Спорт хүн төрөлхтний эв санааны ирт бамбай нь болж нэгэн дээвэр дор цуглуулж эхэлснээс хойш нэгэн зуун өнгөрчээ. Цар тахлын улмаас нэг жил хойшилж, 2021 онд зохион байгуулагдсан зуны Олимпын наадам цаг хугацааны зөв гольдролдоо орж, 33 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Гурав дахь удаагаа Парис хотод болж буй энэ удаагийн Олимп Монгол тамирчдын оролцож буй 15 дахь наадам бөгөөд спортын есөн төрөлд өрсөлдөх 33 тамирчин Францын нийслэлийг зорьсон билээ.
Наадмын нээлтийн ёслолыг өнөө шөнө 01:25 цагаас Централ ТВ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна. Мөн Олимпын наадмын үеэр олон үндэстний өв соёл, ондоошлыг таниулан сурталчлах соёлын арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ үеэр манай орон ч мөн үндэсний хэв шинж, ёс заншлыг таниулахаар Mongolia House-ыг сүндэрлүүлэх аж.
Парисын энгэрт сүндэрлэх “Mongolia House”-ийн тухай таны мэдэх ёстой 3 зүйл

түгээмэл асуулт, хариулт
Олимп болох хотыг хэрхэн сонгодог вэ?
Олимп зохион байгуулах хотуудыг эртнээс товлодог бөгөөд ихэвчлэн дараагийн хоёроос гурван хотыг хэдийн тодруулсан байдаг. Жишээлбэл, 2028 оны зуны Олимп АНУ-ын Лос Анжелес хотноо зохиогдох бол 2032 оных Австралийн Брисбен хотод зохион байгуулагдах нь тодорхой болжээ.
Олимпын эрх авахаар нэр дэвшиж буй хотууд зохион байгуулах төлөвлөгөөг Олон улсын Олимпын хороонд (ОУОХ) хүргүүлдэг. Улмаар Олимпын хороо нэр дэвшигч хотуудын материалыг хянаж, шаардлага хангасан хотуудыг тодруулан хорооны гишүүн орнуудын дунд нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хот нь зохион байгуулах эрхтэй болдог.
Олимпын бэлтгэл ажлыг хэрхэн хангадаг вэ?
Дэлхийн сонор, мэлмийд хүрэх наадмыг зохион байгуулна гэдэг чамгүй нүсэр ажил тул нэн түрүүнд зохион байгуулах ерөнхий хороог байгуулж, олон мянган хүний оролцоотойгоор хийж гүйцэтгэдэг. Товчхондоо:
- Зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гаргаж, тэмцээн явагдах байгууламжуудыг сонгон засварлах эсвэл барих ажлыг эхлүүлнэ.
- Шаардлагатай тоног төхөөрөмж, зам талбай гэх мэт техникийн бэлтгэл ажлыг хангана.
- Тамирчид, албаны хүмүүсийн байрлах байр, хоолны газар, үйлчилгээний төвүүдийг байгуулна.
- Шууд дамжуулалтын студи, техникийн өрөө, харилцаа холбооны системүүдийг суурилуулна.
- Хяналтын камерууд суурилуулж, цагдаа, цэргийн хүчний бэлэн байдлыг хангана.
- Зочид, тамирчид, үзэгчдэд зориулсан тээврийн хэрэгслийг бэлтгэнэ.
- Үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулах дэд бүтцийг бэлтгэнэ.


Олимпод оролцох эрхийг хэрхэн авдаг вэ?
Эхний ээлжинд тамирчид тухайн спортын төрөлдөө тив, бүс, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн байх шаардлагатай бөгөөд олимпын эрх олгох тэмцээнүүдэд оролцож, Олон улсын Олимпын хорооны гаргасан журмын дагуу оноо цуглуулж, оролцох эрхээ баталгаажуулдаг.
Олимпын наадамд хэр хэмжээний төсөв зарцуулдаг вэ?
Оролцогч орнуудын тоо, зохион байгуулалтын цар хүрээ тэлэн нэмэгдэхийн хэрээр төсөв өсөх нь гарцаагүй. 2012 оноос хойших Олимпууд 15-24 тэрбум ам.долларын төсөвтэй байсан бол энэ удаагийн Олимп 8-10 тэрбум ам.долларын төсвөөр бүтэж буйгаараа онцлог. Наадамд зориулан шинэ бүтээн байгуулалт босгохоос илүүтэйгээр түр байруудыг ашиглаж төсвийн хэмнэлт гаргаж буй нь энэ юм.
Лос Анжелес-1984 Олимп 250 сая ам.долларын ашиг олсон нь Олимпын 100 жилийн түүхэнд анхны ашигтай ажилласан Олимп нь энэ юм. Үүнээс хойших Олимпуудын ихэнх нь ашиг олж байсан ч алдагдалтай ажилласан тохиолдол ч цөөнгүй бий. Тодруулбал, цар тахлын дараах Токио-2021 долоон тэрбум ам.доллар, Рио-де-Жанейро-2016 хоёр тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн.

