Одоогоос яг 17 хоногийн өмнө, зуны олимпын 33 дахь удаагийн наадам Парис хотноо амжилттай болж өндөрлөн, хүн төрөлхтнийг хагас сарын турш жаргал цэнгэл, урам зоригоор дүүргэлээ. Харин одоо хичээл зүтгэл, хүсэл тэвчээр, эр зоригийн гайхамшгийг түмэн дэлхийд таниулдаг паралимпын наадам эхлэхэд бэлэн болжээ.

Тэртээ 1960 онд Италийн Ром хотод анх зохиогдсон уг наадамд Монгол Улсын пара спортын тамирчид Сиднейн зуны олимпоос гараагаа тавьж, улмаар хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай. 

Паралимпыг ихэвчлэн олимпын наадмаас хоёр долоо хоногийн дараа зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн наадам наймдугаар сарын 28-с эхлэн 11 хоногийн турш үргэлжилнэ. Мөн Монгол Улсаа төлөөлөн спортын зургаан төрөлд, 12 тамирчин Парисыг зорьжээ. Баг тамирчдаа цэнхэр дэлгэцээрээ харахыг хүсвэл Централ ТВ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахаас гадна наадмын нээлт өнөө шөнийн 02:00 цагаас эхлэнэ. 

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ 

Паралимп нэрийн утга?

Паралимп гэдэг үгийн “пара” угтвар нь грекээр “зэргэлдээ, хажууд” гэсэн утгыг илэрхийлдэг. Учир нь Олимпын наадамтай зэрэгцэн оршдог гэсэн санааг ийн илэрхийлж буй хэлбэр.

Бэлгэ тэмдгийн утга юу вэ?

Олимпын наадмын таван цагаригийн хөх өнгө нь Европ, хар Африк, улаан Америк, шар Ази, ногоон Австрали хэмээн дэлхийн таван тивийг төлөөлдөг болохыг бид бүхэн мэднэ шүү дээ. Харин паралимпын наадмын бэлгэ тэмдгийг “Агитос” гэж нэрлэдэг. Энэ нь латин хэлээр “Би хөдөлдөг” гэсэн утгатай бөгөөд төвийг тойрсон улаан, хөх, ногоон долгионтой гурван элемент юм. Эдгээр гурван өнгө нь улсуудын төрийн далбаанд хамгийн өргөн дүрслэгдсэн гурван өнгө гэдэг утгаараа дэлхийн өнцөг булан бүрээс тамирчдыг нэгтгэж, спортын өндөр амжилт гаргахад паралимпын үүргийг онцолсон аж. Мөн эр зориг, тууштай байдал, хүсэл тэмүүллийг давхар бэлгэддэг.

Ямар хүмүүс паралимпд оролцдог вэ?

Паралимпод 10 төрлийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцдог. Үүнд:

- Булчингийн хүч чангарсан эсвэл суларч хатангиршсан
- Хөдөлгөөний хүрээ дутмаг
- Үе мөчний тайралттай
- Хоёр хөлийн урт богинын зөрүүтэй
- Одой буюу өсөлтийн гажигтай
- Гипертони (төв мэдрэлийн тогтолцоо алдагдсан) hypertonia
- Атакси (хөдөлгөөн өөрчлөгдөх хам шинж) ataxia
- Атетоз буюу тархины саажилттай
- Харааны бэрхшээлтэй
- Оюуны хомсдолтой тамчирдид оролцдог.

Монгол тамирчдын амжилтын түүхээс

Бээжин-2008 паралимпын наадамд байт харвааны төрлөөр Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Баатаржав аваргын алтан медаль хүртэж, Монгол Улсын медалийн буухиаг эхлүүлсэн түүхтэй. Түүний аварга болсон есдүгээр сарын 14-ний өдөр нь хожмоо “Монголын үндэсний паралимпын өдөр” болж, жил бүр энэхүү өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Харин буухиаг залгаж, Рио-2016-ийн дэвжээнд пара жудогийн төрөлд Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн бол Э.Содномпилжээ Рио-2016, Токио-2020 пауэрлифтингийн төрөлд хүрэл, алтан медаль дараалан хүртсэнээр монгол тамирчдын амжилтыг түүчээлж яваа билээ.

СОНИРХОЛТОЙ БАРИМТ 

Энэ жилийн наадамд 180 орны 4000 тамирчин, 22 спортын төрөлд өрсөлдөнө. Зөвхөн паралимпын наадамд л багтдаг спортын хоёр төрөл байдаг нь пара бочи болон хонхт бөмбөг төрлүүд юм.

Лондон-2012 паралимпын наадмаас эхлэн пара хөнгөн атлетик, пара триатлоны төрлүүдийн хөтөч, чиглүүлэгч болон пара унадаг дугуйн тандем дугуйн нисгэгчдэд медаль гардуулдаг болжээ.

