Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн нэр тодорно. Америкчуудын сонголт дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа нь санамсаргүй хэрэг биш. 

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг олон улсын геополитикийн амаргүй нөхцөл байдал дунд ирэх дөрвөн жилийн турш удирдах эрхэм хэн байх нь даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлэх учиртай. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө таны мэдэх ёстой бүх зүйлийг багцлан хүргэж байна.

сонгуулийн өдөр

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилд нэг удаа, жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний мягмар гарагт зохион байгуулагддаг уламжлалтай. Зөвхөн ерөнхийлөгчийн гэлтгүй сенат, төлөөлөгч, амбан захирагчдын сонгуульд ч энэ хуваарь хамаарна. Санал хураалт Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын зургаанд явагдах юм.

нэр дэвшигчид 

Энэ удаагийн сонгуульд Бүгд найрамдах намаас АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Д.Трамп нэр дэвшиж буй. Одоог хүртэл дөрвөн жилийн өмнөх ялагдлаа бүрэн хүлээн зөвшөөрч чадаагүй тэрээр намын сунгаандаа итгэл төгс ялалт байгуулсан. Энэ сонгуулийн үеэр түүний амь насанд халдах хоёр ч халдлага гарсан нь хамгийн онцлох үйл явдал байлаа.

Харин нөгөө талд Ардчилсан нам К.Харрисыг анхны эмэгтэй ерөнхийлөгч болгоно хэмээн зүтгүүлж байна. АНУ-ын дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй тэрээр долоодугаар сараас л кампанит ажлаа эхлүүлсэн. Ерөнхийлөгч Ж.Байден сонгуулийн өмнөхөн нэрээ татсан нь гэнэтийн шийдвэр байсан ч К.Харрис болон түүний баг ердөө ганцхан улирлын дотор нэг тэрбум доллар босгож, түүхэн дээд амжилтыг тогтоогоод байгаа билээ.


Сонгуулийг бидэнтэй хамт үзэхийг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй.


538 санал 

АНУ-ын сонгуулийн тогтолцооноос хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйл бол электорал коллежийн систем юм. Америкчууд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхдөө 538 электоруудаас бүрдсэн “Электорал коллеж”-ийн гишүүдэд саналаа өгч байгаа гэж ойлгож болно. Муж болгонд тус тусын тоо бүхий электор бий. Тэрхүү мужид ялалт байгуулсан нэр дэвшигч тус мужийн электоруудын саналыг авна гэсэн үг. Мужид оногдох электорал саналын тоо нь хүн амын тооноос хамааран харилцан адилгүй. Тиймээс олонхын буюу нийт 270 электор авч чадсан нэр дэвшигч ялна.

Калифорни л гэхэд хамгийн олон буюу 54 электорал саналтай. Харин Вермонт зэрэг хэд хэдэн жижиг мужид ердөө гурван санал оногдох жишээтэй. Мөн Мэйн, Небраска мужууд ялагчид бүх саналаа өгдөггүй, харин конгрессын дүүргийн хуваарилалтаараа хувааж өгдгөөрөө ялгаатай. Гэхдээ эцсийн эцэст, алтан тоо нь 270 байх болно. Өөрөөр хэлбэл олонхын буюу нийт 270 электорал санал цуглуулж чадсан нэр дэвшигч ялагчаар тодорно.

2 намын тогтолцоо

АНУ-ын улс төрд 19-р зууны дунд үеэс хойш Бүгд найрамдах нам болон Ардчилсан намууд ноёлж, хоёр намын тогтолцоог бүрдүүлсээр иржээ. Бүгд найрамдах нам хувь хүний эрх чөлөө, үндсэрхэг байдал, чөлөөт зах зээл болон татварыг багасгах бодлогыг эрхэмлэдэг. Харин Ардчилсан нам нийтийн эрх ашиг, жендер, байгаль орчны болон нийгмийн асуудлуудад түлхүү анхаардаг байна.

