Хүн төрөлхтөн бартер, бэлэн мөнгөний солилцоо, картын гүйлгээ, интернэт шилжүүлэг гэхчлэн төрөл бүрийн төлбөр тооцооны хэлбэрүүдийг хэрэглээндээ нэвтрүүлж, аливаа гүйлгээ илүү аюулгүй бөгөөд хурдан шуурхай хийгдэх бүхий л арга замыг эрэн хөгжүүлсээр иржээ. Үүний томоохон биелэл нь мобайл төлбөрийн систем буюу картыг бүрэн орлох гар утасны NFC технологи. Энгийнээр бол, ПОС төхөөрөмжид картаа бус гар утсаа “уншуулан” төлбөр тооцоогоо хийх эрин иржээ. Тус технологийн зах зээл дэх гигантуудын төлөөлөл Google Pay хэдийнээ 100 гаруй орныг хамарч, андройд болон Wear OS үйлдлийн системт гар утас хэрэглэгчдийн “түрийвч” болоод байна.
Харин финтек салбарт олон улсын дэвшилтэт технологийг анхлан хэрэгжүүлэгчдийн нэг Голомт банк тус төлбөрийн системийг Монгол Улсад нэвтрүүллээ. Энэхүү түүчээлэл нь харилцагчид гар утсаараа хормын дотор төлбөр тооцоо хийх боломжийг илүү хүртээмжтэй болгож буй.
Ийнхүү Голомт банкны хамт олон Google Pay системийг олон нийтэд албан ёсоор танилцуулж, манай улсын 2.6 сая орчим андройд хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг даруй хөнгөвчлөх шинэхэн шийдлийг нэвтрүүлсэн арга хэмжээнээс онцлох агуулгыг хүргэж байна.

GOOGLE PAY-ИЙН ТУХАЙ
Google Pay нь дэлхийн олон оронд идэвхтэй ашиглагддаг, 700 сая гаруй хэрэглэгчтэй дижитал хэтэвч юм. Тодруулбал, андройд үйлдлийн системийн хэрэглэгчид дэлхийн хаана ч NFC (Near-field communication) тэмдэглэгээ бүхий худалдаа, үйлчилгээний газарт Google Pay-ийг ашиглан төлбөрөө илүү хялбар, аюулгүйгээр хийх боломжтой.
Уг төлбөрийн систем нь гар утсаар дамжих тул таны төлбөрийн карт биометрик хамгаалалт буюу хурууны хээ эсвэл Face ID-аар давхар хамгаалагдах давуу талтай. Цаашлаад, гүйлгээ хийх үед харилцагчийн картын мэдээлэл эх хувилбараараа бус шифрлэгдсэн код хэлбэрээр бүртгэгдэж, дамжуулагддаг тул санхүүгийн аюулгүй байдал бүрэн хангагддаг билээ. Мэдээж цахим худалдааны вэбсайт, апп ашиглахдаа ч Google Pay ашиглан нэг товшилтоор л гүйлгээ хийх боломжтойг мартаж боломгүй.
Өөрийн картуудаа нэг дор төвлөрүүлж, бүх төлбөр тооцоогоо гар утаснаасаа удирдах хурдан, ухаалаг, дижитал шийдэл манай улсад албан ёсоор нэвтрээд байна.
АРГА ХЭМЖЭЭНЭЭС ОНЦЛОХ АГУУЛГУУД
Андройд хэрэглэгчдийн дижитал хэтэвч

Жилийн өмнө бид Монгол дахь Apple Pay-ийн нээлтийг хийж байсан. Ийнхүү жил залган харилцагчдадаа илүү хүртээмжтэй, хурдан шуурхай шийдлүүдийг санал болгох зорилгынхоо хүрээнд Google Pay системийг албан ёсоор танилцуулж буйдаа баяртай байна.
Манай улсын ухаалаг утасны зах зээлийн 62 хувийг андройд хэрэглэгчид эзэлдэг. Дэлхий дахинаа энэ тоо хэдийнээ 70 хувьд хүрээд байна.
Өнгөрсөн онд нээлтээ хийсэнчлэн Монгол дахь IOS хэрэглэгчид илүү аюулгүй, түргэн шуурхайгаар төлбөр тооцоогоо хийх боломж бүрэлдсэн. Харин өнөөдрөөс эхлээд андройд хэрэглэгчид ч энэхүү тав тух, найдвартай үйлчилгээг хүртэх үүд хаалга нээгдлээ. Манай банкны нийт харилцагчдын 97 гаруй хувь нь энэхүү шийдлийг өдөр тутамдаа ашиглах бүрэн боломжтой гэдгийг ч цохон тэмдэглэх байна.
Дэлхийн хаана ч хийгдэх төгрөгийн гүйлгээ
Өнөөгийн технологийн дэвшил, хиймэл оюуны эрин үед дижитал хэтэвч та бидний амьдрал, санхүүгийн харилцаанд ихээхэн дэмжлэг үзүүлж буйг дурдахгүй байхын аргагүй. Уг жишгийн дагуу Google Pay, Apple Pay гэхчлэн мобайл төлбөрийн системүүд Монгол улсад ээлж ээлжээрээ нэвтэрч буй нь яахын аргагүй дэлхийтэй мөр зэрэгцүүлэн алхаж буйн илрэл билээ.
Монгол банк ч төрөл бүрийн төлбөрийн системийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, мастер карт, NFC технологи зэргийг ашиглан олон улсын төлбөр тооцоо хийх арга хэлбэрийг олшруулахад анхааран ажилладаг. Энэ утгаараа Google Pay-ийн хэрэглэгчид дэлхийн хаана ч Монгол төгрөгөөрөө төлбөр тооцоо хийх суурь тавигдсаныг онцлууштай. Гар утсандаа төгрөгийн картыг суулгах төдийд үндэсний валютаа төвөггүйхэн ашиглах, дэвшилтэт технологийн экосистемийг хэвшүүлэх боломж улам төгөлдөржсөөр байгаад сэтгэл хангалуун байна.

