Ес эхлэхэд сар гаруйн хугацаа дутуу ч гадаах цаг агаар нэмэх градусыг зааж буй энэ үед бидний ярианы сэдэв аль хэдийнээ утаа руу шилжиж, энэ жил ахин өөрсдийгөө болон хүүхдүүдээ хэрхэн хамгаалах вэ гэдэгт санаагаа чилээж эхэлжээ. Үнэхээр л дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улсын иргэд бид ингэж санаа зовохоос ч өөр аргагүй. Гэхдээ утааны улиралд аль маскийг сонгох, хэрхэн зөв зүүх гэдгээс эхлээд олон асуултыг нэг бүрчлэн судлаад суух зав бидэнд тэр бүр байхгүй. Тиймээс масктай холбоотой эргэлзээ, асуултуудыг тань тайлж, ер нь аль маскийгсонгох нь зөв бэ? хэмээх хамгийн энгийн хэр нь чухал асуудалд бага ч болов чиглүүлэг болохуйц нийтлэлийг бэлтгэлээ.

Түгээмэл асууулт, хариулт
Агаар дахь бохирдлыг хэрхэн ангилдаг вэ?
Агаар дахь бохирдлыг ихэвчлэн түүний хэсгүүдийн хэмжээ, химийн бүтэц зэргээр ангилдаг. Бохирдлыг "PM" буюу "particulate matter" хэмээх нэгжээр хэмждэг ба тэдгээрийг микроны хэмжээгээрээ ялгаатай. Жишээлбэл, PM10 гэдэг нь 10 микрометр буюу хүний үснээс ойролцоогоор долоо дахин дахин жижиг хэсгийг хэлнэ. Харин PM2.5 буюу 2.5 микрометрийн хэмжээтэй тоосонцор нь агаарын бохирдлын хамгийн жижиг, хамгийн аюултай хэсгүүдийн нэг бөгөөд уушгинд илүү гүн шингэж, цаашилбал цусанд хүртэл нэвчих чадалтай тул эрүүл мэндэд нэн хортой. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр, PM2.5 хэмжээтэй тоосонцор агуулсан агаарын бохирдол нь дэлхий даяарх эрт нас баралтад нөлөөлдөг гол дайснуудын нэг. Судалгаанаас үзэхэд, жилдээ ойролцоогоор долоон сая хүн гадаад орчны агаарын бохирдол, ялангуяа PM2.5 тоосонцроос үүдэлтэй өвчний улмаас амь насаа алддаг аж.
Агаарын чанарын индекс болон PM2.5 гэж юу вэ?
Агаарын чанарын индекс (AQI) нь бидний амьсгалж буй агаарыг хэр хортойг илтгэдэг тоон үзүүлэлт. AQI нь 0-500 хүртэлх тоогоор хэмжигддэг ба үүнийг харгалзан өнгөөр илэрхийлдэг. 0-50 нь "цэвэр" бол 300-аас дээш байх нь "маш аюултай" ангилалд багтдаг байх жишээтэй. AQI нь агаарын бохирдлын түвшнийг хүн амд ойлгомжтой байдлаар хүргэхэд тусалдаг бол PM2.5 нь хэр нарийн хэмжээтэй тоосонцор агаарт буйг харуулдаг. Жишээлбэл, манай улсад PM2.5-ийн ялгарлын 70 хувь нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухтай холбогдох бол үлдсэн хувь нь цахилгаан станц, автомашин болон аж үйлдвэрээс ялгардаг байна.

