Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол тогтвортой ноолуур.
Малын зөөлөн улингар үс гэгддэг ноолуур бол манай орны экспортын чухал бүтээгдэхүүний нэг төдийгүй чанарын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг билээ. Өдгөө олон улсын ноолуурын зах зээлд жилд дунджаар 24 мянган тонн ноолуур бэлтгэж буйгаас 50 хувийг БНХАУ, 40 хувийг Монгол Улс нийлүүлж байна.
Ноолууран бүтээгдэхүүн нь дулаан, зөөлөн, бат бөх төдийгүй бусад үслэг түүхий эдээс ховор олдоцтой учир хувцас загварын ертөнцөд тансаг хэрэглээнд тооцогдсоор ирсэн. Энэ хэрээр байгаль орчин, малд ээлтэй аргаар ноолуур үйлдвэрлэх нь чухал болж буй тул бид энэ удаа тогтвортой ноолуурын тухай онцолж, мэдвэл зохих бүхнийг тайлбарлахаар бэлтгэлээ.

Тогтвортой ноолуур гэдгийг тун энгийнээр тайлбарлавал байгаль орчин, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй үйлдвэрлэх тухай юм. Эх үүсвэр нь баталгаатай, байгальд ээлтэй, ёс зүйтэй аргаар бэлтгэж үйлдвэрлэсэн ноолуурыг тогтвортой гэж үздэг. Түүхий эд бэлтгэх үйл явцаас эхлээд үйлдвэрлэх, боловсруулах үйл явцад агаар, ус, хөрс, амьтан, ургамалд сөрөг нөлөө үзүүлээгүй, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй байх ёстой гэсэн үг.
Харин нийгмийн талаас түүхий эд боловсруулах үйл явцад оролцож буй ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний тухай асуудал яригдана. Тэгш хүртээмжтэй, ашиг орлогын шударга хуваарилалттай байх нь тогтвортой ноолуурын шаардлагыг хангаж буй хэрэг билээ.
Гэвч ямааны тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрч, доройтсоор байна. Үүний улмаас ноолуурын чанарт сөргөөр нөлөөлөхөөс эхлээд малчин айл өрхийн амьжиргаа буурч, ноос, ноолуурын салбарт олон бэрхшээл үүсээд буй юм. Тиймээс бэлчээрийн мал аж ахуйг зохистой эрхэлж, малчнаас авсан түүхий эдийг нэмүү өртөг шингээн дамжуулах үйл явц нь мөшгөх боломжтой, хэмжигдэхүйц, ил тод, тасралтгүй, ёс зүйтэй байх учиртай.

Тооны хэлээр
100%: Манай улсын угаасан ноолуурын экспортын 100 хувийг БНХАУ, самнасан ноолуурын экспортын 85 хувийг Итали улс эзэлж байна.
9600 тонн: Монгол Улс 2019 онд 9.6 мянган тонн ноолуур бэлтгэжээ.
20 орон: Бид угаасан ноолуураа Хятад, самнасан ноолуураа Хятад, Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнээ АНУ, Герман, БНСУ, Япон, Бельги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолж байна.
3.2 дахин: Сүүлийн 10 жилд бохир ноолуурын экспорт 3.2 дахин нэмэгджээ.
257: Ноос боловсруулах салбарт гүн боловсруулах, угаах, сүлжих зэрэг төрлөөр том болон жижиг хэмжээний нийт 257 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Гүнзгийрүүлж лавлах нь
Монголын тогтвортой ноолуур ямар үнэ цэнтэй вэ?
Чанартай
Монгол ноолуурын чанар Хаан ширхэгт чанарын тохирлын дагуу баталгааждаг. Мөн малчид маань тогтвортой ноолуурыг соргог бэлчээрээс идээшилсэн, цэвэр үүлдэр, зүсний ямаанаас зөв аргаар самнаж, нас, хүйсээр нь ангилан ялгаж бэлтгэдэг тул чанартайд тооцогддог юм. Түүнээс гадна бусад орны ноолууртай эн зэрэгцэх эсвэл илүү чанартай төдийгүй ноолуурын өнгөний сонголт их буюу цагаан, бор, шаргал өнгөтэй байдаг байна.
Байгальд ээлтэй
Тогтвортой ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчид цөөн тооны, чанартай ямаа өсгөснөөр тэр хэрээр бэлчээрт үзүүлэх дарамтыг бууруулна. Харин үйлдвэрийн эзэн үйлдвэрийн шат дамжлагад ус, эрчим хүч болон химийн бодисын хэрэглээгээ хянах үүрэгтэй. Ноос ноолуур нь органик гаралтай бүтээгдэхүүн тул байгальд задрах үйл явц түргэн байхаас гадна, хөрс, ус, агаарт сөрөг нөлөөгүй.
Өндөр үнэтэй
Хэрэглэгчийн гар дээр эх үүсвэр нь тодорхой, үйлдвэрлэл нь ил тод бүтээгдэхүүн хүргэхийн тулд шат бүрд өндөр хариуцлага, хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг. Хэрэв ил задгай орчинд хог ихтэй самнаж, байгалийн нөөцийг гамгүй ашиглавал бага зардлаар, энгийн ноолуур гарч болно. Тогтвортой ноолуур илүү үнэтэй гарах боловч сөрөг ул мөр нь бага, ирээдүйд гарах өгөөж нь эерэг юм.
Эх орны эдийн засгийн хөгжлийг дэмжинэ
Эдийн засгийг бүрдүүлэгч гол салбаруудаас уул уурхайн дараа удаалдаг салбар бол мал аж ахуй, тэр дундаа ноос, ноолуурын үйлдвэрлэл билээ. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай хоршуулан хөгжүүлэх нь хөрөнгө оруулалт татахад илүү хялбар болгохоос гадна бэлтгэн, нийлүүлэгч, боловсруулах салбарыг дэмжинэ. Ингэснээр олон улсад Монголын өрсөлдөх чадвар, нэр хүндийг сайжруулах юм.
Баталгаатай малчид
Тогтвортой ноос, ноолуур бэлтгэж буй малчдын хоршоодыг 25 шалгуур бүхий Тогтвортой ноолуур гэрчилгээ болон Хариуцлагатай нүүдэлчин системийн дагуу баталгаажуулдаг тул малчид бэлчээр, малын эрүүл мэнд, тавлаг байдал, түүхий эдийн чанарын хүрээнд байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай байх үүрэг хүлээсэн байдаг.
Хариуцлагатай компаниуд
Тэгвэл боловсруулах үйлдвэрүүдийг Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийн дагуу Монголын ноос, ноолуурын холбоо хянан баталгаажуулна. Одоогийн байдлаар Тогтвортой үйлдвэрлэлийн дүрэмд дотоодын 18 үйлдвэр нэгджээ.

