Сошиал медиа анх гарч ирэхдээ хүн төрөлхтний харилцаа холбоог үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болохуйц "хувьсгал" байлаа. Учир нь энэ зууны эхээр Facebook, YouTube, Twitter зэрэг платформ нь мэдээллийн ардчилал бий болох асар том боломж олгосон юм. Улмаар нийгмийн харилцаанд урьд өмнө байгаагүй өөрчлөлт авчирч, хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хаана байгаагаас үл хамааран ижил тэгш мэдлэг олж авах, адилхан сонирхол бүхий бүлэгтэйгээ нэгдэх таатай орчин бүрдсэн билээ. Тухайн үед сошиал медиаг дэлхий нийтийг илүү нээлттэй, илүү ойр болгох "хязгааргүй эрх чөлөөний талбар" гэж харж байв.

Гэтэл 2026 онд энэхүү дижитал эрх чөлөө гэх зоосны нөгөө тал илүү тод харагдах боллоо. Анхны зорилгоосоо хальж, ашиг орлого олох алгоритм дээр суурилсан эдгээр платформ нь хүүхэд, өсвөр үеийнхний хувьд хяналтгүй дижитал туршилт болж хувирсан гэх дүгнэлтэд дэлхийн улс орнууд хүрээд байна.



Австрали Улс 2025 оны аравдугаар сарын 10-наас эхлэн 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хуулиар хориглосон дэлхийн анхны улс болсон. Тэд зөвхөн хязгаарлалт тогтоогоод зогсохгүй, цахим орчинд хүүхэд хамгааллын цоо шинэ жишгийг тогтоож буй.

Бодит байдал

  • Австралийн Засгийн газрын захиалгаар 2025 онд хийсэн судалгааны үр дүнд тус улсын 10-15 насны хүүхдүүдийн 96% нь сошиал медиа идэвхтэй ашигладаг гэжээ.
  • Тэдгээрийн 10 хүүхэд тутмын 7 нь ямар нэг байдлаар хор хөнөөлтэй контентод өртсөн болохыг тогтоосон байна. Үүнд эмэгтэйчүүдийг үзэн ядах үзэл (misogyny), хүчирхийлэл агуулсан контентуудаас гадна хоолны дуршил алдах эмгэг, амиа хорлох үйлдлийг дэмжсэн агуулгууд багтсан байв.
  • Мөн 7 хүүхэд тутмын 1 нь насанд хүрэгч эсвэл өөрсдөөс нь ах, эгч хүүхдүүдээс бэлгийн мөлжлөгт уруу татах шинжтэй үйлдэлд өртөж байснаа мэдээлсэн төдийгүй талаас илүү хувь нь цахим орчинд үйлдэгддэг дээрэлхэлтийн хохирогч болсон гэдгээ хэлжээ.

Хоригийн тухай

  • Энэ бол Facebook, Instagram, Snapchat, Threads, TikTok, X, YouTube, Reddit, Twitch, Kick зэрэг дэлхийн хамгийн алдартай платформуудыг хамарсан хориг.
  • Сонирхуулахад, YouTube Kids, Google Classroom ,WhatsApp зэрэг платформ нь хоригт багтаагүй ба олон нийтээс Roblox, Discord зэрэг цахим тоглоомын сайтыг уг хоригт хамруулахыг засгийн газраасаа шаардаж байгаа.
  • Австралийн Ерөнхий сайд Энтони Албанези энэхүү хуулийг хүүхэд насыг хамгаалах болон сошиал медиагийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийг таслан зогсоох зорилготой гэж тодорхойлсон.
  • Хэрэв платформууд 16-аас доош насны хэрэглэгчдийг нэвтрүүлбэл 49.5 сая австрали доллар буюу 34.9 сая орчим ам.доллар хүртэлх торгуультай.

Баталгаажуулах аргууд

Засгийн газрын зүгээс платформуудад хүүхдүүдийг нэвтрүүлэхгүй байх боломжит бүх алхмыг авах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа бөгөөд нас баталгаажуулах хэд хэдэн технологи зэрэг ашиглахыг санал болгожээ. Үүнд иргэний үнэмлэх, нүүр болон хоолой таних технологи, эсвэл хэрэглэгчийн цахим зан төлөв, харилцаанд дүн шинжилгээ хийж, насыг нь таамагладаг нас тогтоох алгоритмууд багтаж буй.

