Бид харшил хөдлөхөөр л хамар битүүрэх, нус гоожих, нүд загатнах тэр бүх тухгүй мэдрэмжүүдээс хурдхан салахын тулд шууд л эмээр дарахыг оролддог. Харшлыг нам дарах ганцхан шидэт эм, тариа хайж цагаа алдалгүй эхлээд харшлын тухай бүх зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгох гэж оролдвол таны харшлаа дарах аяллыг илүү хурдасгах болов уу. Харшил ер нь яаж үүсдэг вэ? Эмчлэгдэх боломжтой юу? Эм ууж дарах нь зөв үү? Уухгүй байх нь дээр нь үү? зэрэг харшилтай холбоотой бүх асуулт, асуудал, буруу ойлголтуудыг өнөөдрийн нийтлэлээрээ тайлбарлая.  

ХАРШИЛ ЯАЖ ҮҮСДЭГ ВЭ? 

Хүний дархлааны системийг бидний бие хамгаалагч хэмээн төсөөлж болох юм. Тэрээр биднийг бактери, вирусээс хамгаалж эрүүл, аюулгүй байдлыг маань хангадаг баатар билээ. Гэхдээ заримдаа энэхүү хамгаалагч биед аюул учруулахгүй энгийн зүйлсийг буюу цэцгийн тоос, тоосонцор мөн зарим хоол хүнс зэргийг аюултай дайсан хэмээн андуурснаар харшил үүсдэг байх нь.

Дархлааны систем харшлын үед хэрхэн ажилладаг вэ? 

Ургамал, цэцгийн тоос, тоосонцор нь биед хуурамч дохиоллыг үүсгэдэг. Тэрхүү дохиоллыг сонсмогцоо дархлааны систем харшил үүсгээд байгаа гаднын биетийг биеэс гарахыг шаарддаг юм. Түүнчлэн дархлааны бусад эсүүдэд дараагийн удаад ижил харшил үүсгэгчтэй таарахдаа энэ эсийг оруулж болохгүй шүү гэсэн ажлыг даатгаж үлдээдэг. Эдгээр эсүүд нь тийнхүү гаднын биетийг гаргах гэж оролдох явцдаа гистамин гэх нэгэн бодисыг ялгаруулснаар найтаах, нүд загатнах, нус гоожих зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг ажээ.


ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ 

Асуулт: Хүүхэд багадаа харшилгүй байсан ч том болоод харшилтай болох боломжтой юу?

Хариулт: Тийм. Нас ахих тусам дархлааны үйл ажиллагааны өөрчлөлтөөс болж урьд өмнө нь тэсвэрлэдэг байсан харшил үүсгэгчдэд мэдрэмтгий болох эрсдэл нэмэгддэг.

Асуулт: Амьдарч буй орчноо сольчихвол харшил зүгээр болох уу?

Хариулт: Үгүй, бүх газар ургамлын тоосонцор бий. Тиймээс нэгэнт нэг ургамал, мод, цэцгийн тоосонцороос харшилдаг бол шинэ газар дахь ургамлын тоосонцроос ч гэсэн харшлах юм.

Асуулт: Харшил удамшдаг уу?

Хариулт: Аав, ээжийн аль нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал өндөр байдаг. Харшил удамшина гэдэг нь харшлыг хариуцсан ганцхан ген удамшаад яваад байгаа биш, харин харшил үүсэхэд үүсдэг олон бодисуудад эцэг, эхийн генүүд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг байсан нь удамшаад яваад буй хэрэг. Яг л аав, ээж нь хүүхдээ хүмүүжүүлж байгаа мэт тэдний гений мэдээлэл ч бас харшлын урвалд яаж хариу үйлдэл үзүүлэхийг зааж өгдөг.

Асуулт: Харшлын эмийг уух нь зөв уу буруу юу?

Хариулт: Харшлын эмийн гол орц нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг, тийм болохоор эм уухаар нойр хүрдэг, их уувал манарна гэж хүмүүс ярьдаг. Харин эмч нар харшлын үе эхлэхээс өмнө эмээ тогтмол ууж урьдчилан сэргийлэх нь зүйтэй хэмээн зөвлөдөг. Харшлын хурц шинж тэмдгүүд илрэх үед эм уухгүй тэвчлээ гээд харшлын шинж тэмдэгтээ дараа илүү бага хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг биш ажээ. Тиймээс аль болох дархлаагаа дэмжиж, биеэ чийрэгжүүлж, урьдчилан сэргийлэх байдлаар л бид харшилтай одоогийн байдлаар тэмцэж чадах нь ээ.


САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ 

Харшлын шинж тэмдгээ эм уулгүй тэвчээд байвал дархлаа тогтоод аяндаа гайгүй болох уу?

