А бол ардчилсан сонгууль

Монгол улс засаглалын тогтолцоогоо өөрчилж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар шууд ардчилал, иргэний оролцооны хэлбэр шинэ шатанд хүрч, УИХ-ын долоон удаагийн сонгуулийн ард гарчээ. Сонгох, сонгогдох эрх бол үндсэн хуулиар олгогдсон, хүн бүрийн эдэлбэл зохих онцгой эрх ямба мөнөөс мөн. Манай улс УИХ-ын сонгуулиас гадна Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгуулийг мөн зохион байгуулдаг. УИХ-ын сонгуулийг хэрхэн явуулахыг 2019 оны 12-р сард баталсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар зохицуулна.

Б бол бүрэлдүүлэгч талууд

Сонгуулийн Ерөнхий Хороо бол УИХ, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийг явуулж, ард түмний санал асуулгыг зохион байгуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага юм. Хараат бус гишүүдээс бүрдсэн сонгуулийн төв байгууллагын хувьд улс орон даяар явагдах сонгуулийн үйл ажиллагааны бэлтгэл ажил, шаардагдах үйл явцын хүрэлцээтэй нөхцлүүдийг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулдаг. Хороо нь нийт 9 гишүүнтэй байх бөгөөд тавыг нь УИХ-аас, хоёрыг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс, хоёрыг нь Улсын Дээд шүүхээс төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатайгаар баталдаг байна.

Сонгуулийг амжилттай зохион байгуулна гэдэг асар олон хүний хөдөлмөр зүтгэлийн үр дүн. Бүх шатны төрийн албан хаагчид хуваарилагдсан дүүрэг, хороо, хэсгийн санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг. Үүнээс гадна улс төрийн, нам, эвсэл, хөндлөнгийн хараат бус байгууллагуудаас томилогдсон ажиглагчид ч санал хураалтын үйл явцад чухал үүрэгтэй. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид сонгуулийн үр дүн, эргэн тойрны мэдээг ард иргэдэд түргэн шуурхай мэдээлэхээс гадна шаардлагатай тохиолдолд хяналтын тооллого хийх ажиллагаанд оролцох эрхтэй байдаг гэнэ.

в бол ВИРУСТЭЙ СОНГУУЛЬ

2020 оны УИХ-ын сонгууль түүхэнд цар тахлын үеэр явагдсан хэмээн онцлогдон үлдэх болно. COVID-19-ийн аюул намжаагүй, онц байдал зарлагдсан хэвээр байгаа энэ үед сонгуулийн сурталчилгаа, санал өгөх явц ч тогтсон жишгээс өөр хэлбэрээр явагдаж байгаа нь анхаарал татаж байна. Засгийн газраас гаргасан "Сонгуулийн үйл ажиллагааны үеэр коронавируст халдвараас сэргийлэх журам"-д зааснаар сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурлууд нь цахим хэлбэрээр явагдах, шаардлагатай бол зай барих, материал түгээхдээ бие хүрэлцэхгүй зайнаас харилцах зэрэг заалтууд тодорхой багтсан юм.

Үүнээс гадна сонгуулийн санал авах байранд ч нарийн дэг журам тогтоож байгаа нь санамсаргүй хэрэг биш. Сонгогч бүр нэг удаагийн бээлий өмсөж, амны хаалттай байранд орохоос гадна 1.5 метрийн зай барихаар заагдсан нь тодорхой хэмжээний цуваа үүснэ гэдгийг тооцох хэрэгтэй. Тиймд та бүхэн өөрсдийн болон өрөөлийн эрүүл мэндийн төлөө хувийн бэлтгэлээ сайтар хангахыг уриалж банйа.

Г бол гишүүний үүрэг

Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч гэгдэх УИХ-ын гишүүний бүрэн эрх, үүрэг бол хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Үүний дагуу төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, биелэлтийг хянаж шалгах зэрэг олон чиг үүрэг бий. Тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа Төрийн сүлдэд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдог билээ. Өнгөрсөн сараас эхлэн албан ёсоор мөрдөх болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн эрх, үүрэгтэй холбоотой цөөнгүй шинэ зохицуулалтууд ороод буй. Тухайлбал, өмнө нь УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө тангаргийн үгээ хамт уншиж, тангаргаа зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх нь тодорхой бус байлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу одоо гишүүд нэг нэгээрээ тангараг өргөж, түүнээсээ няцсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг болох нь ээ.