Ирээдүйгээс ирсэн захидал
Өдгөө олон нийтийг тогтвортой хөгжилд уриалсан томоохон кампанит ажлууд, иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд эх дэлхийгээ хайрлах уриалгыг түгээсээр байна. Энэ хандлага нь нийгмийн хариуцлагаа ухамсарладаггүй, байгальд сөрөг үйл ажиллагаа явуулдаг компаниудын үнэлэмжийг багасгаж, хэрэглэгчдийн итгэлийг олж авахын төлөө байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, эерэг хандлагыг түгээх ганцхан сонголтын өмнө хүргээд байгаа юм.
“McKinsey & Company”-аас хийсэн судалгаагаар нийт миллениалуудын 66 хувь нь байгальд ээлтэй загварын брэнд сонгохыг илүүд үзэж буй аж. Тэд нийгмийн асуудалд анхаарал хандуулдаггүй, байгальд сөрөг үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас худалдан авалт хийхгүй хэмээн хариулжээ.
Аль ч орны эдийн засаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ тогтмол өсгөж, худалдан авагчдыг татах эрмэлзэлтэй, тэр дагуу хэдэн зуун шинэ хэрэглээг бий болгосоор байгаа билээ. Гэвч байгаль, нийгэмд ээлтэй хэрэглээг бий болгох нь энэ зуун төдийгүй ирээдүйн зуунуудын голлох сэтгэлгээ, дадал болох учиртайг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Сонирхолтой баримтууд
“AVSF Mongolia” байгууллагаас Монголын тогтвортой ноос, ноолуурын талаарх иргэдийн ойлголтыг тодорхойлох судалгаа хийжээ. Судалгааны оролцогчид:
-15 хувь нь тогтвортой бүтээгдэхүүний талаар зөв ойлголттой
- 85 хувь нь байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг
- 93 хувь нь тогтвортой аргаар хийсэн бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой болохоо илэрхийлсэн байна.



НЭР ТОМЬЁОНЫ ЛАВЛАХ
Ноолуурын үнэ цэнийг тодорхойлох хүчин зүйлсийг тайлбарлая.
Ноолуурын нарийн: Нэг микро метрийг 1000 хуваасны нэгтэй тэнцэх нэгж буюу микроноор ноолуурын диаметрийг хэмжсэнийг хэлдэг.
Ноолуурын өнгө: Цайвар ноолуураар олон төрлийн өнгө гаргаж болдог бол бараан ноолуураар бараан хувцас үйлдвэрлэх боломжтой. Манайд ойролцоогоор 60 хувийг нь бараан, 15 хувийг улаан, үлдсэнийг нь саарал, цайвар саарал, цагаан өнгөөр бэлтгэж байна.
Ноолуурын бохирдол: Ноолуурт буй шороо, хаг, ургамлын хог болон бусад биетийг хэлдэг. Ихэнх бохирдлыг угааж самнадаг машинаар арилгана.
Ноолуурын урт: Ноолуур урт байх тусам чанга ээрсэн утас хийх боломжтой. Хялгасыг нь самнасны дараа 42-46 мм урттай болдог. Мушгиралдсан ширхэгтэй ноолуураар илүү эдэлгээ сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.
Ноолуурын гарц: Бохир ноолуур дахь нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрлэлийн шаардлага хангасан хэмжээ. 100 кг бохир ноолуураас хялгасыг нь самнасны дараа 50 кг ноолуур гарч байвал 50 хувь гарцтай гэсэн үг юм. Гарц нь ноолуурт буй хялгас, бохирдол, тос болон бусад бохирдлоос шалтгаална. Манайд дундаж гарц 45 хувьтай байдаг аж.
(Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам)

Сэтгэгдэл бичих

