А бол анхны цахим мөнгө 

Дэлхий дахинд цахим мөнгөний тухай ойлголт 1980-аад оноос эхэлж, АНУ-ын компьютер инженерүүд цахим төлбөрийн системийг хөгжүүлж байв. Ингээд АНУ-ын G&SR компани E-Gold нэртэй, дэлхийн хамгийн анхны цахим мөнгийг 1996 онд гаргасан түүхтэй. Арав гаруй жилийн хугацаанд долоон сая хэрэглэгчтэй болоод байсан ч удаа дараа хакеруудын халдлагад өртсөн тул хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй хэмээн АНУ-ын Засгийн газраас ашиглахыг хориглосон юм. Түүнээс хойш хууль эрх зүйн хүрээнд хэрэглэгчдийн нууцлал, аюулгүй байдлыг хангах цахим мөнгөн тэмдэгтүүд дэлхийн бусад оронд шил даран гарсаар байна. Манай улсын хувьд 2018 онд УИХ-аас Үндэсний төлбөрийн системийн тухай хууль баталснаар "Мобиком" корпорацын “Мобифинанс” ББСБ-д “Цахим мөнгө гаргах” тусгай зөвшөөрлийн анхны гэрчилгээ олгож, Монголын анхны цахим мөнгө болох Candy гарсан билээ.

Б бол бүгдэд нээлттэй 

Монгол Улсад 2018 оноос хойш 250 гаруй байгууллага цахим мөнгөөр шууд төлбөр тооцоо хийдэг болжээ. Монголын анхны цахим мөнгө болох "Candy" гэхэд өмнө нь зөвхөн “Мобиком”-ын хэрэглэгчдэд зориулан бүтээсэн урамшуулал олгох лояалти хөтөлбөр байсан бол өдгөө Монгол орон даяар аль ч операторын хэрэглэгч ашиглах боломжтой цахим мөнгө буюу үндэсний төлбөрийн системд Монголбанкаар баталгаажсан төлбөрийн хэрэгсэл болжээ. Аль операторын хэрэглэгч байхаас үл хамааран төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлэг хийх бүрэн боломжийг эл цахим мөнгө олгож байна.

В бол Виртуал мөнгө 

Дэлхий дахинд цахим мөнгөн тэмдэгтээс гадна виртуал мөнгө буюу биткойн, этериум зэрэг криптовалютуудыг цахим мөнгөтэй адил хэмээн андуурсаар байдаг. Манай улсын хувьд криптовалют нь мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, төгрөгт чөлөөтэй хөрвөдөггүй, төгрөгтэй ижил нэгжгүй, төвлөрсөн хяналт байхгүй учраас цахим мөнгөний шинжийг агуулаагүй хэмээн үзэж одоогоор цахим мөнгөнд тооцдоггүй юм байна.

Г бол гэрээ 

Хэрэв та цахим мөнгөтэй болохыг хүсвэл Монголд Улсад албан ёсны бүртгэлтэй цахим мөнгөн тэмдэгтүүдийг ашиглаж болно. Тухайлбал, "Сandy" цахим мөнгөний хувьд "Candy Pay", www.candy.mn вэб хуудсаар өөрийн мэдээллээ оруулснаар хэрэглэгч болох боломжтой. Хялбар байгаа биз? Харин илүү өндөр дүнтэй гүйлгээ хийхийг хүсвэл "Мобиком"-ын үйлчилгээний салбаруудад иргэний үнэмлэхтэйгээ ирж гэрээ байгуулах шаардлагатай юм билээ.

Д бол данс 

Вьетнам улсын хүн амын 40 хувь, Индонезийн 70, Филиппиний 35, Мьянмарын 15 хувь нь банкны данс бүхий карт эзэмшдэг. Харин Монгол Улсад хүн амын 93 хувь нь банкны данстай гэвэл итгэх үү? Идэвхтэй дансны тоо хүн амаасаа ч илүү буюу 4 сая ажээ. Хэрэв та цахим мөнгө авах гэж буй бол арилжааны банкнаас үл хамааран шинэ данс нээж, түүнийгээ удирдах боломж бий.

