Биднийг унтаж байхад Америкийн телевизийн салбарын уран бүтээлүүдэд олгодог хамгийн дээд шагнал болох Эмми болж өнгөрөв. Өнгөрөгч хоёрдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулсан “Shogun” цуврал энэ жилийн Эммигийн голлох шагналуудыг бүгдийг түүснээр наадмын онцлох гол дүр болсон юм.

Бидний сайн танил болсон, салбараа “базаж” буй Netflix компани Disney-тэй ширүүхэн өрсөлдсөн бөгөөд аваргуудын барилдаан олны анхаарлыг байлдан дагуулан хэн түрүүлж, хэн үзүүрлэхийг хүн бүхэн амьсгаа даран хүлээж байв.

Энэ жилийн наадмын содон үйл явдлын нэг нь анх удаа жүжигчин хүн нүүрэндээ цусан гарын хээтэйгээр оролцсон явдал байлаа. Үзэгчид, шүүмжлэгчдийн дунд өндөр хүлээлттэй байсан алдарт “The Crown”, “Only Murders in the Building” зэрэг цувралууд үзэгчдээ гонсойлгосон ч, төсөөлөөгүй эрхмүүд нэр хүндтэй шагналын эзэд болсон нь наадмыг улам сонирхолтой болгосон билээ.

Ингээд 76 дахь удаагийн Эммигээс онцлох 10 мөчийг онцлон хүргэж байна. Ай даа, дараа жилийн Эмми ч хол байна даа.

1. Shogun цуврал 18 эммигийн эзэн болов


Цувралын гол дүрийг бүтээсэн Хироюүки Санада “Өрнө, Дорныг холбосон бүтээл” хэмээсэн “Shogun” цуврал 18 Эммигийн өвөртлөн, дээд амжилт тогтоов. Ийнхүү XVI зууны үеийн “Шогүн” дэглэм (Японы эзэн хаан бэлгэ тэмдэг төдий оршин байсан цаг үе)-ийн Япон улсыг дүрслэн харуулсан “Shogun” цуврал шинэ түүх бүтээлээ. Зөвхөн ганц улирлаараа хамгийн олон Эммигийн эзэн болсон анхны түүхэн дээд амжилтыг “Shogun” баг бүтээсэн нь яахын аргагүй энэ удаагийн наадмын онцлох үйл явдал болов.

Японы жүжигчин Х.Санада энэхүү бүтээлд бүтээсэн дүрээрээ анх удаа “Шилдэг драма цувралын гол дүр” шагналыг хүртсэн япон хүн болсон бол А.Савай анх удаа “Шилдэг драма цувралын эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн Ази гаралтай эмэгтэй болсон гээд тус цуврал биднийг унтаж байхад амжилт, ялалтаар дүүрэн үдшийг үдлээ.

2. “The Bear” цуврал түүхэн амжилт тогтоов


Үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүртээд буй “The Bear” инээдмийн цуврал нийт 11 Эммигийн эзэн болж, "Shogun"-ын араас удаалсан бөгөөд өөрсдийн төрөлдөө дээд амжилт тогтоов. Тодруулбал, тус цуврал энэхүү гайхамшигтай амжилтыг ердөө ганцхан жилийн дотор бүтээсэн нь мөнхүү тод түүх болон бичигдэж, FX, Disney нарын магнайг тэнийлгэв.

Түүнчлэн, “The Bear" 23 төрөлд нэр дэвшиж, хамгийн олон төрөлд нэр дэвшсэн инээдмийн цувралын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өмнө нь энэхүү амжилтыг 2009 онд бүтээгдсэн “30 Rock” цуврал эзэмшиж байсан байсан бөгөөд 15 жилийн туршид огт эвдэгдээгүй байсан юм.

3. х.Санада ЭММИ АТГАСАН АНХНЫ япон хүн болов


Их наран улсаас анх удаа Эммигийн шагналыг жүжигчин Хироюүки Санада хүртлээ. Тэрээр наадмын үеэр хоёр удаа үг хэлсэн бөгөөд “Shogun” багыг Эмми хүртэхэд өөрийн эх хэлээрээ сэтгэл хөдлөм, уран яруу үг хэлсэн билээ.

“Бидний мөрөөдөл тэнгис, далайг ч гатлан, Өрнө, Дорныг холбосон билээ. Багын хамт олондоо, мөн найруулагч, өдийг хүртэл тусалж, дэмжсэн хүн бүхэнд зүрхнийхээ угаас гүнээ талархаж байгааг минь хүлээн авна уу” хэмээсэн Х.Санадагийн үг хүмүүсийн нүдэнд нулимс цийлгэнүүлсэн нь камерт өртжээ. Кино уран бүтээл ямар их хүмүүсийн хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээр бүтдэгийн тод жишээг "Shogun" багийн сэтгэл хөдөлгөм амжилт харуулав.

