Сүүлийн үед гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тойрсон элдэв асуудлууд цахим орчинд хүчтэй хөндөгдөх болжээ. Иймд манай редакц энэ төрлийн хөрөнгө оруулалтыг тоо баримт, бодит жишээнд тулгуурлан тайлбарлаж байна.
Айлын хүүхдүүд
НҮБ-ын World Investment Report 2024 тайланд дурдсанаар өнгөрсөн жил дэлхийн улсууд буюу айлын хүүхдүүдийн бие биедээ 1.3 их наяд долларын хөрөнгө (гадаадын шууд хөрөнгө оруулалт) оруулжээ. Энэ нь өмнөх оноос 2 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд үүний шалтгааныг худалдааны хоригууд болон геополитикийн асуудлуудтай холбон тайлбарлаж буй.
Бидний хувьд
Мэдээж бид ч мөн дэлхий гэх айлд багтах тул компаниас компани, улсаас улс, тивээс тив рүү явж буй энэ мөнгөнөөс авсан л байж таараа. Монголбанкны мэдээлснээр өнгөрсөн оны байдлаар бид 3.5 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татжээ. Энэ хэмжээний мөнгө өөр нэг улсын компаниас манай улсын уул уурхай, худалдаа, шинжлэх ухаан ба технологи, санхүү зэрэг салбаруудад орж ирсэн гэсэн үг.
Вьетнам
Хөгжиж буй орнууд хэрхэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өөртөө тустай байдлаар ашиглаж болдгийг Вьетнам тэргүүтэй олон улсаас харж болдог. Тэд 1986 онд эдийн засгийн реформыг эхлүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг олноор татсаны үр дүнд Samsung, Intel, Nike-аас эхлээд дэлхийн томоохон компаниуд үйлдвэрлэлээ нээх болжээ (Samsung л гэхэд тус улсад дангаараа 20 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулсан). Үр дүнд нь Вьетнамд олон сая ажлын байр бий болж, ДНБ нь жил бүр тогтмол өсөөд зогсохгүй тэд дэлхийн технологийн нийлүүлэлтийн сүлжээний голлох тоглогч болоод буй.
ГШХО
Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) гэдэг нь аль нэг улсын аж ахуйн нэгжээс өөр нэг улсын аж ахуйн нэгжид оруулж буй хөрөнгө оруулалтыг хэлнэ. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгжийнхээ 10 болон түүнээс дээш хувийг эзэмшиж байж энэ төрлийн хөрөнгө оруулалтад тооцогддог гэнэ. Ихэнх тохиолдолд өндөр хөгжилтэй орнууд хөгжингүй орнуудад хийдэг энэ төрлийн хөрөнгө оруулалтын ачаар дэлхийн дахинаа хамтын ажиллагаа бий болж эдийн засаг тэлж, хүн ам нэмэгдэж, мэдлэг чадварын солилцоо үүсдэг байна.
Дөрвөн төрөл
Ерөнхийдөө гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дараах дөрвөн төрөлд хуваадаг:
Хэвтээ: Компани өөрийн оронд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ өөр оронд үйлдвэрлэж эхлэх
Босоо: Компани бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн аль нэг шат дамжлагаа өөр улсад бий болгохоор хөрөнгө оруулах
Платформ: Компани тухай улсад хөрөнгө оруулснаараа тэндээсээ бараа бүтээгдэхүүнээ бусад зах зээл рүү нийлүүлэх
Конгломерат: Компани шинэ төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр өөр улсад хөрөнгө оруулах
Ерөнхий сайд Моди
Манай гаргийн хамгийн олон иргэнтэй Энэтхэгийн Ерөнхий сайдын албыг сүүлийн 10 жил хашиж буй Нарендра Модиг бид сайн мэднэ. Тэрээр дэлхийн удирдагчид дундаа гадаадын хөрөнгө оруулалтыг ихэд дэмждэгээрээ алдартай бөгөөд түүнийг албан тушаалаа авснаас хойш өнөөдрийг хүртэл Google, Apple, Kia, Airbus зэрэг компаниуд тус улсад хөрөнгө оруулсаар байна.