Эх сурвалж: Paralympics

Тэргэнцэртэй газрын теннисний төрөлд өөрийн талд хоёр ойлгох боломжтой. Үүний эхний ойлт талбай дотор заавал байх ёстой бөгөөд дараагийн ойлт талбайн гадна байхыг зөвшөөрдөг. Учир нь талбайн теннисний спорт байнгын хоёр тийш явж бөмбөгөө цохих шаардлагатай тул тэргэнцэртэй тамирчдад нэг ойлтоор бөмбөгөнд хүрэх амаргүй байдаг.

Пара хөнгөн атлетикийн T12 ангилалд ганцаар эсвэл хөтөчтэй гүйхээ сонгож болдог. Учир нь энэ ангилал хараа нь таваас бага градусын радиустай, нэг метрийн зайд хөдөлж буй обьектыг таних чадвартай хүмүүс оролцдогоороо онцлогтой.

Эх сурвалж: Paralympics

Олимпын наадамд “Дүрвэгсдийн баг” гэж байдаг. Тэгвэл паралимпод ч гэсэн Рио-2016 наадмаас эхлэн “Дүрвэгсдийн баг” хоёр тамирчинтайгаар оролцож эхэлжээ. Энэ жилийн тухайд найман тамирчин, нэг хөтчийн хамт орж байгаа бол өмнөх паралимпд зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй байв.

Тэргэнцэртэй сагсан бөмбөгийн төрөлд тоглогчдыг хөгжлийн бэрхшээлийн зэргээс хамаарч 1-ээс 4,5 хүртэлх оноог өгдөг. 1 нь тухайн тоглогч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бол 4,5 нь хөнгөн зэрэгтэй гэж үзнэ. Үүний шалтгаан нь талбай дээр гарах таван тоглогчийн оноо 14-өөс хэтрэхгүй байх ёстой болохоор тэр. Хэрвээ хэтэрвэл дасгалжуулагчид техникийн алдаа өгөх дүрэмтэй юм.

ТАЙЛБАРЛАХ НЬ 

Пара бочи гэж юу вэ? (Para Boccia)

Пара бочи нь тархины саажилттай хүмүүст анх зориулан хөгжсөн бол одоо тархины хөнгөн болон хүнд хэлбэрийн гэмтэл, оюуны бэрхшээл, булчингийн хатангиршил, хөдөлгөөний бэрхшээл зэргээс шалтгаалж тэргэнцэр дээр суудаг тамирчид оролцдог болжээ. Эрүүл мэнд, биеийн байдал, өвчнөөс хамааран BC1, BC2, BC3, BC4 гэж үндсэн дөрвөн ангилалтай. Эрүүл мэндийн байдлаас хамаарч, тоглолтын явцад нэмэлт хэрэгсэл хэрэглэдэг.

Бочиг ганцаарчилсан, хосын болон гурван хүний багаар тоглодог. Багийн төрөлд хүйс хамаардаггүй онцлогтой. Талбайн хувьд 6:12,5 метртэй тэгш өнцөгт дотор тоглох ба жак бөмбөг гэж нэрлэдэг 270 граммын жинтэй савхиар хийсэн цагаан бөмбөгийг хэн түрүүлж шидэхээ зоосоор шодож шийднэ. Улмаар багууд өөрсдөд нь байгаа улаан, хөх өнгийн зургаан бөмбөгөө ээлжлэн шидэж, жак бөмбөгт хамгийн ойрхон байрлуулж чадсан нь тоглолтын эцэст ялдаг дүрэмтэй.


Хонхот бөмбөг гэж юу вэ? (Goalball)

Маш энгийнээр гурван хүний дундаа торгүй гар бөмбөг(волейбол) гэж ойлгож болно. Гэхдээ бөмбөгөө заавал газраар явуулах бөгөөд өнхрүүлэх, ойлгож шидэх дүрэмтэйгээс гадна хамгаалах довтлохдоо урагш явалгүй байрнаас тоглодог. Талбайн хувьд 9 метрийн өргөн, 18 метрийн урттай. Гурван тоглогчийн яг ард 1.,3 метрийн өндөртэй хаалга байх ба гоол алдахгүй хаах, эсрэг багтаа гоол оруулах байдлаар тоглодог. Энэ спортыг харааны бэрхшээлтэй тамирчид тоглодог учраас бөмбөгөн доторх хонхны чимээгээр бүх зүйлсээ мэдэрдэг. Ямар ч тохиолдолд нүдний хаалт зүүх ёстой болохоор энгийн хүмүүс ч гэсэн тоглох боломжтой спорт гэдгээрээ онцлог.


ГАЙХАМШИГ БҮТЭЭГСЭД 

Боломжгүй зүйл гэж үгүй

Дэлхий нийт ширээний теннисний цохиурыг зөвхөн гараараа барьдаг гэж ойлгодог шүү дээ. Тэгвэл энэ уламжлалт сэтгэхүйг эвдэж хоёр гаргүй хэр нь амандаа цохиураа зууж тоглодог хүн бол Египет улсын тамирчин Ибрахим Хамато юм. Тэрээр галт тэрэгний ослоос үүдэн 10 настайдаа гаргүй болсны улмаас ширээний теннисээр хичээллэж чадахааргүй болсон ч гурван жилийн дараа цохиураа амандаа зуун тоглодог болжээ.