4. ЭММИ атгасан анхны уугуул америк эмэгтэй жүжигчид


Энэ жилийн наадамд олон түүхэн үйл явдал тохиосны нэг нь хамгийн олон уугуул америкчууд нэр дэвшсэн явдал байлаа. Лили Гладстон болон Кали Рейс нар Эммигийн түүхэнд анх удаа нэр дэвшсэн уугуул америк эмэгтэй жүжигчид болж, харин жүжигчин Д’Фэроу Вун-А-Тайгийн хувьд эрэгтэй гол дүрийн төрөлд нэр дэвшсэн анхны уугуул америк эрэгтэй жүжигчин болсон юм.

"Killers of the Flower Moon" кинонд бүтээсэн дүрээрээ Оскарт нэр дэвшсэн Лили Гладстон энэ удаад анхны Эммидээ оролцож, уугуул америк иргэдийн дуу хоолой болсон билээ. Түүний улаан хивсний ёслолд өмссөн даашинзыг ч уугуул америк дизайнер бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг онцгой татаж байлаа.

5. Анх удаа улаан хивсний ёслолд цустай гарын хээтэй оролцов


Дээр дурдсан уугуул америк жүжигчин Д’Фэроу Вун-А-Тай зөвхөн шилдэг жүжиглэлт төдийгүй улаан хивсний ёслол дээрх ер бусын өнгө төрхөөрөө олны анхаарлын төвд орлоо. Тэрээр сураггүй алга болоод хөнөөгдсөн уугуул эмэгтэйн дурсгалд дуу хоолойгоо өргөн нүүрэндээ улаан өнгөөр будсан гарын хээтэй улаан хивсний ёслолд оролцсон нь тун онцлог, басхүү сэтгэл хөдлөм үйл явдал болж өнгөрсөн билээ.

6. Warner Bros, Disney, Netflix-ийн өрсөлдөөн ширүүсэв


Netflix 26 Эмми өвөртөлж наадамд үзүүрлэсэн бол HBO/Max 14 Эммиг гэртээ авчирч, баян ходоод болов. Харин энэ удаагийн наадамд 60 Эммигийн эзэн болсон Disney үнэмлэхүй ялалт тогтоосон билээ.

Сонирхуулахад, хамгийн олон Эмми хүртсэн “The Bear”, “Shogun” нар хоёулаа Disney-н бүтээлүүд юм. Эдгээр цувралуудаас гадна Disney-н бүтээсэн “Jim Henson: Idea Man” баримтат кино таван Эмми хүртсэн гээд энэ жилийн наадмын өнгийг бүхэлдээ Disney тодорхойлсон гэхэд хилсдэхгүй.


7. Хүлээлт өндөр байсан цувралууд хоосон буцав


18 төрөлд нэр дэвшсэн, олны хайрыг хүлээсэн алдарт “Crown” цор ганц Эммигийн эзэн болсон нь тун гэнэтийн үйл явдал боллоо. Түүгээр ч зогсохгүй 21 төрөлд нэр дэвшээд байсан “Only Murders in the Building” цуврал үндсэн наадмаас өмнө телевизийн бус бүтээлээрээ гурван шагнал хүртсэн ч харамсалтй нь шагнал гардуулах ёслолын үеэр нэг ч Эмми хүртээгүй нь үзэгч, шүүмжлэгчдийг цочроосон хэрэг болсон юм. Түүнчлэн Apple Tv-ийн шилдэг цувралуудын нэг болох “The Morning Show” 16 төрөлд нэр дэвшсэн боловч мөн ганцхан шагналын эзэн болжээ.

8. Латин америкчуудын дуу хоолой


Сүүлийн үед дэлхий дахинд хүчийг аваад буй тэгш эрх, эрх тэгш байдлыг жүжигчин Жон Лэгүизамо онцлон тэмдэглэж, тэр дундаа сүүлийн хэдэн арван жилийн турш дэлгэцнээ үргэлж хар бараанаар дүрслэгдэн ирсэн латин америк иргэдийн дуу хоолойг бусдад сонсгох хэрэгтэй буйг илтгэлдээ дурдав. Латин америкчууд тайз дэлгэцийн бүтээлд сөрөг дүрслэгдэн буйг сөргүүлж, тэгш эрх, олон талт байдлыг магтан дуулах цаг болсныг онцолсон нь энэ жилийн наадмын бас нэгэн онцлууштай үйл явдал болжээ.

9. after party цэсэд юу байв?


