Өдгөө хиймэл оюунаар зураг үүсгэж, текст бичүүлэхийг бүгдээрээ чаддаг боллоо. Тэгвэл дараагийн гайхамшигт ид шид нь юу байх бол?

Тав дахь удаагийн DevSummit-ийн илтгэгч нар уг асуултад хиймэл оюунт агентууд хэмээн итгэл төгс хариулав. Өөрөөр хэлбэл, чатботын эрин үе нэгэнт ард хоцорч, одоо харин бие даан шийдвэр гаргаж, үйлдэл хийх боломжтой системүүд ирээдүйг урагш хөдөлгөх гэнэ.

Монголын технологийн салбар, тэр дундаа хөгжүүлэгчдийн хамгийн том цугларалт DevSummit тав дахь жилдээ 2026 оны 5-р сарын 30-31-нд амжилттай зохион байгуулагдлаа. Цахим мэдээллийн урсгал ширүүсэж, бохирдол ихэссэн энэ үед тус арга хэмжээ технологийн салбарынхан нүүр нүүрээ харан ярилцах, хэлэлцэх, хуваалцах боломжийг бүрдүүлж чадав.

“Хөгжүүлэгчдээс хөгжүүлэгчдэд” уриатай уг арга хэмжээ энэ удаа Era of Agentic AI буюу “Хиймэл оюунт агентуудын эрин үе” сэдвээр явагдлаа. Зураг, бичлэг бүтээдэг AI-аас цааш юу байгаа вэ, бие даан үйлдэл хийдэг агентууд бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ, тэрхүү агентуудыг яаж хөгжүүлэх вэ гэсэн чиглэлд өрнөсөн уг арга хэмжээнд 30 гаруй илтгэгч, 800 орчим оролцогч хүрэлцэн ирсэн юм. 

Түүнчлэн арга хэмжээг дэлхий даяар 25,000 гишүүнтэй BELLE community-тэй хамтран зохион байгуулсан нь монголын хиймэл оюуныг хүрээлэл, хөгжлийг нэгэн шат ахиулсан чухал хамтрал байлаа. 

Арга хэмжээний үеэр хамгийн их яригдсан 5 санаа, онцлох ярилцлага, онцлох хэлэлцүүлэг, онцлох илтгэлийн хураангуй болон 10 тоогоор энэ жилийн DevSummit-ийн тоймыг хүргэж байна. 

DevSummit-ийн тайзнаас онцлох 5 санаа

Технологийн салбар өөрчлөлт: Товчхондоо, инженерүүд “удирдаач” болж хувирчээ. Сайн инженер гэдэг кодоо мөр мөрөөр нь бичдэг хүн биш, харин тусгайлсан үүрэгтэй агентуудын багийг зохион байгуулж, тус бүрийн ажил үүргийг тодорхойлж, шаардлагатай мэдээллийг нь өгч, үр дүнг нь хянадаг хүн болов. Мөн хиймэл оюуны нөлөөгөөр технологийн мэргэжилтнүүдийн эрэлт буурах бус харин ч улам бүр нэмэгдэх гэнэ.

Өгөгдлөө хамгаалах цаг: Энэ удаагийн арга хэмжээнд хамгийн ихээр яригдсан өнцөг нь өгөгдлийн хяналт байв. Илтгэгчид дотооддоо байршуулсан, өөрийн төхөөрөмж дээр ажилладаг AI-ийн тухай өөр өөрсдийн өнцгөөс ярьж байв. Өгөгдлөө эзэмших эрх, хувийн үүлэн технологи, “монголын дата монголдоо үлдэх ёстой” гэсэн үзэл бодлууд нь хиймэл оюуны суурь болох өгөгдлийн ач холбогдлыг улам бүр илтгэж байлаа.

Жижиг загваруудын эрин: Хиймэл оюуны хүчийг ашиглахад заавал тэргүүлэх, том, төлбөртэй загвар хэрэггүй болжээ. Тусгайлсан үүрэгтэй, хэрэглэгчийн төхөөрөмж дээр ажилладаг, нээлтэй эхийн жижиг загваруудын хөгжил хангалттай шатанд хүрсэн байна. Ажлаа төрөлжүүлж, тус бүрд нь тохирох жижиг загваруудыг тааруулах нь төсөв хэмнээд зогсохгүй хурд, нууцлал, үр дүнд ч эергээр нөлөөлдөг гэнэ.

