И-спортын мэргэжлийн тоглогч байна, тэр тусмаа карьераа амжилттай ахиулна гэдэг их учиртай. Тэдний ур чадвар, стратегиас гадна бие махбодийн бэлтгэл, анхаарал төвлөрөл зэрэгт нь шууд нөлөөлдөг хэрэгслүүд нэгдэж байж тухайн тоглогчийг сая нэг амжилтад хөтөлдөг. Иймд мэргэжлийн тоглогчдыг урт хугацаанд, өндөр түвшинд тоглоход нь тусалдаг жижиг боловч хүчирхэг хэрэгслүүдийг энэ удаагийн нийтлэлдээ танилцуулъя.  

1. компресс ханцуй


Энэхүү олон талт ашигтай хэрэгсэл нь гарын булчинд жигд даралт үзүүлж, сунаж тэлэхийг хязгаарлан, тогтвортой байлгадаг тул удаан хугацаагаар тоглох үед гар, тохой, бугуйг хөшиж, чилэх, ядрахыг багасгадаг. Мөн тоглогч нэг байрлалдаа олон цаг суух үед гарын судас, мэдрэлийн зам дарагдаж, зарим тохиолдолд хуруу бадайрах, мэдээ алдах шинж тэмдэг илэрдэг. Энэ үед компресс ханцуй нь гарт тогтмол даралт өгснөөр цусны урсгалыг идэвхжүүлж, эдгээр сөрөг нөлөөллөөс сэргийлдэг. Нөгөөтээгүүр гарын булчин болон арьс хоорондын хөдөлгөөнийг тогтоож өгдөг тул “aim, micro-movement" буюу хулгана дээрх нарийн хөдөлгөөн илүү тогтвортой, хяналттай болж, “aim drift” буюу гарыг сул тавих үед үүсдэг алдаа багасна. Хөлөрсөн үед гарын гулгалтыг зогсоож, хөлсийг өөртөө шингээн, гарын мэдрэмжийг сайжруулдаг бол эсрэгээрээ гар хүйтэн үед дулаан хадгалж, булчингийн ажиллагааг дэмждэг.


Ихэнх тоглогч бугуй болон тохойгоороо хулганаа зөөж тоглодог учир хөлрөх тохиолдол маш их байдаг. Иймд ханцуйтай тоглосноор өөрийн хүссэнээрээ хулганаа удирдаж чадна.

Chinggis Warriors (Counter-Strike 2) багийн тоглогч Ariucle

2. тоглоомын сандал


Заавал мэргэжлийн тоглогч гэлтгүй, ер нь хэн ч тав тухгүй нөхцөл дор анхаарлаа төвлөрүүлэхэд бэрх. Тэр дундаа мэргэжлийн тоглогчид компьютерийнхоо ард суух үед сандал, гар, нуруу орчимд тав тухгүй байдал мэдрэгдвэл анхаарал сарниулж, “aim, reaction time” зэрэг гүйцэтгэлийн үзүүлэлтүүд буурдаг. Харин "DXRacer” нь мэргэжлийн тоглогчдын хэрэгцээ, биеийн онцлог, тоглолтын нөхцөлд зориулж тусгайлан бүтээсэн, өндөр зэрэглэлийн тоглоомын сандал бөгөөд зөв суухад туслан, нуруу, хүзүү хэсэгт ирэх ачааллыг бууруулахын сацуу бөгтийх, муруй суух зэргээс сэргийлдэг тул олон цагаар тоглоход ч санаа зовох шаардлагагүй. Гол нь сандлын өндөр, түшлэгийн налуу, тохойн түшлэг (4D armrest), нуруу, хүзүүний дэр зэргийг биеийнхээ онцлогт нийцүүлэн тохируулах боломжтой.

Олон цагаар тоглоход гар, нуруу, хөл, хүзүү хөшиж, булчинд ачаалал үүсэх магадлалтай байдаг бол “DXRacer”-ийн тусгай хэлбэр, дэрний дэмжлэгтэйгээр тухайн хэсгүүдэд ирэх даралтыг жигд хуваарилж, ядрах, өвдөхөөс сэргийлдэг. Мөн амьсгалдаг материалтай (PU арьс, торон бүтэцтэй загварууд) тул удаан суусан ч хөлрөх, арьс цочрох, хүйтэнд хайрах зэрэг асуудал гарах нь бага. Ган төмөр хүрээтэй, өндөр даралт тэсвэрлэх зөөлөвч, уян харимхай суудалтай тул тогтмол олон цагаар тоглосон ч хэлбэрээ алдаж, эвдрэхгүй, удаан эдэлгээтэй байдаг нь бас нэг онцлог нь. Иймд, энгийн оффисын сандал эсвэл бусад төсөр үнэтэй сандалтай харьцуулахад “DXRacer” нь тоглогчийг эрүүл бие, төвлөрсөн ухаан, урт хугацааны мэргэжлийн тоглолт руу хөтлөх хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.


Надад “DXRacer”-ийн сандал таалагддаг. Учир нь, нурууг амраахаас гадна гарын түшлэгээ өөрт тааруулж, тав тухтай тоглох орчинг сайтар бүрдүүлж өгдөг.

Chinggis Warriors (Counter-Strike 2) багийн тоглогч ROUX

3. гар дулаацуулагч


Олон тоглогч тэмцээний эхэн үед эсвэл бэлтгэлийн үеэр “aim” алдах, гарын мэдрэмж муудах тохиолдол гардаг. Энэ нь ихэнхдээ гар бээрч, булчин нь чөлөөтэй ажиллахад бэлэн биш байгаатай холбоотой байдаг. Харин гар дулаацуулагч ашигласнаар булчин, мэдрэлийг богино хугацаанд дулаацуулж, “aim” хийхэд гар илүү мэдрэмжтэй, тогтвортой болдог нь тоглолтын эхний хэдэн минутад шууд мэдрэгддэг онцлогтой.