Модигийн Make in India, Startup India, Digital India зэрэг санаачилгууд нь гадаадын хөрөнгө оруулалт татах замаар улсынхаа эдийн засгийн өсөлтийг бататгах, цаашлаад Энэтхэгийг дэлхийн эдийн засгийн хүчтэй тоглогч болгох зорилготой.
Ёоз ёозоороо
Тухайн улсын нөөц, баялаг, хүн ам, газарзүйн байршил зэргээс хамааран хөрөнгө оруулах боломжтой салбарууд ёоз ёозоороо байдаг. Манай улсад 1990-2023 оны хооронд нийт 41.7 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээс 73 хувь нь уул уурхай, 11 хувь нь худалдаа, үйлчилгээний, үлдсэн 16 хувь нь бусад салбарт орж иржээ. Ингээд харвал бидэнд ёоз ёозын сонголт бараг л байхгүй буюу ганцхан уул уурхай маань л гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж байна.
Журам
Улс орон бүрд өөрийн гэсэн ашиг сонирхол байдаг тул тэд гадаадын хөрөнгө оруулагчдыг эх орондоо үйл ажиллагаа явуулахад тавьдаг олон төрлийн журамтай. Жишээ нь, Бразилд Амазоны бүс нутагт гадаадын этгээд газар өмчлөхийг бүр мөсөн хориглодог. Харин ОХУ хэвлэл мэдээлэл, байгалийн баялаг, аюулгүй байдал зэрэг салбарын хөрөнгө оруулалтад нухацтай ханддаг бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагад л гэхэд гадаадын эзэмшил 20 хувиас илүү байх ёсгүй гэж заажээ. Үүнтэй адилаар Японд хагас дамжуулагч тэргүүтэй чухал салбарын компанийн 10-аас дээш хэмжээний хувийг авах гэж байгаа бол заавал засгийн газрын тусгай зөвшөөрөл хэрэгтэй.
Зохицуулалт
Ингэж зохицуулалт хийснээр тус улсууд өөрсдийн эдийн засаг болон нийгмийн байр сууриа авч үлдэхийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдал зэргээ хамгаалж буй. Товчхондоо, нэг талд хөрөнгө оруулалтад нээлттэй ханддаг ч нөгөө талдаа өөрсдийн эрх ашгаа тэргүүнд тавих зохицуулалтыг хийдэг байх нь.
Итгэлцэл
Итгэлцэл
Гэхдээ цаасан дээр хэчнээн сайхан дүрэм журамтай байсан ч бодит байдал дээр тухайн улс хөрөнгө оруулагчдад хэр ханддаг вэ, улс төр, нийгэм эдийн засаг нь хэр тогтвортой вэ гэдэг чухал. Товчхондоо, итгэлцэл. Жишээ нь, АНУ болон БНХАУ хоёрын дундах худалдааны хориг, улс төрийн маргаантай байдал зэрэг нь олон компаниудын энэ хоёр улсын тогтвортой, тааламжтай байдалд итгэх итгэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа татах шалтгаан болж буй. Эсрэгээрээ, Сингапур, Австрали, Швед зэрэг улс төрийн хувьд тогтвортой, итгэж болохуйц орнуудыг зорих хөрөнгө оруулагчид ихэссээр байна.
Канад
Хамгийн их хөрөнгө оруулалт өгдөг, бас авдгаараа тогтмол шилдэг 10-т багтдаг улс бол Канад. Тэдний жил бүр гаргадаг Invest In Canada тайлангаас харвал 2023 онд нийт 62 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж (мөн хугацаанд 80 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт өгсөн) бөгөөд үүний үр дүнд 660 гаруй том төсөл хэрэгжиж, 29,000 ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ. Нийт хөрөнгө оруулалтын 29 хувийг нь тогтвортой хөгжлийг дэмжих төслүүд эзэлж, Канад улс ногоон хөрөнгө оруулалтаараа дэлхийд 2-т бичигдэж байна.
