Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй, мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил.

Нийтлэлийн гарчгийг харах үедээ та үл ялиг гайхсан байж магад. Кока-Колаг тайлбарлах хэрэг байгаа гэж үү? Түүний улаан, цагаан хосолсон логог хармагц дэлхийн нийт иргэдийн 94-өөс дээш хувь буюу бараг бүх хүний толгойд лааз писхийн онгойх чимээ, тааламжит амтат хүйтэн шингэн хоолойгоор урамтай гэгч нь гулган орох мэдрэмж агшин зуурын төдийд төрдөг гэхэд хилсдэхгүй. Тийм ээ, бид бүгд хангалттай сайн энэхүү ундааны олон төрөл болон онцгой содон амтыг мэднэ. Гэсэн хэдий ч тэртээ 136 жилийн өмнө жирийн нэгэн эмийн санчийн ажлын өрөөнд зохиогдсон хийжүүлсэн ундааны жор хэрхэн дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэнд болж, залуусын амьдралын хэв маяг, хэрэглээнд өөрчлөлт оруулсан талаарх мэдээлэл төдийлөн хомс. Таны амьдралын бүхий л цаг мөчид хамт байх уриатай Кока-Кола брэндийн талаарх сонирхолтой мэдээлэл болон аз жаргалыг бусадтай хуваалцсан бүтэн зууны туршлагыг бид энэхүү дугаартаа онцолж байна.

эмийн санд мэндэлсэн гайхамшигт жор 


Кока-Кола ундааны орцыг АНУ-н цэргийн офицер, эм зүйч Жон Пембертон нээсэн түүхтэй. Тэрээр орчин үеийн жишигт нийцсэн химийн лабораторийн тусламжтай төрөл бүрийн эмийн худалдаа эрхлэхийн сацуу Sweet Southern Bouquet нэртэй үнэртэн хүртэл үйлдвэрлэж байсан, чамгүй энтрепренер сэтгэлгээтэй нэгэн байж. Домог болсон ундааны жорыг Пембертон 1886 оны нэгэн нарлаг өдөр санамсаргүй байдлаар олсон гэдэг. Цэв хүйтэн мөс, хийжүүлсэн ус, бага зэргийн халуун ногоог хооронд нь холиход сэтгэл сэргэм тун таатай амт амтагдсан тул энэхүү цоо шинэ бүтээгдэхүүнээ өөрийн эмийн сандаа худалдаалахаар мань эр сэтгэл шулуудсан аж. Тухайн цагт нэг шил ундааг таван центээр үнэлэн худалдаалж байв.

Доктор Пембертоны нягтлан бодогч Фрэнк М.Робинсон "хоёр C үсгийг нийлүүлбэл сурталчилгаанд тохиромжтой харагдана" хэмээн түүнийг ятгаж, улмаар "Coca-Cola" брэндийн анхны логог бүтээжээ. Удалгүй "The Atlanta Journal" сэтгүүлд сурталчилгаа нь хэвлэгдэж, цоо шинэхэн хийжүүлсэн ундаагаар амны цангаагаа тайлахыг их хотын иргэдэд уриалж эхлэв.

Харамсалтай нь, эхний жилийн борлуулалтын хэмжээ өдөрт дунджаар есөн ундаа л байх нь тэр. Доктор Пембертон өөрийн бүтээсэн шидэт ундаа хэрхэн дэлхийг байлдан дагуулах тухай төсөөлж ч амжилгүй тэнгэрт халихынхаа өмнө Атланта хотын чадварлаг бизнесмен Г.Кандлерт бизнесийн хувиа худалдсан нь хожмын дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндийн эхлэл цэг болсон юм.



алдарт шилэн лонхны тухай товчхон


Нэрт аж үйлдвэрийн дизайнер Рэймонд Лоуи “Шингэн хүнсийг савлах төгс савлагаа” хэмээн дуу алдан магтаж байсан, XX зууны хамгийн алдартай дизайнуудын нэг болох Кока-Кола ундааны шил хамгийн анх оюуны өмчийн зөрчлөөс үүдэн зохион бүтээгдэж байсан гэдгийг та мэдэх үү?

