Дэлхийн булан тохой бүр “AI” хэмээх шошгоор дүүрч, “хиймэл оюун” гэх хоршоо үг маани, мэгзэм болтлоо амны уншлага болжээ. Гэвч бидний хэрэглээ чатботоос асуулт асуух, зураг үүсгэх төдийхөн байгаа нь харамсалтай. Угтаа энэ технологи дэд бүтэц хэлбэрээр хөгжиж бүхий л салбарт нөлөөгөө үзүүлж буй бөгөөд ашгийн төлөөх компаниудын өрсөлдөөн улам ширүүсэж байна. Гагцхүү энэ үетэй зэрэгцэн давгүй ашиглаж дадах нь хэрэглэгч бидэнд өгч буй гэрийн даалгавар билээ.
Иймд Techworm булангийнхаа ээлжит нийтлэлд Google-ийн үнэ төлбөргүй ашиглаж болох зургаан хэрэгслийг (tool) хувийн туршлага дээрээ үндэслэн санал болгож байна
Google Stitch
Хамгийн сүүлд танилцуулагдсанаас нь эхэлье. Өнгөрсөн долоо хоногт Google компани Stitch нэртэй промптоос UI дизайн бүтээх (User Interface) чадвартай платформоо танилцуулсан билээ. “To stitch” нь англи хэлээр оёх гэдэг утгатай ба уг платформ яг нэртэйгээ ижил апп, вэб хуудасны дизайныг оёдлын машин шиг л тачигнуулах ид шидтэй.
Би гарсан даруйд нь хэд хэдэн байдлаар туршиж үзэв. Мини тоглоомыг маш сурамгай хийж байсны сацуу байгууллагын танилцуулгын вэб хуудасны дизайныг хэдхэн минутын дотор үүсгэсэн. Мөн төрөл бүрийн форматаар экспорт хийж болох бөгөөд промптоор янзалж чадаагүй хэсгээ Figma руу оруулаад засах боломжтой.
Товчхондоо, Stitch платформ нь UX/UI дизайнеруудын Figma дээр хийдэг байсан хэдэн өдрийн ажлыг цөөн үгтэй промптоор шийдэхийг зорьжээ. Сонирхуулахад нээлтийн дараа Figma-ийн нэгж хувьцааны ханш 8 хувиар унасан юм.
Google AntiGravity
OpenAI-д ChatGPT Codex, Anthropic-т Claude Code байгаа бол Google-д Antigravity бий.
Тус платформ кодны мэдлэггүй хэрэглэгчдэд дижитал ертөнцөд бүтээгдэхүүнээ хөгжүүлэх боломж олгоно. Зөвхөн код бичихээс гадна өгсөн даалгаврын дагуу бие даан төлөвлөгөө гаргаж, бүтээгдэхүүн турших, алдааг нь засахад хүртэл туслах аж.
AntiGravity-ийг та өөрийн компьютер дээр татаж суулгаад ашиглах боломжтой. Вэбсайт хөгжүүлэх, мини тоглоом бүтээх, бүтээгдэхүүнээ туршихад энэхүү платформ төгс тохирно. Хүсвэл Stitch дээр дизайнаа гаргаад Antigravity дээр код бичүүлж хослуулан ашиглаж болно. Код бичүүлэх промптын хэсэг нь баруун доод буланд бий.
Notebook LM
Энэ бол ирээдүйн суралцах хэв маягийг тодорхойлохуйц платформ. Notebook LM таныг нэг сэдвийн дагуу гүнзгий мэдлэгтэй болоход туслах юм. Судалгаа хийх, тэмдэглэл хөтлөхөд тун үр дүнтэй бөгөөд найдвартай эх сурвалжуудаа нэгтгэж, нэг дороос мэдээлэл авах боломжтой.
Gemini, ChatGPT зэрэг хиймэл оюунд суурилсан чатботууд өөрийн сургасан дата эсвэл интернэт дээрээс мэдээллийг шүүн хариултаа боловсруулдаг. Энэ тохиолдолд хиймэл оюун худлаа бурах (hallucination) тохиолдол олонтоо. Харин Notebook LM-ийг найдвартай эх сурвалжуудын холбоос, PDF файл болон Google Docs дээрх мэдээллээр цэнэглэснээр илүү найдвартай хариулт өгөх болно. Тус бүр 500 мянган үгтэй 50 эх сурвалж холбох боломжтой.
