Орчин цагт чимээгүй, тайван амьдрал тансаг хэрэглээ болсон гэхэд хилсдэхгүй. Дуудлага ирэхгүй, гадаа машин сигналдаж шөнө сэрээхгүй, чив чимээгүй орчинд ажиллахыг бүгд хүснэ. Ийм ирээдүйд биднийг жаахан ч болов ойртуулсан нь дуу тусгаарлах технологи. Нэгэн цагт нисгэгчдийн хэрэглээ байсан тус технологи өнөөдөр оюутан, мэргэжилтэн, видео тоглоом сонирхогч гээд хэн бүхний зайлшгүй хэрэгцээ болжээ. 

Бид бүгд аливаад хурдан дасдагийн жамаар үүндээ хэт дасаж харин бүр эсрэгээрээ эрүүл мэндээ хохироож байгаа юм биш биз? гэх сэрдэлт төрөх нь тодорхой. Тиймээс дуу тусгаарлах технологи хэрхэн ажилладаг, түүнээс улбаалаад чихэнд сайн, муу эсэх, мөн цаашид энэ технологи хэрхэн хөгжих тухай нэгэн нийтлэл бэлдсэнийг хүлээн авна уу. 

Цаг хугацааны товьёг
 


Түгээмэл асуулт, хариулт

1. Чимээгүй ертөнцийн чилээтэй талууд юу вэ?

Байнга чихэвч зүүсээр сүүлдээ жижиг чимээг ч тэвчиж чадахаа байсан уу? Гэхдээ энэ зуршлаа яг буруу, зөв эсэхийг нь мэдэхгүй болохоор санаа зовсон ч чихэвчээ зүүсээр байна уу? Тэгвэл шинжлэх ухаан дуу тусгаарлагчтай чихэвчийг хэрхэн судалж тогтоосныг сонирхъё.

Юун түрүүнд бид дуу тусгаарлах технологи хэрхэн ажилладгийг ойлгох хэрэгтэй. Чихэвч дээрх бичил микрофонууд гадаад орчны чимээг барьж авч, түүний эсрэг фазтай (180 градусын зөрүүтэй) шинэ долгион үүсгэнэ. Ингэснээр хоёр долгион хоорондоо “огтлолцож бие биесээ дарж анир чимээгүйг бий болгодог” байх нь. Хүмүүс “дуу тусгаарлагчтай чихэвч зүүхээр чихэнд илүү их даралт ирээд байгаа юм шиг санагддаг” гэж бодох нь олонтоо. Тэрхүү чихэн дээр даралт өгч байгаа мэт мэдрэмж бол бодит даралт чихэнд өгөөд буй хэрэг биш, хүний тархи бага давтамжтай дууны долгионыг даралт хэмээн андуурч буй үзэгдэл аж.


Тэгвэл ANC чихэвч сонсголд муугаар нөлөөлөх үү?

Колорадогийн Анагаахын Их сургуулийн тайланд дурдсанаар, ANC (active noise cancellation) ашиглаж буй хүмүүс чимээ ихтэй орчинд дууны түвшнээ дунджаар 10 дБ-ээр бага тохируулдаг. Энэ нь асар том ялгаа. 85 дБ (хотын чимээ) түвшинд сонсгол 8 цагийн дараа гэмтэж эхэлдэг бол 95 дБ-т ердөө нэг цаг ч хүрэхгүй хугацаанд сонсголд аюул нүүрлэнэ. Харин ANC-гийн тусламжтайгаар хүн илүү нам түвшинд чимээг сонсож байгаа учир чих харин ч хамгаалагдана гэсэн үг.

Гэхдээ дээрх асуулт ганцхан хариулттай, амархан асуулт биш. 2023 онд “Journal of the Chinese Medical Association”-д нийтлэгдсэн туршилтаар ANC нь залуу хүмүүсийн чимээг ялгаж салгах нарийвчлалд нөлөөлдөг болохыг тогтоож байв. Харин хамгийн шуугиан тарьсан мэдээ бол 2025 оны хоёрдугаар сард “New York Post”-д нийтлэгдсэн мэдээ байсан юм. Зарим эмч ANC-гийн хэт өндөр хэрэглээг тодорхой мэдрэлийн гаралтай өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарласан юм.

