Дуучин Лана Дэл Рэй тэргүүтэй одууд огцом турж дэлхий дахиныг гайхшируулсан үетэй зэрэгцэн Ozempic (оземпик) гэх зүйл олны анхааралд өртөв. Тураадаг эм гэх сургаар толгойтой болгон оземпикийг сонирхож, нэг хэсэг оземпикийн хомсдолд орсон ч удаатай. Өнгөрсөн онд л гэхэд оземпикийг үйлдвэрлэгч компани Ново Нордискийн борлуулалт ойролцоогоор 14 тэрбум ам.долларт хүрээд амжсан.
Оземпик гэж ер нь тийм ид шидийн зүйл үү? Үндсэн зориулалт нь юу вэ? Хэрхэн ажиллаж, яаж хүний биед нөлөөлөөд байна вэ? хэмээн гайхширч, их үймээн дунд төөрч яваа танд энэхүү нийтлэл сонирхолтой, шинэ байх болов уу.
Нэр томьёоны лавлах
Оземпик (сегмалутид): энэхүү бодисын химийн нэршил нь сегмалутид брэнд нэршил нь оземпик. Хоёрдугаар төрлийн чихрийн шижинд хэрэглэдэг цусан дахь сахрыг зохицуулах үүрэгтэй бодис.
GLP-1: Гэдсэнд үйлдвэрлэгдсэн инсулины ялгаралтыг идэвхжүүлж цатгалан мэдрэмж төрүүлдэг даавар.
GIP: хоол идэх үед нарийн гэдэснээс ялгардаг даавар. Нойр булчирхайнаас инсулин ялгаруулж цусан дахь сахрын хэмжээг зохицуулснаар бидний идсэн хоолноос глюкозыг шингээхэд тусалдаг.
Инсулин: Нойр булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд цусан дахь глюкозыг эсэд шингээх замаар цусан дахь сахрын хэмжээг зохицуулдаг. Өөрөр хэлбэл цусан дахь глюкозыг энерги болгон ашиглахад тусалдаг даавар.
чихрийн шижинг ойлгох нь
2-р хэлбэрийн чихрийн шижин
Таны биеийг нэг том цахилгаан станц гэж төсөөлбөл, глюкоз нь цахилгаан (эрчим хүч) үүсгэдэг түлш гэсэн үг. Харин инсулин нь цахилгаан үүсгүүрт (биеийн эсүүдэд) хэр их түлш орж байгааг хянадаг инженер мэт ажилладаг.
2-р хэлбэрийн чихрийн шижин нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа инженертэй адил боловч түлшийг боловсруулж энерги болгох төхөөрөмжийн хавхлагууд (буюу бидний биеийн эсүүд) зууралдаж, тосолгоо дутаж, эвдрэлд орох асуудал гардаг. Инженер (инсулин) түлшийг ар араас нь шахах боловч үр дүнд хүрэлгүй, түлш ч овоорч, цаг өнгөрөх тусам инженер буюу бидний биеийн инсулин ядарч эрчим хүчний хомсдолд орно. Тиймээс станцыг хэвийн ажиллуулахын тулд гаднаас инженер авчрах хэрэгтэй. Тэр нь инсулины тарилга гэсэн үг.
GLP-1
Цахилгаан станцын түлшний урсгалыг удирддаг үндсэн инженерээс (инсулин) гадна GLP-1 (глюкагон төст пептид-1) хэмээх туслах инженер байдаг гэж ойлгож болно. Энэ туслах онцгой үүрэг гүйцэтгэдэг. Үүсгүүр хэт ачаалалтай үед түлшний хэрэглээг удаашруулж, шаардлагагүй түлшний үйлдвэрлэлийг багасгахын тулд үйлдвэрт дохио өгдөг.
Ингэснээр түлшний нөөцийг дэмий үрэлгүйгээр эрчим хүчийг үр ашигтайгаар үйлдвэрлэх боломжийг олгодог. Харин 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хувьд тэдгээр туслах инженер GLP-1 нь ажлаа үр дүнтэй хийдэггүй гэсэн үг. Зүйрлэлгүй шууд хэлбэл GLP-1 нь гэдсэнд үйлдвэрлэгдсэн инсулины ялгаралтыг идэвхжүүлж цатгалан мэдрэмжийг удаан төрүүлдэг даавар юм.
Түгээмэл асуулт, хариулт
Оземпик гэж юу вэ?
Oземпик нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинд хэрэглэдэг тарилга. Ажиллах зарчим нь их энгийн. Оземпик нь ходоодонд ялгардаг GLP-1 хэмээх дааврын үйл ажиллагааг дуурайх замаар цусны сахрыг зохицуулдаг, ингэснээр хоол идсэний дараа инсулины шүүрлийг идэвхжүүлж, цатгалан мэдрэмжийг илүү удаан төрүүлнэ.