сая долларын эргэлзээ
Олимпын бүтээн байгуулалтын явцад байгаль орчин сүйддэг үү?
Бараг бүхий л Олимпод зориулж шинэ бүтээн байгуулалт барьдаг бөгөөд ихэнх тохиолдолд ой модыг олноор огтолж, гол усны экосистемийг доройтуулж, ай савыг сүйтгэх хор хөнөөл учирдаг. Зохион байгуулагч орны эрх баригчид байгаль экологийг нөхөн сэргээх ажлуудыг хийж гүйцэтгэдэг ч нэгэнт сүйдсэн ай сав, ой моддыг дахин сэргээхэд бэрх бөгөөд зөвхөн тун яаралтай арга хэмжээ авснаар сэргэх боломжтой байдаг. Гэвч ихэнх тохиолдолд байгаль орчныг сэргээх ажил хангалттай хэрэгжиж чаддаггүй хэмээн экологичод үздэг.
Дэлхий даяар эвсэн нэгдэж чаддаг уу?
Энэ нь мөн л маргаантай сэдэв. Жижиг улсууд санхүүгийн асуудлаас үүдэн оролцож чаддаггүй бол Олон улсын дипломат харилцааны маргаантай байдаг Хойд Солонгос Улсад Олимпын үүд хаалттай байдаг. Дайн, улс төрийн үймээн зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим том гүрний эрхийг хааснаар оролцогч орнуудын тоо цөөрөх тохиолдол ч гарч байв.
ирээдүйгээс илгээсэн захидал
Илүү олон спортын төрөл
Токио-2020 Олимпоор 3х3 сагсанбөмбөг, скейтборд, серфинг, спорт авиралт, дугуйн BMX чөлөөт үзүүлбэр, налуу замын дугуйн буухиа зэрэг төрлүүд нэмэгдсэн. Харин энэ жилийн байдлаар Олимпын хамгийн залуу төрөл бол чөлөөт бүжиг (break dance). Мөн 2025 оноос эхлэн Olympic Esports Series нэрийн дор и-спортын төрлүүд нэмэгдэнэ.
таны мэдээгүй сонирхолтой баримт
Олимпын медалийг урлах нь
Олимпын медаль нь тухайн жилийн загвараас шалтгаалан хэмжээ нь харилцан адилгүй байдаг ч дунджаар 12мм-ийн зузаантай, 10см-ын диаметртэй, 450-556гр жинтэй байдаг. Алт, мөнгөн медалыг хийхэд 525гр мөнгө ордог бол хүрэл медалийг хийхэд 460гр мөнгө ордог. Мөнгөн бэлдмэлүүд бэлэн болмогц алтан медалийг алтаар, хүрэл медалийг хүрлээр бүрнэ. Түүний дээр нь хээ угалз, Олимпын бэлгэ тэмдгийг урладаг. Тус медалиуд хазах, үнсэх, оргилуун дарсаар угаах зэрэг янз бүрийн сорилтод орох нь гарцаагүй тул гаднын нөлөөллийг үл ажрахуйц болгохын тулд поликарбонатын уусмалаар өнгөлнө. Ийнхүү нэг медалийг хийхэд 18 цаг шаардлагатай. Харин хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын медаль арай олон шат дамжлагатай байдаг тул паралимпын медалийг хийхэд 20 цаг шаардагдах ажээ.
Олимпын бэлгэдлийг тодорхойлох нь
Францын график дизайнер Сильвен Бойер энэ удаагийн Олимпын бэлгэ тэмдгийг зохион бүтээжээ. Ингэхдээ Марианна гэх эрх чөлөө, тэгш эрхийг илэрхийлдэг, Францын үндэсний бэлгэ тэмдгийг шингээсэн. Энэ нь өөр нэг утгаараа Парис-1900 Олимпод анхлан оролцож байсан эмэгтэй тамирчдад хүндэтгэл үзүүлж буй явдал юм. Уг бэлгэ тэмдгийг наймдугаар сарын сүүлчээр зохион байгуулагдах паралимпад мөн ашиглах ба ингэснээр хоёр наадамд ижил бэлгэ тэмдгийг хэрэглэх анхны тохиолдол болж байна.
Олимпыг шууд дамжуулах нь
Олон улсын Олимпын хороо зохион байгуулагч хотыг сонгосны дараа тус наадмыг шууд дамжуулах эрхийг олгох тендер зарладаг. Мэдээж дэлхийн томоохон телевиз, мэдээллийн агентлагууд энэхүү эрхийн төлөө өрсөлддөг ба ОУОХ нь тухайн телевизийн санхүүгийн чадавх, техникийн хүчин чадал, туршлага, нэвтрүүлгийн чанар зэргийг харгалзан үзэж эрх олгох эсэхээ шийддэг.
Шууд дамжуулах эрхийг ихэвчлэн нэг компанид өгдөг боловч заримдаа хэд хэдэн компани хамтран эзэмших тохиолдол ч бий. Тухайлбал, Токио-2020 Олимпыг Японы NHK, АНУ-ын NBC, Их Британийн BBC зэрэг компаниуд хамтран дамжуулсан.
Парис-2024 Олимпод оролцож буй монгол тамирчдадаа амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

