Монголчууд бид хамгийн нандин, үнэ цэнтэй бүхнээ “нүдний цэцгий мэт” хайрлахыг нэг нэгэндээ хичээнгүйлэн захисаар ирсэн. Тэгвэл бид өөрсдийн нүдээ нүдний цэцгий мэт хайрлаж чаддаг болов уу? Утас, компьютер, телевизээс эхлээд VR төхөөрөмжүүд хүртэл цагийг эзэлж буй өнөө цагт хараа, нүдний эрүүл мэндээ хадгалж хамгаалах сэдэв ч тал талаас зогсолтгүй сөхөгдөж буй. Үүнийгээ ч дагаад харааны дасгал үнэхээр эмчийн оношийг өөрчилж чадах эсэх, нарны шилийг “дураараа” сонгож болох эсэх гээд хааяа толгойд зурс үзэгдэж, эргэлзээ төрүүлдэг сэдвүүд мундахгүй олон байдагтай санал зөрөх хүн ховор биз ээ.
Бид энэ удаагийн дугаараар нүд, тэр дундаа нүдний хараатай холбоотой хэвшмэл, ташаа ойлголтуудын хамт алдалгүй мэдэх ёстой баримтуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан хүргэж байна.
4 ҮНЭН
НҮД "СУНАДАГ."
Нүдний алим нь үргэлж бидний төсөөлдөг шиг төгс бөмбөрцөг хэлбэртэй байдаггүй. Тодруулбал, 12 долоо хоногтой ургийн нүд 5.1 мм орчим тэнхлэгийн урттай бол уг тоо 37 дох долоо хоногт 16.2 мм хүртлээ өсдөг. Улмаар дөнгөж төрсөн нярайн нүдний урт 16 мм-ээр дундажлагддаг ба гурван настайд ойролцоогоор 21.8 мм болж “сунана.” Энэхүү өсөлт хөгжил бага балчир насанд эрчимтэй явагдаж, өсвөр насанд аажмаар саармагжих учиртай аж. Харин насанд хүрсний дараа ч уг тэнхлэгийн уртсал явагдсаар байвал асуудал үүснэ. Үүнийг бид “ойрын хараа муудах” гэж нэрлэдэг.
Ойрын хараа муудах нь орчны тусгал нүдний эвэрлэг бүрхэвч болон хүүхэн хараагаар нэвтэрч, нүдний болроор дамжихдаа торлог бүрхэвч рүү бүрэн хүрч амжилгүй фокус алдагдах үзэгдэл юм. Холын хараа муудахыг ч уг зүй тогтлоор тайлбарлаж болох ба тус төрлийн харааны бэрхшээл нь орчны тусгал торлог бүрхэвчийн хязгаарыг “хэтийдэн” давж, ойрын объект тод тунгалаг харагдах ч холын объект бүрэлзэх явдлыг хэлнэ.

Хэдийгээр нүдний тэнхлэгийн уртсал хэт их явагдах нь тухайн хүний удамшлын мэдээллээс үүдэх нь түгээмэл ч өдөр тутмын дадал, зуршлын хүчийг үгүйсгэж болохгүй. Тодруулбал, байгалийн гэрлээс холдох, хэт удаан хугацаагаар ойрын зайд хараагаа төвлөрүүлсэн ажил хийх зэрэг нь орчны тусгал торлог бүрхэвчид саадгүй хүрэх замыг улам урт бөгөөд бэрх болгодог. Учир нь байгалийн гэрэл нь нүдний торлог бүрхэвчийн эсүүд допамин ялгаруулалтыг эрчимжүүлснээр хэт суналтыг хянадаг механизмыг дэмждэг бол тогтмол ойрын объектод хараагаа төвлөрүүлэх нь бидний торлог бүрхэвчийг “урхидаж,” илүүц суналт хийхийг шаарддаг байна.
Унтахаасаа өмнө линзээ авах хэрэгтэй.
Нүдээ цавчихгүй хэсэг хугацааг өнгөрөөхөд л хачин их аргаж, өвддөг нь нүдний гадна талын эвэрлэг бүрхэвчид шаардлагатай чийгшил дутагдсантай холбоотой. Тэгвэл эвэрлэг бүрхэвч хуурайшил, үрэвслээс ангид байхад чийгшлээс гадна хүчилтөрөгч чухал үүрэгтэй.
Харин линзээ авалгүй унтах нь нүдэнд шаардлагатай хүчилтөрөгч ба чийгшлийн хэмжээг багасгаснаар эвэрлэг бүрхэвч хуурайшиж, гэмтэлд өртөмтгий болдог. Өөрөөр хэлбэл, бактерийн эсрэг тэмцэх чадвар нь сулардаг гэсэн үг. Улмаар нүд халдвар авах магадлал ихэсдэг ба уг магадлал нь цааш олон салбар үр дагавартай. Тиймээс унтахын өмнө заавал линзээ авахаа мартуузай.