Харшил нь зарим халдвараас ялгаатай нь дархлааны ой үүсэж хадгалагддаггүй билээ. Вирусийн халдвар авахад бидний биед гаднын биет орсон бол дархлааны систем кодолж аваад дахин ийм халдвар орж ирвэл яаж тэмцэхээ мэддэг. Харин харшлын урвалын хувьд өөр.

Харшил үүсгэгчтэй дархлааны эсүүд холбогдож харьцах бүрд шинээр холбогдож буй мэт ижилхэн, мэдрэмтгий хариу үйлдлийг үзүүлдэг. Цаашлаад олон удаа харшил үүсгэгчид өртөх нь харшлын шинж тэмдгийг цаг хугацааны явцад улам дордуулж болзошгүй тул ихэвчлэн харшлын улирлаас өмнө харшлын эмийг тогтмол ууж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй хэмээн харшлын эмч нар зөвлөдөг.

Бараг хүн болгон л харшилтай шүү дээ, сүржигнэх хэрэг байна уу?

Дэлхийн Харшлын Байгууллагын мэдээлснээр дэлхийн хүн амын 10-30 орчим хувь нь харшлын риниттэй (хамрын хөндийн үрэвсэл бөгөөд найтаах, хамар битүүрэх, нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг) бөгөөд, ялангуяа хотожсон бүс нутгуудад харшлын шинж тэмдэг нэмэгдсээр байгаа юм.

Зарим хүмүүсийн хувьд харшлын шинж тэмдэг хөнгөн тохиолддог бол заримынх нь хувьд архаг өвчлөл болж хүндэрдэг. Жишээлбэл, ринитээс болж дэлхий дахинд 300 сая орчим хүний ажлын бүтээмж буурч, нойргүйдэл, астмаар өвчлөх эрсдэл нэмэгддэг байна. Харшлаас болж зөвхөн бага зэрэг нус гоожоод, хамар битүүрээд, бүтээмж буураад байгаа асуудал биш бөгөөд цаашлаад хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл, чихний үрэвсэл зэрэг эрүүл мэндийн хүндрэлүүд үүсгэдэг. Тиймээс улирлын чанартай харшлыг байдаг л зүйл хэмээн тоохгүй өнгөрч болохгүй юм.

Улиас, хавар хоёр л буруутай

Монголчуудын дунд улиасны “цагаан юм”-аас болоод харшилтай болчихлоо гэх яриа бий. Янз бүрийн ургамал жилийн өөр өөр цагт тоос хүртдэг. Улиасны улингар нь угтаа хус, царс зэрэг модтой харьцуулахад харшил үүсгэх магадлал багатай үрийн тоосонцорт тооцогддог.

Улиасны тоосонцор нүдэнд харагдахуйц том, нүд, ам руу орж хүндрэл учруулдгаас биш яг тоосонцрынх нь уурагт харшил өдөөгч үйлдэл бага байдаг. Мөн бүх хүмүүсийн хувьд харшил хавар хөдөлдөггүй бөгөөд ямар үед тоосоо гөвдөг ургамлаас харшилж байна, түүнээс хамаарч янз бүр байдаг. Шарилж нь зуны сүүл, намрын эхэн үед тоосоо гөвдөг бөгөөд тоосонцорт агуулагдах уургууд нь хэдий бага хэмжээгээр агуулагддаг байсан ч харшлын урвалыг өдөөх шинж чанар нь өндөр байдаг. Тиймээс зөвхөн хавар, улиасны улингар хоёрт буруу өгч болохгүй.

Бүх харшлын эм тайвшруулах үйлчилгээтэй

Харшлын эм нь антигистамин, кортикостероид зэрэг үйлчлэгч бодисыг агуулдаг. Зарим харшлын эм нь нойрмоглох шинж тэмдэг үүсгэдэг боловч харшлын бүх эмийг тийм гэж ойлгож болохгүй. Цетиризин (Зиртек) эсвэл лоратадин (Кларитин) агуулсан эмнүүд нь хамгийн бага тайвшруулах нөлөөтэй тул өдрийн цагаар хэрэглэхийг зөвлөдөг.

Дифенгидрамин агуулсан эмнүүд нь өндөр тайвшруулах үйлчилгээтэй тул шөнийн цагаар уухыг зөвлөдөг, энэ нь ихэвчлэн нэлээд хүнд төрлийн буюу чонон хөрвөс, харшлын улмаас үүссэн нүдний ба хамрын салстын үрэвсэл, харшлын тууралт зэрэгт хэрэглэдэг. Тиймээс танд зөвлөж буй харшлын эмийн орц болон тун нь олон судалгаа, шинжилгээний үр дүнд үүссэн бодит хэмжээ учраас эргэлзэлгүй мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагаарай.

