Сүүлийн үед олон нийтийн ярианы нэгэн том сэдэв болж буй сургуулийн сурагчдын хувьсах зардал гээч юу болохыг, мөн энэ сэдвийг тойрсон бидний хариулах ёстой асуултуудыг уншигч тантай хуваалцъя.

ХУВЬСАХ ЗАРДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хувьсах зардал гэдэг нь төрийн зүгээс сургуулиудад сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай багшийн цалин, сургалтын хэрэглэгдэхүүн болон бусад холбогдох зардлыг санхүүжүүлэх тогтолцоо юм. Төр энэ мөнгийг сургуулийн барилга байгууламж, анги танхимын тоогоор биш, тухайн боловсролын байгууллагад хэдэн сурагч хамрагдаж байгаагаар тооцдог. Олгох дүн нь сурагчийн тоо өөрчлөгдөхөд хамт өөрчлөгддөг учраас "хувьсах" зардал гэж нэрлэдэг юм.

Суурь болон бусад гэсэн хоёр хувьсах зардал бий. Засгийн газрын 2026 оны 149 дүгээр тогтоолоор дараах байдлаар уг хоёр зардлыг баталжээ.

Суурь хувьсах зардал бол багшийн үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, түүнчлэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хэрэглэгдэхүүн, үйл ажиллагааны зардал. Энэ нь тухайн сурагчийн суралцаж буй ангиас хамаарч ойролцоогоор 1,648,000-2,508,000 төгрөг байна.

Бусад хувьсах зардал дотор багшаас бусад ажилтны цалин, анги танхимын ариутгал, цэвэрлэгээ, сургуулийн үйл ажиллагааны урсгал зардал, багшийн хөгжлийн сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ, цахим контент, лабораторийн тоног төхөөрөмж орно. Энэ нь тухайн сурагчийн суралцаж буй ангиас хамаарч ойролцоогоор 633,000-963,000 төгрөг байна.

Улсын сургуулийн нэг хүүхдэд ойролцоогоор жилд 2,923,000 төгрөгийн хувьсах зардал ногдоно. Харин энэ мөнгө хувийн сургуулийн сурагчдад хамаагүй бага дүнгээр очдог байна. Энэ ялгаатай байдал сүүлийн өдрүүдэд болж буй хэлэлцүүлгийн гол шалтгаан нь юм.

Улсын ба хувийн сургуулийн хувьсах зардлын ялгаа

Суурь болон бусад хувьсах зардлыг төрийн сургуулийн сурагчид бүгд бүрэн дүнгээр авдаг бол хувийн сургуулийн сурагчид бусад хувьсах зардлыг огт авдаггүй бөгөөд суурь хувьсах зардлыг сургалтын төлбөртэй уялдуулж хэсэгчлэн авдаг.

Үүнийг тооцохдоо итгэлцүүр хэмээх аргыг ашиглана. Итгэлцүүр гэдэг нь хувийн сургуульд сурч буй сурагчид хувьсах зардлын хэдэн хувийг олгохыг заадаг хэмжээс бөгөөд сургуулийн байршил, сургалтын төлбөрийн хэмжээнээс хамаарч өөрчлөгддөг.

Ийнхүү төрийн сургуулийн нэг хүүхдэд ногдох 2,923,000 төгрөг Улаанбаатарын 1-5 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулийн хүүхдэд ойролцоогоор 760 мянга орчим, 5-10 сая төгрөгийн төлбөртэй сургуулийнханд ойролцоогоор 634 мянга орчим төгрөг болж буурна. Жилийн 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд сурч байгаа сурагчид хувьсах зардал огт олгодоггүй.


Хувьсах зардлыг тойрсон хариулт хэрэгтэй асуултууд

Төсвөө хэмнэж, эдийн засгаа сэргээх чухал энэ цаг үед нэг талаас "Өндөр төлбөртэй хувийн сургуульд төсвийн мөнгө өгөх хэрэг байна уу?", харин нөгөө талаас "Хувийн сургуульд сурдаг хүүхэд ч гэсэн эрхээ эдлэх хэрэгтэй" гэсэн хоёр байр суурь гарч ирээд байгаа юм. Энэ хүрээнд гарч буй нийтлэг асуултуудыг бодит тоо, баримтаар хамтдаа авч үзье.


2025-2026 оны хичээлийн жилд манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад 819,907 хүүхэд суралцаж байгаагийн 739,382 нь төрийн өмчийн буюу улсын, 80,525 нь төрийн бус өмчийн буюу хувийн сургуульд сурч байна. Ойролцоогоор 10 сурагч тутмын нэг нь хувийн сургуульд сурдаг гэсэн үг.