Хэрэгжилтийн тухай

  • Австралийн Засгийн газрын мэдээлснээр хориг хэрэгжихээс өмнө 8-15 насны хүүхдүүдийн 86% нь сошиал медиа идэвхтэй ашиглаж байсан гэх тооцоо бий.
  • Тэгвэл тус улсын интернэт зохицуулах байгууллагын мэдээлснээр, TikTok, Instagram, Snapchat, YouTube, X, Twitch, Reddit болон Threads зэрэг платформын хэмжээнд 16-аас доош насныхны эзэмшиж байсан 4.7 сая орчим хаягийг хаагаад байна.
  • Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Meta компани гэхэд л ойролцоогоор 550,000 хаягийг хаажээ. Үүнээс Instagram-аас 330,000, Facebook-ээс 173,500 орчим, Threads платформоос 40,000 орчим хаягийг тус тус хассан байна.
  • Харин Snapchat-ийн тухайд 16-аас доош насны гэж үзэж буй Австрали дахь 415,000 гаруй хаягийг түгжиж, идэвхгүй болгожээ.


Испани

Испанийн Ерөнхий сайд хоёдугаар сарын эхээр 16-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглохоор төлөвлөж байгаагаа зарласан ба ингэснээр уг хоригийг хэрэгжүүлэх Европын анхны улс болох төлөвтэй байна. Австралийн хоригоос ялгаатай нь хэрэв платформууд хууль бус контентыг устгаагүй, хортой агуулгыг сурталчилсан тохиолдолд эрүүгийн хариуцлага биечлэн хүлээлгэх хуулийн төслийг боловсруулж байгаа юм.


Франц

Нэгдүгээр сарын сүүлээр Францын хууль тогтоогчид 15-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглох хуулийн төслийг баталсан. Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүүхдүүдийг дэлгэцийн хэт их хэрэглээнээс хамгаалах арга зам болгон уг арга хэмжээг дэмжсээр ирсэн бөгөөд хуулийн төсөл доод танхимын эцсийн санал хураалтад орохоос өмнө тус улсын Сенатаар хэлэлцэгдэх ёстой аж.


Герман

Хоёрдугаар сарын эхээр Фридрих Мерц Канцлерын консерватив үзэлтнүүд 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглох саналыг хэлэлцсэн тухай Reuters мэдээлэв. Гэсэн хэдий ч түүний зүүн-төвийн үзэлтэй эвслийнхэн бүрэн хориг тавих тал дээр эргэлзэж буй цөөнгүй байр суурь ажиглагджээ.


Их британи

Засгийн газар уг хориг үр дүнтэй байх эсэхийг тодорхойлохын тулд эцэг эхчүүд, залуучууд болон иргэний нийгмийнхний үзэл бодлыг сонсож, зөвлөлдөх болно гэдгээ мэдэгдсэн. Мөн сошиал медиа компаниудаас тасралтгүй гүйлгэх зэрэг донтуулах нөлөөтэй функцүүдээ хязгаарлах эсвэл устгахыг шаардах эсэхээ авч үзэх аж.


дани

Тус улс 15-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиа платформуудыг хориглохоор төлөвлөж байгаа ба өнгөрсөн оны арвандүгээр сард Засгийн газрын эрх баригч эвслийн гурван нам болон парламентын сөрөг хүчний хоёр намаас уг хоригийг хэрэгжүүлэх дэмжлэг авснаа зарласан. Associated Press-ийн мэдээлснээр, засгийн газрын энэхүү төлөвлөгөө 2026 оны дунд үе гэхэд хууль болон батлагдах боломжтой гэжээ.


малайз

Малайзын засгийн газар 2025 оны арваннэгдүгээр сард 16-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тус улс энэхүү хоригийг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


словени

15-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиад нэвтрэхийг хориглох хуулийн төсөл боловсруулж байгаа тухай тус улсын шадар сайд энэ сарын эхээр мэдэгдэв. Засгийн газар TikTok, Snapchat, Instagram зэрэг нийгмийн сүлжээг зохицуулах гэнэ.


грек

Тус улсыг 15-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглох шийдвэр гаргахад тун ойрхон байгаа талаар хоёрдугаар сарын эхээр Reuters мэдээлсэн.


