер дараалалгүй уг дэлгүүр хэрэглэгчийн дансыг тусгай аппликейшнтэй холбон, худалдан авалт бүрийг QR кодын тусламжтайгаар автоматаар хийдэг гээд төсөөл дөө. AlixPartners менежментийн зөвлөх компанийн судалгаанд оролцсон 1018 хэрэглэгчийн 50 хувь нь ойр хавьд нь Amazon Go дэлгүүрийн салбар нээгдвэл энгийн дэлгүүрүүдэд үйлчлүүлэхээсээ татгалзана хэмээн хариулжээ.

Үүгээр ч зогсохгүй тэдний 70 хувь нь дэлгүүрт очихоос илүү хүргэлтийн үйлчилгээг илүүд үзнэ гэсэн байна. Энэ чиг хандлагатай зэрэгцэн CU-гийн Монгол дахь салбар дэлгүүрүүд үйл ажиллагаандаа хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэн, нэрийн аппликейшнээрээ дамжуулан илүү ашигтай, хэмнэлттэй худалдан авалт хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгоод байна.



таны мэдээгүй сонирхолтой баримт

11 сая аяга кофе: Таван жилийн өмнө л гэхэд АНУ-ын конвениенс дэлгүүрүүд өдөртөө 11 сая аяга кофе борлуулдаг байжээ. Одоо энэ тоо хэд болж өссөн бол?

+ Шуудан, төлбөр төлөлт, билетийн касс: Олон улсад конвениенс дэлгүүрүүд хоол, уух зүйлсийг түлхүү борлуулдаг бол Японд энэ төрлийн дэлгүүрүүд нь үүнээс олон үйлчилгээг үзүүлдэг. Шуудан, факс, тоглолтын тасалбар, төлбөр төлөлтүүд гээд л... зарим талаараа нэг цэгийн үйлчилгээ ч юм шиг.

Сургалт хөгжил: Конвениенс дэлгүүрийн хэрэглэгчдийг татах гол хүчин зүйлийн нэг бол үйлчилгээ. Тийм ч учраас франчайз, үйлчилгээний бизнесүүдийн хувьд ажилтнуудаа сургах олон төрлийн сургалтуудтай байдаг. CU Mongolia компани гэхэд шинэ ажилтнуудаа 10,368 хүн цагийн сургалтыг явуулсан байдаг ажээ.