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын урсгал зардалд 2026 онд ойролцоогоор 2.3 их наяд төгрөг төлөвлөсөн нь улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 7 орчим хувь юм. Энэ дүнд хувьсах зардлаас гадна халаалт, ус, үдийн хоол, тэтгэлэг, боловсролын газрын ажилтны цалин зэрэг бүх зардал багтана. Харин хувийн сургуулиудад 2026 онд олгосон хувьсах зардал нийтдээ ойролцоогоор 41.5 тэрбум төгрөг байна.

Хувийн сургуульд нийт сурагчдын 10 орчим хувь нь сурдаг атлаа тэдэнд очиж буй мөнгө нь ерөнхий боловсролын урсгал зардлын 2 хувьд ч хүрэхгүй байгаа юм.


Хувийн сургууль гэхээр бидний толгойд ихэвчлэн олон арван сая төгрөгийн төлбөр бодогддог ч бодит байдал арай өөр. Монголын Хувийн Сургуулиудын Холбооны 2025-2026 оны судалгаагаар 1-5 сая төгрөгийн төлбөртэй 36, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 96 сургууль бий. Өөрөөр хэлбэл нийт 183 хувийн сургуулийн 72 хувь нь жилийн 10 сая хүртэлх төлбөртэй бөгөөд түүнээс дээш төлбөртэй нь 51 сургууль байна. Мөн орон нутагт жилийн 600 мянган төгрөгийн төлбөртэй хувийн сургууль ч бий.

Хувьсах зардал гэдэг төрөөс ирээдүйн иргэдийнхээ боловсролд үзүүлж буй дэмжлэг бол тухайн хүүхэд төрийн эсвэл хувийн сургуульд сурч байгаагаас үл хамааран адил хүртэх учиртай. Эндээс боловсролын санхүүжилтийг хүүхдийг дагаж олгох уу, эсвэл хүүхдийн сурч буй сургуулийн өмчийн хэлбэр, сургалтын төлбөр, эцэг эхийн орлоготой уялдуулах уу гэсэн бодлогын үндсэн ялгаа гарч ирнэ.

Хэрэв төрөөс хүүхдийн боловсролд үзүүлэх дэмжлэгийг эцэг эхийн орлого, төлбөрийн чадвараар ялган тогтоох бол энэ нь боловсролын санхүүжилтийн зарчмаас илүүтэй өрхийн орлогод суурилсан халамжийн бодлогын шинжтэй болж эхэлнэ.
Угтаа хувийн сургуульд сурдаг 80,525 хүүхэд ямар сургуульд явдаг, эцэг эх нь хэдэн төгрөгийн орлоготой, сургууль нь хаана байрладгаас үл хамааран Монгол Улсын иргэд билээ. Үндсэн хуульд ч тэр, Хүүхдийн эрхийн тухай хуульд ч тэр хүүхдийг ямар ч хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг тунхагласан байдаг.

Хүүхэд ямар сургуульд сурч байгаагаас хамаараад түүний боловсрол эзэмших эрхийн төлөө төрийн хүлээх үүрэг өөр байж болох уу?


Мэдээж улсын төсөв хязгаартай. Тэрхүү хязгаартай нөөцийг хамгийн зөв хувилбараар зарцуулах хэрэгтэй. Улсын сургуулиудын анги танхимын хүрэлцээ, багшийн ачаалал шийдэгдээгүй байхад төсвийн мөнгийг сургалтын төлбөр төлж чадах өрхийн хүүхдэд чиглүүлэх нь зөв үү гэж эргэлзэх нь ч зөв.

Одоогоор манай улс энэ асуудлыг жилийн 10 сая төгрөгийн босгоор шийдэх гэж хичээж буй. Өөрөөр хэлбэл, жилийн төлбөр нь 10 саяас дээш гарсан даруйд хувьсах зардал 0 болдог. Жишээ нь, жилд 9.9 сая төгрөгийн төлбөртэй сургуулийн сурагч 634 мянга авч байхад 10.1 сая төгрөгийн төлбөртэй сургуулийн сурагч нэг ч төгрөг авахгүй.

Нөгөө талд хувийн сургуульд хүүхдээ өгснөөр эцэг эхчүүд төрийн нуруун дээр ирэх байсан ачааллыг бага ч гэсэн бууруулж буйг онцлох хэрэгтэй. Төлсөн татварынхаа хариуд чанартай боловсролыг улсын сургуулиас төлбөргүй авч болох байсан бол хэн ч нэмэлт төлбөр төлөхийг хүсэхгүй болов уу.