Загвар бус, заавар чухал: Нэгэн үед хамгийн сүүлийн үеийн шилдэг хиймэл оюуныг ашиглах тухай ярьж байсан бол одоо тэрхүү загварт өгөх заавар буюу контекст чухал болж байна. Ямар ч ухаалаг загвар байлаа гэсэн заавар муу бол үр дүн ч муу гарахыг олон илтгэгч онцлов. Зөв мэдээллийг зөв загвартаа зөв аргаар хүргэх нь энэ цаг үеийн хамгийн чухал ур чадвар аж.

Итгэлцлийн асуудал: Хиймэл оюун юу бүтээж чадах вэ гэдгээс гадна ямар эрсдэлийг бий болгож буй тухай ч хөндөгдөв. Өгөгдлийн чанар, технологийн засаглал, хүний хяналт зэрэг нь эрүүл мэнд, аюулгүй байдал, хууль эрх зүй тэргүүтэй чухал салбаруудад улам бүр ач холбогдолтой болсоор буй. Найдвартай систем дан ганц хүчирхэг загвараас бус бат бөх суурь, тогтвортой хяналтаас үүдэлтэй билээ.


Онцлох илтгэл: Монгол Улсын хиймэл оюуны талбар дах гурван боломж

Арга хэмжээний хамтран зохион байгуулагч B.E.L.L.E компанийн хамтран үүсгэн байгуулагч Lenka Huang-ийн илтгэлээс хиймэл оюуны давлагаанд Монгол Улс хэрхэн тоглож болох тухай санаануудыг онцгойлон хүргэе. Тэрээр Монгол Улсын хувьд хиймэл оюуны үндсэн гурван давхарга тус бүрд нь тоглогч байж чадах, ховорхон боломжтой улс гэдгийг онцолсон билээ.

Consumer AI: Энэ чиглэлд Монгол Улсын хувьд үндсэндээ өрсөлдөгчгүй гэнэ. Монгол хэлээр ярьдаг нийт 8 сая гаруй хүн дэлхий дахинаа байгаа бөгөөд энэ тоо бол дэлхийн том тоглогч нарын хувьд бага тоо тул тэд энэ салбарт бидэнтэй өрсөлдөхгүй. Харин бидний хувьд монгол хэл дээрх хиймэл оюуны загвар, түүнээс улбаалсан бүтээгдэхүүн үйлчилгээг бүтээж, дотоодын болон Өвөр Монголын зах зээлд хүргэвэл чамлахааргүй том боломж бий ажээ.

Enterprise AI: Банк, үүрэн холбоо, уул уурхай, жижиглэн худалдааны компаниуд бүс нутгийн өрсөлдөгчдөөсөө 18-24 сараар хоцорч байгаа ч үсрэнгүй хөгжих, гүйцэж авах боломж байсаар буйг онцоллоо. Үүнд Монгол хэрэглэгчдийн шинэ зүйлд нээлттэй зан, технологийн өндөр хүртээмж зэрэг тус болох юм.

Sovereign AI: Энэ бол Монгол Улсын тоглолт хийх боломжтой хамгийн том талбар гэнэ. Эрс тэс уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний нөөц, өргөн уудам газраа ашиглан дата төвүүд бий болгох нь ирээдүйгээ бодсон хамгийн зөв шийдвэр бөгөөд хиймэл оюуны нээлттэй бодлоготой болж чадвал бүс нутагтаа гэлтгүй дэлхийд анхдагч мөн жишиг болох боломжтой.


Онцлох хэлэлцүүлэг: Монгол Улсын AI стратеги

Улсаараа хиймэл оюуны хөгжлөө хурдасгая, дэлхийд өрсөлдье гэвэл гарцаагүй төрийн нэгдсэн бодлого хэрэгтэй болно. Энэ том асуудалд хариулахаар зохиосон хэлэлцүүлэгт төрийн зүгээс цахим бодлого, дата төв, их өгөгдөлтэй холбоотой хамгийн чухал гурван оролцогч оролцлоо. Тэр дундаа салбарын сайд Ч.Номин өөрийн биеэр оролцож, төрийн зүгээс энэ чиглэлд барьж буй бодлогоо хуваалцсан нь арга хэмжээний түүхэнд анхны бөгөөд онцлох үйл явдал болсон юм.