Гэхдээ зарим судлаачид энэ гаргалгааг эрдэм шинжилгээний түвшинд батлагдаагүй бөгөөд урт хугацааны нарийвчилсан судалгаа л үүнийг яг таг баталж чадна хэмээн няцааж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нотолгоо байхгүй нь аюулгүй гэсэн үг биш, гэхдээ нотолгоо байхгүй нь хор хөнөөлтэй гэсэн үг ч биш гэсэн хэрэг л дээ.


2. Дуу тусгаарлагчтай чихэвчийг хамгийн ихдээ хэдэн цаг зүүж болох вэ?

Сайн мэдээ гэвэл дуу тусгаарлах технологи (ANC) өөрөө хор хөнөөлтэй биш. Харин эрсдэл нь дууг хэр чанга, хэр удаан сонсож байгаатай л холбоотой. ДЭМБ-ын тооцоогоор өнөөдөр дэлхий дээрх нэг тэрбум гаруй залуус хэт экстрим сонсох зуршлаас болж сонсголоо алдах эрсдэлтэй байна. ДЭМБ-ын зүгээс “60/60 дүрэм”-ийг барих буюу дууны түвшнээ дээд хэмжээнээс 60 хувь хүртэл бууруулж, 60 минут тутамд заавал завсарлага авахыг зөвлөж буй. 85 дБ-ийн чимээг таны чих 8 цаг тэсвэрлэж чадах бол 100 дБ (клуб, рок концертын дуу)-ийн чимээ ердөө 15 минутын дотор л чихийг гэмтээж эхэлдэг.

Харин дуу тусгаарлах технологи нь хүмүүсийг илүү нам түвшинд сонсох зуршилтай болгодог аж. Судалгаагаар ANC ашиглаагүй үед хүмүүсийн сонсох түвшин дунджаар 85 дБ байсан бол ANC ашигласан тохиолдолд 74-75 дБ болж буурсан байна. Энэ 10 дБ-ийн бууралт сонсоход бага мэт боловч дБ нь логарифмын нэгж тул дууны ачааллыг чихэнд хоёр дахин зөөлрүүлдэг гэсэн үг.

Тэгвэл ANC-тай чихэвчийг хэр удаан зүүж болох вэ? Судалгаагаар ANC-тай, дундаж хөнгөн хэмнэлтэй дуу сонсож байгаа нөхцөлд чихэвчийг өдөрт 4-6 цаг зүүх нь аюулгүй гэж үздэг. Харин зөвхөн ANC асаалттай, орчин чимээгүй үед (жишээ нь урт нислэгт эсвэл оффист) 8 цаг ба түүнээс дээш зүүсэн ч аюулгүй гэнэ. Харин гагц анхаарах зүйл бол хөгжмөө хэт чанга сонсож болохгүй.

3. Дуу тусгаарлах технологи бүхий чихэвч бүрд итгэж болох уу?

Томоохон технологийн хэрэгслийн компаниуд хамгийн сайн эд ангиудад хөрөнгө оруулдгийг үгүйсгэх аргагүй. Жишээ нь, Sony XM6 загвар нь дууг илүү өргөн хүрээнд барьж, тусгаарлахын тулд 12 микрофон, QN3 процессортой. Apple AirPods Max нь нийт 9 микрофонтой бөгөөд тэдгээрийн 8 нь зөвхөн дуу тусгаарлахад зориулагдсан байх жишээтэй. Иймээс тэдгээрийн ажиллагаа илүү жигд, хурдан бөгөөд орчны өөрчлөлтөд бодит цагийн горимоор тохируулга хийх чадвартай. Гэхдээ сүүлийн жилүүдэд яг адилхан технологийг дундаж технологийн компаниуд ч бүтээх чадвартайгаа жилээс жилд баталж буй нь JBL, Anker Soundcore, Skullcandy зэрэг брэндүүдийн хурдтай өсөлтөөс харагдана. 2024 онд хийсэн лабораторийн туршилтаар зарим дундаж үнэтэй

