Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл өвлийн Олимп эхэллээ! Монгол Улс анх 1964 оны Инсбрукийн өвлийн олимпын наадамд оролцсоноос хойш өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн өвлийн олимпын наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр тамирчдаа оролцуулж ирсэн түүхтэй. Энэ жилийн хувьд бид шив шинэ төрөлд өрсөлдөх эрхээ авч 92 жилийн Олимпын түүхэндээ дахин нэг шинэ хуудас нээж буй онцлогтой.
Энэ жилийн өвлийн Олимп ийнхүү Итали Улсад нээлтээ хийж хоёр хотод зэрэг зохион байгуулагдах бөгөөд нэлээд олон өөрчлөлт бүхий наадам болох төлөвтэй. Тэгвэл ямар шинэчлэл хийгдэж, ямар спорт нэмэгдэж, Монголын тамирчдын бяцхан танилцуулга гэх зэрэг энэ удаагийн Олимпын талаар таны мэдэх ёстой бүхнийг энд нэгтгэлээ.

Түгээмэл асуулт, хариулт
Энэ жилийн олимп хэзээ, хаана болох вэ?

2026 оны өвлийн Олимпын наадад Итали улсад хоёрдугаар сарын зургаан буюу өнөөдрөөс эхэлнэ. Олимпын наадам бүр сүр жавхлант нээлтийн ёслолоор эхэлдэг уламжлалтай ба энэ жилийн Олимп энэ уламжлалыг шинэ түвшинд гаргах төлөвтэй байна. Нээлтийн ёслол өнөөдөр орон нутгийн цагаар 20:00 цагт Милан хотын 80,000 гаруй үзэгчдийн суудал бүхий Сан Сиро цэнгэлдэхэд зохион байгуулагдах юм.
Өвлийн Олимпын түүхэнд анх удаа нээлтийн ёслол олон байршилд зэрэг зохион байгуулагдах бөгөөд үндсэн тайз Миланд байрлах боловч тамирчдын жагсаалын зарим хэсэг Кортина д’Ампеццо, Предаццо, Ливиньо хотуудад мөн явагдах юм.
Нээлтийн ёслолд Италийн алдарт тенор Андреа Бочелли, Хятадын төгөлдөр хуурч Ланг Ланг, АНУ-ын поп хөгжмийн од Мэрайя Кэри нар тайзнаа гарахаар төлөвлөжээ. Тэр дундаа Мэрайя Кэри итали хэлээр бүтэн дуу дуулах бөгөөд энэ нь Италийн соёл, хөгжимд хүндэтгэл үзүүлж буй онцгой мөч болох аж.
Монголоос ямар тамирчид оролцож байна вэ?
Өвлийн Олимпын түүхэн дэх хамгийн олон медальтай наадмуудын нэг болох энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас гүйлтийн цана, уулын цанын төрлөөр тамирчид оролцоно. Тэдний дундаас Монголын өвлийн спортын өнөө цагийн нүүр царай гэгддэг Б.Ачбадрах гурав дахь Олимподоо оролцох гэж байна.
Б.Ачбадрах 2018 оны Пёнчаны өвлийн Олимпод Монголын багийн бүрэлдэхүүнд анх удаа багтаж, гүйлтийн цанын 15 км-ийн зайд 97-р байрт орсон. Улмаар “Бээжин-2022” Өвлийн Олимпод дахин оролцож, 15 км болон спринт төрлүүдэд өрсөлдсөн нь Монголын гүйлтийн цанын тамирчдын олон улсын оролцоог хадгалсан чухал үйл явдал болсон юм. Энэ удаагийн Олимпод Монголын гүйлтийн цанын тамирчид скиатлон, спринт, 10 км гэсэн гурван зайд уралдахаар төлөвлөсөн бол уулын цанын слалом төрөлд мөн хүчээ сорих юм.