Д бол далан зургаа

УИХ-д 76 гишүүн сонгодог болоод монголчууд өдгөө 8 дахь сонгуультайгаа золгож байна. Анхны сонгуулийг хийхдээ газар зүй, хүн амын төлөөллөө тооцож энэ тоо байвал зохистой хэмээн гаргаж ирсэн гэдэг. Өнгөрсөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 76 гишүүний тоог нэмэх асуудал яригдаж байсан ч дэмжигдээгүй юм. Ингээд бид "76-тайгаа" үргэлжлүүлэх болж байна.

е бол ерөнхий сайд

УИХ-ын сонгуульд ялсан намын дарга засгийн газраа эмхлэн байгуулж, ерөнхий сайдаар сонгогддог нь "бичигдээгүй хууль". Тиймээс санал өгнө, сонгуульдаа оролцоно гэдэг бол зөвхөн таны амьдарч буй тойргийн төлөөлөгчөө парламент руу илгээж буй хэрэг бус, гүйцэтгэх засаглалын тэргүүнээ ч мөн сонгож буй хэрэг. Үндсэн Хуулийн Нэмэлт, Өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайдын эрх мэдлийг тодорхой болгож, илүү хариуцлагатай бөгөөд хүчтэй болгосон тул үүнийг бүрэн ухамсарлаж саналаа өгөх нь сонгогчдын хувьд тун чухал билээ.

ё бол ёс зүйТЭЙ ӨРСӨЛДӨӨН

Сонгууль болгоны үеэр сонгогчдын хүсэн хүлээдэг, итгэж найддаг зүйл бол ёс зүйтэй өрсөлдөөн. Өмнө нь хийсэн бүтээснээрээ, төлөвлөж тэмүүлж байгаагаараа бус харлуулж муулж, элдэв башир арга хэрэглэн давуу тал олсон олон тохиолдлыг бид нэрлэж чадна. Тиймдээ ч иргэд, залуус улс төрөөс халширч, холуур тойрох хандлагатай болсон биз. Нэр дэвшигчдийн ёс зүй гэдэг цаасан дээр хараар буугаагүй ч ухамсар сэтгэлгээнд тодоор бичигдсэн байх учиртай дэг журам юм. Энэ жилийн сонгуульд шинэ үеийнхэн, залуу нөлөөлөгчид нэр дэвшигчдийг өрсөлдөгчөө хүндлэх, хар ПиАр хийхгүй байх, шударга байхад хүчтэй уриалж, зарим талаар шаардаж байгаа нь онцлууштай. Ганц улс төр бус хаана ч, ямар ч сэдэв дээр яригддаг ёс зүйн асуудлыг бид ирээдүйд илүү их ярих, шаардах, хэвшүүлэх учиртай.

Ж БОЛ ЖААХАН УЛСТӨРЖЧИХЛӨӨ

Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор хүн бүхний толгойд хамгийн ойр, ярилцахад хэзээд бэлэн байгаа сэдэв нь улс төр болсон гэдэгт эрзэлзэх зүйлгүй байх. Зарим нэг нь бүр хэт идэвхтэй байгаа нэгнээ ад үзээд эхэлсэн ч байж болох. Гэхдээ энэ үед л улс төржихгүй бол, улс төрийг ойлгох гэж хичээхгүй юм бол өөр ямар үе тохиромжтой гэж. Дөрвөн жилд нэг л удаа тохиодог, улс нийтээрээ анхаарал хандуулдаг энэ үйл явдлыг, энэ цөөн хоногийг та бид сонгуулийн мэдээгээр бөмбөгдүүлэх залхаан цээрлүүлэлт бус, харин нийгмээ илүү сайн ойлгож, сонголтоо зөв хийх чухал үе хэмээн харах нь зүйтэй. Одоо хоёрхон долоо хоног хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдлээ. Жаахан улс төржихөд гэмгүй ээ.