Либерал үзэл
Гадаадын хөрөнгө оруулалтад хамгийн либерал буюу нээлттэй, чөлөөт ханддаг улсын жагсаалтыг Сингапур, Арабын Нэгдсэн Эмират, Ирланд, Шинэ зеланд зэрэг улсууд тэргүүлнэ. Эдгээр улсууд нь хялбаршуулсан татварын тогтолцоо, бизнес хийхэд хялбар байдал, татваргүй бүс, гадаадын 100 хувийн эзэмшлийг зөвшөөрсөн журам, хөрөнгө оруулагчдын хамгаалсан хуулийн заалтууд зэргээрээ жил бүр олно арван тэрбумын хөрөнгө оруулалтыг татаж байдаг.
Маргаан
Маргаан
Мэдээж хөрөнгө оруулсан болон хөрөнгө оруулалт авсан талуудын хооронд маргаан гарна. Монгол Улсын хувьд энэ төрлийн маргааныг удаан шийдвэрлэдэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах шалтгаан болжээ. Манай шүүх гадаадын хөрөнгө оруулалтай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ дунджаар зургаан жилийг зарцуулдаг гэсэн судалгаа ч бий.
Ногоон талбай
Greenfield буюу ногоон талбай гэж буулгаж болох хөрөнгө оруулалтын төрөл нь тухайн компани аль нэг улсад хөрөнгө оруулахдаа бүхнийг эхнээс нь хийхийг хэлж буй. Жишээ нь, бидний сайн мэдэх Toyota 2000-аад оны эхээр Хойд Америкийн хэрэглэгчдээ илүү бага өртгөөр хүрч үйлчлэхийн тулд Мексик улсад үйлдвэрээ байгуулж байв. Түүнээс хойш тус улсад нийтдээ 2 сая орчим автомашин үйлдвэрлэж, түүний 90 гаруй хувийг нь АНУ болон Канад руу экспортолжээ.
Оюу толгой
Гадаадын шууд хөрөнгө оруулалт ярьж байгаа бол Оюу толгойг компанийг дурдахгүй өнгөрч үл болно. Учир нь 1990 оноос хойш Монгол Улсад нийтдээ 40 гаруй тэрбум долларын ГШХО орж ирсний 40 орчим хувийг Оюу толгой компанийн хөрөнгө оруулалт дангаар эзэлж буй. Сонирхуулахад, Монголын ТОП 100 аж ахуй нэгжийн жагсаалтыг тус компани хоёр дахь жилдээ дараалан тэргүүлсэн билээ.
Өрсөлдөөн
Өрсөлдөөн
Ямар нөхцөлийг тавьж, хэр их хэмжээний хөрөнгө оруулалт авах вэ гэдэг өрсөлдөөн өдөр бүр болж байдаг. Улс орнууд татварын хөнгөлөлт, татаас, зээл, газар, хүний нөөц гээд “эрвийх дэрвийхээрээ” төрөл бүрийн санал санаачилга гаргадаг. Үр дүнд нь дараах улсууд өнгөрсөн хугацаанд хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт авч чаджээ.
Харин нөгөөтээгүүр, бусад улсуудад хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улсуудын жагсаалт дараах дүр зурагтай байна.
Пуужинд суугчид
ДНБ-ий өсөлт, инфляц, ГШХО-д зарцуулсан мөнгө, ГШХО-тай төслүүдийн өсөлт зэрэг дээр нь үндэслэн хамгийн хурдтай хөгжиж буй буюу “пуужинд суусан” зах зээлүүдийг тодруулжээ. Уг жагсаалтыг БНХАУ болон Өмнөд Солонгос гэх хоёр том улстай найрсаг харилцаатай Камбож тэргүүлж, сүүлийн жилүүдэд эдийн засгаа улам нээлттэй болгож буй Филиппин удаалсан байна.
Рейтинг
Рейтинг
Global Business Policy Council-аас жил бүр ГШХО-ын Итгэлцлийн индексээр улс орнуудын рейтингийг тодорхойлдог.
