Нетфликсийн ээлжит болзооны шоу “Single’s Inferno”-гийн дөрөв дэх улирал саяхан дуусаж, үргэлжлүүлээд Централ телевизийн “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны хоёрдугаар улирал үзэгчдийн хүртээл болоод эхэлжээ. Сүүлийн үед л ийм төрлийн нэвтрүүлгүүд эрчийг авсан мэт харагдаж байгаа боловч угтаа бүр 1960-аад оноос эхтэй аж. Анх Америкийн ABC телевиз “Болзооны тоглоом” (The Dating Game) нэртэй нэвтрүүлгийг 1966 онд цацсан бөгөөд энэ нэвтрүүлэгт оролцогч нь зочдыг харалгүйгээр асуулт тавиад, хамгийн таалагдсан хариултыг өгсөн нэгэнтэй болздог байв. Хосоо харанхуйгаар сонгодог ийм форматтай “Love is Blind” тэргүүтэй нэвтрүүлэг одоо хэр нь байсаар буй.
Дотно харилцаа бол зөвхөн хоёр хүний дунд өрнөдөг. Харин болзооны нэвтрүүлгээр дамжуулан бид тэр “хөшигний ард” болж буй бүхнийг шимтэн үзэж байдаг. Тиймээс л Америкийн “Гоонь эр” (The Bachelor) нэвтрүүлгийн сүүлийн улирал нь гэхэд 9,6 сая үзэлт авсан бол Нетфликсийн “Love is Blind” нэвтрүүлгийн 6-р улирал гарсан даруйдаа л 6,3 сая үзэлт цуглуулсан байна.
Зөвхөн Америк гэлтгүй бусад орнууд ч эдгээр нэвтрүүлгийн өөрсдийн хувилбарыг хийдэг тул орон орны залуусын онцлог, хайр дурлал, үерхэлд хэрхэн ханддаг талаар эдгээр шоунаас харах боломжтой. Тэгвэл ийм олон үзэгчтэй шоунууд хүн хоорондын харилцаанд нөлөөлдөг болов уу?
“Дурлал сохор” гэж ярьдаг ч бодит амьдрал дээр хайр дурлал, хосын болзоонд чиглүүлэг болохуйц зөвлөгөө, мэдээлэл хэрэг болдог нь үнэн. Судалгаанд дурдсанаар, дөнгөж бие биеэ сонирхон шохоорхож эхэлдэг өсвөр нас хийгээд, хосын харилцаанд орж эхэлж буй залуучуудад энэ талын мэдээлэл илүү чухал байдаг гэнэ. Тэдэнд гэр бүл найз нөхдөөс нь гадна олон нийтийн сүлжээ, түүн дээрх контентууд хайр дурлалын талаарх үзэл бодол нь төлөвшихөд тодорхой хэмжээнд нөлөөлдөг байна. Мөн өөр нэгэн судалгаанд, залуус ийм төрлийн нэвтрүүлэг их үзсэнээр болзох, бэлгийн харьцаанд орох, үерхэх тал дээр тодорхой төсөөлөл, ойлголт авч байдгийг онцлон дурдсан байна.
Хайр дурлалын хөтөч
Ерөөс хүн аливаа зан үйлийг дам байдлаар эсвэл бусдын туршлагаас ажиглан суралцдаг бөгөөд үүнийг сэтгэл судлаач Альберт Бандура нийгмийн танин мэдэхүйн онолоор баталж байжээ. Тэгэхээр бидний үзэж байгаа кино, контент, нэвтрүүлэгт хайр дурлалыг хэрхэн харуулж байгаа вэ гэдгээс олон зүйл шалтгаална гэсэн үг.
Тухайлбал, нэвтрүүлгийн оролцогч залуус даалгавар биелүүлээд болзоонд явах эрхээр шагнуулаад дурсгалт газар очих, завиар аялах, усанд сэлэх, зураг зурах, хоол идэх гээд хамтдаа янз бүрийн зүйл туршиж үзэж буйг харуулдаг. Энэ нь үзэгч залууст болзоо гэж ийм зүйл байдаг юм байна гэсэн ойлголт өгөхөөс гадна, хэрэв болзоонд явбал юу хийж, хаана очиж, залуу/бүсгүйтэйгээ хэрхэн харилцаж болох вэ гэдэг санаа сэдэл болно гэсэн үг.
Тэр ч бүү хэл, Америкт дөнгөж танилцаж эхэлж байгаа хүмүүс дотносохын тулд хамт согтууруулах ундаа уух, халуун рашаанд орох болсон нь болзооны нэвтрүүлгээр ийм үйлдэл их гарсны үр дүн болохыг харуулсан сонирхолтой судалгаа ч байдаг.
Төгс нэгнийг хүлээхүй
Бас нэгэн хачирхалтай баримт бол романтик кино, нэвтрүүлэг их үздэг хүмүүс бодит амьдрал дээр ч идеалист хүлээлтдээ баригдан тийм хайр дурлалыг хүсэх хандлагатай байдаг гэнэ. Гудмаар санаандгүй алхаж яваад хэн нэгэнд анхны харцаар дурлах, тэр хүн нь гоо сайхны үнэлэмжид “өв тэгш” нийцсэн царай төрх, бие махбодтой байх бөгөөд хайртай хүнээ бүхнээс илүү хайрладаг, “бараг хайртаасаа өөр юу ч боддоггүй”, үргэлж нээлттэй ярилцаж, буулт хийдэг “төгс” гэмээр романсуудыг үзүүлэх тусам бид тийм л зүйлийг хүсэж мөрөөдөж эхэлнэ гэсэн үг.
Харамсалтай нь ийм бодит бус хүлээлт эргээд гэр бүл салалтад ч нөлөөлөх эрсдэлтэй байдгийг дээрх судалгаанд дурдсан. Гэр бүл салалтын шууд биш боловч дагалдах шалтгааны нэг нь энэхүү “хөрсөн дээр буугаагүй хүлээлт” байх магадлалтай гэнэ.
Дүгнэхэд, бидний үздэг кино, контентууд зөвхөн цэнгээн хөгжөөхөөс гадна, тогтсон ойлголтуудын талаарх үзэл бодол, хандлагад маань ч тодорхой хэмжээнд нөлөөлдөг байх нь.