Тэд өгөгдөлд суурилсан эдийн засаг болон хиймэл оюуны инновацыг дэмжихээ амлав. Мөн Өгөгдлийн тухай хуулийг шинэчилж, төрд байгаа мэдээллийг нээлттэй хуваалцаж, энэ салбарт ажиллаж байгаа хөгжүүлэгчдийг дэмжиж хамтарч ажиллахаа ч хэлсэн юм. Харин урт хугацаандаа Монгол Улс байгаль орчны онцлог талаа ашиглан ногоон эрчим хүч дээр суурилсан дата төвүүдийг барьж байгуулах зорилготой байгаа гэлээ. Ойрын хугацаанд гэвэл Үндэсний дата төв дөрвөн ширхэг NVIDIA H200 чиптэй болох гэж байгаа ажээ.


Онцлох ярилцлага: Agentic AI-ийн эринд Монгол Улсын стратеги

Дэлхийн хагас дамжуулагчийн технологийн аварга AMD компанийн Дэд ерөнхийлөгч Keith Strier-ийн шууд ярилцлага Монгол Улс хиймэл оюуны том талбарт хэрхэн тэнцвэрээ хадгалж, зөв нүүдэл хийх тухай өрнөв. Түүний хувьд өнгөрсөн жилүүдэд тэргүүлэх компаниудаас гадна дэлхийн улс орнуудын хиймэл оюуны стратегийг нь боловсруулахад тусалсан нэгэн юм.

Түүний хэлснээр Монгол Улс юун түрүүнд өөрсдийгөө жижиг улс гэж бодолгүй улсынхаа онцлог, давуу талыг ашиглан тоглохыг зөвлөв. Мөн технологийн хөгжлийн ачаар жижиг чулуугаар ч том чулуу хөдөлгөж болохыг онцоллоо. Жишээ нь, дэлхийн хамгийн өндөр тооцоолон бодох хүчин чадалтай 500 компьютерын жагсаалтад багтахад хэдэн тэрбум доллар биш 20-30 сая доллартой байхад л хангалттай гэнэ. Хөрсөн дээр буусан стратегиа тодорхойлж, түүнийгээ төрийн нэгдсэн бодлогоор хэрэгжүүлж чадвал монголчуудын хувьд томоохон үүд хаалга нээгдэх болно гэдгийг дурдсан билээ.


DEVSUMMIT 2026-Г 10 ТООНД

5 дахь удаагаа

“Хөгжүүлэгчдээс хөгжүүлэгчдэд” уриатай монголын технологийн салбар, тэр дундаа хөгжүүлэгчдийн хамгийн том цугларалт болох DevSummit 2026 арга хэмжээ 2026 оны 5-р сарын 30-31-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаа Era of Agentic AI буюу “Хиймэл оюунт Агентуудын эрин үе” сэдвийн дор 800 орчим оролцогч, 30 орчим зочидтойгоор явагдав. Өмнөх жилүүдийн сэдэв:

DevSummit 2019 - Хөгжүүлэгчдээс хөгжүүлэгчдэд
DevSummit 2022 - Into the Metaverse
DevSummit 2023 - AI Changing the World
DevSummit 2025 - AI Generation
DevSummit 2026 - Era of Agentic AI

12 спонсор

Том арга хэмжээний ард спонсор байгууллагууд түшиг тулгуур болж байдаг. Энэ удаагийн арга хэмжээг Premium Nexus, Unitel, Капитрон банк, Maza Coffee, Zangia.mn, AI GLobal, Мэдээллийн технологийн үндэсний парк тэргүүтэй дотоодын байгууллагууд дэмжин ажиллалаа. Шинэ санаачилгад соргог хандаж, ирээдүйн тухай ярилцах боломжийг бүрдүүлсэн спонсорууддаа талархал илэрхийлье.


101 хувь дүүргэлт

DevSummit-ийн тасалбар арга хэмжээний өмнөх өдрөө бүрэн дуусаж, арга хэмжээний танхим 101 хувийн дүүргэлттэй байв. Энэ нь цахим мэдээлэл давамгайлсан энэ үед нүүр нүүрээ харж уулзаж, ярьж хэлэлцэж, сонсож мэдэх орон зай улам хэрэгтэй болсоор буй баталгаа боллоо. Талцал, хуваагдал нэмэгдэж буй энэ цаг үед тав дахь удаагийн нэгэн дээвэр доор хүрэлцэн ирсэн оролцогч та бүхэнд баярлалаа.