Энэ жилийн хүч төрөн гарч ирж буй зах зээлүүдийг БНХАУ (Хонг Конг багтсан), Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Энэтхэг, Бразил зэрэг орнууд тэргүүлжээ.
Стартап
Стартап
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр шимийг хамгийн түрүүнд, хамгийн ихээр хүртдэг нь мэдээж стартапууд. Хөрөнгө оруулалт, мэдлэг туршлага, технологи инновац, чадварлаг мэргэжилтэн, татварын хөнгөлөлт зэрэг юу юунаас хэрэгтэй энэ төрлийн бизнесүүдэд гадаадын хөрөнгө оруулалт хамгийн тохиромжтой гэдгийг дэлхийн өнцөг булан бүрээс харж болно.
Өдгөө Африкийн асар олон стартапууд Европ болон Барууны орнуудаас санхүүжилт авч дотоодын зах зээлээс гадна олон улсын зах зээлд гарч буй. Жишээ нь, Кенийн нийслэл Найроби хот өдгөө Африкийн Цахиурын хөндий гэгдэж буй бөгөөд тэдний амжилт нь гадаадын шууд хөрөнгө оруулалт түүнийг даган очиж буй орчин үеийн мэдлэг, туршлагатай салшгүй холбоотой.
Тогтвортой хөгжил
Дэлхийн бүх улс орныг хамарсан энэхүү хөрөнгө оруулалтын зам бол тогтвортой хөгжлийг санхүүжүүлж, манай гаргийн өмнө тулгараад буй олон асуудлыг шийдэх нэгэн том боломж. НҮБ-ын World Investment Report 2024 тайланд дурдсанаар өнгөрсөн онд Тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбогдох төслүүдийн санхүүжилт 10 хувиар унасан гэнэ. Тэр дундаа ус болон хөдөө аж ахуйн хүнстэй холбоотой төслүүдийн санхүүжилт багассан байна. Үүнээс гадна хөгжиж буй орнууд руу чиглэсэн ГШХО 7 хувиар буурсан нь анхаарах ёстой тоо гэдгийг тус тайланд онцолжээ.
Урд байгаа асуудлууд
Мөн тус тайланд хөгжиж буй орнуудын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой салбаруудыг дараах байдлаар тодорхойлж, эдгээр салбарууд дахь олон улсын төслийн тоо 2015 оноос хойш хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулсан байна.
- Дэд бүтэц (40 хувь)
- Сэргээгдэх эрчим хүч (76 хувь)
- Ус, ариун цэвэр (-6 хувь)
- Хөдөө аж ахуйн хүнс (-6 хувь)
- Эрүүл мэнд ба боловсрол (22 хувь)
Үнэнч хөрөнгө оруулагчид
Үнэнч хөрөнгө оруулагчид
Манай улсад хамгийн их дүнгээр урт хугацаанд хөрөнгө оруулж буй улсын жагсаалтыг Канад, Нидерланд улсууд тэргүүлдэг. 2013-2021 онуудад хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтыг Канад улс хийж байсан бол 2022 онд Нидерланд дангаараа 2.2 тэрбум доллар хөрөнгө оруулсан нь манай улсын хувьд нэг жилд нэг улсын оруулсан хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт билээ. Эдгээр хөрөнгө оруулалт бол мэдээж Оюу толгой компанитай холбогдох хөрөнгө оруулалтууд.
Фракц
Улс орнууд зэргэлдээх орнуудтайгаа нэг фракц болж, хамтдаа гадаадын шууд хөрөнгө оруулалт авах тохиолдол маш олон. Серби, Монтенегро, Албани зэрэг орнууд хамтран “Баруун Балканууд” нэрийн дор сурталчилгаа хийж байхад Дани, Швед, Финлянд, Норвег, Исланд зэрэг Нордикийн орнууд нийлэн сэргээгдэх эрчим хүчний салбараа олон улсад таниулдаг. Цаашилбал, Африкийн орнуудын нэгдсэн, дэлхийн хамгийн том худалдааны чөлөөт бүс (AfCFTA)-ээс эхлээд 140 гаруй орныг хамруулсан, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга хүртэл энэхүү фракц гэх ойлголтод хамаарна.