НҮБ-ын Хүүхдийн сан тэргүүтэй байгууллагууд энэхүү хориг нь нөхцөл байдлыг улам дордуулж магадгүй гэж үзэж байна. Тэд нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдийн хувьд сошиал медиа нь сурч боловсрох, өөрийгөө илэрхийлэх амин чухал суваг болдог ба хэрэв хүүхдүүд VPN ашиглан хяналтгүй платформууд руу нэвтэрвэл тэднийг хамгаалах боломжгүй болох эрсдэлтэй гэжээ. Дээрх хоригийг эсэргүүцэж буй талуудын үндэслэлийг багцлан үзвэл:

Бултаж гарах эрсдэл
Технологийн орчинд өссөн хүүхдүүд VPN ашиглах, хуурамч хаяг нээх эсвэл бусдын бүртгэлийг ашиглах зэргээр хязгаарлалтыг төвөггүй тойрч гарна. Энэ нь уг хоригийг бодит амьдрал дээр үр дүнгүй, ердөө хэлбэр төдий зүйл болгож хувиргах аюултай.

Цахим боловсролын хоцрогдол
Бүрэн хориг тавих нь хүүхдийг цахим орчинд аюулгүй, хариуцлагатай оролцож сурахад саад болно. Улмаар сошиал медиаг зохистой ашиглах дадал суугаагүй хүүхэд хожим насанд хүрээд энэ орчинд нэвтрэх үед илүү их эрсдэлд өртөх магадлалтай.

Цөөнхөд үзүүлэх дарамт
Сошиал медиа нь ЛГБТК+ залуучууд болон таагүй орчинд буй хүүхдүүдэд үе тэнгийнхний дэмжлэг авах, мэдээлэл олж авах цорын ганц гүүр болдог. Хориг тавих нь тэднийг нийгмийн харилцаанаас бүрмөсөн тусгаарлаж, сэтгэл зүйн хямралд өртүүлж болзошгүй.


Нууцлалын аюулгүй байдал
Нас баталгаажуулах шаардлага нь иргэний үнэмлэх, биометрик мэдээлэл зэрэг асар их өгөгдөл цуглуулах шалтгаан болно. Платформ хакердуулах тохиолдолд сая сая хүүхдийн хувийн мэдээлэл гэмт хэрэгтнүүдийн гарт орж, "дижитал мөр" нь арилшгүй үлдэнэ.

Хяналтгүй орон зай
Хориг тавьснаар өсвөр насныхан зохицуулалттай платформуудаас холдож, интернэтийн илүү харанхуй, далд хэсэг рүү шилжих магадлалтай. Тэрхүү хяналтгүй орон зайд хүүхэд хор хөнөөлтэй контентод өртсөн тохиолдолд түүнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжгүй болно.

Хий хоосон аюулгүй байдал
Хориг тавьснаар технологийн компаниуд платформынхоо аюулгүй байдлыг сайжруулах, хортой алгоритмаа засах ажлуудыг орхигдуулж магад. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цахим аюулгүй байдлын талаар ярилцах, зааж сургах үүргээ "хууль хэрэгжиж байгаа" гэх шалтгаанаар орхигдуулах аюултай.


Манай улсад одоогоор ижил төрлийн хоригийг авч хэрэгжүүлээгүй байгаа ч, 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлах талаар судалж байгааг ЦХИХХ-ны сайд Э.Батшугар энэ сарын эхээр өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм. Тэгвэл яг одоо манай улсад нөхцөл байдал ямар байна вэ?

4+ цаг: НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд танилцуулсан, хүүхэд, эцэг эх бүхий 5,477 оролцогчийг хамруулсан судалгаагаар, өсвөр насныхны талаас илүү хувь буюу 53.6% нь өдөрт 4+ цагийг интернэтэд зарцуулдаг ажээ.

51.3%: 9-12 насны хүүхдүүдийн ойролцоогоор 1/3, харин 13-17 насны өсвөр үеийнхний 51.3% нь доромжлол, зарим тохиолдолд цахим дээрэлхэлтийн улмаас бэлгийн дарамтад өртөж хохирогч болж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

90%: Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 90% нь Facebook ашиглах насны шаардлага хангаагүй хэдий ч тогтмол ашигладаг гэж хариулсан байна.

50%+:
Хамгийн онцлууштай нь, эцэг эхчүүдийн гуравны нэгээс илүү нь олон нийтийн сүлжээ ашиглах насны доод хязгаарыг мэддэггүй, сурагчдын талаас илүү хувь нь сургуулиасаа цахим дээрэлхэлтийн талаар ямар ч мэдлэг, сургалт аваагүй байжээ.