Наадмын зочдын оройн зоогт Италийн тогооч Аугусто Пасини, Америкийн тогооч нар болох Брук Уильямсон болон Майкл Вольтажио нарын бэлдсэн тахиан махан шор (chicken souvlaki), хавчны махан хавчуурга (lobster salad sliders), ньоки (gnocchi), үхрийн махан стейк байв. Зочид Governors Gala-д амьд хөгжимтэй үдшийг доргиож баяраа тэмдэглэсэн байна.

10. Наадмын хамгийн дэгжин жүжигчид


Наадмын өнгө төрхийг тодорхойлсон олон дэгжин, загварлаг зочид олны нүдэнд өртсөнөөс “Hollywood Reporter”-ийн зүгээс “The Bear”-ийн жүжигчин, өнгөрсөн жилийн Эммигийн эзэн Айо Эдебири, “Lessons in Chemistry”-ийн жүжигчин Бри Ларсон болон олон арван дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон Эндрю Скотт нарыг онцлов.

Жүжигчин Айо Эдебири Bottega Veneta, Бри Ларсон Chanel, Эндрю Скотт Vivienne Westwood зэрэг дэлхийд нэр хүндтэй брэндүүдээр тус тус гоёсон нь сэтгүүлчдийн дуранд буужээ.

Нийтлэлийнхээ төгсгөлд бид голлох төрлүүдэд ялалт байгуулсан онцлох шагналын эздийг дурдаж байна.

Драм цуврал:
- "The Crown”
- "Fallout”
- "The Gilded Age”
- "The Morning Show”
- "Mr. & Mrs. Smith”
- "Shogun” (Ялагч)
- "Slow Horses”
- "3 Body Problem”

Драм цувралын шилдэг эмэгтэй жүжигчид:
- Jennifer Aniston, "The Morning Show”
- Carrie Coon, "The Gilded Age”
- Maya Erskine, "Mr. & Mrs. Smith”
- Anna Sawai, "Shogun” (Ялагч)
- Imelda Staunton, "The Crown”
- Reese Witherspoon, "The Morning Show”

Драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчид:
- Idris Elba, "Hijack”
- Donald Glover, "Mr. & Mrs. Smith”
- Walton Goggins, "Fallout”
- Gary Oldman, "Slow Horses”
- Hiroyuki Sanada, "Shogun” (Ялагч)
- Dominic West, "The Crown”

Драм цувралын шилдэг эмэгтэй туслах жүжигчид:

- Christine Baranski, "The Gilded Age”
- Nicole Beharie, "The Morning Show”
- Elizabeth Debicki, "The Crown” (Ялагч)
- Greta Lee, "The Morning Show”
- Lesley Manville, "The Crown”
- Karen Pittman, "The Morning Show”
- Holland Taylor, "The Morning Show”

Драм цувралын шилдэг эрэгтэй туслах жүжигчид:

- Tadanobu Asano, "Shogun”
- Billy Crudup, "The Morning Show” (Ялагч)
- Mark Duplass, "The Morning Show”
- Jon Hamm, "The Morning Show”
- Takehiro Hira, "Shogun”
- Jack Lowden, "Slow Horses”
- Jonathan Pryce, "The Crown”

Инээдмийн цуврал:
- "Abbott Elementary”
- "The Bear”
- "Curb Your Enthusiasm”
- "Hacks” (Ялагч)
- "Only Murders in the Building”
- "Palm Royale”
- "Reservation Dogs”
- "What We Do in the Shadows”

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчид:

- Quinta Brunson, "Abbott Elementary”
- Ayo Edebiri, "The Bear”
- Selena Gomez, "Only Murders in the Building”
- Maya Rudolph, "Loot”
- Jean Smart, "Hacks” (Ялагч)
- Kristen Wiig, "Palm Royale”

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчид:

- Matt Berry, "What We Do in the Shadows”
- Larry David, "Curb Your Enthusiasm”
- Steve Martin, "Only Murders in the Building”
- Martin Short, "Only Murders in the Building”
- Jeremy Allen White, "The Bear” (Ялагч)
- D'Pharaoh Woon-A-Tai, "Reservation Dogs”

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах жүжигчид:

- Lionel Boyce, "The Bear”
- Paul W. Downs, "Hacks”
- Ebon Moss-Bachrach, "The Bear” (Ялагч)
- Paul Rudd, "Only Murders in the Building”
- Tyler James Williams, "Abbott Elementary”
- Bowen Yang, "Saturday Night Live”

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах жүжигчид:

- Carol Burnett, "Palm Royale”
- Liza Colón-Zayas, "The Bear” (Ялагч)
- Hannah Einbinder, "Hacks”
- Janelle James, "Abbott Elementary”
- Sheryl Lee Ralph, "Abbott Elementary”
- Meryl Streep, "Only Murders in the Building”