Утааны маск дээрх үсгэн болон тоон тэмдэглэгээг хэрхэн унших вэ?
Маскууд дээрх урд талын үсгэн тэмдэглэгээ нь ямар төрлийн бохирдлыг шүүх вэ гэдгийг харин арын тоо нь тухайн бохирдлын хэдэн хувийг нь шүүж чадах вэ гэдгийг илтгэдэг. Жишээ нь N95 нь нарийн ширхэгтэй тоосонцрын 95 хувийг шүүж чаддаг тул PM2.5 болон түүнээс том хэмжээтэй тоосонцор, бохирдлыг шүүх хүчин чадалтай.
Харин N99 болон N100 маскууд 99 болон 99.97 хувьхүртэлх нарийн ширхэгтэй тоосонцрыг шүүдэг учраас илүү өндөр хамгаалалттай байхжишээтэй. Үүнийг мэдсэн ч заримдаа маск дээрх үсгүүд хоёр заримдаа бүр гурван үсэг байдаг нь улс улсын стандартаас хамааралтай ажээ. Тухайлбал N тэмдэглэгээг дийлэнхдээ нь АНУ-д ашигладаг бол KN нь БНХАУ-ын стандарт юм. Аль улсынх гэдгээр нь ялгаж байгаа болохоос шүүлтийн чадамжийг ард талын тоо нь илэрхийлнэ гэсэн үг. Харин FFP нь Европын Холбооны стандарт бөгөөд FFP1 маск нь N95 масктай, FFP2 нь N95- аас N99-ийн хооронд, харин FFP3 нь N99 стандарттай тэнцдэг.
N цуврал: Энэ төрлийн маскууд (N95, N99) нь тосон бус бохирдол буюу тоос, тоосонцор, утаа, вирус, бактери зэргээс хамгаална хэмээн ойлгож болно.
P цуврал: Энэ төрлийн маскууд нь тосон суурьтай бохирдолд ч тэсвэртэй тул химийн будаг ашиглаж байгаа нөхцөлд эсвэл химийн туршилт хийж байгаа ашиглах нь элбэг.
R цуврал: N цувралаас илүү өндөр хамгаалалттай бөгөөд тосонд суурилсан бүх төрлийн бохирдлыг шүүж чаддаг. Тухайлбал, пестицид, шүршдэг будаг зэрэг барилга, үйлдвэрийн бохирдолтой нөхцөлд ашиглах боломжтой. Гэхдээ найман цагаас илүү удаан зүүж болохгүйг анхаараарай.

Таны мэдээгүй сонирхолтой баримт
Таны мэдээгүй сонирхолтой баримт
Утааны маскийн нүүрэнд таарах байдал илүү чухал гэдгийг мэдэх үү?
Чанартай шүүлтүүртэй ч гэсэн маскийн ирмэг орчимд зай завсар гарвал бохирдол шууд амьсгалын замаар нэвтэрч, маскийн үр нөлөө буурах сөрөг талтайг мэдэх үү? Судалгаагаар нүүрэнд сайн таарсан маскууд сулхан таарснаас хамаагүй илүү үр дүнтэй шүүдэг болохыг баталсан бөгөөд тохируулгатай хамрын хавчаар, суналттай оосор зэрэг нь бидний бодсоноос ч илүү чухал байх нь. Зарим материал, тухайлбал цахилгаан статик шүүлтүүр нь багахан статик цэнэг ашиглан нарийн тоосонцрыг татдаг тул илүү их бохирдлыг шүүдэг. Гэтэл таны зүүсэн маск нүүрэнд тань томдож эсвэл багадаж байвал энэ үзүүлэлт нь үр дүнгүй гэсэн үг.
Утааны маск бохирдлыг яаж шүүдэг вэ?
Ихэнх утааны маскууд нь бохирдлыг шүүх олон давхаргатай шүүлтүүрийн системтэй байдаг. Эдгээр давхаргад идэвхжүүлсэн нүүрстэй давхарга, нэхээсгүй материал, цахилгаан статик шүүлтүүр зэрэг материалууд багтдаг. Гаднах давхарга нь ихэвчлэн том хэсгүүдийг хааж, дотоод давхаргууд нь PM2.5 болон нарийн тоосонцрыг шүүдэг. Судалгаагаар ийм олон давхаргатай бүтэцтэй маскууд нь тохиромжтой нөхцөлд 70-95 хувь хүртэл тоосонцрыг шүүж чаддаг болохыг харуулсан.
Цахилгаан статик давхарга нь багахан статик цэнэгээр тоосонцрыг татаж, шүүхэд нөлөөлдөг. Энэ цэнэг нь механик шүүлтүүрээр дангаараа барихад хэцүү 2.5 микроноос бага тоосонцрыг шүүхэд тусалдаг. Зарим илүү өндөр шүүлтүүртэй маскууд нэмэлт идэвхжүүлсэн нүүрстөрөгчийн шүүлтүүртэй байдаг бөгөөд энэ нь тоосонцроос гадна хийн бохирдлыг шүүдэг онцлогтой.
Гадаад давхарга: "Бие хамгаалагч"
Энэ давхарга нь тоос, тоосонцор болон бусад том нүдэнд харагдахуйц бохирдлыг хааж, хамгаалалтын эхний шугам болж ажилладаг. Энэ хэсгийг бүдүүн ширхэгтэй, нягт нэхмэл материалаар хийдэг. Энэ хэсэг яг л бие хамгаалагч шиг нүдэнд харагдахуйц бохирдлыг шүүж, дотогш хэт ачаалал үүсэхээс сэргийлэх үүрэгтэй юм.
Дунд давхарга: "Соронзтой урхи"
Харин уг давхарга нь нарийн ширхэгт тоосонцор, ялангуяа PM10 болон PM2.5-тай бохирдлыг шүүдэг. Энэ төрлийн бохирдол илүү жижиг хэмжээтэй учраас гаднах давхаргын бие хамгаалагчид тэднийг зогсоож хүчрэхгүй. Тиймээс соронз мэт жижиг хэсгүүдийг татаж, барих зориулалт бүхий электростатик материалыг уг давхаргад ашигладаг. Агаар дахь ихэнх тоосонцор бага зэргийн цэнэгтэй байдаг. Тиймээс утааны маскийн энэ давхарга ч мөн адил бага зэргийн цахилгаан цэнэгтэй байж гэмээнэ энэ төрлийн бохирдлыг шүүж чадна гэсэн үг. Энгийнээр бол, зурагтын дэлгэцэн дээр маш хурдан тоос тогтдогтой ижил зүй тогтол өрнөдөг.
Хамгийн нарийн давхарга: Химийн шүүлтүүр
Харин энэ давхарга нь дэгдэмхий органик нэгдлүүдийг шүүдэг. Уг давхарга ихэвчлэн идэвхжүүлсэн нүүрс агуулдаг бөгөөд сүвэрхэг бүтэцтэй байдаг тул яндан, утаа, үйлдвэрээс үүсэх утаа, бохирдол эдгээр бичил нүхэнд шүүгдэж үлддэг.
САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ
Аль утааны маскийг сонговол дээр вэ?
2018 онд Их Британийн Эдинбург хотод БНХАУ-д үйлдвэрлэсэн есөн төрлийн утааны эсрэг маскыг харьцуулан туршжээ. Туршилтаар эдгээр маскууд дизель түлшний утаа, тортог, PM2.5 хэмжээтэй нарийн тоосонцрыг шүүх чадвартай эсэхийг шалгасан байна. Үр дүнд нь есөн маскаас найм нь 91 хувиас дээш бохирдол шүүж чадсан бөгөөд Yimeijian, 3M9322, 3M9502 маскууд хамгийн сайн шүүсэн бол Gucheng болон Yi Jie маскууд харьцангуй муу үзүүлэлттэй байж.

