Шинээр гадаад хэл сурахад бидний санаанд хамгийн түрүүнд ордог апп бол Duolingo. Instagram, TikTok-той адил цахим сүлжээний платформын хийц бүхий тус апп нь 2012 онд анх нээлтээ хийснээс хойш өдгөө 13 жилийн дараа жилд дунджаар 531 сая долларын орлого олдог (тус тоо энэ онд 996 саяд хүрэх тооцоо гараад буй) томоохон технологийн компани болсны дээр, одоогоор зах зээлийн нийт үнэлгээ нь 7.7 тэрбум долларт хүрээд буй. Үүгээр ч зогсохгүй тус аппыг өдөр тутам алгасалгүй хэрэглэдэг нийт 34 сая хэрэглэгч бий хэмээн компанийн зүгээс мэдэгдээд буй бөгөөд Duolingo нь сүүлийн арван жилийн турш App Store дахь боловсролын топ аппын жагсаалтыг тэргүүлсээр иржээ.
Апп татах: Duolingo
Гэвч аливаа сайн зүйлс бүрд саар тал байдаг гэдэг. Энэ удаагийнхаа нийтлэлээр бид дэлхийн гадаад хэл сурах аппуудын “ноён оргил” болсон “Ногоон ууль шувуу”-ны таны цагийг үрж буй 4 сул талыг хэлж өгье.
1. Ази хэл сурахад тохиромжгүй
Бидний хамгийн түгээмэл суралцдаг Зүүн Азийн хэлнүүд болох солонгос, хятад, япон хэл нь өөрсдийн гэсэн ялгамжаатай бичиг үсэгтэй бөгөөд тэр дундаа хятад, япон хэл сурч буй тохиолдолд ханз бичиг сурах тун нарийн төлөвлөгөө бүхий “систем” шаардлагатай болдог билээ. Хамгийн өргөн хэрэглээний ханзнаас эхлээд тус хоёр хэлний мэдлэгийн түвшин тогтоох олон улсын шалгалтууд болох JLPT, HSK-ийн тодорхой түвшин бүрд нүдэлбэл зохих ханз, үгийн сангийн жагсаалт бий. Хэрэв ханз бичигт тодорхой хэмжээнд “хичээнгүй”, “мэрийж” суралцахгүй бол эдгээр хэлийг сурах үйл явц нэлээд удааширдаг онцлогтой. Харамсалтай нь манай Duolingo-д үүнд харгалзах тохиргоо, шийдэл байдаггүй.
Түүнчлэн Duolingo-д эдгээр хэлний цагаан толгойг бичих, зурлагын дарааллыг нь нүдлэх (тэр дундаа ханз үсэгт анхлан суралцаж буй тохиолдолд зөв зурлагын дараалал нь туйлын чухал) бодит “практик” дасгал байхгүй. Үүнээс гадна ханз үсгийг бүтээж буй бүрдэл хэсэг буюу “үндэс” (部首)-ийг нь огт задалж тайлбарладаггүй билээ. Гэтэл дээрх хэлнүүдийг анхан шатнаас цааш лавшруулан сурч буй тохиолдолд тухайн ханз бүрийг бүрдүүлж буй “үндэс”-ийг нь ойлгох зайлшгүй шаардлага тулгардаг.
Мөн эдгээр хэлний хэл зүй (дүрэм), өгүүлбэрийн бүтцийг хангалттай нарийвчлан тайлбарладаггүй нь Duolingo-гийн гол сул тал. Иймд Duolingo нь таныг TOPIK, JLPT, HSK зэрэг хэлний түвшин тогтоох шалгалтад бэлдэхэд төдийлөн тус болохгүй гэдгийг онцлууштай.
2. Дунд болон ахисан түвшинд хүрэхэд хангалтгүй
Duolingo-гийн хамгийн том сул тал бол мэдээж хэрэглэгчдээ дунд болон ахисан түвшний мэдлэгт хүргэхгүй гэдэг нь билээ. Учир нь Duolingo нь суралцаж буй хэл дээрээ урт текст уншаад асуултад хариулах, зохион бичих, бодит харилцан ярианд тулгуурласан сонсох дасгал хийх зэрэг хэрэглэгчийн хэлний мэдлэгээ зузаатгах, түвшин ахихад нь шаардлагатай тохиргоо төдийлөн хангалтгүйтэй холбоотой. Түүнээс гадна тус аппын “удаанаар урагшлах” онцлог буюу нэг өгүүлбэр, дүрмээ ахин дахин эцэс төгсгөлгүй давтдаг нь ч үүнд нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй. Энэ нь хэрэглэгчид тун удалгүй хэт амархан болох магадлалтай бөгөөд улмаар уйдах, цааш суралцах үйл явцаа удаашруулах эрсдэлтэй.
Бид аливаа ажлын ард гарахдаа, жишээ нь гадаад хэл сурахдаа үргэлж хэт амархан эсвэл хэт хэцүү даалгавраас зайлсхийх хэрэгтэй. Учир нь хэт амархан даалгавар таныг тухайн суралцах үйлээс уйдаадаг бол эсрэгээрээ хэт хэцүү тохиолдолд халшраах аюултай.
