Хөлийн нум нь биеийн жинг зөв хуваарилах, алхах үед ирэх ачааллыг бууруулахад чухал үүрэгтэй. Гэвч бид өдөр тутамдаа гутал сонгохдоо хөлийн хэмжээ, загвар, өнгөнд нь илүү анхаардаг хэр нь хөлийн бүтэц, нумын талаар тэр бүр анзаардаггүй билээ. Ялангуяа хүүхдийн хөл хөгжиж байдаг учраас нас, хөлийн онцлогт нь тохирсон гутал сонгох нь чухал.

Тиймээс бид энэ удаагийн “Онцлох бизнес” булангаараа хөлийн эрүүл мэнд, зөв гишгэлтийн талаар зөв ойлголт түгээж, таниулахыг зорьж буй Dr.Kong Mongolia-г онцолж байна.

Бизнесийн нэр: Dr.Kong Mongolia
Хаяг:
Салбар 1: Хүннү Молл 2 давхар
Салбар 2: Тара сентер 2 давхар
Салбар 3: Метро Молл 1 давхар

Үйл ажиллагааны чиглэл: Хүүхэд болон насанд хүрэгчдийн гутал, цүнх худалдаа
Үүсгэн байгуулагч: Г.Дэлгэрмаа
Үүсгэн байгуулагдсан: 2021 он
Цахим хуудсууд: Dr.Kong Mongolia (Facebook), drkongmongolia (Instagram)


"Dr.Kong Mongolia"-ийн үүсгэн байгуулагч Г.Дэлгэрмаа

СЭДЭЛ 

Би өмнө нь хүүхдүүдийнхээ гутлыг нэг их тоодоггүй байсан юм. Таарсан гутлыг нь авч өгөөд л өмсүүлчихнэ. Гэтэл бага охины маань авсан гутал нэг л болж өгдөггүй. Хэдхэн удаа өмсөөд л тухгүй байна гээд эхэлнэ. Тэгэхээр нь өөр гутал авч өгнө, бас л болохгүй. Дахиад л шинийг авч өгнө. Энэ мэтээр маш олон гутал өмсөж, үзсэн дээ.

Түүнээс хойш нөхөртэйгөө хамт явж байгаад Dr.Kong-ийн дэлгүүрээс нэг ботинк авч байсан юм. Манай нөхөр уг нь пүүзнээс өөр гутал өмсөж чаддаггүй хүн. Гэтэл тэр ботинкоо хөлд их эвтэйхэн, тухтай гээд байнга өмсдөг болчихсон. Ингээд хүүхдүүддээ Dr.Kong-ийн гутал авч өгч, өмсүүлж үзлээ. Өмнөх шигээ гутлаа өмсөөд тухгүйдэх, хөл нь өвдөх зэрэг асуудал огтхон ч гараагүй.



Тэгээд бага охины маань өмнө нь өмсөж байсан гутлууд яагаад дандаа тухгүй байдаг байсныг эргээд бодож үзсэн юм. Тэгсэн гол асуудал нь гуталдаа биш охины минь хөлийн нумтай холбоотой байсан юм билээ. Хүн хүний хөлийн нум өөр байдаг болохоор гутал нь хэчнээн гоё, хэмжээ нь таарсан байлаа ч хөлийн онцлогт нь тохироогүй бол тухгүй байдаг юм байна гэдгийг хэзээ сүүлд ойлгосон.

Ийнхүү хүүхдийн хөлд ямар гутал тохирох, гутал сонгохдоо юуг анхаарах хэрэгтэйг өөрсдөө мэдэрч, ойлгож авсан учраас над шиг ижил асуудалтай эцэг эхчүүддээ зөв гутал сонгоход нь туслах зорилгоор бизнесээ эхлүүлж байлаа.

ЯЛГАРАЛ


Бидний хамгийн эхний онцлох ялгарал нь “Check & Fit” үйлчилгээ. Энэ нь үйлчлүүлэгчийн хөлийн бүтэц, онцлог, гишгэлт зэргийг үнэ төлбөргүй шалгаж үздэг үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, тусгай төхөөрөмж ашиглан хөлийг нь скан хийж, гишгэлт болон хөлийн нумын онцлогийг нь тодорхойлдог. Ийнхүү гарсан үр дүнд нь үндэслээд тухайн хүний хөлд ямар гутал, ямар улавч илүү тохирохыг нь зөвлөж өгдөг юм.