1900 он буюу анх худалдаалагдаж эхэлсэн цагаасаа хойш даруй 14 жилийн дараа АНУ-ын бүх мужид зарагддаг болтлоо хийжүүлсэн ундааны борлуулалт өсчээ. 1920 он гэхэд АНУ-ын хотуудад Кока-Кола савлах эрхийг франчайзаар олгож эхэлсэн бөгөөд 1200 гаруй савлах үйлдвэр тухайн үед байгуулагдав. Гэвч сайныг дагаж саар үргэлж гэтэж явдаг жамтай хойно амжилттай яваа брэндийг хуулбарлан хуурамч ундаа үйлдвэрлэх бизнес борооны дараах мөөг шиг олширч эхлэв ээ.

Тухайн цаг үед ашиглагдаж байсан лонхнууд ихэвчлэн бор эсвэл тунгалаг өнгөтэй энгийн, шулуун загвартай шилнүүд байсан нь өрсөлдөгчдөд тэдний бүтээгдэхүүнийг хуулбарлах хамгийн том өгөөш болж байв. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр 1915 онд компанийн удирдлагууд АНУ даяар үйл ажиллагаа явуулж буй шил үйлдвэрлэгч компаниуд дунд 500 долларын шагналтай шинэ лонхны дизайн бүтээх уралдаан зарлаж, улмаар одоогийн шилэн лонхны анхны prototype загвар бүтээгдсэн түүхтэй. Төд удалгүй энэхүү шил зөвхөн шингэн ундааг савлах зориулалтаасаа хальж, өнгөрөгч зууны поп соёлд хүртэл өөрийн байр сууриа эзлээд авсан юм.

Домогт Энди Уорхол бол Кока-Коланы шилийг өөрийн уран бүтээлд тогтмол ашиглаж, үүгээр дамжуулан поп соёлыг нийгмийн бүхий л хүрээлэлд түгээсэн нэгэн билээ. “Америкийн хамгийн гайхалтай зүйл гэвэл хамгийн ядуу аль эсхүл хамгийн чинээлэг давхаргын хэрэглэгчид ч яг ижил бүтээгдэхүүнийг худалдан авдаг явдал юм. Та бусдаас их мөнгөтэй байлаа гээд илүү сайхан амттай Кока-Кола худалдаж авч чадахгүй. Бүх Кока-Кола ижил амттай, ижил үнэтэй. Улсын ерөнхийлөгч, дэлхийн хэмжээний поп од, зурагтаар сурталчилгаа үзээд Кока-Кола авч уухаар шийдсэн нэгэн гээд бүгд ижилхэн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэхээр гайхалтай биш гэж үү?” хэмээн тэрээр массын соёлын тухай бүтээл туурвихдаа чухам яагаад энэхүү лонхыг ашигладаг тухайгаа тайлбарлажээ.



тооны хэлээр

1.7 тэрбум: Дэлхий даяар өдөрт 1.7 тэрбум буюу секунд тутамд 19,400 орчим Кока-Кола компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн амны цангааг тайлдаг.

9 жил: Кока-Кола брэнд маш олон төрлийн ундаа үйлдвэрлэдэг. Хэрэв та бүх төрлөөс нь өдөрт нэгийг туршиж үзнэ гэвэл 9 жил шаардлагатай.

94%: Улаан, цагаан өнгөний хоршил бүхий тус ундааны лого дэлхийн хүн амын 94%-д танигдсан.

2001 он: "М-Си-Эс" Групп Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх, борлуулах албан ёсны онцгой эрхийг авcан. Улмаар 2002 онд Кока-Кола, Спрайт, Фанта брэндийн ундаануудыг 250 мл-ийн хэмжээ бүхий шилэн лонхонд савлах, өндөр хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулж, дэлхийн 200 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Кока-Кола компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн нь болсон түүхтэй.



САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ

Кока кола донтуулдаг уу?

Дэлхий даяарх олон хүмүүс кофе, цай, хийжүүлсэн ундаа гэх зэргээр дамжуулан өөрөө ч мэдэлгүй каффейн агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж байдаг. Кока-Кола нь яг ижил хэмжээтэй кофеноос хамаагүй бага каффейн агуулдаг тул донтуулах эрсдэл харьцангуй бага. Тодруулбал, Нэг шил Кока-Кола ундаанд агуулагдах каффейны хэмжээ 24мг байдаг бөгөөд дундаж аягатай американогоос даруй 3 дахин бага каффейны агууламжтай гэсэн үг.

Хуванцар савлагаатай харьцуулахад лаазтай кола илүү дээр амттай.