Нас ахих тусам хараа муудах магадлал ихэснэ.
Бага, залуу насанд бидний нүдний байгалийн линз болох нүдний болор нь хүрээлэн буй орчны тусгалаас үүдэн хэлбэр, дүрсээ тодорхой хэмжээнд өөрчилж, аливаа тусгал торлог бүрхэвчийг оновчтой чиглэхэд тусалдаг. Гэвч нас ахих тусам энэхүү уян хатан чанар буурдаг.
Энэхүү өөрчлөлт 40-45 насны хооронд анзаарагдах нь элбэг ба уян хатан чанар буурснаар гэрлийн хугарлын индекс багасдаг. Ингэснээр орчны тусгал нүдний торлог бүрхэвчийн ханаас хальснаар холын хараа муудах үйл явц эрчимждэг аж. Түүнчлэн бичвэр болон нарийвчилсан дүрслэлийг харах чадамж ч буурч эхэлдэг байна.

"Асуудалгүй" харж байсан ч тогтмол үзлэгт хамрагд.
Өнөө цагт дэлгэцийн хөх туяанд хэт удаан хугацаанд өртөх, байгалийн гэрлээс холдох зэрэг нь ихэнх хүмүүсийн хувьд түгээмэл үзэгдэл болсон тул нүдээ хамгаалах, зөв анхаарал, арчилгааг хэвшүүлэх нь орчин үеийн амьдралын зайлшгүй нэг хэсэг болоод байна. Мөн бидний нүдний эрүүл мэнд зөвхөн дэлгэц, удаан хугацааны ачааллаас гадна хүрээлэн буй орчны бохирдлын нөлөөгөөр ч доройтож буй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий даяар хамгийн багадаа 2.2 тэрбум хүн ямар нэг хэлбэрийн харааны бэрхшээлтэй нүүр тулж байгаа аж. Үүнээс 1 тэрбум орчим нь буюу талаас илүү нь урьдчилан сэргийлэх боломжтой байсан, эсвэл одоо ч зохих эмчилгээгээ авч чадаагүй байна. Иймдээ ч урьд хожид ямар нэг харааны асуудалтай тулгарч байгаагүй ч дор хаяж хоёр жил тутам нүдний эрүүл мэндийн үзлэгт хамрагдахыг мэргэжилтнүүд анхааруулдаг нь оргүй хоосон зөвлөгөө биш билээ.

4 ХУДАЛ
Нарны шил сонгоход судалгаа шаардлагагүй.
Хувийн өнгө төрхөө бүрдүүлэхэд зөвхөн хувцас төдийгүй төрөл бүрийн нарны шил ч томоохон байр суурь эзлээд уджээ. Үүнийг дагаад нарны шилний үндсэн үүрэг болох хэт ягаан туяаны хамгаалалтыг үл хэрэгсэх явдал ихсэж буй нь хэрхэн нүдний эрүүл мэндэд чимээгүйхэн заналхийлж буйг тайлбарлая.
Унтлагын өрөөнийхөө гэрлийг унтраахад түнэр харанхуй хучиж авдаг ч хэсэгхэн хугацааны дараа эргэн тойрны эд зүйлс аажмаар ялгарч эхлэхийг хэн бүхэн анзаардаг биз ээ. Энэ нь бидний нүд харанхуй орчинд ч эргэн тойрныг таньж, баримжаалахын тулд хүүхэн хараа тэлдэгтэй холбоотой. Тэгвэл нарны шил зүүхэд ч энэ үйл явц өрнөдөг учир бараан өнгөтэй линз нүдэнд дохио илгээж, хүүхэн хараа автоматаар тэлдэг. Харин бидний зүүж буй шил нарны хэт ягаан туяаны хамгаалалтгүй бол тэлсэн хүүхэн хараа тэрхүү туяанаас хамгаалагдахын оронд улам илүүг хүлээн авахад хүрдэг. Өөрөөр хэлбэл, чанаргүй нарны шил зүүх нь нарны шил огт зүүгээгүйгээс ч илүү хор хөнөөлтэй аж.
Иймд харааны шил сонгох үеийн анхаарал, болгоомж нарны шил сонгоход ч хэрэг болохыг санаарай.

