Гэрэл зураг болон камерын технологийн салбарт тэргүүлэгч брэндүүдийн нэг Canon брэндийн Монгол дахь цорын ганц дистрибьютер Ай Ти Зон компаниас нийгэмд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Эрүүл Vibe” фото зургийн уралдаан амжилттай өндөрлөж, шилдгүүдээ шалгарууллаа. Уралдаанд нийт 200 гаруй мэргэжлийн гэрэл зурагчин болон сонирхогчид бүтээлээ ирүүлснээс шүүгдчийн үнэлгээгээр шилдэг 30 бүтээл эцсийн шалгаруулалтад тунаж үлдсэн юм.

ШИЛДЭГ 30 БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН
Уран бүтээлч хүний хувьд өөрийн олж харсан өнцөг, илэрхийлэхийг хүссэн гүн санаагаа олон нийтийн хүртээл болгох нь хамгийн сэтгэл догдлом, нандин мөчүүдийн нэг байдаг. Яг л энэ жишгийн дагуу өнгөрөгч долоо хоногт нийслэл хотноо зохион байгуулагдсан “FIBA 3x3 Улаанбаатар Дэлхийн Гран-При” тэмцээний үеэр шилдэг 30 бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Энэхүү үзэсгэлэн нь гадаад, дотоодын олон мянган зочид гийчдийн мэлмийг мялааж, эрүүл, идэвхтэй амьдралын олон өнгө төрхийг гэрэл зургийн хэлээр өгүүлж чадлаа.


ШАГНАЛТ БҮТЭЭЛҮҮД
Шагналын эздийг уралдааны сэдэвт нийцсэн байдал, бүтээлч санаа, техникийн чанар, өгүүлэмж, олон нийтийн санал гэсэн 5 үнэлгээгээр шалгаруулсан юм. Хамгийн өндөр оноог
Л.Мандахбаярын "Үүрээр гүйгч" зураг авч, тэргүүн байрын шагнал болох Canon G7X Mark III Graphite 30th Anniversary Edition камерын эзэн болов. Уг камер нь Canon-ийн 30 жилийн ойд зориулан цөөн тоогоор үйлдвэрлэсэн тусгай хувилбар гэдгийг онцлууштай.
Харин дэд байрт гэрэл зурагчин В.Бат-Оршихын "Дэлгэцийг унтрааж, амьдралыг асаая" бүтээл шалгарсан бол гуравдугаар байрыг Ө.Сэргэлэнгийн "Victory / Life in Motion" бүтээл эзэллээ.



Шагналт байрын бүтээлүүд үүрийн гэгээнээс урьтан өөрийгөө ялан дийлэх тэмүүлэл, дэлгэцийн цаадах амьдралаас илүү амьд харилцаа, идэвхтэй хөдөлгөөний үнэ цэнийг өөр өөрийн өнцгөөс тод томруун буулгажээ. Мөн спортоор нэгдсэн хамтын үнэт зүйл, амжилтын агшнуудыг харуулсан нь шүүгчид төдийгүй олон нийтийн зүгээс өндөр үнэлгээ авсан юм.

Спорт, технологи, гэрэл зургийг хослуулсан "Эрүүл Vibe" уралдаан нь нийгэмд идэвхтэй амьдралын үнэ цэнийг сануулсан үйл ажиллагаа болж өнгөрлөө. Орчин цагийн завгүй амьдралд хөвж буй бидэнд дасгал хөдөлгөөн, хамтын хичээл зүтгэл, хувийн амжилт бүрийг гэрэл зургийн хальсанд буулгаж үзүүлсэн нь, анзаараагүй олон зүйлийг ойлгож, харах хүрээгээ тэлэхэд тус дэм болов. Canon брэнд цаашид ч хүмүүсийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аз жаргалтай мөч, нандин дурсамж бүрийг илүү тод, илүү амьд, илүү үнэ цэнтэйгээр үлдээхэд хамт байх болно.