Дараагийн ялгарал нь яах аргагүй тухтай байдал. Хөл чинь бидний биеийн бүхий л ачааллыг дааж явдаг, хамгийн чухал эрхтэн шүү дээ. Тиймээс гутал сонгохдоо хөлд даралт, зовуурь өгөхгүй, удаан өмсөхөд тухтай байхыг анхаарах хэрэгтэй. Манай гутлууд хөлийн ачааллыг зөв хуваарилахаас гадна ул, дотор хэсгийн зөөлөвч болон материалыг хөлд аль болох эвтэй байдлаар сонгож хийдэг. Ингэснээр өдөржин өмссөн ч хөл ядарч, өвдөхгүй.



Гуравдугаарт, улавчны сонголт. Ихэнх хүмүүс гутал сонгохдоо улавчинд нь төдийлөн анхаардаггүй болов уу. Гэтэл улавч нь хөлийг зөв байрлалд байлгах, алхах үед ирэх ачааллыг зөв хуваарилахад чухал үүрэгтэй. Дэлгүүрт маань ирж байгаа гутлууд хүүхдийн хөлийн хөгжлөөс хамааран A, B, C ангилал бүхий гурваас дөрвөн төрлийн улавчны сонголттой. Тиймээс бид эхлээд үйлчлүүлэгчийнхээ хөлийн нум, бүтцийг нь тодорхойлж, түүнд тохирох улавчийг сонгож өгдөг гэдгээрээ онцлогтой.

Дөрөвдүгээрт, илүү мэргэжлийн. Dr.Kong-оос албан ёсны борлуулагч гэрээт салбаруудын ажилтнуудаа жилдээ нэгээс хоёр удаа сургалтад хамруулдаг юм. Тухайн сургалтаар брэндийн үүсэл, хөгжлийн түүхээс гадна хүний хөлийн бүтэц, хөлийн нум гэж юу болох, ямар үүрэгтэй, гутал сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй зэрэг нарийн мэдээллийг мэргэжилтнүүд зааж өгдөг. Сургалтад хамрагдаж, шаардлага хангасан ажилтнуудад сертификат олгоно. Ингээд бид сурч мэдсэн зүйлээ үйлчлүүлж буй хүмүүстээ зааж, зөвлөж сонголтоо хийхэд нь тусалдаг.

DR.KONG MONGOLIA ГЭЖ ЮУ ВЭ?


Dr. Kong Mongolia бол 1999 онд Хонг Конг улсад үүсгэн байгуулагдсан, хөлийн эрүүл мэнд болон зөв гишгэлтийн чиглэлээр дэлхийд танигдсан олон улсын брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм. Тун энгийнээр тодорхойлбол, эрүүл мэндийн гутал гэж хэлж болно. Бид хүүхэд, өсвөр үе, ахмад настнууд гээд бүх насныханд хөлийнхөө онцлогт тохирсон гутал, улавч сонгоход нь зөвлөж ажилладаг. Ялангуяа хөлийн нум ямар чухал вэ гэдгийг эцэг эхчүүдэд ойлгуулж, зөв гутал сонгоход нь туслахыг зорьдог юм.

НЭР


Dr.Kong гэдэг нэр нь “Хонг Конгийн доктор” гэсэн утгатай. Анх Хонг Конгийн Их сургуулийн дэргэд үүсэж байсан юм билээ.

ОДОО


Бид өнгөрсөн хавар хөдөө орон нутгийн болон хотын зарим дүүргийн сургуулиудаар явж, хүүхдүүдийн хөлийн хэмжилт хийсэн юм. Нийт 2,000 гаруй хүүхдийн хөлийг үзэж байхад хөдөө орон нутгийн хүүхдүүдийн хувьд 100 хүүхэд тутмын 3-4 орчимд нь хөлийн нумтай холбоотой асуудал ажиглагдсан. Харин хотын хүүхдүүдийн дунд энэ үзүүлэлт харьцангуй өндөр байсан.

Хүүхдийн хөлийн нумд удамшил ч нөлөөлдөг. Гэхдээ өдөр тутмын хөдөлгөөн, идэвхтэй амьдралын хэв маяг бас чухал санагдсан. Спортоор хичээллэдэг, бүжиг, усанд сэлэлтээр хичээллэдэг, эсвэл гадаа их тоглож хөдөлдөг хүүхдүүдийн хөлийн хөгжил харьцангуй сайн байдаг. Тиймээс хүүхдүүдээ аль болох хөдөлгөөнтэй байлгаж, спортоор хичээллүүлэх нь чухал.