226:219

Хоёр намын тогтолцоотой холбоотойгоор дийлэнх муж аль намд санал өгөх нь тодорхой байдаг гэж хэлж болно. Техас, Канзас, Юта зэрэг мужуудад Бүгд найрамдахчууд давамгайлдаг тул улаан мужийн ангилалд багтдаг бол Нью Йорк, Калифорни, Миннесота зэрэг мужууд Ардчилсан намыг дэмждэг учир цэнхэр мужид тооцогддог. Одоогийн байдлаар улаан, цэнхэр мужийн харьцаагаар К.Харрис 226-219-өөр илүүрхэж байгаа юм.

саарал мужууд 

Гэхдээ нэр дэвшигчдийн нэр хүнд, нөхцөл байдлаас шалтгаалан аль нам давамгай болох нь тодорхойгүй “саарал мужууд” гарч ирдэг. Тиймдээ ч саарал мужуудын дүн сонгуулийг шийддэг гэж хэлэхэд хилсдэхгүй.

Энэ удаагийн сонгуульд нийт долоон мужийн өрсөлдөөн сонгуулийн үр дүнд хамгийн ихээр нөлөөлнө хэмээн үзэж буй. Зарим мужид хоёр нэр дэвшигчийг нэг хүрэхгүй хувийн санал хязгаарлаж байгаа, судалгааны үр дүн бүр “тэнцүү” гэж гарч байна гэхээр өрсөлдөөн ямар ширүүн байгааг илтгэнэ. Эдгээрээс 19 электорал саналтай Пеннсилванид ялсан нэр дэвшигч сонгуульд ялна хэмээн дийлэнх шинжээч үзэж буйг онцолъё.

Д.Трамп 2016 онд энэ мужид ялж, 1992 оноос хойших Ардчилсан намын ялалтын цувааг тасалж байсан удаатай. Гэхдээ 2020 онд одоогийн ерөнхийлөгч Ж.Байден дийлэнх санал авч байжээ. Алдарт тэрбумтан И.Маск энэ мужид гол анхаарлаа хандуулж, өөрийн биеэр сонгогчидтой уулзаж, өдөр бүр 1 сая доллар тарааж байгаа нь ч нэгийг хэлнэ.

Сонгуулийн үр дүнг шийдэх мужууд:

  • Аризона
  • Жоржиа
  • Мичиган
  • Невада
  • Хойд Каролина
  • Пеннсилвани
  • Висконсин

ГОЛ БОДЛОГУУД

Жилийн орлого нь 400 мянгаас дээш иргэд болон томоохон компаниудын татварыг эрс нэмэх бодлого баримталж буй. Тэрээр ажлаа авсан эхний өдрөөсөө л инфляцтай тэмцэнэ гэдгээ илэрхийлж, анх удаа байр авч буй иргэдэд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхийг зорьж байна.

Одоогийн засаг захиргааны байр суурийг үргэлжлүүлж, Украйныг “ялах хүртэл дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн. Мөн Израйл, Палестины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх ёстой хэмээн үздэг нэгэн.

Трампын тарифын бодлого ард иргэдэд жил бүр дөрвөн мянган долларын нэмэлт зардал үүсгэдэг хэмээн үздэг. Үүний оронд тэрээр онилсон бодлого хэрэгжүүлж, Хятадын зарим бүтээгдэхүүнд нэмэлт татвар оногдуулах нь оновчтой гэж сурталчилсаар байгаа юм.

Хууль бус цагаачлалтай тэмцэхээ амалж, хил дагуух бүтээн байгуулалтуудад ихээхэн хөрөнгө оруулна хэмээн амлаж буй. Сүүлийн дөрвөн жилд АНУ-д хууль бусаар нэвтэрсэн иргэдийн тоо түүхэн үзүүлэлтдээ хүрснийг статистик мэдээлэл баталж байгаа билээ.