Үүний дараа чатбот хэсгээс нь асуулт асуух үед хариултын эш татсан хэсэг бүрийн эх сурвалжийг дурдах бөгөөд алдаа гарсан тохиолдолд шалгаж, засварлаж болно. Хичээл болон сургалтын зориулалтаар ашиглахад илүү тохиромжтой. Тэрчлэн тухайн сэдвийн дагуу асуулт хариулт, инфогафик, слайд, видео бичлэг болон аудио подкаст үүсгэх чадвартай.
Google Labs
Google-ийн хиймэл оюуны технологийг цаг алдалгүй туршиж үзэхийг хүсэж буй хүн бүрийн заавал зочлох ёстой платформ. Тэд шинээр гаргасан AI хэрэгслүүдээ уг виртуал орчинд үнэ төлбөргүй туршиж үзэх боломжийг бүх хэрэглэгчдэдээ олгодог.
Та энэ холбоосоор хандан бүртгүүлээд эл нийтлэлд дурдаагүй олон AI хэрэгслүүдийг ажил хэрэг болгох боломжтой.
ProducerAI: Хөгжим зохиох, ая найруулах, үг бичихэд туслах AI агент.
AI Choreography: Бүжиг дэглээчдэд зориулсан туслах, хүний биеийн хөдөлгөөний өгөгдөл дээр үндэслэн шинийг санал болгох, дараагийн үйл хөдлөлийг таамаглах чадвартай.
Talking Tours India: Энэтхэгийн түүхэн дурсгалт газруудыг AI хөтчийн тусламжтайгаар танин мэдүүлэх төсөл.
Project Genie: Текст болон ноорог зургаас 2D тоглоомын дүр бүтээх чадвартай.
Disco: Хөгжмийн хэмнэлд тохируулан зураг үүсгэх чадвартай.
Doppl: Хүний дуу хоолой, царайны хувирал эсвэл зан төлөвийг дуурайлган "дижитал ихэр" бүтээхийг зорьж буй туршилтын технологи.
Google Vids
Google Docs бичихэд зориулагдсан бол Google Vids хиймэл оюуны тусламжтайгаар видео бүтээхэд тусална. Энэ төрлийн бусад AI хэрэгслүүдээс ялгаатай нь Google Drive-тай хослон ажилладаг. Ингэснээр бичвэрээ бичлэг, хөдөлгөөнт слайд болгон хөрвүүлж болно. Мөн AI зохиолын текстийг хүнтэй ижил хоолойгоор унших чадвартай ба Google-ийн бичлэгийн санг ашигладаг гэдгээрээ давуу.
Gemini
Энэ бүх хиймэл оюунд суурилсан хэрэгслүүдийн гол тархи нь Gemini. Уг технологийн шинжлэх ухааны суурийг Google-ийн лабораториуд тавьсан байдаг. Тэд ChatGPT-ийн нээлтийн дараа хэсэг барьц алдсан ч богино хугацаанд алдаагаа засаж, салбарын хамгийн хүчирхэг тоглогч болоод байгаа нь энэ. Өдгөө Gemini чатбот хэдийн 750 сая хэрэглэгчтэй болжээ.
Тус компани өөрсдийн суурь загварыг ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргасаар буй. Өнгөрсөн жилийн хөгжүүлэгчдэд зориулсан Google I/O 2025 арга хэмжээгээр 100 AI хэрэгсэл танилцуулж байсан удаатай. Тэгвэл энэ жилийн 5-р сарын 19-20-нд болох арга хэмжээгээрээ андройд үйлдлийн систем, хиймэл оюуны шинэчлэлтүүдээ танилцуулна.
Энэхүү нийтлэлд хиймэл оюун гэх үгийг нийт 12 удаа ашиглажээ. Бид энэ технологийн талаар ярьж ойлгохоос гадна өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлэх нь чухал болоод буй. Тиймээс мөнгөө үрж төлбөртэй үйлчилгээ авахаа түр азнаад эдгээр хэрэгслүүдийг туршаад үзээрэй.