Е бол Ердийн хэрэглээ 

Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд цахим мөнгийг төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл хэмээн тодорхойлсон байдаг. Жишээ нь, нэг candy гэхэд нэг төгрөгтэй тэнцэх үнэ цэнтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, цахим мөнгө нь бэлэн бус л болохоос төгрөгийн үүргийг гүйцэтгэж чадах хэрэглээтэй төлбөр тооцооны хэрэгсэл юм. Тиймээс дэлхийн улс орнууд цахим мөнгийг хэдийн өдөр тутмын хэрэглээ болгоод байна. Тухайлбал, Хятад улс энэ оны эхний байдлаар 12.6 их наяд ам.долларын гүйлгээг мобайлаар шилжүүлснээр дэлхийн бэлэн бус төлбөр тооцооны хамгийн том зах зээлд тооцогдох болжээ. Энэ нь АНУ-ын бэлэн бус төлбөр тооцооны үнийн дүнгээс 50 дахин их хэмжээ юм.

Ё бол Ёстой Амархан 

Цахим мөнгө таны боломж, хэрэглээг хязгаарлахгүй тул өөрийн цахим мөнгөө банкны данс руу болон бусад цахим мөнгө хэрэглэгчдэд чөлөөтэй шилжүүлэх боломжтой. Мэдээж, өнөө үед ихэнх ажлаа онлайнаар хийх боломжтой болсон тул нэг ашиглаад дадсан байхад цаашид бүх зүйлс тун ч амархан санагдах болов уу. Зээл авах, төлбөр төлөлт, гүйлгээ, шилжүүлэг гээд мөнгө, санхүүгийн харилцааг хэдхэн хормын дотор байгаа газраасаа ямар ч хүндрэл чирэгдэлгүй шийдэж чадна. Ёстой амархан.

Ж бол журам

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгө, түүний үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, аюулгүй, найдвартай цахим мөнгөний системийг бий болгож хэрэглэгчийг хамгаалах зорилгоор Цахим мөнгөний журмыг Монголбанкнаас боловсруулж 2018 оны дөрөвдүгээр сард баталсан юм. Энэхүү журмыг баталснаар цахим мөнгөний системд хэн, хэрхэн оролцох болон зөвшөөрөл авах үйл явцыг ойлгомжтой болгож, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой болгоод зогсохгүй финтек, төлбөрийн системийн цаашдын хөгжлийг дэмжихээр зорьжээ.

З бол зээл 

Хүн бүрд санхүү, төлбөр тооцооны гэнэтийн бэрхшээлүүд тулгардаг ч хэрэглээний зээл олгогч санхүүгийн апп болон бусад арилжааны банкууд өндөр хүү, биелүүлэхэд амаргүй шаардлага тавих нь бий. Тэгвэл "Мобифинанс" ББСБ таны "Мобиком"-ын дугаарын ашигласан хугацаа, төлбөр төлсөн түүх дээр үндэслэн хэрэглээний зээл олгодог юм билээ. Зээл авах шаардлага хангасан бол салбар дээр ирэх шаардлагагүйгээр хэзээ ч, хаанаас ч мессэж илгээн эсвэл "Candy Pay" апп болон бусад сувгуудыг ашиглан зээл авах боломжтой аж. Сар бүрийн таны утасны хэрэглээ, дугаар тань зээлийн барьцаа гэж бодоход болно.

И бол Илүү баталгаатай 

Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй бүхэнд нэг л итгэл төрөхгүй байх нь бий. Цахим мөнгөний хувьд зах зээлд хэр их хэмжээгээр гаргана, түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг банкны дансанд баталгаа болгож байршуулах ёстой байдаг. Тэгээд зогсохгүй бусад зориулалтаар ашиглахгүйгээр зөвхөн хэрэглэгчийн цахим мөнгийг төгрөгт хөрвүүлэхэд л ашигладаг. Энэ нь цахим мөнгө гаргагч компанийг дампуурах эрсдэлээс хамгаалах баталгаа болж буй хэрэг билээ.