Туршилтын дараагийн шатанд шүүлтүүрийн хүчин чадал, загвар зэргийг үндэслэн дөрвөн маскийг сонгон сайн дурын ажилтнуудад өдөр тутам хэрэглүүлжээ. Туршилтын үр дүнд, маск бохирдлыг хангалттай хэмжээнд шүүхэд нүүрний хэлбэр болон хөдөлгөөн ихээхэн нөлөөлдөг болохыг ажигласан байна. Жишээ нь, 3M9322 маск шүүх чадвар өндөртэй ч хүн толгойгоо хөдөлгөх, маскаа нугалах төдийхөнд утаа, агаарын бохирдолд өртөж байгаа нь маск зүүх ач холбогдол, үр дүнг бууруулж байсан юм.
Туршилтаар хамгийн сайн маскны бохирдлын нэвчилт 2.3 хувь байсан бол хамгийн муу маск 61 хувийн нэвчилттэй байжээ. Энэ үр дүнгээс утааны маск үр дүнтэй ажиллахын тулд нүүрний хэлбэрт сайтар тохирч, хөдөлгөөнд төгс зохицсон байх нь материал болон шүүлтүүрийн чанартай эн тэнцэхүйц чухал болохыг харж болох нь.
Утааны эсрэг өндөр хамгаалалттай маск амьсгалын замд саад учруулдаг уу?
Харамсалтай нь тийм. Судалгаагаар N95 маск нь амьсгалын замд хүндрэл учруулах эрсдэлийг 8-15 хувиар нэмэгдүүлэх боломжтой бөгөөд маскийг удаан хугацаанд зүүж байгаа тохиолдолд хүчилтөрөгчийн багтаамжид ч мөн бага зэргийн нөлөө үзүүлдэг байж болзошгүйг баталжээ. Тиймээс амьсгалын замын өвчтэй хүмүүс эсвэл биеийн тамирын дасгал хийж байхдаа аль болох маск зүүхгүй байхыг зөвлөж байна.