Эрүүл мэнд талаасаа бодсон ч хүйтэн орчинд удаан тоглох үед бугуй, шөрмөс, хурууны үе зэрэг хэсгийн ачаалал нэмэгдэж, улмаар “carpal tunnel syndrome” (бугуй өвдөх, мэдээ алдах, сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг эмгэг) болон “tendinite” (шөрмөсний үрэвсэл) зэрэг өвчлөл үүсэх эрсдэлтэй. Харин гар дулаацуулагч ашигласнаар эдгээр өвчлөл үүсэх үүдэл, шалтгаан үгүй болох юм. Түүгээр ч зогсохгүй бие махбодид ирж буй дулаан мэдрэмж нь мэдрэлийн системийг тогтворжуулж, айдас түгшүүрийг багасгаж, сэтгэлзүйн хувьд “бэлэн” мэдрэмжийг төрүүлдэг.


Тоглолтын үеэр гар даарах нь үзүүлэлтэд муугаар нөлөөлдөг тул гар дулаацуулагч хувийн тоглолтоо 100 хувь гаргахад минь тусалдаг.

Valorant тоглогч Batenkh

4. чихэвчний зөөлөвч дэр


Энэ жижиг эд анги нь чих болон толгойн орчимд зөөлөн гадаргуу үүсгэдэг тул олон цагаар тоглох үед чих хатуурах, даралт өгөх, өвдөх зэрэг таагүй мэдрэмжээс хамгаалдаг. Мөн гадны дуу чимээг тусгаарлаж, тоглолтын дууг тод, цэвэр, чанартай сонссоноор өрсөлдөгчийн хөдөлгөөн, бөмбөгний чимээ зэргийг ч анзаарч, хурдан хариу үйлдэл авах боломжтой болдог.

Зөв бүтэцтэй зөөлөвч дэр нь чихийг хэт халуунаас хамгаалж, зөөлөвч бүрхэж буй хэсгийг сайтар агааржуулснаар толгой хэт хөлрөхөөс сэргийлдэг. Энэ нь яагаад чухал вэ гэвэл, толгой хөлөрсөн үед төвлөрөх чадвар буурч, тоглолтын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөгтэй холбоотой. Нөгөөтээгүүр, удаан хугацаанд чихэвч зүүх нь чих, толгойн арьсыг үрж, өвтгөх эрсдэлтэй байдаг бол зөөлөвч дэр нь үрэлт, даралтыг тэнцвэржүүлж, тав тухыг хадгалдаг.


И-спортын тамирчид бид ямар чихэвч зүүхээс шалтгаалж тоглолтын дуу чимээ, хоорондын яриа зэрэг нь харилцан адилгүй сонсогддог. Үүнд чихэвчнээс гадна чихэвчний зөөлөвч маш чухал үүрэгтэй. Бид ихэвчлэн удаан хугацаагаар суудаг болохоор тав тухтай, хөлрөхгүй, өвдөхгүй байхыг чухалчилдаг. Чихэвчний зөөлөвчөө зөв сонгосноор тоглоомоос гаднах дууг тусгаарлаж, тоглолтод анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд тусалдаг. Чихэнд агаар оруулах, хөлсийг шингээх зэрэг өөрийн тав тухтай байдлыг харгалзан үзэж даавуун, арьсан, “memory foam” гэсэн гурван төрлөөс сонголтоо хийдэг. Миний хувьд “memory foam” зөөлөвч хамгийн тухтай санагддаг.

Valorant тоглогч diky

5. mouse pad


Мэргэжлийн тоглогчид хулганыг асар нарийн бөгөөд хурдан хөдөлгөх шаардлагатай байдаг тул дэвсгэрийн гадаргуу нь хэт гулгамтгай, зөөлөн байвал “aim” хийхэд төвөг учруулна. Харин гулгамтгай болон зуурамтгайн дундыг баримталж, гарын хөдөлгөөнийг нягт мэдэрдэг байх нь зүйтэй. Нөгөөтээгүүр, сайн чанарын “mouse pad” гар, бугуйн ачааллыг бууруулж, гарын доод хэсэгт ирэх даралтыг хөнгөлөн удаан хугацаагаар тоглох үед гаранд мэдрэгдэх ядаргаа, хөшилт, өвдөлтийг багасгадаг.

Тоглолтод зарцуулах цаг урт байхын хэрээр гар хөлөрч, улмаар гар болон хулганын хооронд гулгамтгай мэдрэмж үүсэж, “aim” алдах эрсдэл үүсдэг. Харин чанартай хулганын дэвсгэр нь хөлсийг өөртөө шингээн хулгана болон гарын хооронд тогтвортой мэдрэмж үүсгэж, булчингийн санах ойг дэмжиж, “aim” алдах эрсдэлийг бууруулдаг.


Зөвхөн хулгана гэлтгүй “mouse pad”-аа ч өөрийн тоглолтын арга барилд тохируулан сонгох нь чухал. Миний хувьд хурдан гулгалттай “mouse pad” ашиглахаар тоглоом дотроо жижиг хөдөлгөөн хийхэд хэцүү санагддаг болохоор удаан гулгалттай нь таалагддаг.

The Huns Esports (Counter-Strike 2) багийн тоглогч Xerolte