Дархлаа муудчихаж, дархлаагаа сайжруул гэж хүмүүс хоорондоо их ярилцдаг. Дархлаа үнэхээр алга урвуулахын хооронд сайжирч,мууддаг зүйл гэж үү? Ер нь дархлаа гэхээр бид юуг ойлгож ярилцдаг билээ? зэрэг ойлголтуудаа цэгцлэхийн сацуу маркетингийн ятгалгаас өөрсдийгөө хамгаалах “оюуны дархлаа”-тай болъё. 


Түгээмэл асуулт, хариулт  

Дархлаа гэж юу вэ?

Дархлааны систем гэдэг нь бидний биеийг нян, вирус зэрэг хортой гаднын биетээс хамгаалдаг нарийн бүтэцтэй хамгаалалтын механизм юм.

Энэхүү хамгаалалтын систем нь хоёр үндсэн салбартай бөгөөд тус бүр өөр өөр үүрэг, үйл ажиллагаатай. Төрөлхийн дархлаа нь хаалган дээрх хамгаалагч мэт, гаднын дайснуудыг гарч ирмэгц сэжиглэн шалгаж, шууд устгах үүрэгтэй. Харин өвөрмөц дархлааны хариу урвал нь мөрдөгч шиг ажиллаж, гаднын биетийг таньж мэдсэний дараа тэднийг устгах нарийн арга хэмжээ авдаг.

Уг салбар нь дайснуудын мэдээллийг архивдаа хадгалж үлддэг учраас ирээдүйд дахин халдвар авах үед илүү хурдан, хүчтэй хамгаалах чадвартай гэдгээрээ онцлог.


Дархлаа дэмжих бүтээгдэхүүн гэж бий юу?

Дээр дурдсан дархлааны төрөлхийн болон өвөрмөц хариу урвал тэнцвэртэй явагдах ёстой. Дархлааг байнга идэвхжүүлж “дэмжих” нь аутоиммуны өвчин, архаг үрэвсэл үүсгэж болно.Тиймээс "дархлаа дэмжих" хэмээх ойлголт нь шинжлэх ухааны үндэслэлгүй бөгөөд дархлааг хэт өдөөх нь дархлааны системийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулж, биеийн эсүүдийг гэмтээх магадлалтай.

Дархлааг зохистой, тэнцвэртэй авч явахын тулд зөв хооллолт, хангалттай нойр зэрэг олон зүйлс нэгдэж байж гэмээнэ бидний бие эрүүл байх учиртай юм. Товчхондоо, бидний төсөөлдөг шиг дархлаа гэдэг нь нэмэгдэж, хорогддог зүйл биш бөгөөд мөрөөрөө явж байгаа зүйлийг дураараа янзалж болохгүй гэдгийг санууштай.


Сая долларын эргэлзээ

Витаминыг дархлаагаа дэмжих зорилгоор тогтмол уух нь зөв үү?

С, D, цайр зэрэг зарим амин дэм, нь дархлааны үйл ажиллагаанд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, Nutrients сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар С витамин нь ханиадны үргэлжлэх хугацааг насанд хүрэгчдэд 8 хувь, хүүхдүүдэд 14 хувиар багасгадаг болохыг тогтоожээ. Түүнчлэн Д витамин дутагдалтай хүмүүс томуу, амьсгалын замын халдвар авах эрсдэл илүү өндөр байдаг аж. Мөн цайрыг ханиадны шинж тэмдэг илэрсэн эхний 24 цагт шууд хэрэглэвэл ханиадны үргэлжлэх хугацааг 33 хувь хүртэл хүртэл багасгадаг болох нь клиникийн туршилтаар батлагдсан.

Ялангуяа Д витамины дутагдал Монголчуудын дунд асар өндөр. Манай орон дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрладаг, жилийн ихэнх хугацаанд наранд биеэ ил гаргах боломжгүйн зэрэгцээ нарны ташуу тусгалын улмаас биед шингэх хэт ягаан туяаны эрчим нь Д аминдэм нийлэгжих хангалттай түвшинд хүрч чаддаггүй ажээ.