Харилцан хамаарал
Монголд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөг СЭЗИС-ийн Дэд профессор Ж.Дэлгэрсайханаар ахлуулсан судалгааны баг судалжээ. Ингээд тэд “Монгол Улсад оруулсан ГШХО нэг хувиар өсөхөд урт хугацаанд бодит ДНБ-ийг 0.76% өсч, ажиллах хүчний тоо 1%-иар нэмэгддэг” гэдэг харилцан хамаарлыг тогтоосон байна.
Цар тахал
Цар тахал
Бүх салбарт хүчтэй нөлөөлсөн цар тахал ГШХО-ыг ч тойрсонгүй. Цар тахлын ид дэгдэлттэй 2019-2020 оны хугацаанд дэлхий дахины ГШХО даруй 35 хувиар буурч, 1 их наяд доллар болсон юм. Тэр дундаа уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарын хөрөнгө оруулалт хамгийн их дүнгээр багассан байна. Цар тахлын дараа сэргэж буй хөрөнгө оруулалтын төрлүүдийг сэргээгдэх эрчим хүч болон технологийн салбар тэргүүлж байгаа аж.
Чөлөөт бүс
Улс орнууд Чөлөөт худалдааны бус (FTZ), Эдийн засгийн тусгай бүс (SEZ) зэргийг байгуулж гаднын хөрөнгө оруулагчдыг татдаг. Жишээ нь, БНХАУ Шэньжэнь хотыг 1980 оны эдийн засгийн реформынхоо хүрээнд бий болгож байжээ. Өдгөө тус хотод хоёр ч чөлөөт худалдааны бүс бий бөгөөд Шэньжэнь хот Huawei, Tencent, DJI зэрэг технологийн аваргуудын өлгий нутаг, Хятадын Цахиурын хөндий, цаашлаад Азийн технологийн төв болохуйц том хэмжээний хот болон хөгжжээ.
Шинэчилсэн найруулга
Энэ жил манай улс Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэхээр хэд хэдэн удаа оролдоод байгаа нь уг сэдэв олны анхааралд өртөх томоохон шалтгаан болсон юм. Улс орныхоо ирээдүйд анхаардаг, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог залуус бидний хувьд анхаарлаа хандуулах нэгэн сэдэв бол гарцаагүй гадаадын хөрөнгө оруулалт. Тун удахгүй энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ахин хэлэлцэгдэх тул уншигч та “надад хамаагүй” хэмээн хойш бүү суугаарай.
Эрсдэл
Мэдээж бүх зүйлд эрсдэл бий. ГШХО-ын хувьд зөв хууль тогтоомж байхгүй бол дотоодын компаниудын өсөлтийг хязгаарлах, байгаль орчин доройтох, эдийн засгийн хараат байдалд орох, бизнесийн бүх ашиг гадагш урсах зэрэг аюулууд байдаг. Тийм ч учраас бид холбогдох хууль дүрмээ сайтар боловсруулах нь чухал юм.
Юмтай болох
Дэлхийн 105 их наяд долларын эдийн засгийн нэг зурагт ийн багтаажээ. Манай улс хаана байгааг харж байна уу? Бид тээр дор, Энэтхэг болон Казакстаны хооронд байгаа. Дэлхийд бид эдийн засгаараа буюу байгаа “юм”-аараа ийм л жижиг байх нь. Хэрвээ бид хөгжье, урагшилъя гэвэл юун түрүүнд юмтай болох хэрэгтэй.
Яагаад?
Хамгийн сүүлд нь, дээрх бүх агуулгаа хураангуйлан “Яагаад ГШХО чухал вэ?” гэдэг асуултад “Хэрвээ бид олон улсаас суралцъя, эдийн засгаа тэлье, солонгоруулъя гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ямар нэгэн байдлаар авахаас өөр арга замгүй. Хамгийн гол нь хэрхэн зөв зохистой авах вэ гэдгээ л томьёолох хэрэгтэй.“ хэмээн хариулж болно.