Хувийн сургуулиуд үдийн хоолны зардал авдаггүй гэнэ. Өдгөө энэ хөтөлбөрт төрийн өмчийн сургуулийн 1-5 дугаар ангийн 340 гаруй мянган хүүхэд хамрагдаж, нэг сурагчид өдөрт 2,500 төгрөг буюу хичээлийн жилд ойролцоогоор 425 мянган төгрөгийн санхүүжилт авдаг.

Гэсэн ч төрийн бус өмчийн сургуулийн бага ангийн 30 мянга гаруй хүүхэд энэ хөтөлбөрт огт багтдаггүй байна. Мөн 2026 оны нэгдүгээр сараас эхлэн нийслэлийн улсын сургуулийн 1-5 дугаар ангийн 189 мянга гаруй сурагчид долоо хоногт гурван удаа сүү олгох "Сүүн дархлаа" хөтөлбөрт ч хувийн сургуулийн сурагчид хамрагддаггүй аж.

Бусдын туршлагаас сонирхох нь

Боловсролын салбартаа чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, аль нэг хичээл эсвэл салбараар дагнан мэргэшсэн сургуулиадаар улсынхаа боловсролын салбарт ахиц дэвшил гаргаж буй бодит жишээ дэлхий даяар бий. Тэгвэл өдгөө боловсролын салбар нь хамгийн өндөрт үнэлэгдэж байгаа мөн тус салбараа хурдацтай хөгжүүлж байгаа зарим улсууд хувийн сургуулийн хувьсах зардлыг хэрхэн шийдэж байгааг сонирхъё.

Дани. Тус улсад хувийн сургуулийн нэг сурагчид улсын сургуулийн нэг сурагчид ногдох зардлын тодорхой хувийг олгож, үлдсэнийг нь эцэг эх төлдөг байна. Тэр хувь улсын төсвийн зардалтай уялддаг бөгөөд 1995-2010 онд 75 хувь байснаа 2014 он гэхэд 71 хувь болж буураад, 2018 онд 76 хувь болж дахин өссөн аж. Өдгөө Данид суурь боловсролын сурагчдын 18 орчим хувь буюу 122 мянга орчим хүүхэд 550 орчим хувийн сургуульд сурч, эцэг эх жилд дунджаар 10 гаруй сая төгрөг төлдөг байна.

Нидерланд. Нидерланд яг бидэн шиг хувийн сургуулийн сурагчдад хэр хэмжээний хувьсах зардал олгох асуудлаар жар гаруй жил маргасан түүхтэй. 1848 оноос 1917 он хүртэл үргэлжилсэн тэр маргааныг "сургуулийн тэмцэл" гэж нэрлэдэг бөгөөд гол агуулга нь шашны болон хувийн сургуулийн сурагчид төрийн сургуулийнхтай ижил санхүүжилт авах эсэх байв. 1917 онд хоёр тал эвлэрч, Үндсэн хуулиндаа боловсролын эрх чөлөөг тунхаглаж, бүх сургуулийг өмчийн хэлбэрээс үл хамааран ижил санхүүжүүлэх болжээ. Өнөөдөр тус улсын сургуулиудын 70 орчим хувийг эцэг эх, шашны нэгдэл, Монтессори, Валдорф зэрэг сурган хүмүүжүүлэх арга барил дээр тулгуурласан хувийн зөвлөл удирдаж байна.

Энэтхэг. Энэтхэгт 2024-2025 оны хичээлийн жилд нийт сурагчдын 38.8 хувь нь төрөөс санхүүжилт авдаггүй хувийн сургуульд суралцаж байжээ. Хүн ам олонтой зарим мужид хямд төлбөртэй хувийн сургуулийн сурагчдын эзлэх хувь 70–85 хувьд хүрдэг бөгөөд сарын төлбөр нь 20-150 мянган төгрөг байдаг аж.

Швед. Шведэд 2023-2024 оны хичээлийн жилд сургуулиудын 18 хувь нь төрийн санхүүжилттэй хувийн сургууль байв. Хувийн сургуульд сурч буй хүүхэд бүрийнхээ тоогоор харьяа хот, дүүрэг нь мөнгө шилжүүлдэг бөгөөд тэр дүнг улсын сургуулиудад хөрөнгө хуваарилдагтай ижил зарчмаар тогтоодог. Оронд нь төрөөс бүрэн санхүүжилт авдаг сургуулиуд сургалтын төлбөр авахыг хориглодог байна.

Хувийн сургуулийн сурагчид улсын сургуулийн сурагчидтай адил хувьсах зардал олгож, цаашлаад төрийн зардлаар үдийн хоолонд бүрэн хамруулах ёстой юу? Уншигч та юу гэж бодож байна вэ? Хувьсах зардал сургуулийн дэмжлэг үү? Сурагчдын эрх үү?