Мөн гүйлтийн цанын төрөлд Олон Улсын Холбооны Мастер /ОУХМ/ Э.Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А.Ариунбат /ОУХМ/ нар анх удаагаа оролцох аж. Ариунтунгалагийн хувьд гүйлтийн цанын спортоор 15 жил хичээллэж байгаа бөгөөд Far East Cup тэмцээнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, Улсын аварга шалгаруулах тэмцээний 28 удаагийн аварга болж байсан туршлагатай. Мөн тамирчин Ариунбат таван настайгаасаа цанаар хичээллэж, нийт 65 тэмцээнд оролцсоны эцэст Олимпын эрхээ авсан ба Монгол Улсаас уулын цанын төрлөөр Олимпын эрх авсан анхны тамирчин болж буйгаараа онцлог. Ташрамд дурдахад Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин ажиллаж буй.
Монгол тамирчдын хуваарь
II сарын 10-ны 16:15 цагаас: Цанын эмэгтэйчүүдийн богино зайн төрөл - Э.Ариунтунгалаг
II сарын 10-ны 16:55 цагаас: Цанын эрэгтэйчүүдийн богино зайн төрөл - Б.Ачбадрах
II сарын 16-ны 17:00 цагаас: Уулын цанын эрэгтэйчүүдийн слалом төрөл - А.Ариунбат
Яагаад үен гэж?

Милан-Кортина 2026 өвлийн Олимп болон Паралимпын наадмыг төлөөлөх албан ёсны бэлгэдэл дүрүүд бол Тина болон Майло нэртэй хоёр үен. Цагаан үстэй Тинагийн нэр нь Кортина д’Ампеццо хотын нэрнээс гаралтай. Түүний дүү Майло бол Паралимпын наадмын бэлгэдэл дүр бөгөөд нэр нь Милан хотоос улбаатай гэнэ. Түүнчлэн Олимпын наадмын туршид Тина, Майло нарыг “Фло” нэртэй зургаан цасны цэцэг дагалдана.
Зохион байгуулагчдын тайлбарласнаар үен гэх амьтан тэсвэр тэвчээр, эрч хүч, хөдөлгөөнтэй чанарыг илэрхийлдэг бөгөөд Италийн эрчтэй, уян хатан сэтгэлгээг бэлгэдэхэд тохиромжтой сонголт болсон аж. Альпийн бүсэд амьдардаг үений үс улирлын дагуу бороос цагаан болж өөрчлөгддөг тул ийнхүү бор болон цагаан өнгийн хоёр үенг сонгосон.
Сонирхолтой нь эдгээр бэлгэдэл дүрүүдийг 2024 онд Италийн 6-14 насны сурагчид зохион бүтээж, 1,600 гаруй бүтээлийн дундаас олон нийтийн санал асуулгаар шалгаруулсан байна. Тина, Майло нар 53 хувийн саналаар ялж, Олимпын албан ёсны бэлгэдэл дүр болох эрхээ авсан юм.
Таны мэдээгүй сонирхолтой баримт
100 жилийн түүхэнд анх удаа
1924 онд Францын Шамони хотод болсон анхны өвлийн Олимпод ердөө 11 эмэгтэй тамирчин оролцож, тэдний өрсөлдөх боломж зөвхөн уран гулгалтаар хязгаарлагдаж байсан билээ. Харин зуун жилийн дараа дүр зураг эрс өөрчлөгджээ. Учир юу вэ гэвэл Олон улсын Олимпын хорооны мэдээлснээр Милан-Кортина 2026 наадамд ойролцоогоор 1,300 эмэгтэй тамирчин оролцоно гэнэ. Нийт 116 багц медалийн 50 нь эмэгтэйчүүдийн төрөл, 12 нь холимог төрөл байх бөгөөд үүний дүнд эмэгтэй тамирчид медалийн бүх төрлийн 53.4 хувьд өрсөлдөх боломжтой болж байгаа гэсэн үг. Энэ нь өвлийн Олимпын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж буйгаараа онцлог.
Статистик тооноос гадна уралдааны нөхцөл хүртэл өөрчлөгдөж буй. Гүйлтийн цанын төрөлд энэ оноос эхлэн эрэгтэй, эмэгтэй тамирчид ижил урттай зайд уралдах юм байна.
Мөн 16 спортын 12 нь эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоог бүрэн тэнцүүлсэн аж.

