Технологийн хүрээллийнхний хувьд ес, аравдугаар сар шинэ бүтээгдэхүүн, сонирхолтой уулзалтаар дүүрэн өнгөрдөг. September, October гэсэн нэрийг технологитой хоршуулан Techtember, Techtober хэмээн нэрийдэх нь ч бий. Монголд ч энэ хэмнэл мэдрэгдэж, салбарынхан мэдлэг, туршлагаа хуваалцах арга хэмжээнүүд ар араасаа үргэлжилж байна.
Тэдгээрийн нэг болох Data & AI Forum 2026 байгууллагууд хиймэл оюуныг ажил хэрэгтээ хэрхэн ашиглах тухайд төвлөрлөө.

DATA & AI FORUM АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Их өгөгдөл болон түүнийг боловсруулах дэд бүтцийн шийдлүүдээр арав гаруй жил ажилласан Novelsoft компани 2016 оноос инженерүүдэд зориулсан уг арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Тэрхүү уулзалтуудаас эхтэй Data & AI Forum өнөөдөр өгөгдөл, хиймэл оюуны хэрэглээг хэлэлцэх талбар болон үргэлжилж байна.
Инженер, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулахын зэрэгцээ харилцан суралцаж, хамтран ажиллах хүрээлэл бүрдүүлэх нь зохион байгуулагчдын зорилгын нэг юм.

Data & AI Forum-ийн онцлог нь байгууллагын түвшний хэрэгцээнд төвлөрдөгт оршино. Өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдал, дотоод системийн уялдаа зэрэг өдөр тутмын ажилд тулгардаг асуудлыг технологи үйлдвэрлэгчид болон тэдгээрийг нэвтрүүлэх инженерүүд хамтдаа хэлэлцэв.
Ийм уулзалтын ач холбогдол нь технологийн нэр томьёог мэдэхээс цаашилж, өөрийн байгууллагын асуудлыг ямар дарааллаар шийдэхээ эргэцүүлэхэд оршино. Ижил хэрэгсэл ашиглаж байгаа ч байгууллага бүрийн өгөгдөл, ажлын урсгал, шаардлага өөр учраас хэрэгжүүлэх арга зам нь мөн ялгаатай.
AGENTIC COMMERCE ХАКАТОН
Форумын тайз зөвхөн технологи үйлдвэрлэгчдийнх байсангүй. Novelsoft болон Applied AI Mongolia-ийн хамтран зохион байгуулсан Agentic Commerce Hackathon тэмцээний шилдэг гурван баг бүтээлээ танилцуулж, шагналаа гардан авлаа.
Тэргүүн байрт Ээжийн тек, дэд байрт Баян Дата Технологи, гуравдугаар байрт Gwenchana шалгарчээ. Оролцогчид AI агент буюу өгөгдсөн зорилгын дагуу тодорхой үйлдэл гүйцэтгэх хиймэл оюуны шийдлүүдээр өрсөлдсөн юм.
Хакатоныг форумтай холбосон нь шинэ санааг мэргэжлийн хүрээлэлд танилцуулах боломж бүрдүүлсэн нь онцгой байв.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТЭД ЮУ ХЭЛЭВ?
Энэ жилийн форумын агуулга “The LLM isn't your edge. Context is.” гэх санаанд дор базагдсан байв. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх давуу талыг хэлний том загвартай (LLM) болсноор бий болгохгүй. Тэр загварт байгууллагынхаа нөхцөл, хэрэгцээг ойлгуулах мэдээлэл өгч чадаж байна уу гэдэг чухал.
Хиймэл оюуны хэрэглээг хувь хүн болон байгууллагын түвшинд авч үзвэл энэ ялгаа тодорхой болно. ChatGPT, Gemini, Claude зэрэг AI чатботоор бичвэр боловсруулах, санаа гаргах, мэдээлэл хураангуйлах нь хувь хүний бүтээмжийг дэмждэг. Харин байгууллагын түвшинд нэвтрүүлэхэд дотоод мэдээлэл, хандах эрх, ажлын дараалалтай холбох шаардлага үүснэ.
Жишээлбэл, ерөнхий мэдлэгтэй чатботод асуулт тавих, байгууллагын дотоод мэдээлэлд тулгуурлан ажил гүйцэтгүүлэх хоёрын шаардлага өөр. Сүүлийн тохиолдолд мэдээлэл шинэ эсэх, тухайн хэрэглэгч түүнийг үзэх эрхтэй эсэх, гарсан хариуг юугаар нягтлах зэрэг асуудал хамт тавигдана.
NOVELSOFT oyu AI
Novelsoft компани Data & AI Forum 2026 арга хэмжээний үеэр Монголын хиймэл оюуны OYU AI экосистемээ танилцууллаа. Энэхүү платформ нь байгууллагын өгөгдлийг нэгтгэх, боловсруулах, хиймэл оюунд ашиглах цогц шийдэл юм. oyuFlow нь олон эх үүсвэрээс өгөгдөл цуглуулж, боловсруулах бол oyuLake нь нэгдсэн дата хадгалалт, удирдлагын суурь болж өгнө. Мөн Монгол хэлний OYU LLM буюу хэлний том загвараа анхлан танилцуулсан юм. Экосистемд яриаг текст болгох Anir, текстийг ярианд хувиргах tsuurAI, Монгол-Англи орчуулгын Orchu загварууд багтана. Эдгээр шийдэл нь Монгол хэлний хиймэл оюуныг байгууллагын өөрийн өгөгдөлтэй холбон, бодит хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэж байна.

ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД
Тархай өгөгдлийг AI-д бэлдэх нь:
Starburst-ийн шийдлийн архитектурын менежер Майкл Маркиета байгууллагын олон орчинд байрлах өгөгдлийг ашиглах тухай танилцууллаа. Дотоод сервер, үүлэн орчинд хадгалагдсан мэдээллийг заавал нэг газар хуулж төвлөрүүлэхгүйгээр холбон ашиглах боломж түүний илтгэлийн гол сэдэв байв.
Энэ нь өгөгдлөө хаана хадгалж байгаагаас гадна хэрэгтэй үед нь хэрхэн хүртээмжтэй болгох вэ гэсэн асуулт юм. AI-д шаардлагатай мэдээллийг хүргэхийн тулд байгууллага өгөгдлийнхөө байршил, холбоо хамаарлыг бүхэлд нь харах хэрэгтэйг уг сэдэв тодотгов.

Дотоод орчинд аюулгүй AI агент бүтээх нь
Oracle-ийн үүлэн технологийн инженер Олег Файницкий Oracle AI Database ашиглан байгууллагын хамгаалагдсан дотоод орчинд AI агент хөгжүүлэх боломжийг танилцуулжээ.
Байгууллагын мэдээллийг хиймэл оюунтай холбохдоо хамгаалалтыг хэрхэн хадгалах вэ гэдэгт энэ илтгэл төвлөрсөн. Өгөгдлөө ашиглах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүнд хэн, ямар хүрээнд хандахыг шийдэх шаардлагыг хөндсөнөөрөө өмнөх сэдэвтэй холбогдож байв.

Монголын AI технологийг хэрэглээнд хүргэх нь
Mogul Group-ийн технологи хариуцсан захирал Б. Цээсүрэн Монголын AI Stack буюу хиймэл оюуны шийдэл бүтээхэд шаардлагатай технологийн бүрдлийн хөгжүүлэлтийг танилцууллаа. Монгол хэл дээрх шийдлүүдийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, дуу хоолойгоор өгсөн хүсэлтийг үйлдэлтэй холбох боломжийг онцолжээ.

онцлох мөчүүд





