Чөлөөт цагаараа Netflix-ээс юу үзэхээ сонгох гэж категори гүйлгэн суухад цуврал, нэг ангит болон мюзикл, анимэйшн, баримтат кино гээд л төрөл бүрийн бүтээлүүдтэй нүүр тулдаг. Гэтэл тэдний дунд ганцаараа зогсоод юм ярьж буй хүний дүр бүхий категори байдаг нь стэнд-ап комеди билээ. Инээдмийн баярын өдөр тохиож буй энэхүү дугаартаа стэнд-ап комеди хэрхэн урлаг болтлоо хөгжиж, өөрийн гэсэн хэв маягийг олж, үзэгчдийн хайрыг татах болсныг тайлбарлахаар хичээлээ.
ЯРЬДАГ болон СОНСДОГ ХОЁРЫН ТАЙЗ
Стэнд-ап комеди гэдэг нь бодитоор буюу шууд комедианаас үзэгчид рүү чиглэсэн өнгө аясаар хийдэг хөтлөлттэй хошин үзүүлбэр юм. Үзүүлбэр үзүүлэгчийг комик, комедиан, эсвэл зүгээр л стэнд-ап гэж нэрлэх нь ч бий.
Стэнд-ап комедиг үзэгч, комедиан хоёр л байвал хаана ч хийж болдгоороо онцлог. Аялал зугаалгаар явж байхдаа хөгжилтэй явдал ярьж найзуудыгаа хөгжөөх нь ч стэнд-ап комеди-д тооцогдож болох юм. Бидний өдөр тутмын амьдралд ч танихгүй хүнтэй яриа эхлүүлэх, аливаа уулзалтын эхэнд оролцогчдыг идэвхжүүлэх зорилгоор хөнгөн хошигнох шаардлага гардаг шүү дээ. Харин тэр үед юу гэж хэлэхээ мэдэхгүй байх, сандарч тэвдэх, бусдын хариу үйлдлээс эмээх зэрэг асуудлууд тулгардаг. Тэгвэл мэргэжлийн комедианууд ямар замыг туулдаг бол?
Бүх комедиануудын хувьд байнга шинэ санаа бодож олох, үндсэн болон хэд хэдэн нөөц хошигнолуудтай байх нь хамгийн анхан шатны шаардлага гэж хэлж болно. Зөвхөн хошигнол бус биеийн хэлэмж, нүүрний хувирал, ярианы өнгө, ашиглаж буй эд зүйлс (prop) зэрэг нь стэнд-ап комеди үзүүлбэрийн чухал хэсгүүд болдог.
Дэвтэр дүүрэн хошигнолоос алийг нь ямар үед хэлэх вэ гэдгээ шийдэхийн тулд комедиан нь үзэгчдийн хариу үйлдэл, уур амьсгалыг цаг алдалгүй мэдэрч, тэр бүрт нь тохирсон шог хийх нарийн мэдрэмжтэй байх шаардлагатай. Хүн бүрийн хошин мэдрэмж өөр учраас бүх хүнд таалагдах хошигнол зохиох явдал ховор. Хэдхэн хоногийн өмнө болсон Академийн шагнал гардуулах ёслол дээр мэдрэмжгүй хошигнол хийснээсээ болж тайзан дээр алгадуулсан итгэмээргүй явдал ч тохиолдлоо. Тийм ч учраас стэнд-ап комеди хийнэ гэдэг нь ямар загастайг нь мэдэхгүй гол руу уургаа шидчихээд хүлээн суухтай төстэй мэт сэтгэгдэнэ.

ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЬЁОГ
Мэдээж хэн хамгийн анх хошигнож бусдыг инээлгэсэнг бид таашгүй. Харин түүхийн хуудаснаа стэнд-ап комеди хэзээнээс одоогийн дүр төрхөө олсныг эргэн харцгаая.
Хоёр зууны тэртээх TED Talk
19-р зууны үед зохиогчид, багш, сурган хүмүүжүүлэгч нарын лекцийг мэдлэг, оюун ухаан түгээх маш "боловсон зугаа" гэж үздэг байв. Бидний мэдэхээр нэг цагийн TED Talk лекц л гэсэн үг. 1861 оны 11-р сарын 26-ны өдөр өөрийн ажилладаг сонингийн газартаа хөгжилтэй захиа нийтэлдэг байсан Чарльз Ф.Браун (Артемис Вард нэрээр алдаршсан) хэмээх эрийн "The Babes in the Wood" нэр бүхий хөгжилтэй лекц нь үзэгчдийг байлдан дагуулав.
Вардын лекцийг сонссон тухайн үеийн нэрт зохиолч Самуэл Клеменс (Марк Твэйн нэрээр алдаршсан) ч тус шинэ хэв маягаар өөрийн лекцээ тавих санаа төржээ. Тэрээр олон хотуудыг тойрон аялж номнуудынхаа талаар лекц тавьдаг байсан юм.
Нүүрээ будсан "хар" арьстнууд
1820-иод оны үе буюу АНУ-д хууль ёсоор боол эзэмших боломжтой байсан үед цагаан арьст жүжигчид Африк-Америк гаралтнуудыг гутаан доромжлох байдлаар нүүрээ хар өнгөөр будан нийгмийн дунд болон доод давхаргын цагаан арьстнуудыг хөгжөөдөг байсан ба тус тоглолтыг "minstrel show" гэж нэрлэдэг байв. 1800-аад оны дунд үеэс үзэгчид нь огцом нэмэгдэж, Америк жүжигчдийн аялан тоглолтыг Их Британийн хатан хаан Элизабет хүртэл үзэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Минстрэл тоглолт улам хөгжиж нарийн зохион байгуулалттай болсноор тоглолтын дундуур улс төрийн сэдэв бүхий ганцаарчилсан монолог үзүүлбэр, тоглолтын төгсгөлд хоёр хүний харилцан яриа бүхий хошин үзүүлбэрүүдийг багтаах болов. 1893 онд Бэрт Вилламс хэмээх Бахамаас ирсэн цагаач минстрэл тоглолтын багт нэгдсэн нь тун гайхмаар үйл явдал байлаа. Учир нь Бэрт бол хар арьст нэгэн байсан юм. Тэрээр төд удалгүй Жорж Валкэр хэмээх өөр нэгэн хар арьст жүжигчинтэй танилцсанаар минстрэл тоглолтыг орхин өөрсдийн хошин шогийн багийг бий болгож, ирээдүйн хар арьст комедиануудын эхлэл болсон түүхтэй.

Олны анхаарлыг татаж эхэлсэн нь
Стэнд-ап комедигийн загалмайлсан эцэг гэгддэг дөрвөн эрхэм бол өмнө дурдсан Чарльз Ф.Браун, Самуэл Клеменс, Бэрт Вилламс нар бөгөөд сүүлийнх нь хойд америкийн уугуулчуудаас гаралтай Вилл Рожерс хэмээх эр юм. Тэрээр улс төрийн асуудлуудыг хөндсөн хошигнол хийдэг байснаараа алдартай байсан ба ард иргэдийн хайртай нэгэн болж 1916 оны 5-р сарын 30-ны өдөр тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Видрөү Вилсоны талаар хошигносон анхны комедиан болжээ.
20-р зууны эхээр "vaudeville" хэмээх гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан дуу, бүжиг, илбэ, уран нугаралт гэх мэт олон төрлийн үзүүлбэрүүд багтаасан тоглолтын хөтөлбөрт стэнд-ап комеди багтах болсноор комедианууд эрэлттэй мэргэжилтнүүд болсон байдаг. Тухайн үеийн комеди үзүүлбэрийн нэг онцлог нь маш “цэвэрхэн” агуулгатай байсан бөгөөд ёс бус үг хэллэг болон далд санаа илэрхийлэхгүйгээс гадна улс төрийн талаар огт ярьдаггүй байв. Харин оронд нь Африк, Еврей, Хятад, Мексик гаралтнууд болон цагаачдыг тохуурхсан хошигнол хийдэг байсан гэдэг. Комедиануудын ярих сэдвийг тоглолтын театрийн удирдлагаас маш хатуу шаардлагаар шалгадаг байсан бөгөөд хориотой үг хэллэг, сэдэв ашигласан тохиолдолд ажлаас нь халдаг байжээ.
Нэр, дүр төрх, тайзаа олсон нь
1920-оос 1930-аад он гарснаар "vaudeville" тоглолтууд моодноос гарч, кино театр, радио хөтөлбөрүүд үзэгчдийг байлдан дагуулж эхэллээ. Ингэснээр комедианууд шөнийн клубт насанд хүрэгчдэд зориулсан материалаар тоглох болов. Тухайн үеийн Дон Риклэс, Жаки Глисон тэргүүтэй комедианууд шууд буюу бэлтгэлгүйгээр газар дээр нь хошигнол зохион ярьдаг комеди төрлийн эхлэлийг тавьжээ. Хэдий энэхүү урлаг илүү эрх чөлөөтэй болж байсан ч зориулалтын тайзгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн, ухаангүй бүжиглэх хүмүүсээр дүүрэн шөнийн клубт тоглох нь комедиануудын хувьд тохиромжгүй байсан юм.
1938 онд Британи гаралтай Боб Хөп хэмээх хөтлөгч эрхэм ойр ойрхон цэргийн ангиудаар тойрон тоглолт хийдэг байсан бөгөөд хувийн радио хөтөлбөртэй болсноор долоо хоног бүр шинэ материал бэлдэх шаардлагатай тулгарсан гэдэг. Ингээд тэрээр тухайн өдрийн мэдээ, зочилж буй хотын хов жив, өөрийн болон танилуудынхаа хөгжилтэй явдал зэрэг дээр үндэслэн хошигнол зохиох бичээчдийн багийг байгуулснаар нэг үзүүлбэрээ олон давтдаг, нийтийг хамарсан сэдэв бүхий өмнөх үеийн комеди үзүүлбэрүүдтэй харьцуулахад эрс өөр болжээ.
Стэнд-ап комеди гэх нэршлийг хамгийн анх 1948 оны 6-р сарын 23-нд мэдээний сонин дээр ашигласан байдаг. Классик стэнд-ап үзүүлбэрүүд улам хөгжиж "Эд Салливаны шоу", "Жонни Карсоны оройн шоу" зэрэг зурагтын хөтөлбөрүүд гарч эхэлснээр энэхүү урлаг үндэсний хэмжээний тайзтай болсон юм.
Түүнчлэн өмнөх үеийн комеди хэв маягийг эвдсэн нэгэн бол Морт Сахл байлаа. Тэрээр тайзан дээр өндөр сандал дээр суугаад хэт хошигносон биш егөөдсөн ярианы өнгө аясаар улс төрийн удирдагчид, Америкийн нийгмийн консерватив үзлийн талаар өөрийн бодлоо илэрхийлдэг байв. Сахл тэр дороо нэрд гарч стэнд-ап комедиг ухаалаг, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой, үзэгчид рүү чиглэсэн хэлбэрээр хийж болох юм гэдгийг ирээдүйн комедиануудад харуулсан юм.

