Инновац, дизайн болон эрчим хүчний хэмнэлтийн өвөрмөц шийдлээр гэр суурьшлын бүсийн иргэд, хөршүүд, хүүхдүүдийг хоорондоо уулзаж, цагийг бүтээлчээр өнгөрүүлэх орон зай бүтээсэн нь Гэр Өргөө ТББ юм. Бүх насны иргэд өөрсдийгөө төрөл бүрээр хөгжүүлэхээс гадна монгол гэрийг суурин газарт тохируулан өөрчилж шинэ бүтээгдэхүүн гаргах, жижиг бизнес эрхэлж амьдрах орчноо өөрчлөх боломжид уриалах Гэр Өргөө ТББ-ын олон нийтийн төвийг бид энэ удаагийн дугаараар онцолж байна.

Нэр: “Гэр өргөө” олон нийтийн төв

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 43-р хороо

Чиглэл: Нийгмийн инновац

Үүсгэн байгуулагч: Б.Энхжин, Г.Бадруун

Үүсгэн байгуулагдсан: 2016 он

Холбоос: gerhubmongolia (Инстаграм), Гэр өргөө олон нийтийн төв (Фэйсбүүк), gerhub.org (Вэб)


СЭДЭЛ

Гэр өргөө ТББ анх байгуулагдсан цагаасаа гэр суурьшлын бүс буюу бидний хэлж заншсанаар гэр хорооллын асуудлаар иргэд, олон улсын оюутнууд болон судлаачидтай сургалт, уулзалт зохион байгуулж ирсэн. Энэ явцад иргэдэд биет дэд бүтцээс гадна нийгмийн дэд бүтэц нэн хэрэгцээтэйг ойлгосон. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх амьд харилцаатай гудамж, хүүхдээ тоглуулах аюулгүй тоглоомын талбай, амьдрах орчны онцлогийг харуулсан бахархал төрүүлэхүйц газруудыг хүсэн мөрөөдөж буйг бид олж харсан.

Бид уг ажиглалтаа ажил хэрэг болгож, өөрсдийн анхны олон нийтийн орон зай болох "Ger Innovation Hub" буюу "Гэр өргөө" төвийг нийслэлийн хамгийн их оршин суугчтай бүсийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн 43-р хороонд ажиллуулж байна. Энэ онд бүрэн ашиглалтад орсноосоо хойш давхардсан тоогоор 900 гаруй хүүхдэд уншлагын хөтөлбөр, сургалт, тоглоом, хичээлүүд зохион байгууллаа.

Манай төвийн орчмын иргэд хөрштэйгөө танилцах, өдөр бүр нүүр тулдаг асуудлаа хоорондоо ярилцаж, шийдэл олох, бие биеийнхээ санаачилгыг дэмжих зэрэг хамтдаа нэг өдрийг өнгөрөөх газартай болсон.

"Гэр өргөө" олон нийтийн төвөөс сэдэл авч ойр хавийн айлууд маань ч хашаандаа мод тарих, гэртээ номын сантай болж хүүхэдтэйгээ цаг хугацааг өнгөрүүлэх зэргээр өөрсдийн ахуй, амьдралын хэв маягтаа сэлгээ хийх санаа, сэдлийг аваасай гэж зорьдог.



ялгарал

Гэр өргөө олон нийтийн төвийн онцлог нь барилгын гаднах дизайн болон иргэдэд хэрэгжүүлдэг үйл ажиллагаа юм. Барилгын гаднах поликарбонат хана болон доторх шавар тоосгон ханын дундах зайд нарны гэрэл хуримтлагдаж дулааныг хадгалдаг. Энэ нь хүйтэн сэрүүний улиралд эрчим хүч хэмнэнэ.

Энэ нь хөрш орчиндоо нүүрсний хэрэглээг бууруулах нэгэн жишээ болж буй. Олон нийтийн төвд тойрч суудаг дугуй орон зай байдаг нь монгол гэрээс санаа авч хийсэн шийдэл билээ. Бүгдээрээ тойрч суугаад ямар ч саад бэрхшээл, хаалтгүйгээр ярилцдаг уламжлалаас сэдэл авч хийсэн.

Мөн энэ төв маань нэг орчинд амьдардаг иргэдийг нэгтгэж, тэдний дүр төрхийг бүрдүүлэх санаачилга билээ. Анх барилга барихаас өмнөх төслийн судалгаанаас эхлээд модон тулгуурыг угсрах, босгох, тохижуулах зэрэг ажилд оршин суугчид идэвхтэй оролцож ирсэн.

Одоо бидний явуулж буй үйл ажиллагаанд оршин суугчид өөрсдийн санаачлаагаар оролцдог. Тухайлбал “Хамтдаа уншицгаая” төсөлд аав, ээж нар оролцож, хүүхдүүдэд ном уншдаг болсон нь бидний зорилго биеллээ олох нэг алхам гэж хардаг.

Бид түгээмэл асуудалд шинэлэг шийдэл эрэлхийлдэг учраас олон улсын судалгааны баг, оюутнууд, байгууллагуудын шинэ санаа, инновацыг хөршүүдтэйгээ нийлж баяжуулан монгол ахуйд тохирсон өвөрмөц шийдэл гаргахыг эрмэлздэг.

Тухайлбал, гэрийн дулаалга хийх дизайн студийн төслөөр дизайн, архитектур сонирхдог таван залуу тэр хавийн иргэдтэй хамтарч хэдхэн цагийн дотор дулаалгын загварыг шинэчлэн гаргасан нь энэ ажлын нэг жишээ гэж бахархдаг.



Гэр өргөө олон нийтийн төв гэж юу вэ

Энэ бол хөрш орчны иргэд нэгдэж, хамтдаа хөгжин урагшлахад бие биеэ уриалах орон зай юм. Олон нийтийн төв нь боломж, шинэлэг санаагаар дүүрэн газар байгаасай гэж мөрөөддөг.