З БОЛ ЗАЛУУСЫН ОРОЛЦОО

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар бага сургуульд суралцаж буй хүүхдүүдийн 65 хувь нь ирээдүйд өнөөдөр бий болоогүй, цоо шинэ ажил хөдөлмөр эрхэлдэг болно хэмээн тооцоолж буй билээ. Гэвч өдгөө дэлхийн хүн амын тэн хагасыг 30-аас доош насныхан эзэлж байгаа хэр нь тэдний ердөө хоёр хувь нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж, улс төрийн шийдвэр гаргах нөлөө бүхий эрх мэдэлтэй байна. Дэлхийн түүхэнд Мэйжийн эриний хувьсгал, Хятадын соёлын их хувьсгал, Египетийн хувьсгал зэрэг улс орнуудыг ирээдүйг өөрчлөх олон шинэчлэлийг тухайн үеийн залуус бүтээж, түүхийн шинэ хуудсыг нээж ирсэн байдаг. Тэгэхээр залуучууд ирээдүйгээ өөрсдөө тодорхойлохын чухлыг ойлгож, дуу хоолойгоо хүргэх нь нэн чухал юм.

И БОЛ ИРЦ

УИХ-ын сонгуульд оролцогчдын тоо хэмжээ 1992 оноос хойш алгуурхнаар буурсаар 2016 оны сонгуульд нийт сонгуулийн насны 73 хувь нь оролцсон байна. Үүнээс 60-аас дээш насныхны 97 хувь нь саналаа өгсөн бол 18-25 насны хоёр хүн тутмын нэг нь сонгууль өгөөгүй хэмээх статистик бий. Сонгуулийн тухай хуулиар тухайн тойрогт хамаарах нийт сонгогчдын ирц 50 ба түүнээс дээш хувьтай байх ёстойг хуульчилсан байдаг. Хэдийгээр 73 хувь гэдэг 50 хувьтай харьцуулахад тийм муу үзүүлэлт биш ч гэлээ дөрвөн хүн тутмын нэг нь сонгуульд саналаа өгөөгүй, ялангуяа тэдний ихэнх нь залуучууд байгааг харвал шинэ үеийнхэн ирээдүйдээ хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж дүгнэж болох. Сонгуулийн ирц нь тухайн улсын иргэдийн хариуцлагатай байдлыг харуулдаг нэг үзүүлэлт. Энэ жилийн сонгуулиар уг үзүүлэлт өснө гэж найдаж байна.

К БОЛ КАМПАНИТ ажил

Сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа хуулийн хугацаанд албан ёсоор хийж гүйцэтгэхийг кампанит ажил өрнүүлнэ, хийнэ гэж ярьдаг билээ. УИХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгаа 6 сарын 2-нд эхэлсэн, 6 сарын 22-нд дуусах ёстой бөгөөд одоо нэр дэвшигчид кампанит ажлаа ид өрнүүлж байна. Кампанит ажлын хүрээнд нэр дэвшигчид өөрийн зураг, танилцуулга, уриа бүхий мөрийн хөтөлбөр, танилцуулгыг түгээх, иргэд сонгогчидтой биечлэн уулзах, уулзалт цуглаан зохион байгуулах, төрөл бүрийн контентод оролцох, цахим орчинд мэдээлэл түгээх, дэмжигчдээ нэгтгэх уриалах, хандив дэмжлэг хүсэх зэрэг олон ажлыг амжуулах болдог. Чухамдаа кампанит ажлыг үр дүнтэй, цэвэр, өнгөлөг хийх нь сонгуульд амжилттай оролцохын үндэс юм. Үүнд туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонсох, гадна дотнын жишээнүүдээс санаа авах нь чухал.

Л бол лөөлөө

Уулын мод урттай богинотой. Энэ олон нэр дэвшигчид дунд сайхан сайхан юм ярьж амласан хэрнээ ачир дээрээ хэлсэн ярьсан зүйлсээ ултай бодож боловсруулаагүй, эсвэл хэлсэн ярьсандаа хүрэх чадамжгүй хүмүүс зөндөө бий. Тийм нэр дэвшигчид шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй ажиллана гэдэг бол жинхэнэ “лөөлөө“. Тэгэхээр сонгогч та бидний ажил бол жаахан идэвх чармайлт гаргаад нэр дэвшигчдийг судалж ялган таних л юм. Харин “лай лай” гээд өнгөрвөл “лөөлөө” болох магадлалыг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Нэр дэвшигчдийн урьд урьдын амлалтуудтай танилцах: Сонгуулийн музей

м бол мөрийн хөтөлбөр

Мөрийн хөтөлбөр бол сонгогч бидний сонголтоо хийхдээ анхаарах гол хүчин зүйлсийн нэг. Чухам энд биднийг төлөөлөн дараагийн дөрвөн жилд эрх барих нам, эвсэл, гишүүдийн хийх ажил, гэрийн даалгавар тодорхой бий. Тэдний мөрийн хөтөлбөр цаг гарган шалгаж, таны санааг хамгийн их зовоож, анхаарлыг тань татаж буй сэдвийн талаар ямар байр суурьтай байгаа, хэрхэн шийдвэрлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг харах нь хариуцлагатай сонголт хийх үндэс болно.