к бол купон 

Бид зөвхөн гар утсаа ашиглаад л өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс өгсүүлээд төрөл бүрийн бараа, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр худалдан авах өргөн боломжтой цаг үед амьдарч байна. Цахим мөнгөний апп-д байрших хямдралын купонууд нь хэрэглэгчдийн мөнгийг хэмнэхээс гадна бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах маркетингийн шинэлэг суваг болоод буй. Апп-ийхээ купон хэсгийг шалгаж, авахыг хүссэн бараагаа маш хядмхан авчих боломж олон бий шүү.

Л бол Лояалтигаас илүү 

Байгууллагууд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт лояалти хөтөлбөрүүд болон бэлэгтэй урамшуулалтай худалдааг тогтмол хэрэгжүүлдэг жишиг нэгэнт тогтжээ. Тэдний нэг болох "Candy"-г зөвхөн "Мобиком"-ын хэрэглэгч үйлчилгээ авсныхаа төлөө хүртдэг энгийн нэгэн урамшуулал гэж боддог юм биз? Купон, урамшууллаас өгсүүлээд санхүүгийн олон үйлчилгээг нэг дор багтаасан анхны цахим мөнгийг бидэнд танилцуулаад хоёр жил болсон байна шүү.

М бол мини апп 

Дэлгүүр хэсэх, хэрэглээний төлбөрөө төлөх, тоглоом тоглох, хандив өгөх, даатгалд хамрагдах, киноны тасалбар авах гээд өдөр тутамд хэрэг болдог маш олон үйлчилгээг "мини" хэлбэрт оруулж, нэг апп дотроос хэрэглэх боломжтой болгосон нь "Candy Pay" апп-ийн хамгийн том давуу тал. Супермаркет, номын дэлгүүрийн кассанд оочерлохоос эхлээд галт тэрэгний тасалбар авах хүртэл гарын үзүүрээр шийдэгддэг болсон гэсэн үг.

Н бол Нээлттэй API 

Open API буюу нээлттэй эхийн систем санал болгосноор систем хөгжүүлэгч өөрсдийн төлбөрийн болон хэтэвчний системийг бусад жижиг, дунд бизнес эрхлэгчид ашиглуулах, зарим тохиолдолд тодорхой үнээр түрээсэлдэг. Ингэснээр онлайнаар бүтээгдэхүүн борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд төлбөрийн системдээ санаа зовох зүйлгүй болно гэсэн үг. Олон улсад гэвэл "Coinbase" гэх цахим мөнгөний хэтэвч өөрийн системийг бусад компанид тодорхой нөхцөлтэйгөөр үнэгүй хэрэглүүлдэг. Монгол Улсын хувьд анхны хэтэвчийн нээлттэй эх нь Candy нээлттэй API юм.

О бол онлайн дэлгүүр 

Бусад веб-д суурилсан нэгдсэн онлайн дэлгүүрүүдээс ялгаатай нь цахим мөнгөний апп-д байрлах миний аппууд нь тухайн бараа бүтээгдэхүүний нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн сайт руу шууд ачаалладаг юм. Ингэснээр хэрэглэгчдэд илүү өргөн сонголт, бараа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжийг бий болгож байна гэсэн үг. "Candy Pay"-ээс гэхэд Shoppy.mn, Монос, Цэцэгт мэндчилгээ, IT Store, Next Electronics, Гоо брэнд болон Cakra брэндүүдээр үйлчлүүлэх боломжтой юм билээ.

Ө бол Өргөн хэрэглээ

Орчин үед ухаалаг гар утастай хэн бүхэн гэрээсээ гарахдаа түрийвчээ авсан эсэхээ байн байн шалгаж, банкны урт дараалалд удаан зогсож, бүхэл мөнгө задлуулах гэж өвлийн хүйтэнд гарах шаардлагагүй болсон. Тэр бүхнийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шийдэх боломжийг дижитал шилжилт олгож буй билээ. Бэлэн мөнгө зөөх тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, хамгаалах, тэднийг олон нийтэд хүргэх, үйлчлэх гээд өдийг хүртэл явж ирсэн мөнгөний хэрэглээ бага багаар хумигдсаар, цахим, цомхон, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх мөнгө санхүүгийн хэрэгслүүд эрчээ авсаар байна.