Танилц, шинэ спортын төрөл: Skimo
Уул өөд мацаад тоног хэрэгслээ хэдхэн минутын дотор салгаж уулын уруу уралдана гээд төсөөлөөд үз дээ? Яг эл спорт энэ жил цоо шинээр спортын төрөл болон нэмэгдэх юм. Энэ бол Skimo. Ийнхүү 30 орчим жилийн дараа шинэ спорт өвлийн Олимпын хөтөлбөрт нэмэгдэж байгаа нь энэ аж. Альпийн бүс нутагт олон жилийн турш хөгжин дэлгэрсэн энэхүү спорт нь маш олон төрлийн чадвар шаарддагаараа онцлог. Бүр илүү дэлгэрэнгүй тайлбарлавал тамирчид эхлээд огцом налуу ууланд цанаараа өгсөнө. Уулын налуу илүү огцом болох үед цана хэрэглэх боломжгүй болж тамирчид цанаа тайлан үүрч, гутлаараа өгсөх “boot packing” хэсэгт очно. Үүний дараа цанаа дахин өмсөж буцаад уулын уруу уралдана. Яггүй сонсогдож байгаа биз?
Олимпод Skimo нь эрэгтэйчүүдийн спринт, эмэгтэйчүүдийн спринт, холимог буухиа гэсэн гурван төрөлтэй байна. Спринт нь богино зайд уралдах боловч нэлээд хүч шаардсан уралдаан байдаг бол холимог буухианд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин ээлжлэн өгсөх, уруудах хэд хэдэн тойргийг туулах юм. Энэхүү шинэхэн Олимпын спортын төрөлд Франц, Итали, Швейцар, Австри, Испани зэрэг орнуудын тамирчид зонхилон өрсөлдөнө гэнэ.

Медалиуд шинэ дизайнтай болсон гэв үү?
Анх өвлийн Олимпын медалиуд эртний Грекийн сонгодог дүрслэлд тулгуурласан өнгө төрхтэй байсан бол 20-р зууны дунд үеэс эхлэн зохион байгуулагч орнууд медалиудад өөрсдийн түүх, онцлогийг шингээж эхэлсэн юм.
Харин Милан-Кортина 2026 өвлийн Олимпын медалиуд нэлээд орчин үеийн, шинэлэг хэр нь энгийн дизайнтай болж өөрчлөгдөж буй. Медалиудыг Италийн албан ёсны төрийн хэвлэх үйлдвэр болох Istituto Poligrafico e Zecca dello Stato үйлдвэрлэсэн бөгөөд байгальд ээлтэй, дахин боловсруулагдах хамгаалалтын бүрхүүл ашиглан хийсэн аж. Түүнчлэн үйлдвэрлэлд ашигласан эрчим хүч нь бүрэн сэргээгдэх эх үүсвэрээс хангагддаг онцлогтой.

Медалийн гол онцлог нь төв хэсгээрээ татсан тод шугам бүхий минималист геометр хэлбэр. Эл шугам нь тасралтгүй өөрчлөлт, уялдаа холбоог бэлгэдэхийн сацуу түүхэндээ анх удаа хоёр хотод зэрэг зохион байгуулагдаж байгааг илэрхийлэх аж. Энэ жилийн хувьд ямарваа нэг дүрслэл эсвэл аль нэг уран бүтээлчийн бүтээлийг онцлохоос илүү харьцаа, гадаргуугийн бүтэц, дизайн талаас нь илүү анхаарсан байна.
Энэхүү дизайн нь Паралимпын медалиудад мөн хэрэглэгдэх бөгөөд тамирчдын урт хугацааны замнал, тэднийг дэмжсэн дасгалжуулагчид, багийнхан, гэр бүл, хөгжөөн дэмжигчдийг хамтад нь илэрхийлж буй утгатай. Нэг ёсондоо тэдний медаль ганцхан хүний ялалтаас илүү тэднийг дэмжсээр ирсэн бүх хүний хамтын бэлгэдэл гэх санааг илэрхийлэхийг зорьсон хэмээн Олимпын дизайныг удирдан боловсруулсан Олимпын наадмын брэндинг, дизайны захирал Рафаэлла Панье онцолсон юм.