НЭР

Гэр өргөө буюу Гэр инновацын төв гэдэг нэр нь иргэд монгол ахуйн онцлог, уламжлалыг инновацтай уяж, шинэлэг санаа гаргах орон зайг илтгэдэг.

ОДОО

Ойрын хугацаанд олон нийтийн төв маань манай байгууллагын анхаарлын төвд байна. Төвийн ногоон байгууламж, тохижилт, үйл ажиллагааг дэмжих зорилгоор бидэнд тулгарч буй асуудал, ялангуяа гэр суурьшлын бүс, боловсролын тэгш байдалд санаа тавьдаг иргэд, монголд элэгтэй байдаг гадаад хүмүүст хандсан олон нийтээс санхүүжилт босгох буюу “crowdfunding” кампанит ажил эхлүүлсэн. Эхний санхүүжилтээр бид тохижилт, ногоон байгууламжаа дуусгахад тун дөхсөн. Үүнээс гадна олон нийтийн төв дээрх Англи хэлний клуб, “Хамтдаа уншицгаая” төсөл, нүүдлийн эмнэлэг зэрэг ажлууд эхлэхээр ажиллаж байна.

Төвийнхөө зорилго, үйл хэрэгт олны анхаарлыг чиглүүлэх, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой “Коммюнити прожект” төслийг бид хэрэгжүүлдэг. Бидэнд тулгарч буй асуудлыг сонирхдог, хувь нэмрээ оруулдаг төрөл бүрийн хамт олонтой хамтарч нэрийн бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд орлого нь манай төвд зориулагддаг.



БАГ

Манай баг цомхон боловч эрч хүчээр дүүрэн хүмүүсээс бүрддэг билээ. Бид хийж буй ажилдаа коммюнити буюу хамт олныг бүрдүүлэхийн төлөө хичээдэг. Тиймээс Гэр өргөө гэдэг байгууллагын “гэр бүл” байнга өнөр өтгөн байгаасай гэж мөрөөддөг. Манайд ажиллаж байгаад гарсан хүмүүс бүгд л өөрсдийгөө манай нэг хэсэг хэвээрээ гэж бодож, бидний ажлыг дэмждэг байх нь хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Хэдий бидэнтэй ажиллаж байгаагүй ч манай соёлд хайртай, биднийг хүрээлж, үргэлж туслахад бэлэн байдаг хүмүүс бий.

Бидний өөр нэг онцлог бол дадлагажигч эсвэл захирал ч бай бүгд тэгш эрхтэй. Нэгэндээ дулаан уур амьсгал төрүүлэхийг эрмэлздэг нь манай оффис руу орж ирж байгаа хүн бүр гэртээ орж ирж байгаа юм шиг гэдэг сэтгэгдлээр илэрдэг.

Ирээдүй

Бидний хамгийн том зорилго бол хамтач сэтгэлгээтэй, коммюнити буюу хамт олныг бий болгож, нийгмийн инновац гэх хөдөлгөөнийг эхлүүлж, үргэлжлүүлэх. Энэхүү олон нийтийн төвөөр зогсохгүй бидний хэрэгжүүлдэг төслүүд, ажлын талбар бүрд хүмүүс нэгдээсэй гэж хүсдэг.

Гэр хорооллын өнөөгийн байдлыг бодохоор найдваргүй эсвэл ирээдүйгүй ч юм шиг санагдах үе бий. Олон жилийн туршид шийдээгүй асуудлууд зузаарч, санал горилогч улс төрчийн амлалтаас залхаж, нэг л биелшгүй, боломжгүй санагдаж, сайн санасан хүнийг хүртэл хардлага сэрдлэгээр харах үе бий.

Гэхдээ энэ олон асуудлыг ялан дийлж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэн, бүтээлч, зоримог чадвараараа бусдыг дагуулж буй хүмүүс улам олон болж байна.



Тухайлбал, бидний сайн мэдэх “Уулын нуур”-ын С.Өлзийтогтох олон жилийн турш хаягдсан хогийн цэгийг цэвэрлэж, нуур байгуулснаар ойр хавийн хүүхэд багачууд гэлтгүй томчуудад чөлөөт цагаа тав тухтай, аюулгүй орчинд өнгөрүүлэх боломж нээсэн.

Манай төвийг хамтран байгуулагч Г.Одгэрэл ойр хавийн хөрш айлуудаа зохион байгуулж, орчноо тохижуулах ажлыг тууштай хийж буй нэгэн.

Мөн “Хашаандаа сайхан амьдаръя” хөдөлгөөнийг санаачлагч Ц. Түмэнбаяр цахим орчинд маш том хамт олныг бүрдүүлж, хашаандаа сайхан амьдрах хөдөлгөөнд нэгтгэж чадсан. Бидний хамтран ажилладаг олон улсын мэргэжилтнүүд гэр хорооллын айлаар зочлохдоо монголчуудын гүйлгээ ухаан, асуудлыг шийдсэн арга байдлыг нь биширдэг. Ийм чанарыг бид өөрсдөө ч олж харах нь ховор.

Эдгээр мохошгүй, бүтээлч, зоримог хүмүүсийн төлөөллөөс гадна биднийг байнгын эрч хүчээр тэтгэж буй хүмүүс бол хүүхэд залуус. Тэдний бүтээлч, хичээнгүй, өөдрөг зан бидэнд байнга урам өгдөг. Тэд өнөөгийн Улаанбаатар хотын олон асуудлуудын горыг хамгийн ихээр амсаж буй хүмүүс нь төдийгүй энэ бүгдийг ирээдүйд шийдэх “шидтэн” билээ.