Жил бүрийн долдугаар сарын арван нэгнээс арван гуравны өдрүүдэд бид улс даяараа "Үндэсний их баяр наадам"-ыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Цэрэг дайны арвин буурал түүхтэй монголчууд эрт дээр цагаас томоохон байлдаан тулааны өмнө болон дараагаар дайчдынхаа дунд бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын харваа зохион явуулдаг байсан нь "Эрийн гурван наадам" хэмээн алдаршиж, хожмоо ард олны дунд "Наадам" хэмээн товчхоноор нэрлэгдэх болсон түүхтэй.

Наадам бол зөвхөн уламжлалт спортын төрлүүдээр өөр хоорондоо уралдаан тэмцээн зохиох төдийгүй орчин цагт нүүдэлчин соёл иргэншлийн өв соёлоо залуу үедээ уламжлуулах, үндэсний ижилсэл (identity) бүтээх, тусгаар тогтнолоо баталгаажуулах гээд бидний үүх түүхээрээ бахдах учиртай өдрүүд билээ. 

Тиймдээ ч гурван долоо хоног хүрэхгүй хугацааны дараах эхлэх гэж буй Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулан  бид "Үндэсний их баяр наадам"-ын тухай цогц мэдээллийг уншигч та бүхэнд хүргэхээр хичээлээ. 


ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЬЁОГ

-Одоогоос 4000 орчим жилийн өмнө Монгол нутагт бэлчээрийн мал аж ахуй үүсэн бий болсон цагаас монгол наадмын түүх эхэлдэг. Харин наадмын тухай анхны баттай мэдээ Хүннүгийн түүхийн тухай хятад сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. 

-1206 онд Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.

-ХХ зууны эхэн үед Богдын даншиг наадам жил тутам зохиогддог уламжлалтай байв. Энэхүү наадам нь өнгөн дээрээ Богд гэгээнтэнд бат оршил өргөх нэрийн дор болж буй наадам мэт боловч угтаа үндэсний хэмжээний тэмцлийн асуудлыг ярилцахын тулд ноёдыг нэгэн дор цуглуулах арга байжээ. 1911 оны зун Хүрээнд болсон Богдын даншиг наадмын үеэр ноёдын нууц зөвлөлгөөн хийх Богд гэгээнтний лүндэн бууж, үндэстний тусгаар тогтнол, төр улсаа сэргээхээр нэгэн дуугаар шийдвэрлэсэн юм.

- 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долоодугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. 


-1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарч, нэрийг нь 
Ардын хувьсгал ялсны ой" гэж өөрчилсөн түүхтэй. 

-Улмаар 2006 онд  " Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой" болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд одоогоор улсын баяр наадмыг Ардын хувьсгалын ой, Тулгар төрийн ой, Их Монгол Улсын байгуулагдсаны ой зэрэг тодотголтой хамтруулан тэмдэглэж байна.



УРАН МЭХЭЭ УРАЛДУУЛАХ ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН 

Монгол үндэсний бөхийн спорт нь жин ялгадаггүй, барилдах цаг тогтоодоггүй, барилдааны талбайг хязгаарладаггүй, бага цагийн дотор олон бөх барилдуулдаг онцлогтой. Монгол бөх зориуд бат бэх, голдуу торгомсог эдээр хийсэн өнгө үзэмж сайтай өмсгөл-зодог, шуудаг, гуталтай барилдана. Өмсөх, орох, харвах, сээрэн дунгуй хийх, ачих, тонгорох, хавсрах, суйлах, дэгээдэх, гуядах, өсгийдөх зэрэг олон сайхан уран мэхийг уралдуулан хийж авхаалж самбаа, арга чадлаа сорин барилддаг гэдгээрээ бөхийн спорт үзэгчдийн дунд хамгийн алдартай.