ИРЭЭДҮЙГЭЭС ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ  

Генийн эмчилгээ

Өмнө нь дурдсан иммуноглобулин Е (IgE) гэх бодисын нийлэгжилтийг кодолдог генүүд, харшил үүсгэгчийг таних рецепторууд эсвэл ферментүүдийн генийг өөрчлөх замаар харшлыг эмчлэх боломж гарч ирж магадгүй юм. Молекулуудад яг л мэс засал хийж байгаа мэт ажиллана гэсэн үг. Асуудал үүсгээд буй генийг таслан авч дархлааны хариу урвалыг илүү сайн зохицуулах генетикийн шинэ зааварчилгаа, загварыг нэвтрүүлж байна хэмээн энгийнээр ойлгож болно. Гэхдээ тэр ирээдүй хэр ойрхон ирснийг бид тааварлах боломжгүй. Учир нь энэ салбарын судалгаанд давах ёстой маш олон сорилтууд бий.

Харшлын эмийн шинэ найрлага

Өдгөө хамрын цацлага дахь кортикостероид болон харшлын эмийн орц антигистаминыг хослуулах судалгаа хийгдэж буй. Ингэснээр хамрын салст бүрхэвчийн харшлын урвалын голомтод нь шууд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх боломжтой. Эмнэлзүйн судалгаагаар дунд болон хүнд хэлбэрийн харшлын ринит шинж тэмдгийг эмчлэхэд дан ганц эмээс илүү үр дүнтэй болох нь нотлогджээ. Тэгэхээр ирээдүйд харшлын эмийг хэрэглэхэд илүү хялбар болохоос гадна харшлын шинж тэмдгийг багасгах өндөр үр дүнтэй найрлага гарч ирнэ.

ТАНЫ МЭДЭЭГҮЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ 

Аянга болон астма

Аадар борооны үед хүчтэй салхилж, цахилгаан цахиснаас болж ургамал, цэцгийн тоос хагардаг. Ингэснээр тэдгээр тоосонцор харшил үүсгэгч жижиг хэсгүүдийг ялгаруулж, уушгинд илүү амархан шингэдэг байна. Энэ нь амархан аливаа зүйлээс харшилдаг эсвэл эд харшил нь хөдөлсөн хүмүүст астмны хүнд хэлбэрийн шинж тэмдэг илрэх нөхцөл болдог.

Alpha-gal синдром

Alpha-gal синдром нь нэг төрлийн хүнсний харшил юм. Улаан мах (үхэр, хонь, гахай) болон хөхтөн амьтны гаралтай бусад бүтээгдэхүүнээс (сүү, сүүн бүтээгдэхүүн, желатин) харшилдаг ба АНУ-д энэ өвчин ихэвчлэн “Lone star” хачигт хазуулах үед хүний биед нэвтрэх альфа-гал хэмээх молекулаас үүсдэг.

Зарим хүмүүс ямар ч хүнд төрлийн харшилгүй хэр нь гэнэт анафлаксын шок (гэнэт амьсгаа боогдож, цусны даралт огцом буурах, нүд, ам хавдах зэрэг шинж тэмдэг илэрдэг) болсон тохиолдлууд байдаг. Тэдгээр учир шалтгаан нь тодорхойгүй анафлаксын шокыг заримдаа уг синдромтой холбож тайлбарладаг ажээ.

Харшилд хүртэл дэлхийн дулаарал хамаатай

Дэлхий даяар температур өсөхийн хэрээр ургамал урт хугацаанд илүү их тоос үйлдвэрлэх болжээ. Дулаан уур амьсгалтай бүс нутгуудад цэцгийн тоосны улирал өмнөх жилүүдээс ихээхэн уртсаад буйг олон судалгаанууд онцолж байгаа аж. Тэр дундаа нүүрстөрөгчийн давхар исэл өндөр орчинд шарилжийн төрлийн ургамал илүү их цэцгийн тоос ялгаруулж, улмаар харшлын урвалыг өдөөхөд хүргэдэг байна. Тиймээс тоосжилт, агаарын бохирдол, дэлхийн дулаарлаас болж харшил бас хүндэрч байж болох юм.

Нийтлэлийн төгсгөлд уншигч та харшлын талаарх буруу ойлголтоо залруулж чадсан хэмээн итгэж байна. Харшлыг “нам дарах” гэж яаралгүй өнөөх л нэг улиг болсон мэт дасгал хөдөлгөөн, эрүүл, зөв хооллолт зэргийг сахин биелүүлэх нь ирээдүйд зөвхөн харшил ч гэлтгүй бүх бие, эрхтнийг тань эрүүл байлгах нь маргаангүй. Таны өөрийн бие, эрүүл мэндээ ойлгож, тордох аялалд тань амжилт хүсье.