Өмнө дурдсан шиг цахилгаан станцаар төсөөлбөл оземпик нь яг л туслах инженер шиг ажилладаг. Станцад шинэ түлш орж ирэх хурдыг удаашруулж, цахилгаан үүсгүүрт нэг дор хэт их ачаалал өгөхгүй байх тал дээр төвлөрч ажилладаг гэсэн үг. Ингэснээр цахилгаан станцыг бүхэлд нь илүү жигд ажиллуулж, илүүдэл түлш (глюкоз) хуримтлагдахаас сэргийлж, биед шаардлагатай эрчим хүчийг үргэлжлүүлэн үйлдвэрлэхэд тусалдаг.
Оземпик тураадаг тариа юу?
Угтаа оземпик нь хоёрдугаар төрлийн чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь глюкозыг хянах зорилготойгоор бүтээгдсэн. Харин 2021 онд Америкийн хүнс, эмийн захиргааны зөвшөөрөлтэйгөөр оземпикийн илүү өндөр тун болох Wegony-г худалдаанд гаргахыг зөвшөөрснөөс хойш хэт таргалалттай хүмүүст уг төрлийг зөвлөх болсон. ( )
Ингэхдээ эмч, мэргэжилтнүүд БЖИ (биеийн жингийн индекс) 30 ба түүнээс дээш байх буюу хэт таргалалттай хүмүүст эсвэл БЖИ 27 ба түүнээс дээш буюу илүүдэл жинтэй бөгөөд цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг жинтэй холбоотой эрүүл мэндийн асуудалтай хүмүүст хүмүүст хэрэглэхийг зөвлөдөг ажээ. Тэгэхээр үндсэн зорилго нь тураах биш юм?
Oземпикийг яагаад заавал тарьж хэрэглэдэг вэ?
Оземпик нь химийн бүлгийн хувьд пептид учраас ходоод гэдэсний замд хоол боловсруулах ферментийн нөлөөгөөр задралд ордог. Тиймээс амаар уулаа гэж бодоход ходоодны фермент болон хүчиллэг орчин нь бидний хэрэглэх гээд буй молекулыг цусанд шингээхээс нь өмнө задалж, үр нөлөөгүй болгоно. Үүнээс зайлсхийж оземпикийг арьсан доорх тарилга байдлаар хэрэглэдэг. Ингэснээр оземпик дэх гол бодис болох сегмалутид нь цусны урсгал руу шууд нэвтэрч, GLP-1 рецепторуудад амжилттай очиж, үйлчлэх боломжтой болдог ажээ.
Сая долларын эргэлзээ
Оземпикийг ганц хэрэглээд л турах уу?
Оземпик нь яав ч хурдан тураах арга биш юм. Хэдийгээр туршилтаар эрчимтэй жин хасдаг болох нь тогтоогдсон ч ямар ч хоолны дэглэмийн өөрчлөлт, дасгал хөдөлгөөнгүй болчихдог юм байна гэж ойлгож болохгүй. Жишээ нь оземпикийн эхний шатны туршилтаар оролцогчид жингээ их хэмжээгээр хассан боловч 68 долоо хоногийн турш анхны биеийн жингийн дунджаар 14.9 хувийг л хассан байна. Нэмж дурдахад, оземпикийг хэрэглэж байгаад зогсохдоо амьдралыгн хэв маягаа өөрчлөхгүй бол улам таргалахад хүргэдэг байж болзошгүй аж. "The Lancet" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар оземпикийг хэрэглэхээ больсон оролцогчид дараа жил нь хассан жингийнхээ гуравны хоёрыг нэмсэн болохыг тогтоожээ.
Оземпик бамбай булчирхайн хавдар үүсгэдэг үү?
Оземпик хорт хавдар үүсгэдэг эсэх нь маргаантай сэдэв хэвээр байна. Судалгаагаар оземпик нь мэрэгч амьтдад бамбай булчирхайн С эсийн хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байгааг тогтоосон. Гэхдээ үүнийг шууд хүн дээр хөрвүүлэн ойлгож болохгүй. Одоогоор хүн дээр хийсэн судалгаагаар оземпик болон хорт хавдрын хооронд тодорхой холбоо тогтоогдоогүй байгаа билээ. Гэсэн хэдий ч Америкийн хүнс, эмийн захиргаа нь оземпикийн жорын мэдээлэл дээрээ бамбай булчирхайн С эсийн хавдрын эрсдэлийн талаар анхааруулж бичсэн байдаг.