П бол ПабЖи (PubG) тоглоом цэнэглэх

PUBG mobile тоглоом зөвхөн цагийг хөгжилтэй өнгөрөөхийн тулд тоглодог байсан бол сүүлийн үед оролцогчдын дунд тэмцээн болж илүү сонирхолтой болжээ. Мөн ижил төстэй тоглоомуудын адилаар тоглоом дотор баатрын хувцас, гадна төрх болон буу зэргийн 'skin'-ийг худалдан авах боломжтой болсон. Худалдан авалтын төлбөрөө картаар төлж болохоос гадна Candy Pay апп дотроос тоглоомын мөнгө болох UC-г худалдан авч цэнэглэх боломжтой болсон нь цахим тоглоом сонирхогчдод тун хялбар төлбөрийн систем болжээ.

Р бол рийд-соломоны код 

Рийд-Соломоны кодыг олон төрлийн системд алдаа засварлахад ашиглагддаг гэдгийг сонсож байсан уу? Тухайлбал, QR (Quick Response) буюу барааны таних тэмдэгт зориулсан матриц буюу хоёр хэмжээст бар кодыг мэдээллийг маш хурдан уншихад ашигладаг. Төрөл бүрийн хөдөлгөөнт төхөөрөмж үйлдлийн систем дээр ашиглаж болох тул дэлхий дахинд хамгийн өргөнөөр ашиглах болоод байгаа юм. Зураасан код буюу бар кодоос хэдэн зуу дахин их мэдээлэл агуулж чаддаг тул вэб линк, газарзүйн байршил, текст гэх мэт олон төрлийн мэдээлэлд хөтөлдөг. Код уншигч тусгай төхөөрөмж шаардахгүй, ямар ч ухаалаг гар утас байхад л QR кодыг уншиж болох тул дижитал банк, цахим мөнгөний хамгийн амар хялбар шийдэл болоод байгаа билээ.

С бол санхүүгийн эрх чөлөө 

Санхүүгийн эрх чөлөө гэдэг нь зөвхөн их мөнгөтэй байх тухай ойлголт биш юм. Энэ бол санхүүгийн гол арга хэрэгслүүдийг мэддэг, тэдгээрийг өөрийн хэрэгцээнд үр дүнтэй ашигладаг байхын нэр болов уу. Цахимжсан өнөөгийн эринд цахим мөнгөний талаарх ойлголт муутай бол хоцрогдож орхино. Энэ нийтлэлийг уншаад дуусахдаа та санхүүгийн эрх чөлөөнд нэг алхам ойртсон байх вий.

Т бол төлбөр тооцоо

Дэлгүүр, хоолны газар зэрэг бусад үзвэр, үйлчилгээний газруудад бэлэн мөнгө тоолж зогсох дүр зураг цөөн болжээ. Хэрэв та цахим мөнгөтэй бол өөрийн биеэр очих шаардлагатай автобусны карт цэнэглэх, тасалбар худалдан авах зэрэг үйлчилгээг гар утсаараа хэдхэн хормын дотор хийж болно. Ингэхдээ нэг удаа гүйлгээ хийхэд нэг сая төгрөгт багтаахаас гадна нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар гурван сая төгрөг байх шаардлагатай. Мөн хэрэглэгчийн дансан дахь цахим мөнгөний хэмжээ 50 сая төгрөгөөс хэтрэхгүй байх ёстойг санаарай.

У бол урамшуулал

Санхүүгийн үйлчилгээ дижитал хэлбэрт шилжсэн нь хэрэглэгчдэд өмнө нь байгаагүй олон боломжийг нээж өгсний нэг нь хэрэглээнээсээ хамаарч урамшуулал хүртэх юм. Худалдан авалтаасаа оноо цуглуулах, хэрэглээнээсээ урамшуулал авах зэрэг нь үүнд багтана. "Candy Pay"-ийн хувьд "Хүрд" цэсээрээ дамжуулан хэрэглэгчдийг идэвхжүүлж, урамшуулдаг нь хамгийн эрэлттэй нэмэлтүүдийн нэг болж чаджээ.