google экосистем
Google Pay үйлчилгээ нь зөвхөн хуванцар төлбөрийн картыг цахимжуулж буй хэрэг биш. Энэ нь хэрэглэгчид гар утсаараа дамжуулан ажил, амьдралаа хөнгөвчлөх, хурдасгах харилцан уялдаат орон зай, экосистемийг бүтээж байгаатай дүйцнэ. Энэхүү боломжийг бодит төрхөө олтол нь уйгагүй хичээсэн баг хамт олонд гүн талархал илэрхийлэхийн ялдамд томоос том баяр хүргэе.
Бидний алсын хараа мобайл төлбөрийн системээр зогсохгүй бүхий л төлбөр тооцооны хэрэгсэл, биет үнэмлэх, баримт бичгүүдийг дижиталжуулах явдал. Үүнд та бидний мэдэх зочид буудлын карт, жолооны үнэмлэх, иргэний бүртгэлийн бичиг баримтууд, эрүүл мэндийн картууд ч хамаарна. Харилцагч бүрд илүү хүртээмжтэй, аюулгүй хэрэглээг санал болгохоор идэвхийлэн ажиллах болно.
Технологийн шийдлүүд бодит хэрэгцээтэй огтлолцож, үнэ цэн бүтээснээр инновац бий болдог.
Google компанийн Ази, Номхон далайн бүсийн төлбөр тооцооны түншлэлийг хариуцсан менежер Ти Жи Рамакришнан

Google-ийн бусад үйлчилгээ ба мобайл төлбөрийн шийдлийн алсын хараа

Манай улсын анхны олон улсын төлбөр тооцоо 1999 онд мастер картаар эхэлсэн. Ташрамд дурдахад, мастер карт нь технологид суурилсан шийдлүүдийг анхлан нэвтрүүлсээр ирсэн онцлогтой. Харин 2000 онд анхны лояалти хөтөлбөр нэвтэрсэн. Улмаар 2005 оноос интернэт худалдаа эхэлсэн бол 2008 оноос "contacless" буюу дижитал төлбөр тооцооны систем төлөвшжээ. Ташрамд дурдахад, нийт гүйлгээний 99 хувь нь бэлэн мөнгөний оролцоогүй хийгддэг. Цаашлаад, 13 хувь нь QR кодоор хийгдэж байна. Ийн хөгжсөөр виртуал төлбөр тооцоо, түүнээс салбарласан олон шийдлүүд бий болсны жишээ нь дижитал хэтэвч.

Харин андройд утасны хамгийн том дижитал түрийвч бол Google Pay. Манай банкны бүх дебит болон кредит карт энэхүү төлбөрийн системийн стандартад бүрэн нийцсэн тул харилцагчид ч уг шийдлийг төвөггүйхэн хэрэглээндээ нэвтрүүлэх боломжтой.
Мэдээж Google Pay нь төлбөр тооцооны үйл явцыг асар ихээр хөнгөвчилж буй. Нөгөө талаас манай улсад тус төлбөрийн систем нэвтэрснээр Google-ээс авч чаддаггүй бусад үйлчилгээг авахын суурь тавигдаж байгааг онцгойлон дурдах байна. Жишээлбэл, Монгол юүтүбэрүүдэд зар сурталчилгаагаар мөнгөжиж (monetize), орлого олох боломж байдаггүй. Энэ мэт хараахан нэвтрээгүй олон чухал үйлчилгээ бий. Google Pay системийн нээлт нь зөвхөн төлбөр тооцоог хялбарчлахаар хязгаарлагдахгүй Google-ийн дижитал экосистемийг бүтнээр нь хэрэглэх дараа дараагийн алхмуудын эхлэл юм.
Бид ирэх онд Samsung Pay үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ирэх оны төгсгөл гэхэд дэлхийн хамгийн том гурван дижитал түрийвч та бидний гар утсанд идэвхжих юм. Цаашдаа ч харилцагчдаа инновац, дэлхийн жишгээс хоцроолгүй тогтмол шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхээр зорих болно.
Арга хэмжээнээс онцлох мөчүүд







Сэтгэгдэл бичих