Мөрийн хөтөлбөрүүд үзэх: МАН | АН | Зөв Хүн Электорат | Та бидний эвсэл | ШИНЭ эвсэл

н бол нэр дэвшигчид

Энэ удаагийн сонгуульд нийт 13 нам, 4 эвслийн 485 нэр дэвшигч болон 121 бие даагч өрсөлдөнө. Энэ нь Монголын хамгийн анхны 1992 оны УИХ-ын сонгуультай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Үндсэн хуульд заасны дагуу 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүр сонгуульд нэр дэвших эрхтэй. Сонгуульд нэр дэвшихийн тулд шүүхийн шийдвэрээр бусдад төлбөл зохих өр төлбөр, зээл, татварын торгуульгүй байх, хэрэв төрийн албан хаагч бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой. Мөн гэмт хэргийн улмаас ял эдэлж буй бол нэр дэвших боломжгүй юм. Сонирхуулахад, энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлсэн хэрнээ коронавирусын улмаас Монголд ирэх боломжгүй байгаа хэд хэдэн нэр дэвшигчид гадаад орноос сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа юм.

Нэр дэвшигчдийн жагсаалт: Gogo | iKon | СЕХ

О бол орлогын мэдүүлэг

Энэ сонгуулиас эхлэн сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн хөрөнгө, орлогын үзүүлэлтийг нээлттэйгээр мэдүүлдэг болсон нь том дэвшил юм. Өөрийн тойрог дахь нэр дэвшигчдийн мэдээллийг ил тодоор үзэх боломжтой болсон нь тухайн хүнийг илүү бодитой үнэлж дүгнэхэд тустай. Цаашид ч улстөрчдөд тогтмол хяналт тавьж, ил тод байлгахад хөшүүрэг болох баримт юм.

Хөрөнгө орлогын мэдүүлэг үзэх: Албан ёсны | Хамгийн хамгийн | Дарга нарын |

ө бол өөрчлөлт

Ардчилсан нийгэмд өөрчлөлт шинэчлэлийг хийх хамгийн гол арга бол иргэд дуу хоолойгоо илэрхийлэх, идэвх оролцоотой байх явдал. Үг хэлэх эрх чөлөө бидэнд бий. Зөвд зөөлөн, буруу хатуу хариулт өгөх боломж байна. Сонгуульд саналаа өгөх нь үг, үзэл бодлоо илэрхийлэх хамгийн бодитой бөгөөд хамгийн хялбар ч байж болохоор үйлдэл. Санал өгснөөр бид тайван замаар, зүй зохистойгоор өөрчлөлтийг хийх боломжтой. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэгчлэн та бид өөрсдөө эхлээд саналаа өгч байж дараа нь улстөрчдөд шаардлага, шүүмжлэл тавих “нүүртэй” болохыг санаарай.

П бол пропорционал, мажоритар

Сонгуулийн тогтолцоо нь аливаа улс орны онцлог, нийгмийн нөхцөл байдалтай уялдан тодорхойлогддог. Монгол улсын хувьд өнгөрсөн жилүүдэд олон улсад хамгийн түгээмэл ашиглагддаг пропорционал болон мажоритар, хосолсон мажоритар тогтолцоонуудыг ээлж дараалан ашигласаар иржээ. Тогтолцоо бүрд давуу, сул, онцлог-ялгаатай талууд бий. Сурталчилгаа, үр дүн, нөлөөлөл нь ч харилцан адилгүй. Пропорционал бол ард иргэд намд саналаа өгч, саналын хувиар намаас эрэмбэлсэн дарааллын дагуу суудлаа эзэлдэг тогтолцоо. Харин одоо мөрдөгдөж буй мажоритар тогтолцоо бол тухайн тойрогт нам төлөөлөн өрсөлдөж буй нэр дэвшигчдэд санал өгдөг онцлогтой. Энэхүү тогтолцоогоор гадаадад буй иргэд санал өгөх боломжгүйг мөн дурдах хэрэгтэй.
2020 оны УИХ-ын сонгууль 2008 оныхтой ижил томсгосон тойрогт явагдана. Томсгосон тойрогт санал бүр үнэ цэнтэй, нэр дэвшигчдийн саналын зөрүү тун ойрхон байдгийг эндээс харж болно шүү.