Үүгээр ч зогсохгүй пара ширээний теннисний төрөлдөө Египет Улсын аварга, Африк тивийнхээ хошой мөнгөн медалийн эзэн болсон амжилттай. Өнгөрсөн хоёр удаагийн паралимпод амжилттай оролцсон тэрээр харамсалтай нь Парис-2024-т оролцоху эрхээ авч чадаагүй байна. Хэдий энэ наадмыг өнжиж байгаа ч түүний хичээл зүтгэл олон мянган хүний гайхширлыг төрүүлсээр байгаа билээ.

Эх сурвалж: ESPN

Ихэр аваргууд

Ихэр жүдочид нэг паралимпын наадамд хоёул тус тусын жиндээ аварга болж алтан медаль хүртсэн түүх бий. Энэ бол Германы эгч дүү ихрүүд болох Кармен Бруссиг, Рамона Бруссиг нар. Тэд Лондоны паралимпын -48 кг, -52 кг жинд түрүүлсэн нь спортод гардаггүй ховор тохиолдлыг бүртгүүлжээ. Сонирхуулахад, пара жүдогийн төрөлд зөвхөн харааны бэрхшээлтэй тамирчид оролцдог.

Эх сурвалж: Insidethephotos

Эргэн ирэлт

АНЭУ-ын пара пауэрлифтингийн тамирчин Мохаммед Хамис Халаф паралимпаас хоёр алт, нэг мөнгөн медальтай. Анх тэрээр 2004 онд паралимпын наадмын улсынхаа анхны алтан медалийг 82,5 килограммын жинд гардаж байв. Полио вирусээс үүдэж, хөлийн саажилттай болсон тэрээр үүнээс хойш тогтмол паралимпод оролцож байсан ч зөвхөн Бээжингийн наадамд л мөнгөн медаль хүртсэн юм.

Гэхдээ анхны түрүүнээс 12 жилийн дараа буюу Риогийн наадамд, 90 килограммын жинд дахин аварга болж, эргэн ирэлт хийсэн нь спортын түүхэн дэх гайхалтай мөчүүдийн нэг билээ. Түүнийг 2016 онд аварга болж байхад Монгол улсаа төлөөлөн Э.Содномпилжээ хүрэл медаль авч, медалийн тавцанд хамтдаа зогсож байв.

Эх сурвалж: Khaleej Times

Тэргэнцэртэй туялзуур сэлмийн гайхамшиг

Менингит өвчнөөс болж дөрвөн мөчөө тайруулсан ч тэргэнцэртэй туялзуур сэлмийн төрөлд паралимпын наадмын хошой аварга байдаг гэвэл та итгэх үү? Тэр хүн бол Бебе Вио нэрээр алдартай итали бүсгүй Беатрис Вио юм.

11 настай байхдаа аминд хүрэх аюултай менингит буюу тархины халдварт өвчнөөр өвчилж, эмч нар түүний хөл гарыг нь тайрахаас өөр аргагүй болсон түүхтэй. Гэхдээ тэрээр бууж өгөлгүй тусгай хэрэгсэл ашиглан, туялзуур сэлмээр хичээллэснээс гадна 2010 онд анхны тэмцээндээ оролцож эхэлсэн байна. Түүний энэ хичээл зүтгэл гайхамшигтай амжилтад хөтөлж 2016, 2020 оны наадмын дараалсан аваргын титмийг түүнд авчирчээ.

Эх сурвалж: Olympics

Олимп, Паралимпын медалтай эрхэм

1988 оны зуны олимпоос туялзуур сэлмийн төрлөөр Унгар улсаа төлөөлж Пал Секерес хүрэл медаль хүртэж байлаа. Гэвч 1991 онд тэрээр автобусны осолд орсны улмаас тэргэнцэр дээр суухаас өөр аргагүйд хүрсэн юм. Тэрээр тусгай хэрэгцээт нэгэн болсон ч туялзуур сэлмийн спортоо орхилгүй Барселоны паралимпд оролцож, аваргын алтан медалийг хүртсэн түүхтэй. Үүгээр ч зогсохгүй 1996 оны Атлантагийн наадмаас хоёр алт, 2000, 2004, 2008 оны наадмаас гурван хүрэл медальтай нэгэн юм.

Эх сурвалж: Paralympics

ИРЭЭДҮЙГЭЭС ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ 

Токио-2020 паралимпаас эхлэн спортын хоёр төрөл нэмэгдсэн нь Бадминтон, Таеквондо юм. Тэгвэл Лос Анжелес-2028 паралимпод одоогийн байдлаар пара спорт авиралтын төрлийг нарийвчилсан үнэлгээ хийн Олон улсын Паралимпын Хороо баталжээ.

Үүгээр ч зогсохгүй одоогийн байдлаар паралимпод оруулахаар мэдүүлгээ илгээсэн 10 спорт байгаагийн дотор гар барилдаан, гольф, карате, пара бүжгийн спорт, тэргэнцэртэй гандбол, пара элсний гар бөмбөг, Тархины саажилттай хөл бөмбөг, серфинг, дарвуулт завины төрлүүд багтаж байна.