Ү бол үндэсний төлбөрийн систем

Үндэсний төлбөр тооцооны систем гэдэг нь мөнгөн хөрөнгөтэй холбоотой бүх төрлийн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой эрх бүхий байгууллага, холбогдох дүрэм, журам, гэрээ болон төлбөрийн хэрэгслийн цогц нэгдлийг хэлдэг. Уг систем нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол суваг бөгөөд мөнгөний эргэлтийг хурдасгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилготой юм. 2017 онд гаргасан “Үндэсний төлбөрийн системийн тухай” хуулинд цахим мөнгөний ойлголтыг багтааж, тодорхой зохицуулалтыг оруулсан нь ихэд дэвшилттэй үйл явдал болсон хэмээн шинжээчид үздэг. Уг хуулинд “Цахим мөнгө”-ийг, “Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэн бүхий, Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг хэлнэ” хэмээн заажээ.

ф бол финтек 

Санхүүгийн технологи буюу финтек нь технологийг ашиглан санхүүгийн уламжлалт үйлчилгээнүүдийг илүү үр дүнтэй, орчин үеийн болгох, цоо шинэ санхүүгийн үйлчилгээнүүдийг бий болгох тухай ойлголт билээ. Ухаалаг гар утас, интернэтийн нөлөөгөөр энэ салбар сүүлийн үед хүчээ аваад буй. Гар утасны апп-аар ядах юмгүй мөнгө зээлэх, худалдан авалт хийх, янз бүрийн арилжаанд оролцох нь финтекийн нэг жишээ юм. Финтек чиглэлд шинэ стартапууд олноор бий болж буйн сацуу санхүүгийн том байгууллага, корпорацууд үйлчилгээндээ инновацыг эрэлхийлж, хэрэглэгчдэд нэмүү үнэ цэн болох шийдлүүдийг эрэлхийлсээр байна.

Х бол хэтэвч 

Технологи гэрлийн хурдаар өөрчлөгдөж буй энэ цаг үед хүн бүр өөрийн халаасанд буй гар утсаараа хүссэн үйлчилгээгээ авахыг хүсдэг. Өдгөө бид гар утасны апп, цахим хэтэвч буюу wallet ашиглан зээл авах, төлбөр төлөх, орлого хүлээн авах зэрэг хамгийн хялбар төлбөрийн хэрэгслийг өдөр тутамдаа ашиглах болжээ. Орчин үед зөвхөн хэтэвчээрээ ашиглан харилцах, хадгаламжийн данс нээлгэх, лояалти хөтөлбөрт хамрагдах, хувьцаа, криптовалютын арилжаанд орох, зээл авах, тэтгэврийн сангаа хянах, дэлгүүрээс худалдан авалт хийх зэрэг олон боломжийг хүртдэг болсон нь гайхалтай биш гэж үү?

Ц бол цаас халсан шийдэл

Манай улсын нийт өрхийн 20 хувь нь цахим төлбөр тооцоо ашигладаг болбол нэг жилийн дотор бид 7.2 сая ширхэг цаас хэмнэж, модны хэрэглээг 336 ширхэгээр багасгаж, хогны уутыг 2880 ширхэгээр бууруулж, 1440 тонн бензин, 3500 тонн ус хэмнэх боломжтой. Дээр нь, олон улстай харьцуулахад монгол төгрөг хэрэглээнээс хурдан гарах болсныг сануулсаар буй юм. Тухайлбал, бид 1000 төгрөгийн дэвсгэртийг ердөө 2.66 жил хэрэглэдэг. Харин дэлхийн стандартаар нэг мөнгөн дэвсгэртийн дундаж насжилт 8-10 жилийн хугацаатай байдаг ажээ. Тэгэхээр цахим мөнгө тэр бүх зардлыг хэмнэж, олон асуудлын шийдэл болж буй биз?

