Нялх багад нь эх нь өнгөрч, эцэг Дулдуйттайгаа айл айлаар хэсэн бадарчилж яваа долоон настай хүүг Равжаа гэнэ. Хүү 1803 онд одоогийн Дорноговь аймгийн нутаг, Дулаанхарын уулын өвөр дэх Шувуун шандад мэндэлжээ. Нэгэн удаа аавтайгаа хамт нутгийн ноёны найран дээр очоод байтал гэнэтийн ширүүн бороо орж, нимгэн бүрээстэй гэрийн дээврээс дусаал гоожиж эхлэв. Гэтэл цоорхой дээвэртэй хатавчинд сууж байсан аав хүү хоёр дээр дусаал гоожсонгүйд цугласан олон гайхан инээлдсэнд хүү,
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ хоймор юуны ялгаа байх вэ?
Үйл байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээ залуу юуны ялгаа байх вэ?
хэмээн “Хурмаст тэнгэр” шүлгээ зохиож хэлсэн нь өнөө кино урлаг, ном зохиол тэргүүтэнд мөнхрөн үлджээ. Долоохон настайдаа ийнхүү шүлэглэсэн хүү бол Говийн ноён хутагт Лувсанданзанравжаа (сахилын нэр) бөгөөд олны дунд Данзанравжаа нэрээрээ алдаршжээ.
Түүний цэцэн билиг бага залуу наснаас нь олонд гайхагдаж тухайн үед Манжийн хааны хориглосон, Говийн ноён хутагтын тавдугаар дүрээр хагас нууц байдлаар өргөмжлөгдсөн байдаг.
Цагийн жамыг тодруулагч
Бид түүнийг Хамрын хийдийг байгуулсан, Үлэмжийн чанар дууг зохиосон шашны зүтгэлтэн төдийнхнөөр гадарлах ч урлагийн олон салбарт чухал хувь нэмэр оруулсныг нь тэр бүр мэддэггүй.
Тэр бээр монгол, төвөдөөр нийт 400 гаруй шүлэг, 20 орчим сургаал зохиосон байдаг бөгөөд төвөд хэлээр бичигдсэн шүлгүүд нь өнөө хэр дорвитой орчуулагдаагүй байна. Доктор Д.Цагааны үзсэнээр, Равжаагийн яруу найрагт, шашны номлол сургаалын шүлгээс гадна иргэний утга уянга, сургаал, ерөөл магтаал, шог хошин зохиол, шүүмжлэлт шүлэг, харилцаа дуу шүлэг, гунигт шүлэг, гомдлын шүлэг зэрэг олон төрөл зүйлийн хэлбэр байдаг аж.
Арван тавны сартайд
Аглагийн бараа тодорхой,
Уужим ухаантай хүнд
Ашдын хэрэг тодорхой.
Өдөн дэвэлгэт шувуунд
Өндөр юуны даваа вэ.
Өөрийгөө шинжсэн хүнд
Орчлон юуны хол вэ…"Арван тавны сартайд" шүлгийн хэсгээс
Тэр бээр “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” зохиолдоо тухайн цаг үе, хүмүүсийн байр байдлыг эргэцүүлэн тунгааж, шүүмжлэн сургамжилсан байдаг бөгөөд тухайлбал,
Үнэн үгтэн омогтны тоонд орно.
Башир үгтэн цэцний суудалд сууна.
Эд эвдрэхийг хайрлана.
Эв эвдрэхийг үл хайрлана.
Салалцаад гаслалцана.
Учралдаад хууралцана.
Хүний муу хэлэхээс айна.
Сүнс зовохоос үл айна.
гэдэг мөр бий. Тус зохиолоос 19-р зууны хүмүүний байдал хийгээд одоогийн нийгмийн элдэв дутагдлыг олж харах боломжтой тул өнөө хэр үнэ цэнтэй бүтээлд тооцогддог байна.