Одоогоор манайх гурван салбартай. Мөн жилд гурван удаа бодитой хямдрал зарладаг. Тухайлбал, 110,000 төгрөгийн үнэтэй усны гутал маань хямдралын үеэр 50,000 төгрөг болж хямдарсан. Энэ үеэр хүмүүс хүүхдүүдийнхээ хэрэгцээтэй гутлыг илүү боломжийн үнээр авах боломжтой.



Түүнчлэн манай дэлгүүрт хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон олон төрлийн цүнх худалдаалагддаг. Ерөнхийдөө хүүхэд өөрийн биеийн жингийн 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний ачаа үүрэх ёстой. Тухайлбал, 25 кг жинтэй хүүхэд 2.5 кг-аас ихгүй жинтэй цүнх үүрэх нь тохиромжтой. Гэвч бага насны сурагчид хичээлийн олон хэрэгслээс шалтгаалан үүнээс илүү хүнд цүнх үүрэх тохиолдол цөөнгүй. Энэ нь хүүхдийн нуруу, мөрөнд илүү их ачаалал өгч, удаан хугацаандаа биеийн зөв байрлалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Харин манай цүнхнүүд хүүхдийн биед ирэх ачааллыг аль болох жигд хуваарилах, нуруу, мөрөнд даралт бага өгөх байдлаар хийгдсэнээрээ онцлог.

БАГ


Одоогийн байдлаар бид нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Манай дэлгүүрт орж ирсэн хүн бүр заавал гутал авах албагүй. Орж ирсэн хүн бүрд хүүхдийн хөлийн бүтэц, хөлийн нумын талаар мэдээлэл өгөхийг хичээдэг. Авахгүй байсан ч болно, гутлаа өмсөж үзээд, хөлөө шалгуулж, өөрт хэрэгтэй мэдээллээ аваад гараасай гэж боддог доо.

ИРЭЭДҮЙ


Хүүхэд өөрийнхөө хөлийн бүтэц, нум нь ямар байгааг мэдэхгүй шүү дээ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ хөлийг сайн анзаарч, онцлогт нь тохирсон гутлыг сонгож өмсгөх хэрэгтэй. Гэхдээ эцэг эхчүүдийн дунд нэг түгээмэл буруу ойлголт бий. Хүүхдийнх нь хөл хавтгай байвал хүчээр нум гаргах хатуу гутал өмсгөх гээд байдаг талтай. Би ч өмнө нь хүүхдүүддээ ийм гутал авч өмсгөдөг байсан. Гэтэл үнэн хэрэгтээ хүүхдийн хөлийн нум нас, хөгжлийн үе шатнаасаа хамаараад өөр өөр байдаг. Тиймд аль болох олон эцэг эхчүүдтэй уулзаж, хөлийн эрүүл мэнд, хөлийн нумын талаар үнэн бодит, зөв мэдлэг олгох зорилготой.

Мөн ирээдүйд заавал олон салбартай болохоос илүүтэй одоо хийж байгаа ажлаа тогтвортой үргэлжлүүлж, хүмүүстээ зөв мэдээлэл өгдөг, итгэж үйлчлүүлдэг газар байгаасай гэж зорьж байна.

ЭРСДЭЛ 


Өмнө нь хэлсэнчлэн манай гутлууд бүгд гурваас дөрвөн төрлийн улавчны сонголттой ирдэг юм. Гэхдээ улавчнууд нь гутлаасаа тусдаа савлагдаж ирдэг учраас гаалийн үед гутал, улавчийг тусдаа бараа гэж тооцож, тус бүрд нь татвар тооцох гээд байдаг нь асуудалтай.

Өөр нэг бэрхшээлтэй тал нь онлайн захиалга. Тухайн хүн гутлаа өмсөж үзэлгүйгээр хараад захиалж байгаа учраас размер таарахгүй байх, загвар эсвэл өнгө нь төсөөлснөөс өөр санагдах зэрэг асуудал гарч болно. Ялангуяа хөлийнхөө бүтэц, нумд нь тохируулж гутал авна гэдэг хэцүү. Гэтэл зарим хэрэглэгчид маань зөвхөн размерыг нь тааруулаад л гутлаа авчихдаг. Үүнээс болж тухайн гутал нь тухгүй байх зэрэг асуудлууд гарна. Тиймээс орон нутагт байдаг, дэлгүүрт ирж өмсөж үзэх боломжгүй хүмүүс маань захиалга өгөхөөсөө өмнө бидэнтэй сайн ярилцаж, хөлийн хэмжээ, бүтэц болон авах гэж байгаа гутлынхаа талаар тодруулж байгаад захиалах нь зүйтэй.