Ирээдүйгээс илгээсэн захидал
Инсулин зохицуулах ухаалаг үзэг
Энгийн инсулины тарилга нь 1985 онд худалдаанд гарч байсан бол 2016 онд ухаалаг инсулины үзгийг АНУ-ын хүнс, эмийн захиргаанаас худалдаалахыг зөвшөөрч анх “InPen” хэмээх ухаалаг үзэг худалдаалагдаж байжээ. Энгийн үзэг нь инсулин тарих цагаа өөрөө хянах, өөрөө тунгаа тооцоолох зэрэг “механик” үйл ихтэй. Харин InPen инсулин хянах ухаалаг үзэг нь хувь хүний хэрэгцээнд тулгуурлан зөв тунг тодорхойлоход тусалдаг ба хоолны цаг болон инсулин тарих цагийг сануулдаг юм.
Rybelsus эм
Rybelsus хэмээх оземпикийн эмийн хувилбар буюу амаар ууж хэрэглэх төрөл нь 2019 онд Америкийн хүн, эмийн захиргаанаас худалдаалахыг зөвшөөрчээ. Эмийн хамгийн чухал нэгдэл болох семаглютидыг хоол боловсруулах системд задрахаас сэргийлэхийн зэрэгцээ цусанд шингээх үйлдэлтэй шинэлэг технологийг боловсруулсан нь онцлууштай. Судалгаагаар тус эмийг хэрэглэж буй өвчтөнүүдийн цусан дахь глюкозын дундаж хэмжээ 1.4 хувиар буурч, 26 долоо хоногийн дараа 4.4 кг жин хассан үр дүн гарсан нь тус эмийн үйлчлэл тарилга хэлбэртэйгээ таарч байгааг илтгэж байна.
Таны мэдээгүй сонирхолтой баримт
Оземпик донтуулдаг уу? Донтолттой тэмцдэг үү?
Оземпик донтолтыг бууруулах боломжтой гэвэл итгэх үү? Сүүлийн үеийн судалгаанууд оземпик нь никотин болон архины хэрэглээг бууруулах боломжтойг харуулаад байна. Судалгаагаар GLP-1 рецептор идэвхжих нь донтолтод гол үүрэг гүйцэтгэдэг никотиноос үүдэлтэй допамины ялгаралтыг бууруулдаг болохыг туршаад байгаа юм. Тухайлбал Шведийн Готенбургийн Их сургуулийн профессор Элизабет Жерлхагийн туршилтаар харханд удаан хугацаагаар архи өгч, дараа нь оземпикээр үйлчлэхэд архины хэрэглээ эрс багассан үзэгдэл ажиглагдав. Мэдээж оземпик нь цатгалан мэдрэмж төрүүлж, идэх дуршлыг багасгадаг учраас архин дахь илчлэгээс болж ийнхүү донтохоос сэргийлдэг байж болзошгүй хэмээн таамаглаж болох юм.
Гэвч илчлэг агуулаагүй эмээр үйлчлэх туршилтаар ч мөн донтох магадлалыг бууруулж байсан нь сонирхолтой. Тухайлбал, Пенн Стэйтийн Их сургуулийн профессор Патрисия Григсон болон Флоридагийн Их сургуулийн доктор Грегг Стэнвуд хархнуудад фентанил, херойн, кокайныг өндөр тунгаар тарьсны араас мөн оземпикоор үйлчлэхэд дахин хэрэглэх нь 50 хувиар бага байгааг туршсан байна. Мэдээж хүн дээр ийм үр дүн илэрнэ гэж баталж чадахгүй ч нэн сонирхолтой сэдэв билээ.
Санал болгох ном
Magic pill - Johann Hari
Энэ оны тавдугаар сард Vox сайтад нийтлэгдсэн ярилцлагад The "Magic pill" номын зохиогч Иоханн Хари орж оземпикийн тухай хэлэлцжээ. Тэрээр Шотландын сэтгүүлч бөгөөд 2023 онд 92 кг жинтэй байсан ба жингээ хасахын тулд оземпикийг хэрэглэж эхэлсэн. Тэрээр энэ үйл явцынхаа талаар тус номыг бичсэн нь оземпикийг тойрсон сонирхолтой асуудлуудыг хөнджээ.
Ингээд уншихад оземпик гэгч нь нэгийг аваад хэрэглээд үзчихмээр сонирхолтой эд юм шиг санагдаж болох ч энэ нь асар шинэ бүтээгдэхүүн төдийгүй, шинэ судалгааны сэдэв гэдгийг ойлгох хэрэгтэй. Зорилтот хэсэгтээ буюу хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүст аврагч бүс мэт хэрэгцээтэй, үр дүнтэй эм гэдэг нь гарцаагүй. Харин хурдан хугацаанд жингээ хасахаар зэхэх хэсэг хүмүүсийн хувьд хэтэрхий эрсдэлтэй тоглоом байж болох талтай.