р бол реклам, сурталчилгаа

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох хуультай. Сурталчилгааны хугацааг 22 хоног байхаар заасан бөгөөд нэр дэвшигчид хуулийн хүрээнд ухуулах байр ажиллуулж, материал хэвлүүлэн тарааж, байрлуулж, таних тэмдэг, уриа ашиглаж, уулзалт, хурал, цуглаан хийж, радио, телевиз, сонин, сэтгүүл, цахим орчин ашиглах боломжтой байдаг. Гэвч боломжтой бүх л сувгаар хэт их явуулсан энэ идэвхжүүлэлт, хоногшуулалтын ажлууд эцэстээ сонгогчдыг залхааж, төөрөгдүүлж, бухимдуулж орхих нь ч бий. Сонгууль бүрээр л реклам сурталчилгаанд асар их хөрөнгө, энерги зарцуулагддаг болохоор үүнийг илүү боловсронгуй болгохыг хүн бүр л хүсдэг байх даа.

с бол саналын хуудас

Саналын хуудас бол таны сонголтыг баталгаажуулах гол талбар. Тиймдээ ч саналын хуудасны баглаа боодол, битүүмжлэлийн нарийн шалгаж, хадгалалт, хамгаалалтыг чанд сахих учиртай байдаг. УИХ-ын 2016 оны сонгуулиар гэхэд Сонгуулийн ерөнхий хороо нийт 72 хайрцаг цаасыг Канадын компаниас худалдан авч, 1.9 сая ширхэг саналыг хуудсыг арав хоногийн турш хэвлэжээ. Сонирхуулахад, Орхон, Сэлэнгэ, Дорнод аймагт 28 мянган ширхэг саналын хуудсыг үсний ширхэгтэй хэвлэчихсэн байж. Тэдгээрийг төхөөрөмжид уншуулах үед алдаа гарч магадгүй хэмээн дахин хэвлэж байсан удаатай. Энэ удаагийн сонгууль томсгосон тойргийн хэлбэрээр болох тул хэдэн мандаттай байгаагаас хамааран саналын хуудсан дээр дугуйлах хүний тоо тогтоогдох юм. Мөн саналын хуудасны загвартайгаа өмнө танилцаад уншчихвал тун зүгээр шүү.

Т бол тойрог

2020 оны сонгууль томсгосон тойргоор явагдаж байгаагаараа онцлогтой. Монгол улсыг 29 тойрогт хувааж, тойрог бүрд нэгээс дээш төлөөлөгч сонгогдохоор хуульчлагджээ. Улаанбаатар хотод хүн амаар ихээр суурьшсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг байршлаар нь хоёр хуваасан учир та өөрийн аль тойрогт харьяалагдаж буй, хаана саналаа өгөхийг заавал баталгаажуулж хараарай.

Улсын Бүртгэлийн Газрын албан ёсны хуудсаар зочилж, өөрийн сонгогчийн бүртгэлд байгаа эсэхээ шалган, хаана саналаа өгөх тухай мэдээллийг авч болно.

У бол улс төрийн нам, эвсэл, бие даагчид

Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 30 гаруй нам байдгаас энэ УИХ-ын сонгууль 13 нам, 4 эвсэл оролцож байна. Эвсэл нь намууд сонгуульд хамтран оролцож буйг илэрхийлж буй. Нэр дэвшүүлэх хүмүүсээ намууд бас дотоод сонгууль, өрсөлдөөн явуулан сонгодог. Намаас нэр дэвшүүлэхтэй холбоотой нэгэн чухал заалт бол "Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна" гэсэн заалт юм. Өөрөөр хэлбэл жендерийн үзүүлэлтийг харгалзахыг ийн хуулиар тогтоосон байдаг. Харин бие даагчдын тухайд гэвэл нэр дэвшүүлэхийн тулд тухайн сонгуулийн тойргийн 801-ээс багагүй сонсогчийн гарын үсгийг цуглуулах шаардлага тавьдаг. Түүнчлэн сонгуулд оролцож буй нам, эвсэл, бие даагчид бүгд мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх ёстой юм.