ЗурагТайлбар






МҮББ-ИЙН ЭХЛЭЛ БА ЯВАГДАХ ДАРААЛАЛ

Бөхчүүд наадам эхлэхэд зүүн, баруун жигүүрээс цолныхоо эрэмбээр цувран гарч, өөр өөрсдийн засуулаа тойрон дэлж ёсолно. Барилдаан эхлэхээс өмнөх болон дуусах мөчид дэлэх, дэвэх, өрөх, шавах, тахим өгөх, авах хөдөлгөөн нь нэг талаас бөхийн спортын урлаг, ёс уламжлалыг илтгэх нөгөө талаас бие халаах ач холбогдолтой.

Наадмын үеэр бөх бүхэн өөрийн засуулч, зөвлөгчтэйгээр барилдах бөгөөд тэрхүү хүн нь гурав, тав, долоогийн даваанд бөхөө цоллодог уламжлалтай. Жишээ нь:

Олноос онцгой
Түмнээс төгөлдөр
Харьшгүй хүчит 
Жавхлан төгс
Даяар дуурсагдах
Дархан аварга... 

гэх мэтчлэн нэрийг нь дурдан аялгуулан цоллоход, амалсан болон амлуулсан бөх засуулчаа тойрон хангарьд шувууны дэвэлтийг дуурайн дэлж дэвэх нь эр бяраа үзэлцэх, эрмэг зоригоо илтгэсэн учир утгатай ажээ.

Бөхийн мэхийг барьцгүй хаях, барьцны, лав барьцны мэх гэж гурав хуваах бөгөөд тэдгээрт нийтдээ 1000 орчим мэхийн хувилбар байдгийг судлаачид тогтоосон байдаг. Монгол бөхийн дүрэм тун энгийн. Барилдаанд хэн нь урьтаж толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газарт (гарын сарвуунаас бусдаар) хүрснийг нь унасанд тооцно.

Барилдаан хайнцсан үед тэднийг дахиж барилдуулах эсэхийг хөлийн цэц шийдэх дүрэмтэй. Нэг, хоёр ба дөрвийн даваанд шүүгчид хамгийн өндөр цолтой бөхийг хамгийн бага цолтой бөхтэй оноож барилдуулна. Харин гурав ба түүнээс дээш даваанд дээд цолтой бөхчүүд эрэмбээрээ өөрийн барилдах бөхөө амлан авдаг. Бөхчүүд дэвээнд гарч барилдахынхаа өмнө гуяныхаа өвөр болон ар талд алгаддаг нь учраа бөхөө барилдаанд урин дуудсан утгыг илэрхийлнэ. 



ЗурагТайлбар




Улсын начин, харцага, заан, гарьд, арслан цолтой бөхийн малгайн магнайн хэсэгт үндэсний бөхийн цолыг нь илэрхийлсэн хүчит болон үлгэр домгийн амьтдын дүрс бүхий цагаан мөнгөөр урласан дугуй хэлбэрийн ялгах тэмдэг бий. Бөх малгайн бүчний өнгөн залаан дээрх өргөн шар зураас нь улсын баяр наадмын барилдаанд хэдэн удаа түрүүлж үзүүрлэснийг, доорх залаан дээрх зураас нь хэдэн удаа шөвгөрснийг илтгэдэг.

2011 оны есдүгээр сард үндэсний бөхийн тусгай арга хэмжээ зохиогдсон бөгөөд нийтдээ 6016 бөх барилдаж, "Хамгийн олон оролцогчтой барилдаан" хэмээн Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгджээ.


ЗурагТайлбар






ЭРМЭГ ХҮЛГИЙН ШАНДСЫГ ШАЛГАХ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН 

Аргамаг хурдан хүлгээ шинжин таньж, уяа сойлгыг нь тааруулах нь нүүдэлчин монголчуудын олон зуун жилийн малч ухааны үндсэн дээр бүрэлдсэн мэдлэг, туршлагын баялаг сан юм. Уях мориныхоо тарга хүч, давхианы онцлогоор 20-30 хоногийн уяа, сойлго, төрөл бүрийн нарийн засал хийдэг ёс дэгтэй.

Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морьд зургаан насны ангиллаар уралдах бөгөөд унаачид нь долоогоос 12 насны хүүхдүүд байдаг. Уралдааны морийг эрт дээр үеэс зайдан унадаг байсан ч сүүлийн жилүүдэд унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хурдан морьдыг хөнгөн эмээлтэй, хамгаалах дуулга, өвдөгний болон тохойны хамгаалалттай байхаар заасан юм. Түүнчлэн баяр наадмын тухай хуулинд унаач хүүхэд зайлшгүй гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх ёстой гэх заалт бий. 


ЗурагТайлбар






ХУРДАН МОРЬ ЦОЛЛОХ ЁСОН

Наадмын хоёр дахь өдөр, үндэсний бөхийн  барилдааны завсарлагаар бүх насны ангиллын хамгийн хурдан морьдын буюу "Айргийн тав"-ын цол дуудах ёслол болдог. Түрүүлсэн морьдыг цоллох нь ардын аман зохиолын онцгой төрөл бөгөөд ерөөлч нь хурдан морьдыг нэг бүрчлэн аль нутгийн, хэний уяж, хэний унаж хурдлуулсан, ямар зүсмийн морь зэргийг чанга дуугаар цоллон магтдаг уламжлал бий. Улсын наадамд түрүүлсэн морьдыг:

Түмэн агтын түрүүнд
Төдөлгүй хурдалж
Төмөр зуузай сунган гүйдэг
Мянган агтын түрүүнд 
Мятралгүй хурдалж 
Мяндсан жолоо сунган гүйдэг
Тод магнай 
Торгон жолоо
Баярын магнай
Бат идэр хурдан хүлэг 

хэмээн магтаж, "Түмний эх" цол олгодог байна. Мөн хурдан хүлгийн уралдаанд хамгийн сүүлд  таслагдаж барианд орсон моринд "Бүрэн Жаргал" (дааганд "Баян Ходоод") цол олгож, айргийн тавын шагналаас дутахааргүй урамшуулах нь тунчиг сонирхолтой. Уралдааны морьдыг наадмын талбай гурав тойрон  эргэхэд "Түмний эх" хэмээх уртын дууг хуурдан дуулж:

Зээ, Олон жагсаал агтын уяаны дотроос 
Олж засахдаа илүү зохистой
Үсэргээд ирэхийн цагт 
Үзэмжтэй морин алин бэ? гэсэн үгийг нь тааруулан, морьдыг тавьж гаргана. Харин хурдан морьдыг уралдан  ирэхийн үед мөн дууны:

 Зээ, татаад ирэхийн цагт
Дахин дахин тэмүүлээд
Тавиад одохын цагт 
Тасархай ганцаараа түрүүлэгч
Тэр түмний эх, хэний морь вэ? 

гэсэн бадгийг хуурдаж дуулдаг өнө эртийн уламжлалтай ард түмэн билээ бид.


ЗурагТайлбар




ЭРХИЙ МЭРГЭНЭЭ СОРИХ СУР ХАРВААНЫ ТЭМЦЭЭН

Нум сум бол монголчуудын олон зууны турш хэрэглэж ирсэн байлдааны зэвсгийн гол төрөл. Монголчууд эртнээс нааш ширэн бөмбөгийг шон модонд цувруулан өлгөөд морины хар эрчээр давхиут дунд нэг бүрийг онох, хэц модонд хонины арьс хэд давхарлан тэлж босгоод давхих зуураа дөрвөөс зургаан сумаар амжиж харвах зэрэг тэмцээн явуулдаг байжээ. 

1818 онд олдсон, өдгөө Эрмитаж музейд хадгалагдаж байгаа "Чингисийн чулууны бичиг" түүхийн дурсгалт гэрэл хөшөөн дээр "Чингис хаан Сартуул үндэстнийг эзлэн авсны дараа Хамаг Монголын ноёдыг Буха Сочухайд хуран чуулах үед Хасарын хүү Есүнгэ 335 алд зайд байг онолоо" хэмээсэн нь одоогийн хэмжээсээр 595 м юм. 