Сая долларын эргэлзээ
Сая долларын эргэлзээ
Итали Улсын тамирчид илүү олон медаль авах уу?
Олимпын наадмыг зохион байгуулж буй улсдаа ихэвчлэн ашигтай байдаг гэх яриа байдаг ч бас яг баталгаатай биш. Тэд 2006 оны Турины өвлийн Олимпыг зохион байгуулах үедээ 2002 оны Солт-Лэйк Сити-д авсан 13 медалиас бага буюу 11 медаль хүртсэн юм.
Харин Милан-Кортина 2026-д Итали улс илүү өндөр зорилт тавьжээ. Италийн Олимпын хороо наадмаас дор хаяж 19 медаль авах зорилт дэвшүүлсэн нь тэдний өвлийн Олимпын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болох 1994 оны Лиллехаммерийн 20 медалиас ердөө нэгээр дутуу үзүүлэлт юм. Тухайн үед Италийн баг долоон алт хүртэж, Альберто Томба, Дебора Компаньони, Стефаниа Бельмондо зэрэг домогт тамирчдаар багаа бүрдүүлж байлаа.

Гэсэн ч тэдэнд хэд хэдэн бэрхшээл бий. Багийн тугч Федерика Бриньоне, фристайл цанын тамирчин Флора Табанелли нар бэртэлтэй байгаа бол уулын цанын найдлага Марта Бассино наадамд оролцох боломжгүй болсон. Италийн тамирчдаас гүйлтийн тэшүүрийн тамирчин Давиде Гиотто, сноубордчин Маурицио Бормолини, мөн кёрлингийн дэлхийн аварга хос Амос Мозанер, Стефаниа Константини нар тэдний гол найдвар хэмээн тооцогдож байна. Түүнчлэн Арианна Фонтана 2006 онд Туринд ердөө 15 настайдаа хүрэл медаль хүртэж байсан бөгөөд өдгөө Италийн хамгийн амжилттай өвлийн олимпын тамирчин болж, дараалан зургаа дахь Олимпын наадмаас медаль авах зорилготой байна. Итали улс өөрсдөө хэр амжилттай оролцох бол?
Санал болгох нь
Олимпын наадам үзэхийн өмнө уур амьсгалаа бүрдүүлмээр байна уу? Тэгвэл доорх кинонуудыг үзэхийг санал болгоё.
Miracle (2004)
Хүйтэн дайны үед Олимп улс төрийн тулааны талбар байжээ. 1972 онд Зөвлөлтийн баг АНУ-ыг хоккейд бут ниргэсэн бол найман жилийн дараа 1980 оны Лэйк-Плэсидын өвлийн Олимпод америкчууд хариугаа авч чадсан юм. АНУ алтан медаль хүртсэн тэр финал өнөөдөр ч спортын түүхэн дэх хамгийн гайхамшигт гэнэтийн ялалтуудын нэг хэвээр байдаг.

Downhill Racer (1969)
Тус бүтээл нь уулын цанын тухай Холливудын анхны томоохон бүтээлийн нэг юм. Дэвид Чаппеллет АНУ-ын шигшээ багт дуудагдан ормогцоо ямар ч үнээр хамаагүй дэлхийн аварга болохоор зориг шулуудна.
Гэсэн ч Дэвид бусадтай эвтэй байж чадалгүй, хувиа хичээсэн, бардам дүрээ дарж чадахгүй хэвээр. Харин нэг өдөр нэгэн эмэгтэйтэй учирснаар түүний дотоод ертөнц өөрчлөгдөж эхэлдэг.
I, Tonya (2017)
1994 оны өвлийн Олимпын өмнө уран гулгагч Тоня Хардинг, Нэнси Керриган нарын хооронд болсон хэрэг хэдэн сар дамнан сонины нүүрийг дүүргэж байлаа. Уг бүтээл нь авьяас, дарамт, нийгмийн давхарга, атаархал, буруу сонголтууд хэрхэн хүний амьдралыг сүйрүүлж болохыг харуулсан.
Монгол Улсаа төлөөлөн өвлийн Олимп, Паралимп-д оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүсье!
GO MONGOLIA!

Сэтгэгдэл бичих