Комеди урлаг салбарласан нь
1963 онд "The Improv" нэртэй АНУ-ын анхны комеди клуб нээгдснээс хойш есөн жилийн дараа буюу 1972 онд Нью-Йорк хотын хоёр дахь комеди клуб үйл ажиллагаагаа эхлүүлэв. Үүний дараа өдөрт хэд хэдэн комедиан үзүүлбэр үзүүлдэг комеди клубууд борооны дараах мөөг шиг олширсон гэдэг.
1970-аад оны сүүлчээр үзэгчид шүүлтүүргүй, хяналтгүй дуу хоолойг эрэлхийлж байгааг анзаарсан "HBO" нэг цагийн турш үргэлжлэх хугацаа бүхий тусгай комеди тоглолтуудыг гаргаж эхлэв. 1977 онд болсон Жорж Карлиний тусгай тоглолт стэнд-ап комедигийн одоогийн дүр төрхийн эхлэл байсан гэхэд буруудахгүй. Тэрээр "HBO" телевизийн сувгаар дамжуулан нийт 14 удаа өөрийн тусгай тоглолтоо хийсэн байдаг.
Хорин жилийн дараагаар буюу 1990-ээд оны сүүл гэхэд тухайн үед нэр алдарт хүрсэн комедианууд бараг бүгд өөрсдийн сит-ком цуврал кинотой болсон байлаа. Үзэгчид ойролцоох клубтээ комеди хийж буй сонирхогч залуусаас ч зурагтаар гарч буй өндөр зэрэглэлийн комедиануудын түвшний материал хүлээх болсноор комеди клубуудын тоо огцом буурав. Энэ үед шууд буюу бодитоор тоглодог комедиануудын бусдаас ялгарахын тулд хачирхалтай, жигтэй байдлаар хошигнодог альтернатив комеди урсгал бий болсон түүхтэй.
Тухайн үед зөвхөн хар арьст комедиануудын тоглодог "All Jokes Aside" комеди клуб Чикаго хотод үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ HBO сувгаар "Def Comedy Jam" нэртэй хар арьстнуудын комеди шоу гарч байв. Энэ цаг үеийг хар арьст комедиануудын сэргэн мандалтын үе ч гэж нэрлэх нь бий.
20-р зууны нэгэн дэвшилтэт технологи бол яахын аргагүй интернэт байлаа. Ингэснээр комедиануудад үзэгчидтэй харилцах илүү олон боломж бий болсон юм.
Шинэ цагийн шинэлэг шийдлүүд
2010 он гэхэд хэн дуртай нь "Youtube" бичлэг, подкаст зэргээр дамжуулан өөрийнхөө дуу хоолойг бусдад хүргэх боломжтой болсноор маш олон сонирхогч залуус өөрсдийгөө сорьж, тэдэн дундаас авьяастай, чадвартай хэд нь нэр алдарт хүрэв.
2016 онд "Netflix" өөрсдийн платформ дээр тухайн үед тийм ч нэр алдарт хүрээгүй байсан Ази-Америк гаралтай эмэгтэй комедиан Али Вонгийн special тоглолтыг цацсан нь тухайн үедээ эрсдэлтэй алхам байлаа. Вонгийн нэр хүнд бага багаар өсөж, бусад комедиануудын тоглолт дээр "үзэгч халаагч" хийдэг байсан нэгэн 5,100 хүний суудалтай Парамоунт театрт ганцаарчилсан тоглолтоо хийх хүртлээ нэрд гарав. Улмаар 2018 онд дараагийн тусгай тоглолтоо хийсэн бөгөөд тус оны 5-р сард өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон "Always Be My Maybe" киногоо гарган огцом нэр алдарт хүрсэн юм. "Netflix"-ийн энэхүү туршилт амжилт дагуулах нь ойлгомжтой болсноор тусгай комеди тоглолтууд ар ардаасаа гарч эхэллээ.