Ч бол чирэгдэлгүй 

Технологид амрах шаардлага гэж үгүй. Тиймдээ ч таны цагийг дэмий үрэх, хүнд суртал гаргах зэрэг асуудлууд огтхон ч үүсэхгүй. Ажил, амралтын өдөр хамаарахгүйгээр хүссэн гүйлгээгээ хийж, хүлээх шаардлагагүйгээр алтан цагаа хэмнэх боломжтой учир бид цахим мөнгийг чирэгдэлгүй хэмээн онцоллоо.

Ш бол Шимтгэл 

Цахим мөнгөний хамгийн давуу талын нэг нь хэрэглэгчдэд ирэх нэмэлт зардлыг бууруулж чадсан нь байдаг. Технологид суурилсан шийдэл нь өөрөө цаас, цахилгаан зэрэг уламжлалт нөхцөлд үүсдэг нэмэлт зардлуудыг хэмнэсэн байдаг учир шимтгэлийг хамгийн бага түвшинд тогтоон барих боломжийг олгодог ажээ. "Candy"-ийн хувьд хэрэглэгчдийн төлөх шимтгэлийг 10 төгрөгөөр тогтоосон нь банкны бусад үйлчилгээтэй харьцуулахад 3-10 дахин хямд юм.

Э бол Экологид ээлтэй 

Халдварт өвчин үүсгэдэг нян, бактериуд амьсгалын замаас гадна гараар дамждаг. Ялангуяа, бэлэн мөнгөөр хамгийн их нян, вирус дамждаг гэх судалгаа бий. Хүний гараар дамжин хэрэглэгддэг бэлэн мөнгөнд дунджаар 3000 орчим идэвхтэй бактери байдаг. Тиймээс дэлхий дахинд цар тахал нүүрлэж, хөл хорио тогтоогоод буй энэ цаг үед бид аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж, эрүүл ахуйгаа сахих нь зүйтэй болов уу.

Ю бол юуг шийдэх вэ? 

Өдгөө Монгол Улсын эдийн засагт ойролцоогоор 890 тэрбум төгрөг эргэлдэж буйгаас 10 хүрэхгүй хувь нь бэлэн буюу цаасан хэлбэрт үлдсэн нь банк, санхүүгийн байгууллагуудын компьютерын санах ойд электрон хэлбэрээр оршдог. Цаашид дэлхийн улс орнууд нууцлал өндөртэй, хэрэглэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангах шийдлийг эрэлхийлсээр буй. Тухайлбал, гадаад гүйлгээ, мөнгөн шилжүүлгийг блокчейн технологийн тусламжтайгаар улам хурдасгах боломжтой. Мөн хиймэл оюунд суурилсан чатбот үйлчилгээ нэвтрүүлж, санхүүгийн залилан, цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд идэвхтэй ашигладаг болоод байна. Дэлхий дахинд дижитал банкны хэрэглэгчдийн тоо 2024 он гэхэд 3.6 тэрбумд хүрэх тооцоог “Juniper” олон улсын судалгааны байгууллагаас гаргажээ. Энэ нь ирэх дөрвөн жилд дижитал банк, санхүүгийн харилцагчдын тоо 54 хувиар өснө гэсэн үг юм.

Я бол яаж ашиглах вэ? 

Манай улсад одоогоор “Мобифинанс” ББСБ-ын "Candy", "Ард кредит" компанийн "Ард кэш" нэртэй цахим мөнгийг албан ёсоор ашиглах зөвшөөрөл олгоод буй. "Ард кэш"-ийн хувьд "Ард" апп-аар төлбөр тооцоо хийхээс эхлэн бусад үйлчилгээг авах боломжтой тул тус аппд бүртгүүлэх, цааш гэрээ байгуулах замаар цахим мөнгөө ашиглаж болох юм. "Candy"-гийн хувьд та "Candy" апп-д шууд бүртгүүлэх эсвэл өөрт ойр байрлах "Мобиком"-ын үндсэн болон гэрээт салбаруудад очиж гэрээ байгуулан үнийн дүнгээ өсгөх боломжтой.