Та лааз, лонх, хуванцар гээд аль ч байдлаар савласан Кока-Кола уусан бай яг ижилхэн амтагдах учиртай. Учир нь гэвэл бүх ундаа нэгэн ижил жор, найрлага, үйлдвэрлэлийн процессыг дамждаг. Таны мэдэрч буй амтны өөрчлөлт нь ундаа хэр хүйтэн байгаа эсэхээс болон лаазнаас шууд ууж байгаа юу аль эсвэл аяганд хийж ууж байгаа юу гээд гаднын хүчин зүйлээс хамаарах магадлал өндөр. Түүнээс гадна үйлдвэрт ашиглагдаж буй ус болон байгалийн гаралтай сахараас хамааран амт үл ялиг өөрчлөгдөх нь ч бий. М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд монгол орны газар зүйн онцлогоос шалтгаалан хамгийн гүний цэвэр усыг үйлдвэрлэлдээ ашигладаг тул бүх төрлийн савлагаан дээр амтны хувьд эргэлзэх зүйл үгүй.

хувьсан өөрчлөгдөж буй залуусын хэрэглээ


1982 онд алдарт Diet Coke худалдаанд гарснаас хойш Кока-Кола брэнд залуусын амьдралын хэв маяг, хэрэглээнд тохируулан төрөл бүрийн савлагаа, цоо шинэ амтыг санал болгосоор буй. Хамгийн сүүлд гэхэд энэ оны эхээр сансрын уудамд очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц савлагаатай, залууст зориулсан богино хугацааны "limited edition" болох “Starlight” ундааг зах зээлд танилцуулсан билээ. Тэгвэл олон улсад ч тун цөөхөн хэрэглэгчдэд хүрсэн энэхүү ундааг монгол залуус өнгөрөгч сарын сүүлээс амтлах боломжтой болжээ.

Энэхүү ундаа нь яг л сансар огторгуйд таныг аваачсан мэт ер бусын амттай байх бөгөөд зөвхөн CU болон GS25 сүлжээ дэлгүүрээр худалдаалагдах аж. Хязгаарлагдмал тоогоор, богино хугацаанд худалдаалагдах учир та одоо л амсахгүй бол дахиж хэзээ ч боломж гарахгүй ээ гэсэн үг. Түүнчлэн, "Starlight"-ийн инстаграм филтерийг ашиглан цөөн тоогоор гарч буй ундаатай цуг селфи хийн шинэ үеийн мэдрэмжтэй залуусын тоонд ч багтах боломжтойг мөн дуулгая.



ТАНЫ МЭДЭЭГҮЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

-Кока-Кола компани 1920-иод онд өвлийн улиралд борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд Зул сарын баярын сурталчилгаа хийж эхлэв. Тухайн үед энэхүү баярын гол бэлгэ тэмдэг болсон Санта Клаусын дүр төрх улс улсын ёс заншил, өв уламжлалаас шалтгаалан төрөл бүрийн зүс царай, өнгө алагласан хувцастай байсан аж. Харин 1931 онд Кока-Кола компанийн сурталчилгааны захирал Арчи Ли зураач Хаддон Сандбломд Сантаг эрүүл чийрэг бөгөөд илүү бодит хүнтэй адил зурах даалгавар өгч, улмаар Сандблом Сантагийн том, улаан, хөгжилтэй дүрийг зуржээ. Түүний бүтээсэн энэхүү домогт зураг одоог хүртэл дэлхий даяар Санта Клаусын бодит төрх мэт түгсэн билээ.

-Кока-Кола бол дэлхийн хамгийн алдартай барааны тэмдэг. Кока-Кола гэх үг “okay” гэх хэллэгийн дараачаар дэлхий даяар хамгийн өргөн тархсан хоёр дахь нэр томъёо.

-1993 онд "Nortern Lights" хэмээх алдартай сурталчилгаа цацагдсан даруйд цагаан баавгай брэндийн бэлгэ тэмдэг болов. Алдарт Rhythm and Hues компани хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан үргэлж цангадаг цагаан баавгайн өхөөрдөм төрхийг бүтээжээ.

-Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Олимп гэсэн дэлхий даяарх хамгийн олон үзэгчтэй хоёр наадмыг тасралтгүй 80 гаруй жилийн турш ивээн тэтгэж буй цор ганц брэнд бол Кока-Кола.