Энэ мэтчилэн түүний бүтээл нийгэм цаг үеэ тольдон харуулдаг нь тавдугаар ноён хутагт улааны шашны ёсыг мөрдөн, эхнэр авах, наадам цэнгэл хийх зэрэг эгэл амьдралтай ойр байсантай холбоотой болов уу.
Нүүдлийн театр
Д.Равжаа Монголын анхны театрыг, тэр дундаа нүүдлийн театрыг бүтээсэн гэдгийг та мэдэх үү? 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, хоёр давхар нүсэр тайзтай, тус нүүдлийн театрт Саран хөхөөний намтар жүжиг тоглогдож байв.
Саран хөхөөний намтар нь дуу, бүжиг, харилцаа яриа хосолсон есөн бүлэгтэй жүжиг бөгөөд эх зохиол нь Төвөдийн хувилгаан Лувсандамбийжалцангийн зохиосон “Хөх хоолойт Саран хөхөөний тууж” хэмээх шүлэглэсэн роман юм. Гэвч жүжгийн зохиолыг шууд хуулбар хэмээн ойлгож болохгүй. Тус жүжиг туужаасаа нэлээд ялгаатай бөгөөд зохиолын доторх дуулал, баатруудын яриа зэрэг нь гарцаагүй Равжаагийн зохиосон шүлгүүд гэж доктор Д.Цагаан дүгнэсэн байдаг.

Харин театрын хувьд, сүмийн хэлбэртэй, хоёр давхар тусгай байртай бөгөөд туурь нь одоогийн Хамрын хийд орчимд байдаг. “Намтар дуулах сүм/дацан” гэж нэрлэдэг тус байр нь гурван талдаа ханатай, үзэгчид рүү харах хэсэг нь онгорхой. Түүнчлэн тус театр ардаа жүжигчид хувцаслах, нүүрээ будах тусгай өрөөтэй, хоёр хажуугаар нь хүн явах зайтай байсан нь өнөөгийн театрын бүтцийг санагдуулмаар.
Хоёрдугаар давхарт нь цахилгаан цахиулах, цэцгийн хур оруулах, үүл нүүлгэх, тэнгэрээс бууж байгаа мэтээр хүн буулгах ажлыг хийдэг тусгай хүн зогсоно.
Харин үзэгчид нь гадаа задгай сууж үздэг байсан тул зөвхөн зуны саруудад өдрийн цагаар жүжиг тоглодог байж. Ингэж тоглож дуусаад эд хэрэглэлээ цөмийг нь тэмээнд ачаад явдаг байсан гэнэ.
19-р зууны эхээр тайз засал, жижиг хэрэглэл, тухайлсан жүжгийн горимтой ийм нүсэр бүрэлдэхүүнтэй жүжгийг тоглодог байсан нь зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн театрын түүхэнд үлдэх сонирхолтой баримт мөн.
Ийнхүү бурхан шашны гүн ухааны шинжтэй драм тоглох болсон нь ноён хутагт нэгэн удаа Алшаагийн баруун хийдэд Мялын намтар, Адишагийн намтар, бурхны намтар зэрэг одоогийн бидний мэдэх “жүжиг”-тэй адил бүтээлүүдийг үзэж сонирхсонтой холбоотой болов уу. Учир нь тэгж үзсэний хойно буюу 1831 оноос тэр бээр “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолоо бичиж эхэлсэн гэдэг. Тэгэхээр дээрх жүжгүүд бичих сэдэл болсон байхыг үгүйсгэхгүй.
Данзанравжаагийн өөрийнх нь бичиж үлдээсэн намтраас үзвэл ерөөс тэр бээр амьдарч ахуй цагтаа олон газар орноор аялж, тэндхийн хийд дацангаар орж, бурхан шүтээн залж, ном хуралд оролцон, найр наадам хийхийн сацуу уран бүтээлээ туурвидаг байв. Бээжин, Хөх хот, Алшаа, Утай, Их Хүрээ, Эрдэнэ зуу, Хужирт, Сэцэн ханы хүрээ (одоогийн Хэнтий аймгийн төв) зэрэг газруудаар явж байсан нь намтарт нь тодорхой бий. Энэ нь түүний шинийг сурч мэдэх, үзэж харах хүсэл сонирхлоос улбаатай авч, нөгөөтээгүүр нууцаар тавдугаар ноён хутагтын дүрд өргөмжлөгдсөн тул манжийн туршуулуудад баригдах, хорлогдох эрсдэлтэй байснаас тийнхүү олон газраар хэсэж явсан хэмээн таамагладаг.