Монголын үндэсний сурын спорт өөрийн өвөрмөц онцлогтой. Харвах бай нь уран гоёмсог бөмбөг мэт бөөрөнхий хэлбэртэй, хөндий суран сүлжмэл байх бөгөөд түүнийг газар дээр хана, хасаа болгон өрж харвана. Сумыг зөвхөн зулзган бургасаар хийх ба сум нь зургаан талтай ясан булцуу, тас шувууны өдөөр хийсэн дэлтэй их бие, ацаас бүрдэнэ. Харин нум нь хүзүүний сунадаггүй арьсыг сайтар боловсруулж эрчлэн мушгиж хийсэн хөвчтэй байдаг. 


ЗурагТайлбар





УУХАЙЛАХ БУЮУ ОНООНЫ МАГТУУ

Сур харвааны өмнө, байн хоёр талд уухайчид эгнэн зогсож, харвалт бүрийн амжилтыг тухайн харваачид болон үзэгчдэд хандан уухайлж, гар биеийн тусгай хөдөлгөөнт дохиогоор  мэдэгдэнэ. Сур харваж эхлэхэд "Оногтун" гэж уриалсан уухай, оноход "Онолоо" гэж баярласан уухай түрнэ. Хэрэв тавьсан сум дутсан, давсан бол дохио болгосон угтуул тус бүрдээ өөр ая, унгатай уухай аялж, гараар дэлж дутсан, давсныг үзүүлнэ. 


ЗурагТайлбар





Сур харваа нь буриад, халх, урианхай сур харваа гэх 3 төрөлтэй. 

УРИАНХАЙ СУРЫН ХАРВАА

Урианхай сурын харваанд зөвхөн насанд хүрсэн эрчүүд оролцох бөгөөд харвах хүний тоог хязгаарладаггүй. Урианхайчууд сурыг "чих" хэмээн нэрлэж, харваач 40м-ийн зайнаас 30 сум тавина. Зурхай дээр хоорондоо 6.5 м зайтай, 15-20 см өндөр, зэрэгцээ хоёр хэсэг хязгаарлах шороон шугам татаж, түүнийгээ "өтвөг" гэж нэрлэдэг.

БУРИАД СУРЫН ХАРВАА

Бурианд сурвын харваанд нас хүйс харгалзахгүй. Хасаа нь тод өнгийн даавуугаар бүрж хийсэн 8*10 см хэмжээтэй, 150-200 гр жинтэй бортого байна. Харваач бүр 20 ш хасаа өрж, 45 метрээс 8 сумаар харваж, дараа нь 10 ш өрж 30 м-ээс 8 сумаар харвах гэхчлэн ээлжилсээр нийт 64 сум тавьдаг. 

ХАЛХ ХАРВАА

Нөгөө хоёр харваанаас ялгаатай нь харваачид "хана" ба "хасаа" гэсэн хоёр хэлбэрээр өрсөлдөнө. Хана харвааны байнд 60 ш сурыг гурван үеэр, доод хэсэгт нь 21 ш сур, дунд үед 20 ш, дээд үед 19 ш сур байхаар ам дарж битүү өрдөг онцлогтой. "Хасаа" харваанд  30 ш сураас 24 ш-ийг хоёр хоёроор нь давхарлаж 12 домбо хэлбэртэй болгон  зэрэгцүүлэн өрөөд хоёр захад нь гурван сурыг хэвтээгээр нь өрж бай болгоно.


ЗурагТайлбар





ЦЭЦ МЭРГЭНЭЭ ШАЛГАН СОРИХ ШАГАЙН ХАРВАА


Шагайн харваа нь анх Хамаг Монголын үед түгэн дэлгэрсэн хэмээн түүхийн ном зохиол дээр тэмдэглэсэн байдаг. Эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байснаа хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн байна. Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл “Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоо тавьж жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ. Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймаг бол шагайн харвааны өлгий нутаг.  Шагайчид тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг “тойром” гэж нэрийдэн хожим шагайчид цугладаг газрыг тойром гэх болсон бололтой хэмээн судлаачид тайлбарлах нь бий.


