Уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх, өөрсдөдөө болон хойч үедээ тогтвортой хөгжлийг бүтээхийн тулд бид улс үндэстнээрээ нэгдэж, хамтдаа хүчин чармайлт гаргах шаардлагатай.
Монголчууд бид эртнээс “Олны хүч оломгүй далай” хэмээх зүйр үгээр дамжуулан аливаа үйлсийг амжилтад хүргэхэд хамтын зүтгэлийн ач холбогдлыг онцолж ирсэн. Дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудлуудыг даван туулах, тогтвортой хөгжлийг хангахад хамтын хүчин чармайлт, бүх түвшний хамтын ажиллагаа зайлшгүй чухал юм.
Яг л энэ шалтгаанаас үүдэн жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хэмээх "даруухан" хотноо энэ дэлхийн хамгийн "хүчирхэг" хүмүүс цугларч, хүн төрөлхтөний өмнө тулгарч буй хамгийн том асуудлуудыг хэрхэн хамтын оролцоотойгоор шийдвэрлэж болох талаар хэлэлцэж, гарцыг эрэлхийлдэг. Энэ жилийн форум өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд үргэлжилнэ.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ ГЭЖ ЮУ ВЭ?
Германд төрсөн Женевийн Их сургуулийн профессор Клаус Шваб хамгийн анх 1971 онд Европын Менежментийн Форум нэртэйгээр зохион байгуулж байсан энэхүү уулзалт 1987 оноос хойш "Дэлхийн" гэсэн тодотголтой болж, дэлхийн топ лидерүүдийн нэгэн дор нэгтгэсэн хамгийн чухал цугларалтуудын нэг болж чадсан юм.
Жилийн бусад үед 10,000 хүрэхгүй оршин суугчтай энэ буйдхан тосгон жил бүрийн нэг л долоо хоногт улс орны төрийн тэргүүд, бизнесийн лидерүүд, топ захирлууд, эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд, урлагийн төлөөллийг багтаасан 30 мянга гаруй зочныг хүлээн авч, дэлхийн хамгийн чинээлэг, нэр хүндтэй, эрх мэдэлтэй цөөнхийн “уулзах цэг” болж хувирдаг билээ.
Олон улсын макро эдийн засаг, хөгжлийн чиг хандлага, төлөв, глобал түвшинд тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар ердөө таван өдөрт багтаан хэлэлцдэг энэ хурлын үеэр 400 гаруй хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг явагддагаараа онцлогтой.
давос бодлого тодорхойлох газар уу?
Давос бол төрийн болон хувийн хэвшлийн шийдвэр гаргагчид тухайн цаг үеийн дэлхий дахины тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх чухал тавцан гэдгээрээ онцлог. Эдгээр уулзалтуудын үр дүнд олон улсын түвшний бизнесийн түншлэлүүд байгуулагдаж, улс төрийн томоохон ахиц дэвшил гарч байсан түүхүүд олон.
Жишээлбэл, 1988 онд Грек, Турк улсууд Эгийн тэнгис дэх нутаг дэвсгэрийн маргаанаас үүдэн цэргийн мөргөлдөөний ирмэгт тулж байсан. Гэвч Давосын чуулганы үеэр Грекийн Ерөнхий сайд асан Андреас Папандреу, Туркийн Ерөнхий сайд асан Тургут Өзал нар улс төрийн дарамтгүй, төвийг сахисан орчинд яриа хэлэлцээ хийж, “Давосын тунхаглал”-д хүрч чадсан. Үүний үр дүнд хурцадмал байдал намжиж, хоёр улсын харилцаа сайжирсан түүхтэй.
Харин сүүлийн үеийн жишээ гэвэл, 2023 оны Давосын уулзалтын үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) дэлхийн хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Enterprises for Development, Growth, and Empowerment Fund” буюу EDGE санг анх танилцуулсан юм. Мөн Африкийн удирдагчид болон дэлхийн шилдэг CEO нар “AfCFTA: Африкийн бизнес, хөрөнгө оруулалтын шинэ эрин үе” нэртэй тайланг дэмжсэн билээ. Хэрэв Африкийн Чөлөөт Худалдааны Бүс (AfCFTA) бүрэн хэрэгжвэл 2030 он гэхэд 1.7 тэрбум хүн амтай асар том зах зээлд 6.7 их наяд ам.долларын хэрэглэгч, бизнесийн зардлыг хянах боломжтой.
Энэ бүх жишээнээс Давосын чуулган нь шийдвэр гаргах талбар биш ч, дэлхийн удирдагчид, шийдвэр гаргагчдын хооронд чухал яриа хэлэлцээр өрнүүлэх боломжийг бүрдүүлдэг онцгой ач холбогдолтой арга хэмжээ болохыг харуулж буй.
швейцарын давост хэн очдог вэ?
Давосыг хэн ч зорьж очиж болох хэдий ч форумын албан ёсны үнэмлэх авахын тулд зочдын нэрсийн жагсаалтад багтсан байх шаардлагатай. Алганд багтах хуванцар цагаан үнэмлэх форумын хаалттай, хамгаалалт өндөртэй хэсгүүд рүү асуудалгүй нэвтрэх түлхүүр болдог. Цагаан өнгийн үнэмлэхийг улс төрчид, бизнесийн манлайлагчид, салбарын шилдэг мэргэжилтнүүд, нөлөөлөгчид, уран бүтээлчид, хөдөлмөрийн төлөөлөл, уугуул иргэдийн төлөөлөл, залуу үеийн дуу хоолой зэрэг олон төрлийн төлөөлөгчид авах боломжтой.