Маск нь олон давхаргатай байх тусам амьсгалын замд тодорхой хэмжээний саад учруулж байдгийн санууштай. Тухайлбал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хүрээлэнгийн (NIOSH) судалгаагаар идэвхжүүлсэн нүүрс бүхий маскууд агаарыг хамгийн сайн шүүдэг хэдий ч агаарын урсгалд саад учруулж болзошгүйг тогтоосон байдаг.
Сайн мэдээ дуулгахад, сүүлийн үед эрдэмтэд илүү дэвшилтэт шүүлтүүрийн материалыг боловсруулахаар ажиллаж байгаа гэнэ шүү. Тухайлбал, нано технологийн тусламжтай хүний үснээс 100 дахин нимгэн утас боловсруулж, фильтер бүтээхээр ажиллаж байгаа юм.
Ирээдүйгээс илгээсэн захидал
Шүүлтүүрээ өөрөө цэвэрлэх технологитой утааны маск
Сүүлийн үед өөрийгөө цэвэрлэх шүүлтүүрийн технологи бий болж, маскийн удаан эдэлгээ ба хэрэглээний тав тухыг нэмэгдүүлэх зорилгоор гарч ирж байна. Зарим өндөр технологитой маскууд нь хэт ягаан туяаны ариутгал, ионжуулах зэрэг шүүлтүүрийн гадаргуу дээрх бохирдлыг саармагжуулах онцлогтой болж, шүүлтүүрийн ашиглалтын хугацааг уртасгах боломжийг бүрдүүлж байна. Жишээ нь, LG зэрэг компаниуд бактери устгах болон вирусийг идэвхгүйжүүлэх UV ариутгагчтай маскуудыг худалдаанд гаргасан боловч бохирдлыг нэмэлтээр шүүхээс илүүтэй ариун цэврийгхангахад илүүтэй зориулагдсан.

Хэт ягаан туяаны технологи нь UV-C гэрлээр маскийн дотоод гадаргууг туяаруулж, бактери, вирус, зарим органик бохирдлыг задлах үйлчилгээтэй. Энэ технологи нь тогтмол цэвэрлэгээ хийх боломжгүй орчинд ашиглахад тохиромжтой боловч шүүлтүүрийг солих шаардлагатай хэвээр байгаа юм. Харин ионжуулах технологитой маск нь тоосонцруудыг хялбархан шүүхийн тулд бохирдлын жижиг молекулыг бөөгнөрүүлдэг.
Өөрийгөө цэвэрлэх үйлдэлтэй маск илүү тухтай ч өмнөх маскийн шүүлтүүрээс тийм ч их ялгардаггүй. Дээрээс нь бүх бохирдол UV ариутгал эсвэл ионжуулалтад амархан хариу үйлчлэл үзүүлдэггүй, ялангуяа PM2.5 гэх мэт нарийн тоосонцрууд. Мөн энэ төрлийн маск нь нэмэлт давхаргатай учраас амьсгалахад саад учруулах магадлал өндөр.

Сэтгэгдэл бичих (4)


D DR. MANIPAL 102.89.83.203
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө MANIPAL улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг MANIPAL эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол MANIPAL эмнэлэгтэй [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
Х Хаку 202.131.245.154
Энэ LG-н маск Монголд зарагдаж байсан. Үнэтэй болохоор авах үгүйгээ шийдэж чадахгүй л байгаад. Unread дээр байгаа болохоор авдаг ч юм билүү гэж бодлоо
И Иргэн 202.126.91.138
Олон зүйл мэдэж авлаа. Нэг удаагийн амны хаалт хэр нөлөөтэй, маск зүүснээр эрүүл мэндэд өвчин үүсгэх магадлалыг дараагийн удаа оруулж өгвөл..
Э Энх-Оргил 103.212.162.185
Сайн мэдээ бэлтгэжээ ???????????? Баярлалаа. Хамгийн өргөн хэрэглэгддэг нэг удаагийн (цэнхэр өнгөтэй) масканд тэмдэглэгээ байдаггүй юм байна! Хаанаас ямар стандарттай бүтээгдэхүүн оруулж ирж байгааг шалгадаггүй л байх даа