Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж буй эдгээр өдрүүдэд байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудал хэн бүхний анхаарлын төвд байна. Улс орон бүр, хувь хүн бүхэн дор бүрнээ эх дэлхийг маань нөмрөн авч буй уур амьсгалын асуудлыг саармагжуулж, бодитой алхам хийхийг эрмэлзэх болов. Үүний нэг илрэл нь цахилгаан автомашин сонгох нь нэмэгдэж байгаа явдал билээ.

Гэвч хэрэглээ өсөхийн хэрээр "Хаана, яаж цэнэглэх вэ?" гэх асуулт иргэдэд тулгарч, цэнэглэх дэд бүтцийн хүртээмж нь ногоон шилжилтийн хурдыг сааруулж байна. Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ иргэдийн эрэлт хэрэгцээнд тугуурлан, орон нутаг болон нийслэлд цэнэглэгчийн сүлжээг тэлэхээр ажиллаж буй "Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр"-ийг онцоллоо. 

Хөтөлбөрийн тухай

Уг хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газраас түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах зорилготой “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хийгдэж буй төр, хувийн хэвшлийн хамтарсан томоохон ногоон шилжилтийн ажил юм. Төслийг Улаанбаатар Хотын Худалдааны Танхимаас хэрэгжүүлж буй бөгөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Гэрэл зургийг: Монгол Улсын Засгийн Газар

"Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр"-ийн албан ёсны нээлтийн үеэр

"Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр"-ийн албан ёсны нээлтийн үеэр

БИДЭНД ЯМАР АСУУДАЛ БАЙНА ВЭ?

Импортын шатахууны хамаарал

Манай улс шатахуун хэрэглээний хувьд гадаад зах зээлээс, ялангуяа ОХУ-аас бүрэн хамааралтай. Энэ нь валютын ханшийн савлагаа, геополитикийн тодорхойгүй байдалд тогтмол өртөх эрсдэлийг дагуулдаг. Үүний зэрэгцээ холын зайн тээвэрлэлт, ложистикийн өндөр зардал нь манай эдийн засагт дарамт болсоор байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол

Нийслэлийн өвлийн агаарын бохирдол ДЭМБ-ын аюулгүй стандартаас хэд дахин давж, дээгүүрт жагсаж байгааг хэн бүхэн мэдэж буй. Тэгвэл автомашинаас ялгарч байгаа утаа нийт бохирдлын 15%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд насжилт өндөртэй, дотоод шаталтат хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд агаарыг тасралтгүй бохирдуулж байна.

Зах зээлийн гацаа

Цэнэглэх дэд бүтэц хангалтгүйгээс иргэд цахилгаан автомашин худалдан авахаас эмээж байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан автомашины тоо цөөн тул хувийн хэвшлийнхэн цэнэглэх станцад хөрөнгө оруулахаас татгалздаг уламжлалт гацаа үүсээд байна.

Эрчим хүчний үр ашиггүй байдал 

Ердийн дотоод шаталтат хөдөлгүүртэй машин нь түлшний энергийн дөнгөж 20-30%-ийг хөдөлгөөн болгож, үлдсэн 70-80%-ийг халаалт, үрэлт, сул зогсолтоор үр ашиггүй үрдэг. Харин цахилгаан автомашин батарейны энергийнхээ 70-90%-ийг шууд хөдөлгөөн болгон хувиргадаг үр ашигтай технологи юм.

БУСАД НЬ ЯАЖ ШИЙДЭЖ БАЙНА ВЭ?

Дэлхийн улс орнууд цахилгаан тээврийн шилжилтийг төрийн бодлого, урамшууллын ухаалаг системээр хэрэгжүүлж байна.

Норвеги 

Татварын цогц хөнгөлөлт хэрэгжүүлсэн Норвеги Улсад 2026 оны эхэн үеийн байдлаар шинээр бүртгэгдэж буй нийт суудлын автомашины 98 орчим хувийг бүрэн цахилгаан (BEV) мотортой машин эзэлж байна. Тус улсын замаар явж буй 2.9 сая автомашины 1 сая гаруй нь цахилгаан болсноор түүхэндээ анх удаа бензин хөдөлгүүртэй машины тоог гүйцэж түрүүлээд байгаа юм. Үүний зэрэгцээ улсын чанартай гол хурдны замын дагуу 50 км тутамд хамгийн багадаа хоёр ширхэг 150 кВт-ын хүчин чадалтай супер хурдан цэнэглэгч байх стандартыг төрөөс санхүүжүүлсэн аж. Мөн тус улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний 99% нь ус болон салхины сэргээгдэх эрчим хүчээр тэжээгддэг тул цэнэглэх өртөг нь бензинээс даруй 3-4 дахин хямд юм.