Мөн Duolingo-д бид өдөрт хэр их хэмжээний шинэ үг, дүрэм суралцахаа тохируулах боломжгүйн зэрэгцээ, өөрийн хүссэн үгийн сангаа нэмэгдүүлэх, түүндээ илүү ач холбогдол өгөх ч боломжгүй. Хэдийгээр гадаад хэл сурахад шинээр үг цээжлэх нь нэн чухал ч гэлээ бид тухайн хэлийг суралцаж буй шалтгаан, хэрэгцээндээ тохируулан үгийн сангаа нэмэгдүүлэх нь ямар ч зохион байгуулалтгүйгээр хэдэн зуун үг цээжлэхээс илүү үр дүнтэй шүү дээ. Тиймээс гадаад хэл сурахад бид нэн тэргүүнд чухам яагаад тухайн хэлийг сурах гэж буйгаа тодорхойлох шаардлагатай бөгөөд түүндээ тохируулан сурах төлөвлөгөөгөө гаргаснаар илүү хурдан үр дүнд хүрэх боломжтой.
Жишээ нь, хэрэв та япон хэлийг аниме үзэх, манга унших зорилгоор суралцах гэж буй бол Duolingo танд тохирох сонголт болохгүй л болов уу. Гэсэн ч аливаа хэлийг анхлан суралцаж буй тохиолдолд Duolingo нь үр дүнтэй байх боломжтойг бүү мартаарай.
3. Цахим сүлжээ мэт хийц
Duolingo-гийн дэлхийг хамарсан амжилтын нууц жор бол “цахим сүлжээ”-тэй тун төстэй хийц нь. Хэдэн сая датад суурилсан хиймэл оюуны тан руу илгээх сонордуулга бүр нь зөвхөн танд тохируулсан гэдгээрээ онцгой. Тан руу илгээсэн сонордуулга бүр амжилт олсон буюу тухайн сонордуулгын үр дүнд таны аппаа нээсэн эсэх дээр тулгуурлан ямар төрлийн сонордуулга танд тохирч буйг хиймэл оюун тодорхойлдог бөгөөд энэ нь өдөр бүр Duolingo-д буцаж орох сэдлийг төрүүлдэг гэнэ. Товчхондоо энэ нь Instagram, YouTube, TikTok-ийн алгоритмтай ижил зарчмаар ажилладаг гэж хэлж болно.
Мэдээж уг онцлог нь таныг зорьсон хэлээ сурахад тань хөшүүрэг болох, тогтмол сануулах үндсэн зорилготой ч түүнийхээ зэрэгцээ мөн “донтуулах” давхар зорилготойг мартаж болохгүй. Өдөр алгасалгүй хадгалах “давшилт” (streak), цахим тоглоом мэт өнгө төрх зэрэг нь хэл сурах үйлийг илүү хөгжилтэй, мөн сонирхолтой болгох хэдий ч, төдийлөн хэлний мэдлэгт тань бодит ахиц дэвшил авчрахгүй аз жаргалын даавар (допамин)-т суурилсан уг шийдэл нь зарим тохиолдолд эсрэгээрээ сөрөг дагавартай буюу цагийг тань үрэх сул тал болж магад. Энэ тохиолдолд хэдийгээр та цахим сүлжээнд өнгөрөөх цагаа Duolingo-той хэл сурахад зарцуулсан ч бодит хэлний мэдлэгтэй болох боломж тун бага болохыг санаарай.
4. Бодит туршлага дээр суурилаагүй өгүүлбэрүүд
Эцэст нь манай Duolingo-гийн хамгийн “хөөрхөн” гэж хэлж болох сул тал бол өдөр тутмын амьдралд бараг хэзээ ч хэрэг болохгүй өгүүлбэрүүдийг дахин дахин давтуулдаг нь. Мэдээж тэдгээр “сонирхолтой” өгүүлбэрүүд нь анхаарал татахуйц, цээжлэхэд хялбар ч дүрмийн зөв хэрэглээ төдийхөн тул шууд хэрэглээндээ нэвтрүүлэх боломж хомс.
Иймд Duolingo танд тухайн сурахаар зорьж буй, сурч эхэлж буй хэлний тань анхан шатны мэдэгдэхүүнийг тун хялбар, сонирхолтой, мөн хамгийн гол нь уйдамгүй арга замаар хүргэдэг ч илүү ул суурьтай (serious) суралцах замд тийм ч тохирох хамтрагч биш болов уу.
Хэдий тийм ч тус аппын тусламжтайгаар дэлхийн сая сая хүмүүс гадаад хэл сурах мөрөөдлөө биелүүлэх аянаа яг одоо ямар ч үнэ төлбөргүй эхлүүлэх боломжийг бүрдүүлсэнд нь талархам. Мөн эцэст нь бид бүгдийн сургуульд олж авдаг “гадаад хэл сурах уйтгартай, хэцүү, аймаар” гэх ойлголтыг халж, хэл сурахад мянга мянган хүнийг ахин шинээр дурлуулж буй Duolingo-г магтууштай.
У Уншигч 2025.05.29 45.117.32.66
Хамгийн эхний фактаас бусад нь бол үнэний ортой. Харин Duolingo Хятад, Япон хэлний ханзуудыг нарийн дэс дараалалтай, практикт суурилсан даалгавруудыг ажиллуулдаг, тэдгээр нь ч тухайн хэлний шат бүрд мэдэх хэрэгтэй ханзуудыг багтаасан байдаг. Мөн ерөнхий үг өгүүлбэр гэхээс илүү харилцааны чадвар сайжруулахад түлхүү анхаардаг учраас үгийн сан цөөн үгээр нэмэгдүүлдэг. Сайн нь ч энэ, саар нь ч энэ юм шүү, баярлалаа