ү бол үр дүн

Өнгөрсөн сонгуулиас хойш Монголын ард түмэн сонгуулийн үр дүнг санал авах хугацаа дууссан даруйд нэгэн зэрэг, тэр дор нь дэлгэцээр хүлээн авах боломжтой болсон билээ. Энэ бол сонгуулийн автоматжуулсан систем, бидний хэлж заншсанаар "хар хайрцагны" ач тус. Шуурхай, ил тод үр дүнг зарласнаар хүмүүсийн эргэлзээ, үл итгэлцлийг арилгаж, шударга сонгууль явах гол баталгаа нь болох учиртай. Санал хураалт 22:00 цагт хаагдах учраас та дараагийн 2-3 цагт урьдчилсан дүнг хүлээж авах хүлээлттэй байхад болно гэсэн үг. Харин албан ёсны дүнг СЕХ-оос бүх хэсгийн хороодын дүнг нэгтгэсний эцэст эмхлэн олон нийтэд албан ёсоор танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьдаг журамтай.

ф бол факт, баримт

Цар тахлын үед явагдаж буй гэдгээрээ онцлогтой энэ жилийн сонгуулийн гол "тулаан" сошиал медиа платформууд дээр өрнөх болно. Тиймээс сонгуультай холбоотой аливаа сурталчилгаа, суртал, ухуулганд хэрсүү хандаж, баталгаатай-баримттай эсэхийг нь нягталж үзээрэй.

Баримтыг нягтлах нь интернэтийн эрин үед улам амархан болсныг мөн санах хэрэгтэй. Хэрвээ та хүсвэл нэр дэвшигчдийн хийж буй уулзалтад биечлэн оролцож, эргэлзээтэй асуултаа асууж, хийх зүйлсээс нь тодруулга ч авах боломжтой шүү.

х бол хандив, дэмжлэг

Сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансаа нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаас хойш нээх боломжтой байдаг бөгөөд сонгуулийн зардлаа намаас, хувиас, хандиваар гэсэн гурван эх үүсвэрээс бүрдүүлэх боломжтой. Нэр дэвшигчийн сонгуулийн дансанд цуглах хөрөнгийн хэмжээг тусгайлан хязгаарладаггүй ч, тухайн сонгуульд зориулан зарцуулах зардлын дээд хэмжээг нь Монгол улсын ерөнхий аудитороос сонгууль бүрийн өмнө нэгдсэн байдлаар тогтоож өгдөг байна. Энэ жилийн сонгуулийн хувьд нэг нам нийт 5.9 тэрбум төгрөгөөс ихгүй зардлыг сонгуульд зориулан гаргах бол нэг нэр дэвшигч өрсөлдөж буй тойргоосоо хамаарч 360.4-775.5 сая төгрөгийг сонгуулийн ажилдаа зарцуулахаар тус тус тогтоож өгчээ. Харин дэмжиж буй нэр дэвшигчдээ хандив өгөхдөө иргэн бол таван сая, байгууллага бол 20 хүртэлх сая төгрөгийг өгөх боломжтой юм.

ц бол цахим дайн

Сонгуулийг хошин шогтой адилтгах хандлага олон хүнд байдаг нь санамсаргүй ч хэрэг бус. Өнөөгийн цахим эринд мэдээлэл асар хурдтай дамжих болсон. Нэг хүний санаандгүй хийсэн үйлдэл, алдаж хэлсэн үг, хазгай гишгэсэн алхам бүр сошиал платформоор дамжин хормын дотор хэдэн мянган хүнд тарж “насны онигоо”-нд оруулах нь бий. Яг энэ онцлогийг ашиглаж сонгуулийн энэ үеэр хэдэн зуун хуурамч хаяг нээгдэж, зураг бичлэгийн мастерууд хуруугаа уралдуулан ажиллуулж, хөлсний бичээчид хэмээх ажлын байрны тоо өсөж, цусгүй дайн цахим орчинд өрнөдөг. Уламжлалт дайнаас ч илүү гэмээр хов жив, хар бараан мэдээтэй уг цахим өрсөлдөөн эх сурвалжгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй үй түмэн мэдээллээр иргэдийг булж орхидог нь бараг л хэвийн үзэгдэл болсон гэхэд болно. Цахим дайныг уг нь илүү өөр түвшинд хийх боломж бий.