БНХАУ

Зах зээлийн цар хүрээний хувьд БНХАУ урт хугацааны стратегийн дагуу цахилгаан тээврийг олон тэрбум долларын татаас, татварын бодлогоор тэтгэж ирсэн. Тухайлбал, 2009-2022 оны хооронд 28 тэрбум доллартай тэнцэх татаас олгосон бол 2023 оноос 72 тэрбум долларын татварын багц хөнгөлөлтийг сунгаад буй. Хятадын Үндэсний Эрчим Хүчний Газрын 2026 оны мэдээгээр тус улсын нийт цахилгаан цэнэглэх төвийн тоо 21 саяд хүрч, жилийн дотор 47.8%-иар өсжээ. Үүнээс 4.83 сая нь нийтийн хэрэглээнийх бол, 16.17 сая нь хувийн зориулалттай цэнэглэгч байгаа юм. Сонирхуулахад, төрийн зүгээс шөнийн цагаар цахилгаан цэнэглэх тарифыг эрс хямдруулах урамшуулал олгодог аж.



Узбекистан

Манайхтай ижил дэд бүтцийн хомсдолтой байсан Узбекистан Улс богино хугацаанд бодит үр дүнд хүрсэн туршлагатай. Тодруулбал, "BYD Uzbekistan Factory" нь 2024 онд 4,000 орчим автомашин үйлдвэрлэж байсан бол 2025 оны эцэст энэ тоо 20,200 нэгжид хүрчээ. Узбекистаны Хөрөнгө оруулалтын агентлагийн мэдээгээр 2026 оны эхний хагаст гэхэд "BYD" брэнд тус улсын суудлын автомашины зах зээлийн 9.4 хувийг дангаараа эзэлж байгаа бөгөөд 2027 он гэхэд жилд 500,000 цахилгаан болон хосломол хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх хүчин чадалд хүрэхээр төлөвлөжээ. Мөн тэд Хятадаас гадна хилийн чанадад 6,000 гаруй ухаалаг хурдан цэнэглэх станц барихаар төлөвлөсний нэг нь Узбекистан Улс болоод байна.



БИД ЯАЖ ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Монгол Улс БНХАУ-тай хил залгаа тул тээврийн бага зардлаар цахилгаан автомашин импортлох боломж хавь илүү. Үүний зэрэгцээ дотоодын харьцангуй хямд эрчим хүчний эх үүсвэрт тохируулж, цэнэглэх сүлжээг оновчтой төлөвлөх бүрэн боломжтой байна. Энэхүү орон зай, эрэлт хэрэгцээнд тугуурлан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй бодит жишээ нь "Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр" юм. Тус хөтөлбөр нь дараах цогц шийдлээр салбарын дэд бүтцийг цогцлоохоор ажиллаж байна.

Үндэсний хэмжээний нэгдсэн сүлжээ: Нийслэл Улаанбаатар хотоос гадна аялал жуулчлалын гол чиглэлүүд болох Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Архангай, Хэнтий зэрэг 21 аймгийг холбосон цэнэглэх сүлжээг бүтээнэ. Ингэснээр хөдөө орон нутагт зорчиход тулгардаг цэнэг дуусах айдас арилж, чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм.

Батарей хуримтлуурын ухаалаг шийдэл: Эрчим хүчний эх үүсвэрийн ачаалал ихтэй бүсүүдэд Батарей хуримтлуулах систем (BESS)-ийг суурилуулна. Ингэснээр сүлжээний ачаалал бага, цахилгааны тариф хямд байх боломжтой төдийгүй шөнийн цагаар эрчим хүчээ хуримтлуулж, өдрийн оргил ачааллын үеэр төвийн сүлжээнд дарамт өгөхгүйгээр автомашинуудыг түргэн цэнэглэх юм.