Бүдэг гэрэлд ном уншиж болохгүй.
Бага балчир байхаас л харуй бүрийд ном шагайх, телевиз үзэхээс татгалзах тухай аав ээж, ойр тойрны хүмүүсээсээ сонсож ирсэн хүн цөөнгүй биз ээ. Цаг явахын хэрээр бидний тархинд хадагдсан гэмээр энэ зөвлөгөө үнэн эсэхэд эргэлзэж байсан уу?
Дээр дурдсанчлан бүдэг гэрэлтэй орчин мөн л хүүхэн хараа тэлэх шалтгаан болно. Үүн дээр нэмээд тэрхүү бүрэнхий орчинд буй аль нэг эд зүйлд хараагаа бүрэн төвлөрүүлнэ гэдэг нүдэнд ирэх ачааллыг улам ихэсгэдэг. Энэхүү ачааллаас үүдэж нүдний хараа муудна гэх ойлголт түгээмэл ч үнэн хэрэгтээ мэргэжилтнүүд үүний эсрэгтэй дуу нэгтэйгээр санал нэгддэг аж.
Хэдийгээр энэхүү дадал нь нүдний хараанд заналхийлэх хэмжээний аюултайд тооцогддоггүй ч тод гэрлийн дор хийж буй зүйлээ үргэлжлүүлвээс нүд тань бага ядарна гэдгийг бодууштай.

Нүдний дасгал хараа сайжруулдаг.
Хараа муудах үйл явц дийлэнхдээ нүдний торлог бүрхэвч рүү гэрлийн тусгал хэр оновчтой чиглэж буйтай холбогддог. Лавшруулвал, энэ нь эвэрлэг бүрхэвч ба торлог бүрхэвчийн хоорондын зайтай нягт хамааралтай. Иймд нүдний дасгалаар харааг сайжруулж, эмчийн оношийг өөрчилж болдог гэх шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар байдаггүй.

Та бидний мэдэх харааны дасгалууд ихэвчлэн хараа сайжруулах гэхээс илүү нүдний булчингийн үйл ажиллагааг дэмжих, зүгшрүүлэх зориулалттай байдаг. Жишээ нь, ойрын объектыг харахад хоёр нүдний фокус зөрөх тохиолдолд тодорхой цэгд хол, ойроос хараагаа төвлөрүүлэх дасгалыг зөвлөдөг. Үүний зэрэгцээ “урагшаа, хойшоо,” “20-20-20-ын дүрэм” зэрэг дасгалууд нь нүдний булчинг амрааж, ачааллыг суллах эерэг нөлөөтэй ч эдгээр дасгалууд харааны шилийг орлохгүй гэдгийг сайтар санууштай.
Харааны шил хараа өөрчилдөг.
Тогтмол харааны шил зүүх нь шилнээс хэт хамааралтай болгох, хараа муутгах, буруу тохируулсан шил нүдний эрүүл мэндэд сөрөөг нөлөө үзүүлэх гэх мэт ойлголтууд олон нийтэд нэлээдгүй тархсан ч эдгээрийг аль нь ч шинжлэх ухааны үндэслэлгүй юм.
Эмч нар харааны шилийг суга таягтай зүйрлэх нь олонтоо. Шагай гэмтсэн тохиолдолд суга таяг ашиглавал тэрхүү хэрэгсэл хөдөлгөөнийг илүү амарчилна уу гэхээс шагайг нэмж гэмтээхгүйтэй ижил санаа аж. Харин буруу тохируулсан нүдэнд өгөх ачааллыг нэмж, нүдийг хурдан ядраах нөлөөтэй ч мөн л эмчээс сонссон харааны түвшинд өөрчлөлт оруулах хэмжээнд сөрөг нөлөөгүй. Гэсэн ч бага насны хүүхэд буруу тохируулсан шил зүүвэл ойрын харааг муутгах эрсдэл бий гэдгийг анхаарах хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих

