Та TikTok-ийн идэвхтэй хэрэглэгч биш байлаа ч алгаа дэлгэн “Ийм л энгийн шүү дээ” хэмээн харуулах Khaby Lame (Хаби Лам)-ийг лав таних биз ээ. Миний хувьд “Нүдэн дээр дээшилсэн” гэх ярианы төгс жишээ бол Хаби Лам. 

Үнэхээр л нэг ч үг хэлэлгүйгээр дэлхийг байлдан дагуулж, TikTok-ийн хамгийн олон дагагчтай эрхэм болж чадсан түүний амжилтаас сахилга бат, тууштай зүтгэл хэрхэн үр дүнгээ өгдөг вэ гэдгийг шууд харж болмоор. Магад жинхэнэ Influencer гэж түүнийг л хэлэх байх.

Хаби зөвхөн хөгжилтэй бичлэгээр өөрийгөө хязгаарлаагүй бөгөөд контентынхоо амжилтад суурилан компани байгуулж, бизнесийн салбарт хөл тавьсан юм. Тэгээд ч болоогүй хэдхэн хоногийн өмнө өөрийн үүсгэн байгуулсан компаниа 975 сая доллароор үнэлүүлж, бүтээлч салбарт томоохон тэсрэлт хийлээ. Чухам ийм л шалтгаанаар бид уншигч та бүхэндээ түүний түүхийг энэхүү нийтлэлээр сийрүүлэн хүргэж байна.


АЖИЛГҮЙ БОЛСНЫ АШИГТАЙ ТАЛ

Хаби Лам буюу Хабане Лам 2000 онд Сенегалд төрж, нэг настайдаа гэр бүлийн хамт Италийн Турин хотын ойролцоох Кивассо дүүрэг рүү нүүн иржээ. Тэрээр Италийн нийгмийн халамжийн орон сууцанд өсөж торнисон, хөлбөмбөгийн тоглогч болох мөрөөдөлтэй энгийн л нэг цагаач хүү байв. Харамсалтай нь түүнд хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж хараахан тохиогоогүй юм.

Урсгалаараа хөврөн одох өдөр хоногуудад тэрээр Турин дахь нэгэн үйлдвэрт машины оператороор ажиллаж байлаа. Гэвч 2020 оны гуравдугаар сард дэлхий нийтээр цар тахал нүүрлэж ажилгүй болох нь тэр. Тухайн үед аав нь түүнийг өөр ажил хайхыг зөвлөж байсан ч Хаби өрөөндөө бүгэж, өдөрт хэдэн цагийг утсаараа бичлэг хийхэд зарцуулах болсон гэдэг. Ажил төрөлгүй болсон нь таагүй хэрэг ч цар тахлын цаг хугацаа л түүний амьдралын эргэлтийн цэг болсон билээ.

ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛГҮЙ ХОШИН КОНТЕНТ

Ажилгүй болсон Хаби TikTok дээр анхлан итали хэлээр бичлэг хийж эхэлсэн ч төдийлөн амжилт олоогүй юм. Гэхдээ тэр шилдэг санаа олж, "Юу ч ярихгүй байх" тактикийг ашиглаж эхлэв. Товчхондоо хүмүүсийн амьдралыг хэтэрхий төвөгтэй болгож буй "life hacks" буюу ахуйн зөвлөгөө бичлэгүүдийг ёжлож, энгийн гаргалгааг юу ч ярилгүй гараараа заан, нүүрний хувирлаараа илэрхийлж эхэлжээ. Олны анхаарлыг татсан хамгийн анхны бичлэг нь энэ бөгөөд ингэж л хэн ч үзээд ойлгох, хэлний бэрхшээлгүй контент нь дэлхий даяар сая сая үзэлт авах болсон юм. Ердөө 17 сар идэвхтэй бичлэг оруулсны эцэст буюу 2021 оны наймдугаар сард 100 сая дагагчтай болж чаджээ.

Улмаар 2022 оны зургаадугаар сард TikTok-д хамгийн олон дагагчтай гэгдэх Чарли Д'Амелиог гүйцэж, дэлхийн хамгийн олон дагагчтай TikTok хэрэглэгч болсон байна. Түүний амжилт нь зүгээр нэг аз биш, харин сошиал ертөнцөд энгийн байдлыг эргүүлэн авчирсных нь төлөөх шагнал байлаа. Өдгөө түүний дагагчдын тоо 160 саяыг даваад байгаа юм.



ЖИНХЭНЭ НӨЛӨӨЛӨГЧИЙН ЖИНТЭЙ АМЖИЛТУУД

Сошиалд олон дагагчтай болох нэг хэрэг. Харин тэр давуу талаа зөв тийш нь залуурдах нь өөр нэг хэрэг билээ. Гагцхүү Хаби өөрт үүссэн боломжоо өнгөлж зүлгэж чадсан ба түүний амжилтыг зөвхөн TikTok-ийн дагагчийн тоогоор хэмжих нь дэндүү өрөөсгөл юм. Тухайлбал,

Forbes: 2024 онд "Forbes" сэтгүүлийн "Дэлхийн шилдэг 10 инфлюнсер"-ийн жагсаалтад оров. Энэхүү жагсаалтад түүний олсон орлого болон олон нийтэд үзүүлэх нөлөөллийг нь үнэлж, тэрбум долларын босго руу дөхөж буйг нь албан ёсоор зарласан юм.