ч бол чухал өдөр

6 сарын 24! Чухал өдөр, Камертоны дуулдгаар чка ч өдөр! Монголын улсын ирэх 4 жилийн өнгө, цаашлаад хэт ирээдүйн дүр зураг ямар байхад та өөрийн хувь нэмрийг хамгийн бодитоор үзүүлэх боломжтой өдөр бол 2020 оны 6 сарын 24 юм. Санал авах энэ өдрийг хуулиар бүтэн амралтын өдөр болгодог болохоор та сонгууль өгөхдөө хэсэгхэн хугацааг зарцуулаад бусад цагаа хийх дуртай зүйлсдээ зарцуулсан ч болох юм. Хөдөө сумдад саналаа өгөх гэж нэлээд хол замыг туулдаг бол хот суурин газар санал өгөх байр тун ойрхон байдгийг санаарай.

ш бол штаб

Өмнө дурдсан кампанит ажлыг өрнүүлэх, удирдан зангидах гол газар бол сонгуулийн штаб. Намууд буюу нэр дэвшигчид төв штабтай, засаг захиргааны нэгжүүддээ салбарласан штабуудтай байж нэгдсэн удирдлага, дуу хоолойтой ажилладаг. Штабыг ерөнхий менежер удирдаж нэр дэвшигчдийг богино хугацаанд хамгийн үр дүнтэйгээр кампанит ажлаа явуулах, сонгогчдыг өөртөө татах бололцоог хангадаг учиртай.

э бол эрх

Монголчууд бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахаар тэмүүлж байгаа билээ. Ийм нийгэмд эдэлбэл зохих амин чухал эрхүүдийн нэг нь бол сонгох, сонгогдох эрх юм. Нэг талаас сонгогчид бид сонгох эрхээ эдлэн өөрсдийг маань төлөөлөх хүнийг бодлого боловсруулах түвшинд хүргэх бол нөгөө талаас нэр дэвшигчид сонгогдох эрхээ эдлэн улс төрийн өрсөлдөөнд орж байгаа юм. Нэгэнт эрх нь байгаа тул эрхээ эдэлж, үүргээ ухамсарлацгаая!

ю бол юу юуг харах вэ?

Нэр дэвшигчдийн юу юуг харж, ямар ямар шалгуур тавьж сонгох вэ гэдэг хамгийн чухал. Яг одоо кампанит ажил өрнөж буй энэ үед бол нэр дэвшигчид гол төлөв “би сонгогдвол ингэнэ тэгнэ” хэмээн ирээдүй цаг дээр ярьж байгаа. Мэдээж юу хүсэж зорьж, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж буйг нь харах нь зөв. Энэ сацуу өнгөрсөнд тэр хүн юу хийж, ямар зам туулсныг нь ул суурьтай олж харах хэрэгтэй юм. Улс төрд байсан бол тэр хугацаандаа ямар өөрчлөлтийг гаргав, улс төрд шинэ хүн бол ажиллаж байсан салбартаа юу хийж бүтээж, манлайлж ирэв гэдгийг сонжих нь зүйтэй. Сонголт хийхдээ тухай нэр дэвшигчийн хандлага хүмүүжил, мэдлэг боловсрол, ажлын туршлага, нам бүлгийн харьяалал гээд бодож харгалзах зүйл цөөнгүй. Эдгээрийн зөвхөн нэгээр нь л дүгнэх нь өрөөсгөл мэт. Хүнийг найзаар нь дүгнэ гэдэг шиг тухайн нэр дэвшигчийг хэн хэн дэмжиж буйг анзаарч харах нь мөн нэг сайн арга юм. Юутай ч ёс зүйтэй, хар бурууд хутгалдаагүй, бодлого боловсруулахад шаардагдах мэдлэг боловсролоор гологдохгүй байх гэсэн зүйлсийг бодолцох нь зүйн хэрэг биз ээ.

я бол яг өнөөдрөөс эхэлье - надад нэг санал байна!

За тэгэхээр УИХ-ын сонгуулийн талаарх бүх л мэдээллийг нэгтгэхэд ийм байна. Одоо чухам яах вэ гэвэл өөрсдөөс шалтгаалах зүйлсээ өнөөдрөөс, яг одооноос хийж базааж эхэлье. Надад нэг санал байна. Танд ч нэг санал байгаа. Түүнийгээ нэр дэвшигчдэд хэлье, дамжуулъя. Зөвлөе, шахаж шаардъя. Танд санал үгүй бол бусдын саналаар ирээдүй чинь шийдэгдэж мэдэх юм шүү.

Залуусын улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой "Надад 1 санал байна" медиа аяны хүрээнд энэхүү контентийг бэлтгэв.