Полимат уу?
Полимат гэдэг нь ерөнхийдөө олон салбарын гүнзгий мэдлэгтэй хүнийг хэлдэг. Бидний мэдэх Аристотель, Леонардо Да Винчи, Г.Галилей зэрэг нэжгээд салбарт хувь нэмрээ оруулан, түүхэнд нэрээ мөнхөлсөн, авьяаслаг, ухаалаг эрхмүүд полиматууд юм. Тэгвэл Д.Равжаа полимат байв уу?

Түүний амьдарч ахуй цаг үед нийгмийн хамгийн сэхээлэг хэсэг нь лам нар байсан гэдэг. Шарын шашин хүчтэй дэлгэрсэн XVI-XVII зууны үеэс монголчууд Төвөдөд очиж суралцан төвөд хэлийг эх хэл шигээ эзэмших болсноор зохиол бүтээл орчуулах, туурвих ажлыг лам нар хийж байв.
Энэ удаад ноён хутагтын шашин номын эрдмийг үл өгүүлэн, өгүүлээд бусад салбарт хийсэн бүтээснээс нь хугасхан дурдъя.
Тэр бээр явсан газрууддаа олон олон хийд дацан бариулсан байдаг. Тухайлбал, 1822 онд Лавран сүм, 1826 онд Дуйнхар дацан, 1828 онд Чойлин хийдэд цогчин сүм гэх зэргээр олныг дурдаж болно. Түүний голлон суудаг байсан Хамрын хийд гэхэд олон тооны сүм дацангаас бүрдсэн шашин соёлын том төв байсан аж. Энэ утгаараа тэр уран барилгын түүхэнд зохих хувь нэмрээ оруулсан архитектур байв.
Хамрын хийдэд мөн “Хүүхдийн дацан” нэртэй сургууль байгуулж, урлагийн авьяастай хүүхдүүдийг сургаж, театртаа жүжигчин, урлаачдыг бэлдэхийн сацуу үргэлжлүүлэн шашны дацангууддаа сургадаг байснаараа тэр багш, соён гэгээрүүлэгч мөн.
Түүнчлэн эм тан найруулан хүмүүсийг анагааж эдгээж байсан нь, олон олон бурхан шүтээн урласан нь, Манжийн хааны зарлигаар цэрэг удирдан дайн тулаанд оролцож явсан нь, цаашлаад зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач, найруулагч байсан нь тавдугаар ноён хутагтыг “полимат” байсныг илтгэж буй биз ээ.

Сэтгэгдэл бичих (4)


С С.Даш 2025.08.01 202.126.89.241
Энэ агуу сужт хүний бүтээлийг тоон үзүүлэлтээр хэмжиж болохгүй л боловуу! гэж олон хүмүүн бодох байхаа!! Манжийн үе болон Соц нийгмийн үеүүдэд устгагдан мартагдсан зүйл асар их байдаг байхөө!!
И Иргэн 2025.07.31 66.181.164.50
Их хэрэгтэй, дахиж сонирхож унших нийтлэл болсон байна. Д. Данзанравжаагийн бүтээлүүдийг тийм сайн мэддэггүй байсан юм байна. Баярлалаа.
Ш Шируу 2025.07.31 103.9.90.100
Сайн нийтлэл болжээ.................................................................................
N NEO 2025.07.30 103.212.116.233
Авах хүнд нэг үг ч эрдэнэ Орхих хүнд мянган сургаал ч улиг... Д.Данзанравжаа Үг бүр нь үнэ цэнтэй нийтлэл болжээ.