Үүн дээр нэмээд агаарын бохирдол нь хэт ягаан туяаны шингээлтийг улам бууруулдаг гээд ер нь л Д витамины хэрэгцээ бидэнд маш их. Тухайлбал “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны дүнгээр 6-59 сартай хүүхдийн 61 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 40 хувь нь Д аминдэмийн дуталтай байгаа үр дүн гарсан. Тиймээс улирал солигдож буй, томуугийн дэгдэлт өндөр мөн өвлийн улирал ойртож буйтай холбоотой Д витаминаа эмчийн зөвлөгөөгөөр өөрт таарах тун, хэмжээгээр уухад тохирох болов уу.

Тэгвэл Unread-ийн зүгээс Монгол Эм Импекс Концерний оруулж ирдэг Канадын "Jamieson" брэндийн Д Витаминыг санал болгож байна. Уншигч та эмийн сангуудаар жирийтэл өрсөн Jamieson брэндийн витаминуудыг харж байсан нь лавтай. Харин хүнсний нэмэлт, амин дэм дээрх шошго, тэмдэглэгээг тогтож анхааралтай уншиж байсан уу?

Тэрхүү жижигхэн тэмдэглэгээг авах гэж байгууллагууд олон жилийн турш нэг стандартаа мөрдөн ажиллаж, бүтээгдэхүүний чанар, цэвэр байдлаа хадгалж, сайжруулж байдаг. Тухайлбал "Jamieson" брэндийн “TRU ID” шошго нь бүтээгдэхүүн дэх түүхий эд, ургамлын төрөл зүйл, бактерийн омог зэрэг түүхий эдийн гарал үүслийг брэндийн гуравдагч тал болох Канад Улсын Гвельфагийн Их сургуулиас шалган баталгаажуулдаг болохыг баталж буй тэмдэглэгээ байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнд орсон түүхий эд шошго дээрээ бичсэн шигээ цэвэр, эрүүл гарал үүсэлтэй юу үгүй юу гэдгийн байнгын баталгаа болдог аж. Тиймээс амьдарч буй орчин, нөхцөлдөө тохируулан зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх нь зүйтэй. Ингэхдээ эмчээс зөвлөгөө авахаа мартуузай.



Халуурах сайн гэж үү?

Халуурах нь таны дархлааны байгалийн хариу урвал. Ихэнх вирус биеийн хэвийн температурт хамгийн сайн үрждэг. Тиймээс ханиадны вирус биед нэвтрэх үед бидний дархлааны систем вирус үржиж, амьдрахад таагүй орчныг цаанаасаа бүрдүүлж байдаг аж.

Түүнчлэн ингэж ханиад хүрсэн үед халуурах нь цагаан эсүүдийг идэвхжүүлэх бөгөөд цагаан эсүүд нь өндөр температурт илүү идэвхтэй, үр дүнтэй ажилладаг тул яг л хэрэгтэй үед цэргүүдээ бэлэн байдалд дуудаж буй мэт дархлааны эсүүдийг ажиллах таатай нөхцөлөөр мөн хангадаг гэсэн үг. Гэхдээ олон хоногоор, өндөр халуурах аюултай учраас яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Учир нь гурваас дээш хоног өндөр халуурснаар таталт өгөх мөн элэг, бөөр, тархи зэрэг эрхтнүүдийг гэмтээх аюултай.

Ирээдүйгээс илгээсэн захидал  

CAR-Tregs эмчилгээ

Тэрнээс өмнө аутоиммуны өвчин гэж юу вэ?

Аутоиммуны өвчин гэдэг нь бидний дархлааны систем өөрийн эрүүл эсүүд рүүгээ андуурч дайрдаг үзэгдэл юм. Үүний улмаас биед үрэвсэл үүсч, эд эсийн гэмтэл үүсэх аюултай. Чонон хөрвөс, псориаз, үе мөчний хэрх өвчин, 1-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг өвчлөлүүд нь аутоиммуны өвчнүүдийн тод жишээ.

Аутоиммуны өвчнүүдийн эсрэг өнөөгийн эмчилгээ

Одоогийн байдлаар аутоиммуны өвчнүүдийг ихэвчлэн шинж тэмдгийг дарах, хэт идэвхжсэн дархлааны системийг тайвшруулах эмчилгээгээр эмчилж байна. Жишээлбэл, кортикостероидууд зэрэг дархлаа дарангуйлах эмүүд нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж, өвдөлт, хаванг багасгах нөлөөтэй байдаг. Гэвч эдгээр эмчилгээ нь дархлааны системийг бүхэлд нь дарангуйлж, өвчтөнийг бусад халдварт өртөмтгий болгох эрсдэлтэй.

Шинэ төрлийн эмчилгээ: CAR-Tregs

CAR-Tregs нь аутоиммуны өвчлөлийг эмчлэх шинэлэг арга болохоор судлагдаж байгаа. CAR-Tregs-ийн эмчилгээ нь гений инженерчлэлийн аргаар Т эсэд CAR хэмээх рецептор суулгаж, дархлааны системийн асуудалтай эсүүдийг зөв таньж, очиж, үйлчлэх боломжийг бүрдүүлдэг. Энэхүү технологи нь дархлааны системийг бүхэлд нь дарангуйлахгүйгээр, зөвхөн асуудалтай хэсгийг олоход чиглэгддэгээрээ давуу талтай.

Таны мэдээгүй сонирхолтой баримт  

Дархлааны эсийн 70% нь ходоодонд байдаг

Дархлааны эсүүд чөмөг, лимфийн судас, дэлүү, цус зэрэг биеийн бүхий л хэсэгт байрладаг ч ходоодонд их хэмжээгээр байгаа нь бас л учиртай аж. Ходоод бидний идэж буй хоол, уух зүйлээр дамжин гадаад бодисуудтай харьцаж байдаг учраас энэ хэсэгт дархлааны эсүүд их хэмжээгээр байрлах нь аюул тулгарахад хурдтай хариу үйлдэл үзүүлж, эрсдэлээс нэн түрүүнд хамгаалах ёстой юм санж. 2019 онд Nature сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар хүний дархлааны эсийн 70-80 хувь нь ходоодонд байдгийг судалжээ.

Гэдэсний хучуур эд яг л хамгаалалтын хашаа мэт ажилладаг. Ямар нэг болохгүй гаднын биет бидний дотор нэвтэрвээс дархлааны эсүүд даруйхан эсрэг биет ялгаруулж, асуудал үүсгэхээс нь өмнө барьж авдаг аж. Түүнчлэн дархлааны эсүүд нь гэдэсний ашигтай бактериудтай хамтарч, ходоодны тэнцвэртэй орчныг хангаж ажиллах давхар үүрэгтэй. Ингэснээр дархлааны системийг ч мөн тэнцвэртэй авч явахад тусална.

Жишээ нь 2009 оны судалгаагаар гэдэсний ашигтай бактериуд дархлааны Tregs эсийн ялгаралтыг нэмэгдүүлж, үрэвслийн эсрэг цитокин үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг болохыг судалжээ. Tregs нэмэгдэнэ гэдэг нь юу гэсэн үг юм бол? хэмээн гайхширч байна уу.

Энгийнээр энэхүү дархлааны эсийг тоглолтын шүүгч гээд төсөөлөхөд болно. Энэ эсүүд тоглолтын явцыг бүхэлд нь хянаж, талбай дээрх тоглогчдын хэт ширүүн тоглолтыг зохицуулдаг. Тэд хамтдаа нэгдэн ажилласнаар бидний биед архаг үрэвсэл эсвэл аутоиммуны өвчин юу юугүй үүсэхээс сэргийлж байдаг гэсэн үг.

Дархлааны системийг өнгөцхөн харвал энгийн мэт боловч түүний үйл ажиллагаа маш нарийн зохицуулалттай. Хамгийн сайн эм бол ховор, үнэтэй зүйл биш; ганцхан цай, бэлдмэл эсвэл тариа бүүр ч биш. Харин бидний өдөр тутамдаа залхтал сонсдог дасгал хөдөлгөөн, тэнцвэртэй хооллолт, хангалттай нойр нь дархлаа дэмжих хамгийн үр дүнтэй аргууд билээ.