Эх сурвалж: The New York Times

ANC чихэвч 25-28 дБ хүртэл нам давтамжийн дууг бууруулсан нь Bose-ийн 30 дБ үзүүлэлттэй бараг дүйцэж байсан юм. Энэ бол яг л Tesla-гийн автомат жолоодлоготой машинтай Toyota-г харьцуулахтай адил: Tesla илүү гоёмсог, илүү ухаалаг байж болох ч Toyota ч мөн адил зорьсон газарт чинь найдвартай хүргэнэ шүү дээ.

Зах зээлийн тоон мэдээлэл ч энэ өөрчлөлтийг баталж байна. Mordor Intelligence-ийн тайлангаар 2025 онд дуу тусгаарлах чихэвчний дэлхийн зах зээл 20.38 тэрбум долларын үнэлгээтэй байсан бөгөөд энэ тоо 2030 он гэхэд бараг хоёр дахин өсөх төлөвтэй. Тансаг “ангиллын” гэгдэх Sony, Apple, Bose гурав зах зээлийг тэргүүлсээр байгаа ч хамгийн хурдтай өсөлт нь дундаж үнэтэй брэндүүд дээр гарч буй.

Тооны хэлээр 


Сая долларын эргэлзээ 

Тархийг тайвшруулаад байна уу? төөрүүлээд байна уу?

Дуу тусгаарлагчтай чихэвч нь тархины дуу боловсруулах чадварыг өөрчилдөг хэмээн зарим судлаачид үздэг? Энэ үнэн үү? Товч бөгөөд шударгаар хэлэхэд эрдэмтдийн эцсийн хариу хараахан гараагүй. Гэхдээ өдийг хүртэл хийгдсэн судалгааны баримтуудыг харахад ANC-ийг зөв, зохистой хэрэглэвэл тархины “дайсан” гэхээсээ илүү “туслагч” болохыг батална.

Дуу тусгаарлах технологи нь чихэнд даралт өгснөөр тархины үйл ажиллагааг сулруулдаг хэмээн эндүүрэх хандлага бий. 2022 онд хийгдсэн нэгэн судалгаанд ANC чихний хэнгэрэг хэсэгт ирэх үед бодит дууны даралт (SPL) бүх давтамжийн хамт буурч байгаа нь хэмжилтээр гарчээ. Түүнчлэн, 2024 онд ScienceDirect-д нийтлэгдсэн судалгаанд “олуулаа суудаг оффист” ANC-ийн нөлөөг туршиж үзэхэд, дуу чимээ багассанаар хүмүүсийн ажлын гүйцэтгэл, физиологийн стрессийн түвшин сайжирсан нь ажиглагдсан байна. Өөрөөр хэлбэл, ANC тархийг удирдаж буй хэрэг бус, харин анхаарлыг сарниулагч жижиг хэсгийн дууг л бага зэрэг намсгаж тусалдаг.

Тэгэхээр ANC үнэхээр тархины боловсруулах чадварыг өөрчилдөг гэдгийг батлах суурьтай нотолгоо байхгүй бөгөөд нэг талаас ANC биднийг илүү тайван байлгаж, анхаарлыг төвлөрүүлж, стресстэй тэмцэхэд тусалдаг.


Том чихэвч л илүү сайн дуу тусгаарлана биз дээ?

“Over-ear чихэвч үү? Эсвэл earbuds уу? Гурван өнцгөөс харьцуулж сонжих нь чухал: физик, лабораторийн хэмжилт, бодит амьдрал дээрх хэрэглээ.

Физикийн талаас авч үзвэл over-ear чихэвч тодорхой давуу талтай. Том earcup буюу том чихэвчний аяга, зузаан жийрэг, олон тооны микрофон нь нам давтамжийн тогтвортой чимээг дарж, онгоцны хөдөлгүүрийн дуу эсвэл галт тэрэгний чимээг илүү үр дүнтэйгээр саармагжуулдаг. Мөн аяганд бий болсон дууны давтамжийг ANC алгоритм ашиглан удирдахад хялбар байдаг.