Үр хөндөлтийн асуудал кампанит ажлынх нь гол сэдэв байлаа. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, үр хөндөх эрхийг нь нээлттэй байлгах тал дээр дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Сурталчилгааны сүүлийн өдрүүдэд чухам үүн рүү чиглэсэн бүтээлч рекламаараа чамгүй дэмжлэг цуглуулж байна.

Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин үйлдвэрлэлд татварын дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх одоогийн бодлогоо үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Крипто болон технологийн салбарынхны дэмжлэгийг авахыг эрмэлзэж байна. Калифорни мужаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр үүнийгээ давуу тал болгохыг оролдон, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийг дэмжиж, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа юм.

Түүний залуус руу чиглэсэн хамгийн том бодлого нь оюутны зээлийг чөлөөлөх байх болно. Ж.Байден болон түүний засаг захиргаа өнгөрсөн дөрвөн жилд нийт дөрвөн сая хүнд хамаарах 175 тэрбум долларын зээлийг “өршөөлд хамруулсан” нь эерэг оноо болох нь гарцаагүй.

Бизнесийн орчныг сайжруулах үүднээс олон төрлийн татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Нэг ёсондоо хөнгөлөлтийнхөө хариуг эдийн засгийн өсөлтөөр эргүүлж авна гэж үзэж буй. Харин Америкт “хуульчлагдсан” гэж хэлж болох гарын мөнгөнөөс татвар авахгүй гэсэн нь олон хүнд таалагдсан нь лавтай.

Орос, Украйны дайныг “24 цагийн дотор зогсооно” хэмээн ам гарсан. Мөн Газын зурвас дахь нөхцөл байдлыг ч шийдвэрлэх амбицтай байгаа. Тэрээр АНУ-ыг дэлхийн бусад улс орон дахь асуудалд орооцолдохоос илүү дотоодын асуудалдаа төвлөрөх бодлого хэрэгжүүлэх зорилготой.

Тэрээр дотоодын аж үйлдвэрийг дэмжих үүднээс гадаадын бүтээгдэхүүнд 10-20 хувийн нэмэлт тариф ноогдуулж, ялангуяа Хятадын эсрэг хатуу байр суурь баримталдаг нэгэн. Гэхдээ нөгөө талд Америкт үйлдвэр барих гаднын компаниудад татварын хөнгөлөлттэй нөхцөл санал болгоно гэдгээ мэдэгдээд байгаа.

Тэрээр 2016 онд анх амласан хил дагуу хана барих байр сууриндаа үнэнч хэвээр. Хэрэв сонгогдвол сая сая иргэдийг хүчээр нутаг буцаах хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Энэ асуудал дахь байр суурь нь хамгийн тодорхойгүй гэж хэлж болно. Түүний үед үр хөндүүлэх эрхийг хуулиар хамгаалсан заалтыг хүчингүй болгосон нь олон нийтээс хүчтэй шүүмжлэл амсаж байсан юм.

Тэр бол уур амьсгалын өөрчлөлтөд эргэлздэг гэдгээ нуулгүй илэрхийлдэг цөөхөн улс төрчдийн нэг. Парисын хэлэлцээрээс гарахаар шийдэн шуугиулж байсан тэрээр сонгогдвол газрын тосны олборлолтыг эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Криптог ирээдүй мөн хэмээн тунхаглаж, өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ хүртэл зарлаад амжсан. Тэрээр мөн криптовалютаар 120 сая долларын хандив цуглуулсан нь маш амжилттай үйл явдал болов. Д.Трамп Ардчилсан намын крипто салбарт тавьсан элдэв хоригийг цуцалж, төв банкны дижитал валют бий болгох төслийг зогсоохоо амласан.

Өрсөлдөгчийнхөө яг эсрэг бодлого хэрэгжүүлж, зээл чөлөөлөлтийг хэт өргөн хүрээнд хийхгүй гэдгээ мэдэгдсээр байгаа. Тэрээр шууд өршөөл үзүүлэхийн оронд орлогод суурилсан байдлаар төлөлтийн уян хатан нөхцөлийг санал болгох бодлоготой байгаа юм.