Давосын уулзалт сүүлийн жилүүдэд олон эсэргүүцэлтэй тулгарч “Элитүүдийн чуулган” хэмээн шүүмжлүүлэх болсон юм. Харин зохион байгуулагчдын зүгээс жендер болон насны харьцааг тэнцвэржүүлэхэд онцгойлон анхаарч, нийгмийн оролцоог нэмэгдүүлж, байгаль орчны асуудлыг гол сэдэв болгох замаар энэ ойлголтыг өөрчлөхийг хичээж буй.
Санал болгох: Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцсон тэмдэглэл
давост тогтвортой хөгжлийн бодлого хэрхэн хэрэгждэг вэ?
Давост уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн талаарх хамгийн чухал яриа хэлэлцээр эхэлдэг. 2017 оноос хойш WEF нь Давосын уулзалтаас үүссэн бүх нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцоолж, Швейцар болон гадаад улс орнуудад хэрэгжүүлж буй байгаль орчны төслүүдээр дамжуулан нөхөн сэргээх арга хэмжээ авч байгаа юм. Сонирхуулахад, арга хэмжээний үеэр зөвхөн сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан цахилгаан хэрэглэдэг бөгөөд байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл ашиглахыг уриалж, оролцогчдод галт тэргээр зорчиход 100 хувийн хөнгөлөлт үзүүлдэг гэнэ.
давос 2025: go mongolia
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн форумд онцгой ач холбогдол өгч байна. Улмаар дотоодын хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “Go Mongolia” уриан дор эх орноо танилцуулах арга хэмжээг “Mongolia House”-ийг анх удаа байгуулж, төрийн тэргүүнүүд, хөрөнгө оруулагчид, бизнесийн удирдагчдыг угтан авах аж. Эдгээр зочдод Монгол Улсын төсөл, хөтөлбөр, боломжуудыг танилцуулж, хөрөнгө оруулалтын санал тавих нь уг арга хэмжээний гол зорилго.
Уг арга хэмжээ нь шийдвэрээ шууд гарах боломжтой 2500 дэлхийн улстөрч, хөрөнгө оруулагчид Давост нэг дор цугларах үеэр явагдана гэдэг нь манай гадаад харилцаа, бизнес, санхүү, хөрөнгө оруулалт, технологи талаасаа ч тэр чухал ач холбогдолтой.
Түүнчлэн чуулганы үеэр Дэлхийн Эдийн Засгийн форумын стратегийн мэдээллийн сан болох Strategic Intelligence-д Монгол Улсын Засгийн газар болон яамдууд нэвтрэх эрхиийг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурах ажээ. Энэ сан нь дэлхийн чиг хандлага, эдийн засгийн өөрчлөлт, бодлого боловсруулахад шаардлагатай мэдээлэл агуулдаг. Энэ хамтын ажиллагааны дүнд Монгол Улсын шийдвэр гаргалт илүү шинжлэх ухаанч, үндэслэлтэй болж, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцэх давуу талтай аж.
crystal award
Жил бүр Давост урлагийн салбарт өөрийн ажил үйлсээр гялалзаж, нийгэмд эерэг нөлөө үзүүлж буй Соёлын лидерүүдийг нэрлэн "Болор Шагнал" олгодог. Энэ жилийн тухайд:
Нэрт хөлбөмбөгч, ЮНИСЕФ-ийн хүүхдийн элч Дэвид Бекхэм
Эмэгтэйчүүдийн эрхийг дэмжигч, алдартай загвар зохион бүтээгч, хүмүүнлэгийн зүтгэлтэн Диан фон Фүрстенберг;
Нэрт архитектор, нийгмийн зүтгэлтэн, 2024 оны Прицкерийн шагналт Рикен Ямамото нарыг шагнахаар болжээ.
Дэвид Бекхэм
Дэвид Бекхэм нь дэлхий даяар хүүхдийн эрхийг хамгаалж, тэдний сайн сайхан амьдралыг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирснийхээ үр дүнд 2025 оны Кристал шагналыг хүртэж байна. Тэрээр ЮНИСЕФ-ийн сайн санааны элчээр ажилласан 20 жилийн хугацаандаа боловсрол, эрүүл мэнд, эрх тэгш байдлыг дэмжих чиглэлээр дайны бүсүүдэд ажиллан, хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж чадсан нөлөөлөгч нэгэн юм.
Диан фон Фүрстенберг
Диан фон Фүрстенберг загварын салбараас хальж, эмэгтэйчүүдийн эрх, чадавхийг дэмжих үйлсэд олон жилийн турш манлайлж буй. Түүний DVF Awards хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрийн эмэгтэйчүүдийг дэмжиж, өөрсдийн нийгэмд өөрчлөлт авчрах хүчийг олгоход чиглэсэн билээ.
Рикен Ямамото
Рикен Ямамото нь тогтвортой хөгжлийг дэмжих, нийгмийг сэргээн босгох, хүний амьдралыг сайжруулахад архитектур хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж болохыг харуулж буй нэгэн. Түүний ажил, философи нь ирээдүйн архитекторын чиг хандлагыг тодорхойлж, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.