Эрх зүй ба бодлогын дэмжлэг: Хөтөлбөр нь УИХ-ын "Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл" (Тогтоол №109), Засгийн газрын 160 дугаар тогтоол болон ААН-ийн орлогын албан татварын тухай хуулиар бүрэн дэмжигдсэн эрх зүйн таатай орчинд хэрэгжиж буйгаараа онцлог.



ТООГООР ТАЙЛБАРЛАХ НЬ

"Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр" бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засаг болон байгаль орчинд дараах бодит үр дүнгүүд гарах аж.

500 цэнэглэгч станц: 2027 оныг дуустал нийслэл хот болон 21 аймгийн гол замуудыг дагасан 500 түргэн цэнэглэгч станц бүхий үндэсний иж бүрэн сүлжээг байгуулна.

50,000+ цахилгаан автомашин: Цэнэглэх дэд бүтэц хангагдсанаар хэрэглэгчдийн итгэл нэмэгдэж, ирэх 5 жилийн дотор Монгол Улсын авто замын хөдөлгөөнд оролцох цахилгаан автомашины тоо 50,000 давах бодит нөхцөл бүрдэнэ.

200 сая доллар хэмнэнэ: Жилд 300 сая литр шатахууны хэрэглээг бууруулснаар 5 жилийн хугацаанд гадаад руу урсах 200 сая доллартай тэнцэх хэмжээний валютын алдагдлыг саармагжуулж, шатахууны импортын хамаарлыг багасгана.

33мВт эрчим хүч: 500 станц ашиглалтад орсноор ердөө 33 мВт буюу системд дарамт болохгүй бага хэмжээний эрчим хүч зарцуулна. Түүнчлэн 22:00 цагаас хойш хэрэгжих "Ухаалаг тариф"-ын хөнгөлөлт нь жолоочдод шөнийн цагаар хямд зардлаар цэнэглэх боломж олгох төдийгүй өдрийн ачааллыг бууруулж, төв сүлжээний тэнцвэрийг хангана.

166,000 тонн: Автомашинаас ялгардаг хорт хийн хэмжээг ийнхүү бууруулснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн гол бүс болох Сэлбэ, 7-р буудал орчмын 32,000 айл өрхийн бүтэн нэг өвлийн утаа, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бүрэн байхгүй болгосонтой тэнцэхүйц байгаль орчны ач холбогдолтой.

2-4 дахин хямд: Цахилгаан автомашиныг цэнэглэх дундаж өртөг нь бидний өдөр тутам унадаг Prius автомашины бензиний зардлаас 2-4 дахин хямд. Цэнэглэгч станцын арилжааны тарифаар буюу 2,500 төгрөг/кВт.ц тооцож цэнэглэсэн ч ердийн бензин хөдөлгүүртэй машинтай ижил түвшний зардал гарна.



ЯАГААД НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, тогтвортой хөгжлийг чухалчилдаг аж ахуйн нэгжүүд дараах боломжуудаар хамтран ажиллах боломжтой.

  • ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасны дагуу нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлтэй цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийн төсөлд оруулсан хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт тооцуулах боломжтой.
  • Өөрийн үйлчилгээний төв, дэлгүүр, ресторан, оффисын зогсоолуудад ухаалаг цэнэглэгч байршуулснаар хэрэглэгчдийн урсгалыг нэмэгдүүлж, бизнесийн нэмэлт орлогын суваг үүсгэнэ.
  • Байгууллагынхаа машиныг цахилгаан автомашинаар шинэчилснээр үйл ажиллагааны ашиглалтын зардлаа эрс бууруулаад зогсохгүй БОНЗ-ын стандартыг ханган, хариуцлагатай брэндийн үнэ цэнээ нэмэгдүүлнэ.

ХЭРХЭН НЭГДЭХ ВЭ?

Хэрэв та уг хөтөлбөрт нэгдэхийг хүсэж байвал доорх утас болон цахим шуудангаар холбогдож, хамтран ажиллах үүд хаалгаа нээгээрэй.

Утас: 7700-3883
И-мэйл: info@ubchamber.mn
Вэбсайт: www.ubchamber.mn