8 цагийн стрийм

Энэ жилийн арга хэмжээг TenGer TV-тэй хамтран дэлхийн өнцөг булан бүрд байгаа монголчуудаа 100 хувь цахимаар үзэх боломжийг бүрдүүлэв. Арга хэмжээний бүтэн хөтөлбөрийг дуу дүрсний өндөр чанартайгаар үзэхийг хүсвэл devsummit.tngr.tv хаягаар хандаарай. Одоо ч мөн үзэх боломжтой. Мөн TenGer TV-ийн мэргэжлийн багтай хамтран арга хэмжээнд илтгэл тавьсан зочдоос илтгэлийн дараах яриаг авсан бөгөөд эдгээр ярилцлагыг TenGer TV-ээс удахгүй хүлээн авч үзээрэй.


1 шинэ ном

Арга хэмжээг тохиолдуулан unread books-ээс нэгэн шинэ номыг зарлав. Энэ бол Discord компанийн Технологийн бодлогын мэргэжилтэн Сүмин Жүн-ий бичсэн “AX дүйвээн” ном. Энэхүү бүтээлд хиймэл оюуны эмх замбараагүй энэ нөхцөлд хэрэглэгч бид хэрхэх тухай хэлэлцэх бөгөөд уншигч та бүхний гарт тун удахгүй хэвлэгдэн очих болно.


1 гадаад партнер

Энэ жилийн DevSummit-ийг олон улсын туршлагатай, дэлхий даяар 25,000 гаруй гишүүнтэй BELLE community-тэй хамтран зохион байгуулсан нь томоохон дэвшил боллоо. Зөвхөн зохион байгуулалтын хувьд олон улсын туршлагыг шингээгээд зогсохгүй зочдын хувьд ч хүрээгээ тэлж, AMD тэргүүтэй компаниудын глобал экспертүүд Монголын тайзнаа, монгол хөгжүүлэгчидтэй дэлхийн сэдвийг ярилцсан нь гарцаагүй онцлох мөч байв.


7 воркшоп

Арга хэмжээний хоёр дахь өдөр тусгайлсан воркшопууд IT Park-ийн гурван танхимд зэрэг өрнөлөө. Энэ үеэр оролцогчид монгол хэлний TTS загвар сургах, AI-д тулгуурласан хөгжүүлэлт хийх, өөрийн анхны автономит AI ажлын урсгалыг зохион байгуулахаас эхлээд агентаар бүтээмжээ 20 дахин нэмэх, AI видео үйлдвэрлэх, промпт ашиглан бүтэн full-stack апп угсрах, AI агентуудын ертөнцтэй танилцах зэрэг сэдвүүдээр салбар салбарын шилдгүүд бодит туршлагаа хуваалцав.

25 илтгэл

Арга хэмжээний хамгийн том онцлог бол яг л салбарынхан цуглаж, салбарын асуудлаа ярьдаг явдал. Энэ удаагийн тайзнаа 25 илтгэгч гарав. Тэдний ихэнх нь DevSummit-ийн өмнөх жилүүдэд оролцогч байсан бол энэ жил анх удаа тайзнаа гарч буй мэргэжилтнүүд юм. Тэд AI agents, Agent engineering, Sovereign AI, Infrastructure, Enterprise AI, Security, Local models, AI strategy, Agentic workflows зэрэг сэдвээр мэдлэг туршлагаа хуваалцав.

1 хэлэлцүүлэг

Арга хэмжээний үндсэн хэлэлцүүлгийг Unread Media-гийн хамтран үүсгэн байгуулагч А.Ундрал удирдаж, ЦХИХХ-ны сайд, УИХ-ын гишүүн Ч.Номин, “E-Mongolia”-ийн гүйцэтгэх захирал М.Баттулга, “Үндэсний дата төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дагвасүмбэрэл нар панелистаар оролцов. Төрийн зүгээс хиймэл оюуны чиглэлд барьж байгаа бодлого, авч буй арга хэмжээгээ хуваалцах боломжтой хамгийн чухал хүмүүс нэгэн тайзнаа гарсан нь онцлох үйл явдал байв.

40 сайн дурын залуус

Арга хэмжээний өдрийн зохион байгуулалтыг сайн дурын ажилтан залуусгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Оролцогчдыг угтах, бүртгэхээс эхлээд өдрийн хоол, кофе завсарлага зэрэг бүх үед эелдэг, найдвартай ажилласан бүх сайн дурынхандаа талархаж буйгаа энэ ташрамд онцлон дурдъя.

Ирэх жилийн DevSummit-аар эргэн уулзатлаа түр баяртай