ЗурагТайлбар






1998 оноос баяр наадмын хөтөлбөрт монголчуудын эртний уламжлалт наадгайн нэг болох шагайн харвааны тэмцээнийг оруулсан билээ. Шагайн харваа нь тусгай тавиур дээр эгнүүлэн өрсөн бай буюу хасаа (30ш шагай)-г есөн тохой буюу 4.72 м зайнаас жижиг ясан сумаар няслан онох өвөрмөц харвааны тэмцээн юм. Харваачдын баг долоон гишүүнтэй байх бөгөөд зургаа нь харвана. Эсрэг багтай 80 минут орчим тоглодог бөгөөд багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт хамгийн ихдээ 10 цагийн турш сууж тоглох шаардлагатай болдог. Хэрэв та энэхүү тэмцээнд оролцохыг хүсвэл ямар ч нас, хүйсний хязгаарлалт байхгүй гэдгийг дуулгая.

Сонирхуулахад, 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойн шагай харвааны тойром зохион байгуулагдахад 156 баг оролцсон нь одоо ч хамгийн олон баг оролцсон тойром хэвээр байгаа аж.


ЗурагТайлбар



ТАНЫ МЭДЭЭГҮЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

-Бөх гэдэг нэр томьёо нь дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байсан нэртэй холбоотой гэж үздэг. Тэрхүү Мофо, Мохэ гэсэн үгийг монголын бөх гэсэн үгний "Б" нь "М" болон хувирсан үг мөн гэж таамагласан байна.

-1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Б. Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ. Харин улсын баяр наадамд хамгийн олон шөвгөрсөн бөх бол Увс аймгийн Хяргас сумын харьяат, улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнх. Тэрээр 27 удаа шөвгөрчээ.

-Архангай, Увс аймгийн бөхчүүд улсын баяр наадмаас 16 түрүү хүртсэнээрээ хамгийн олон түрүүтэй аймгаар зуузай холбон нэрлэгддэг аж. Улсын цолтой бөхийн тоогоор мөн л Архангай аймаг тэргүүлдэг бөгөөд улсын цолтны тоо нь гурван оронтой тоонд хүрсэн цор ганц нутаг.

-Төрийн соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2016,2017,2018,2022 гээд дөрвөн наадмын нээлтэд оролцсоноороо хамгийн олон нээлтийн хөтөлбөр найруулсан найруулагчийн жагсаалтыг тэргүүлж буй.


ЗурагТайлбар





Ташрамд дурдахад, 2022 он Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн үйл ажиллагаануудыг “Монгол бахархал” нэрийн дор монгол хүн, монгол үндэстэн, Монголын ирээдүй, дөрвөн улирал, хүн байгалийн хүйн холбоо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал, орчин үеийн техник технологи дээр суурилсан хөтөлбөр найруулгаар зохион байгуулахаар төлөвлөж буй аж. 

Энэ жилийн гол онцлогуудаас дурдвал "Үндэсний их баяр наадам" маань  албан ёсны сошиал хуудас, вэбсайттай болж, нэгдсэн мэдээллүүдийг тэдгээр сувгаараа дамжуулан хүргэхээр болжээ. Та бөхийн барилдаан хэзээ эхлэх, соёлон нас хэдийд барианд орох, нээлтийн тоглолт хэдэн цагаас эхлэх зэрэг бүхий л мэдээллийг нэгдсэн сайтаас түргэн шуурхай хүлээн авах боломжтой. Урьд урьдын жилүүдэд зөвхөн билетийн кассаар худалдаалагдан иргэдэд багагүй хүндрэл учруулдаг байсан наадмын нээлтийн тасалбар, зогсоолын эрхийг мөн энэ жил онлайнаар худалдаалахаар болсон таатай мэдээ сонсогдсон шүү. 

Та бүхэн наадамтай холбоотой сонирхолтой мэдээлэл, цаг үеийн мэдээ, 21 аймгийн наадмын хөтөлбөр, тасалбар гэх мэт мэдээллээ цаг алдалгүй авахыг хүсвэл доорх сошиал сувгуудад нэгдээрэй. 

Naadam 2022 Facebook

Naadam 2022 Instagram

Naadam 2022 Twitter