Hugo Boss: Тэрээр Германы алдарт Hugo Boss брэндтэй олон жилийн түншлэлийн гэрээ байгуулаад зогсохгүй Миланы загварын долоо хоногт алхаж, 2025 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон дэлхийн хамгийн нэр хүндтэй Met Gala ёслолын улаан хивсэн дээр тус брэндийг төлөөлөн гарав. Энэ бол түүнийг "High fashion" ертөнц хүлээн зөвшөөрсний илрэл байлаа.



UNICEF: 2025 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) Сайн санааны элчээр томилогдож, Сенегалын Ерөнхийлөгч Бассиру Диомай Файтай уулзсан юм. Уг томилгооны хүрээнд тэрээр өөрийн нөлөөллийг ашиглан боловсрол болон тэгш бус байдлын эсрэг төслүүдийг дэмжиж, зөвхөн инээд бэлэглэгч биш, ирээдүйг өөрчлөгч байхыг эрмэлзэж буй.


“Ядуурлаас эмээж өссөн бага нас, сургууль дээрээ өөрийн хүсэл сонирхлыг олох гэж бэдэрсэн үе, КОВИД-19 цар тахлын үеэр ажлаа алдсан хүнд өдрүүдээс эхлээд өөрийн байр суурь, амьдралын зорилгоо олсон түүх маань надад нэг зүйлийг баттай ойлгуулсан юм. Энэ нь хэрэв боломж бололцоог нь л олгож чадвал хүүхэд бүр амжилтад хүрч, өөрийгөө нээж чаддаг гэдэгт итгэсэн явдал."

Хаби Ламын Сенегалын Ерөнхийлөгчтэй уулзах үедээ хэлсэн үг

ОЛОН ДАГАГЧТАЙ КОНТЕНТ БҮТЭЭГЧЭЭС ОЮУНЫ ӨМЧ РҮҮ

Ийнхүү алдар нэр нь өсөж, олон төрлийн хамтын ажиллагаа эхлүүлэхийн хэрээр түүнд карьераа мэргэжлийн түвшинд удирдах зайлшгүй шаардлага тулгарч эхэллээ. Тиймдээ ч Хаби 2021 онд дөнгөж 100 сая дагагчтай болж, дэлхийг шуугиулж байхдаа “Step Distinctive Limited” компаниа байгуулсан ба өөрийгөө брэнд болгох анхны алхмаа хийв.

Ердөө тав хүрэхгүй жилийн дотор энэхүү компани нь тэрбум долларын үнэлгээтэй болж, Nasdaq-д бүртгэлтэй "Rich Sparkle Holdings"-д худалдагдах боломж үүссэн нь ч гайхах хэрэг биш. Үүний ардах нууц нь Multi-channel буюу олон сувгийн стратеги байсан бөгөөд тэд зөвхөн TikTok-оос хамааралтай байхыг хүсээгүй юм. Тодруулбал, тэд Хабиг Fortnite зэрэг, видео тоглоом, загварын ертөнц, кино урлаг руу системтэйгээр оруулав. Уг олон талт үйл ажиллагаа нь компанийн үнэлгээг өсгөж, улмаар Nasdaq-д бүртгэлтэй "Rich Sparkle Holdings" компанитай 975 сая долларын хэлцэл хийх боломж бүрджээ.

Сонирхуулахад, хэлцэл нь бэлэн мөнгөөр бус, хувьцаа солилцох хэлбэрээр хийгдсэн нь түүнийг тухайн компанийн томоохон хувьцаа эзэмшигч болгож буй юм.

Тэгвэл хөрөнгийн зах зээлийн тоглогч болох нь түүнд ямар ашигтай вэ?

Энэхүү хэлцлийн гол зорилго нь Хаби Ламын дүр төрхийг хиймэл оюунтай холбох явдал. Түүний "Дижитал ихэр"-ийг бүтээх бөгөөд ингэснээр 24/7 хугацаанд дэлхийн өнцөг булан бүрд, контент бүтээхээс эхлээд борлуулалтын нүүр царай болно гэсэн үг. Зургаахан жилийн өмнө ажилгүй болж, яахаа мэдэхгүй явсан залуу өнөөдөр хиймэл оюуны эрин үеийн хамгийн үнэтэй "IP" буюу оюуны өмч болж хувирсан нь энэ юм.



Дээрх хэлцлээс онцлох тоонууд:

75 сая ширхэг: Хэлцэл нь Rich Sparkle-ийн 75 сая ширхэг энгийн хувьцааг гаргах замаар хийгдэж байгаа бөгөөд ингэснээр Хаби Лам тус компанийн хяналтын багцыг эзэмшигч болж буй.

$4 тэрбум: Rich Sparkle Holdings-ийн мэдээлснээр, Хаби Ламын дагагчдын хүрээлэлд суурилсан арилжааны үйл ажиллагаа нь жилд 4 тэрбум гаруй долларын борлуулалт хийх боломжтой гэж үзэж байна.

49%: Үнэт цаасны арилжааны комиссын (SEC) мэдээллээр, Хаби компаниа нэгтгэхээс өмнө "Step Distinctive Limited"-ийн 49%-ийг эзэмшиж байсан бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн удирдах аж.


Дүгнэн хэлэхэд, цар тахлын үеэр ажлаа алдсан Сенегал залуу TikTok-ийн хаанд өргөмжлөгдөж, цаашлаад контент бүтээгчээс тэрбумтан бизнесмэн болсон түүх энэ ажээ. Өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, түүнийгээ тууштай туурвибаас гарцаагүй үр дүнд хүрдгийг өөрөөрөө үлгэрлэн харуулсан Хабигийн карьер цааш хэрхэн замнахыг хамтдаа гэрчилцгээе!