Хөл хорионд орсон комеди
2020 онд цар тахал гарснаар комеди клубууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болов. Үзэгчидгүйгээр хэрхэн тоглолт хийх боломж байгааг тэд судалж, хэд хэдэн арга замуудыг эрэлхийсний нэг нь Drive-in буюу машин дотроосоо үзэж болох тоглолтууд байлаа. Түүнчлэн 2020 оны 6-р сарын 6-нд Америкийн алдарт комедиан Дэйв Шапел хүн хоорондын зайг баримтлан задгай талбайн мини тоглолт хийсэн ч вирус тархах эрсдэл өндөр байсан тул нэг удаагийн тоглолтоос цааш үргэлжилсэнгүй.
Хүнд цаг үеийн нэгэн шийдэл нь онлайнаар буюу стрийминг сайтуудаар шууд дамжуулах хэлбэрээр комеди хийх хувилбар байлаа. Эрүүл ахуйн хувьд аюулгүй байсан ч үзэгчдийн шууд хариу үйлдэл дээр тулгуурлан явагддаг энэ урлагийн хувьд үзэгчдийн комментийг уншиж суух нь дутагдалтай байсан юм.
Дэлхийн урлаг Монголд төрсөн нь
Монгол Улсын хувьд стэнд-ап комеди салбар Дөчин мянгатын 48-р байрны "The Basement" клубээс үүсэлтэй. 2014 оны нэгдүгээр сарын 30-нд Б.Батбилэгийн санаачлагаар анхны стэнд-ап комеди тоглолт хийгдэж байсан нь өнөөдрийн бидний мэдэх "UB Comedy" клубийн эхлэл байжээ. Түүнээс хойш 2019 онд хоёр дахь комеди клуб болох "Comedy Lab" үүд хаалгаа нээж, мөн удалгүй эмэгтэй комедиануудын нэгдэл "Big Sistas Comedy Crew" бүлэг үүсгэн байгуулагдаж шинэ залуу уран бүтээлчдийн өөрсдийгөө сорих, комеди урлагт хөл тавих боломж нээлттэй болжээ.
Мэдээж монгол комеди клубууд ч хөл хорио, цар тахлын сөрөг нөлөөтэй нүүр тулсныг бид мэднэ. Аюулт өвчний эрсдэл үгүй болоогүй ч, бага багаар нөхцөл байдал сайжирсаар дуртай стэнд-ап комедиануудаа дахин ойроос харах боломжтой болсон нь сайн хэрэг.
ОЛОН САЛБАРЛАСАН КОМЕДИ УРЛАГИЙН МОД
Бүх л урлагийн салбар дотроо олон төрөл зүйлтэй байдаг шиг стэнд-ап комедиг олон салаа мөчир бүхий модтой адилтгаж болно. Нэг салаа нь дотроо хэд хэд хуваагдахыг ч үгүйсгэхгүй. Олонд танигдсан комеди төрлүүдээс цөөн хэдийг дурдвал:

Ажиглалт: Өдөр тутмын амьдралд тохиолддог, нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, үйлдлүүдийн талаар хошигнодог.
Дүрд тулгуурласан: Комедиан өөрийн гэсэн дүр төрх, зан чанар бүхий дүр бүтээж, тухайн дүрээрээ комеди хийдэг.
Хөгжимд тулгуурласан: Дуу хөгжмийн үг, ая ашигладаг.
Сюрреал: Байж боломгүй, этгээд хачин, жигтэй нөхцөл байдал, логикгүй түүхүүд ихэвчлэн ярьдаг.
Элэглэл: Улс төрийн эрхмүүд, олны танил хүмүүсийг дуурайн шоглодог.
Альтернатив: Өргөн тархсан комеди хэв маягийг эвдсэн комеди
DIY: Альтернатив комедиг ч өөрчилсөн комеди төрөл
СТЭНД-АП КОМЕДИ БА ТЭГШ БАЙДАЛ
Энэхүү салбарт тэгш байдал ямар байдаг юм бол? АНУ дахь нийт комедиануудын дийлэнх хувийг эрчүүд бүрдүүлдэг бөгөөд эмэгтэй комедиануудаас 6,000 орчим ам.доллараар илүү орлого олдог аж. Тэдний угсаа гарлыг тодруулбал цагаан арьстнууд илт давамгай олонхыг бүрдүүлэх бөгөөд Ази гаралтай комедиануудын тоо хамгийн бага байдаг. Харин орлогын хэмжээ нь олонх эсэхээс үл хамааран харилцан адилгүй аж.
Тэднийг жилийн орлогын хэмжээгээр жагсаавал дараах байдлаар харагдана.
- Хар арьстнууд / Африк гаралтан - 72,635 ам.доллар
- Испани / Латин гаралтан - 69,518 ам.доллар
- Цагаан арьстнууд - 69,420 ам.доллар
- Ази гаралтан - 48,739 ам.доллар

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУДЫГ ТООН ХЭЛЭЭР
12: Үзэгчдийг нэг минутанд хамгийн их буюу 12 удаа инээлгэсэн амжилтыг Америк эмэгтэй комедиан Филлис Дилэр эзэмшдэг.
550: Нэг цагийн дотор хамгийн олон буюу 550 хошигнол ярьсан амжилтыг Австрали гаралтай комедиан Тэйлор Гүүдвин эзэмшдэг.
2,408: Дэлхийн хамгийн урт стэнд-ап ганцаарчилсан тоглолт 2,408 минут буюу 40 цаг 8 минутын турш үргэлжилжээ. Тоглолтын эзэн бол Америк комедиан Дэвид Скотт (Mr.Showtime нэрээр алдаршсан) юм.
500,000: Комедиануудын Netflix special тоглолт хийсний төлбөр дунджаар 500,000 ам.доллар байдаг аж.
7,000,000: 2011 онд Англи гаралтай комедиан Ли Эвансийн тоглолтын нэг өдрийн тасалбарын худалдааны дүн долоон сая евро хүрчээ.
75,000,000: Зөвхөн 2019 онд гэхэд Netflix-ийн 150 сая хэрэглэгчдийн тал хувь нь буюу 75 сая хэрэглэгчид стэнд-ап тусгай тоглолт үзжээ.

АЛИВ ИНЭЭГЭЭРЭЙ: ИНЭЭХИЙН АЧ ТУС
Стэнд-ап комеди урлагийн гол зорилго бол үзэгчдийг инээлгэх билээ. Инээх нь бидний бие махбод, сэтгэл санаа, нийгмийн харилцаанд ч сайнаар нөлөөлдгийг шинжлэх ухаан аль хэдийн баталжээ. Инээх ба түүний биед үзүүлэх нөлөөллийг судалдаг шинжлэх ухааныг "Гелотологи" гэж нэрлэдэг.

Ердөө 10-15 минутын туршид инээснээр та 50 хүртэлх калорийг шатаадаг гэнэ. Инээх үед тархинд "эндорфин" хэмээх биеийн байгалийн өвчин намдаагч бодис ялгардаг. Түүнчлэн HGH буюу хүний өсөлтийн гормон ялгарснаар дархлаа сайжирч, биен дэх элдэв бактерийг устгадаг байна.
Амралтыг умартан ажилласаар, нэг л мэдэхэд бие сэтгэлээрээ ядарсан байх явдал цөөнгүй тохиолддог. Тэгвэл та хааяа ч болов түр амсхийгээд дуртай стэнд-ап комеди клубээ зориорой. Хэсэгхэн ч атугай хугацаанд аз жаргалыг мэдрэх нь бидний амьдралыг илүү утга учиртай болгодог гэдэгт би итгэдэг юм.

Сэтгэгдэл бичих