Харин in-ear буюу earbuds нь өөр зарчмаар ажилладаг. Чихний гүнд сайтар битүүмжлэгдэн оршдог тул энэ төрлийн чихэвч нь дунд ба өндөр давтамжит чимээг барьж аван шүүдэг. Ингээд бодохоор over-ear нь илүү сайн дууг тусгаарладаг юм байна шүү дээ гэж бодогдож магадгүй.

Эх сурвалж: CNN

Гэхдээ хэмжилтүүдийг харгалзах нь бас арай өөр өнцөг харуулна. Орчин үеийн earbuds чихэвч over-ear чихэвчнээс ялгаагүй сайн дуу тусгаарлах технологитой болсныг туршилтууд баталсаар байна. Жишээ нь, Apple AirPods Pro 2 нь дунджаар 20+ дБ дууг тусгаарлах чадвартай бол зарим нөхцөлд over-ear загвартай эн тэнцүү үзүүлэлт ч үзүүлж байжээ. Туршилтад орчны чимээг 60, 70, 80 дБ түвшинд стандартчилж, чихэвчийг дахин дахин суулгаж variability буюу хувь хүний чихний хэлбэр, битүүмжлэлээс хамаарч хэрхэн дууг тусгаарлаж байгааг хэмжихэд үр дүнд нь over-ear чихэвч нам давтамжийн чанга чимээг тусгаарлахдаа сайн хэвээр байгаа ч AirPods Pro 2, Bose QC Earbuds II зэрэг сүүлийн үеийн earbuds-ууд өнөөдөр зарим over-ear загвартай ижил хэмжээнд хүрсэн болохыг баталсан байна.

Тэгэхээр зөв асуулт нь “аль нь дээр вэ?” биш, харин “ямар нөхцөлд аль нь дээр вэ?”юм . Удаан хугацаанд онгоцоор нисэх гэж байгаа бол over-ear илүү үр дүнтэй бол хотын гудмаар алхаж, өдөр тутамдаа төвлөрөхөд in-ear илүү давуу байж чадах болов уу.

Ирээдүйгээс илгээсэн захидал 

Дуу тусгаарлах чихэвчний дараагийн хувьсал

Шинэ үеийн судалгаануудаас бид дуу тусгаарлах технологийн тусламжтай юуг, яаж сонсохоо ухаалгаар удирдах боломжтой нь харагдах болсон.

Уламжлалт ANC бол цэвэрлэгчтэй адил өрөөн дэх цаад чимээ, галт тэрэгний чимээ зэрэг “шороо”-г сайн цэвэрлэнэ. Харин хүн хоорондын яриа шиг нарийн төвөгтэй “толбыг” арилгах хэцүү. Тиймдээ ч яриаг тусгаарлах нь олон судлаачдын мөрөөдөл байсаар ирсэн билээ. Жишээ нь, кафе дотор найзынхаа дууг тод сонсмоор байвч эргэн тойрны хүмүүсийн чанга яриаг намсгаж болдог бол ямар вэ?

Уг зорилтыг аль хэдийн туршсаныг энэ онд хэвлэгдсэн өгүүллээс харж болно. Энэхүү туршилтаар дууг бүхэлд нь нэг том долгион гэж үзэхийн оронд олон давтамж болгон задалж, тус бүрийг нь нарийвчлан боловсруулжээ. Ингэснээр зөвхөн орчны дуу чимээ бус, хүний яриаг ч дарах боломжтой болсон байна.

Multi-Band Mamba deep learning систем нь уламжлалт системүүдтэй харьцуулахад ердийн ANC нөхцөлд 7.2 дБ, яриа тусгаарлах нөхцөлд 6.2 дБ-ээр бууруулах чадвартай хэмээх үзүүлэлт гаргасан. Үүнийг ойлгомжтойгоор тайлбарлавал, 6 дБ-ээр дууг бууруулна гэдэг нь чихэнд сонсогдох хэмжээний чимээг бараг хоёр дахин нам болгож буй гэж ойлгож болно.