Google хиймэл оюуны хүчийг гартаа чанга гэгч нь атгажээ. Өнөө цагийн AI давалгааны суурийг тавьсан тус компанийн хөгжүүлэгчдэд зориулсан жилийн хамгийн том арга хэмжээ Google I/O энэ долоо хоногт боллоо. Андройд үйлдлийн систем давамгайлдаг байсан I/O-ийн тайзыг сүүлийн гурван жил “AI” гэх үг эзэгнэж буй. Тэд андройдын шинэчлэлтүүдээ өнгөрсөн жилээс эхлэн The Android Show нэрийн дор танилцуулдаг болсон бөгөөд уг арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт болсон юм. Харин хөгжүүлэгчдэд зориулсан Google I/O тэр чигтээ хиймэл оюунаар амьсгалсан арга хэмжээ байв.
GEMINI-ИЙН АМЖИЛТЫГ ИЛЭРХИЙЛЭХ ТООНУУД
Google-ийн толгой компани Alphabet-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай уламжлал ёсоор сүүлийн нэг жилийн амжилтыг илэрхийлэх тоон дүнг танилцуулав. Gemini хиймэл оюуны сар тутмын идэвхтэй хэрэглэгчийн тоо жилийн дотор нэг нугарч 900 саяыг давжээ. Мөн хиймэл оюунд суурилсан хайлтын горимыг нь тогтмол 1 тэрбум хэрэглэгч ашигладаг болсон байна. Тэрчлэн 8.5 сая хөгжүүлэгч Gemini-ийг ашиглаж байгаа аж.
Gemini-ийн хэрэглэгчид хоёр жилийн өмнө сард 9.7 их наяд токен зарцуулдаг байсан бол өнгөрсөн жил 480 их наяд болж огцом нэмэгдсэнийг дурдууштай. Харин энэ жил өмнөх оныхоос 7 дахин нугарч 3.2 тунамал (квадриллион) токен болжээ. Санаанд багтамгүй эдгээр тоо нь хиймэл оюуны хэрэглээ асар хурдацтай дэлхийг хэрж буйг ямар ч үгнээс илүү тод томруун илэрхийлж байна.

Үүнээс гадна Google-ийн толгой компани Alphabet сүүлийн дөрвөн жилийн дотор хөрөнгө оруулалтын зардлаа 6 дахин нэмэгдүүлж, 180-190 тэрбум долларт хүргэжээ. Үүний ихэнхийг өөрсдийн TPU нэртэй чипний хөгжүүлэлтэд зарцуулж буйг гүйцэтгэх захирал Сундар Пичай онцолж байв. Энэ нь тус компанийг тооцоолон бодох салбарт Nvidia-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болохоор бэлтгэж буйг илтгэж байгаа юм.
ШИНЭ GEMINI
С.Пичай микрофоноо Gemini-ийн хөгжүүлэлтийг хариуцаж буй Google DeepMind-ийн CEO Дэмис Хассабист шилжүүлэв. Тэрээр AGI буюу Ерөнхий хиймэл оюун, робот, хиймэл оюунд суурилсан туслагчийг бүтээхэд тэдний “world model” чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов. Учир нь уг моделийн тусламжтайгаар хиймэл оюун өгүүлбэрийн бүтэц дэх дараагийн үгийг таахаас илүүтэй бодит орчныг ойлгож, мэддэг болох гэнэ. Үүний ачаар Gemini физикийн хуулиудыг ойлгодог болж байна.
Gemini Omni: Энэ бол юуг ч бүтээх чадвартай Gemini-ийн шинэ модел. Уг модел “World Model”-д суурилсан болохоор физик хөдөлгөөн, татах хүч зэрэг байгалийн хуулиудыг тооцоолж бичлэг үүсгэх чадвартай гэдгээрээ онцлог юм. Мөн контекстээс гадна бичлэг, зураг гээд ямар ч төрлийн оролтыг хүссэн бичлэгээ болгон хөрвүүлэх боломжтой.
Gemini 3.5 Flash: Gemini-ийн хамгийн хурдан модел шинэчлэгдлээ. Уг модел богино хугацаанд хариулт өгөх зориулалттай ч бенчмарк дээр Gemini 3.1 Pro-оос илүү хүчирхэг үзүүлэлттэйгээрээ онцгой байв. Цаашлаад код болон агентуудыг ажиллуулах чадвар нь эрс сайжирчээ. Мөн бусад топ хиймэл оюуны моделуудтай харьцуулахад 4 дахин хурдан болсныг ч дурдах нь зүй. Илүү хүчирхэг хувилбар болох Gemini 3.5 Pro дараа сард хэрэглээнд нэвтэрнэ.
Gemini Spark: Google-ийн өөрсдийн 24/7 ажиллах чадвартай AI агентаа танилцуулав. Google-ийн бүтээгдэхүүнүүдтэй хослон ажиллах чадвартай бөгөөд хэрэглэгчийн хувийн туслахын үүрэг гүйцэтгэх юм. И-мэйл бичих, төлбөрийн хуулга хянах, мэдээлэл цугцуулах, өгөдсөн даалгавруудыг хийх чадвартай гэнэ. Өөрөөр хэлбэл Google өөрсдийн OpenClaw-ийг зах зээлд нэвтрүүлж байна гэсэн үг. Хэрэглэгч бидний хувьд уг агентад чатаар команд өгөөд л ажлуудаа хийлгэнэ.
ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ШИНЭ ИРЭЭДҮЙ
Google-ийн гол зэвсэг болох хайх хайрцагт (search box) урьд өмнө байгаагүй томоохон шинэчлэлт хийгдлээ. Хэрвээ та урт өгүүлбэр хайлтын хэсэгт бичсэн тохиолдолд шууд автоматаар хиймэл оюуны горим руу шилждэг болжээ. Ирэх даваа гаргаас эхлэн дэлхий даяар хэрэглээнд нэвтэрнэ.
Мөн төлбөртэй хэрэглэгчдэд зориулсан AI information agents нэртэй хайлтын үйлчилгээг танилцууллаа. Үүний тусламжтайгаар AI агентууд таны өмнөөс давхар хайлт хийдэг болох юм. Үүнээс гадна хайлын систем хувийн мэдээлэлд үндэслэн тухайн хэрэглэгчид тохирох хариултуудыг гаргаж өгдөг болж байна.
INTELLIGENT EYEWEAR
Google компани Samsung болон Warby Parker болон Gentle Monster шилний брэндүүдтэй хамтран ухаалаг шил хөгжүүлж байгаа. Энэ удаад ухаалаг шилнийхээ аудио хувилбарыг танилцууллаа. Дизайны хувьд хоёр өөр хувилбартай байх бөгөөд Gemini-д команд өгөх зарчмаар ажилладаг байх юм. Бусад ухаалаг шилтэй харьцуулахад энгийн шилтэй төстэй бөгөөд өдөр тутамдаа ашиглахад түүртэхгүй байх бололтой. Gemini таны гар утсанд ирсэн мессеж, дуудлагын талаар мэдээллийг өгдөг байхаас гадна захиалга өгөх, хурал товлох зэрэг үйлдлийг автоматаар гүйцэтгэх чадвартай. Мөн энэ намраас эхлэн худалдаанд гарна гэдэг амлалтыг өгөөд буй. Ийнхүү 10 гаруй жилийн дараа Google-ийн ухаалаг шил бодитоор эргэн ирж байна.
БУСАД ОНЦЛОХ ЗҮЙЛ
Ask Maps, YouTube: Уг функцыг Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай Google Maps-д хийгдэж буй сүүлийн арван жилийн томоохон шинэчлэлт гэж тодорхойлов. Өмнө нь бид Google Maps болон YouTube-ээс газар орны байршил, нэр хаяг эсвэл түлхүүр үгүүд ашиглан хайлт хийдэг байсан бол одоо урт өгүүлбэр бичээд л хүссэн мэдээллээ авах боломжтой болжээ. Энэ бүгдийг бодит болгож буй суурь технологи нь мэдээж хэрэг хиймэл оюун.
Docs Live: Таны яриаг шууд бичгийн хэлбэрт оруулж чадах функц. Уг функцыг идэвхжүүлээд бичихийг хүүссэн зүйлээ хэлэхэд л Gemini хүссэн бичгийн хэлбэрт хөрвүүлж өгөх болно.
Universal Cart: Google хэрэглэгчдийнхээ худалдан авалт хийх зуршлыг нэг дор төвлөрүүлсэн функцээ танилцуулав. YouTube, Gmail, Gemini зэрэг Google-ийн платформуудаас худалдан авахыг хүссэн бүтээгдэхүүнээ шинээр танилцуулсан универсал сагсанд нэмж, нэгдсэн байдлаар төлбөрөө төлдөг байх юм. Мөн сагсанд байгаа бүтээгдэхүүнүүдээс эдлэх боломжтой хөнгөлөлтүүдийг сануулдаг байна.
ХААЛТЫН ХАЧИРХАЛТАЙ ГУРВАН ӨГҮҮЛБЭР
Google DeepMind-ийн CEO Дэмис Хассабис арга хэмжээний үндсэн танилцуулгыг хаахдаа техник детал, шинэ шинэчлэлтүүд яригддаг I/O-ийн тайзан дээрээс олныг алмайруулсан футуристик агуулгатай гурван өгүүлбэр хэллээ. Өмнө нь хөгжүүлэгчдэд зориулсан агуулга яригддаг тайзан дээрээс ийм өгүүлбэр ярьсан нь технологийн салбарынхныг ангайлгав. Юу ярьсныг нь тайлбарлая.
“Ерөнхий хиймэл оюун хаяанд ирээд байна.”
Дэмис Хассабис
AGI (Artificial General Intelligence) буюу Ерөнхий хиймэл оюун гэдэг нь тодорхой нэг даалгаварыг бус бүхий л үйлдлийг бие даан гүйцэтгэх чадвартай системийг хэлдэг. Д.Хассабис өмнө нь хэд хэдэн удаа AGI ойрхон ирснийг дурдаж байсан бөгөөд 2030 он гэхэд түүнд хүрэх магадлал 50 хувьтай гэж хэлж байв. Тэрээр энэ удаад AGI-д хүрэхэд хэдхэн жил үлдсэнийг хэлсэн ба хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийг төсөөллөөс ч давсан түвшинд аваачих боломжтой гэв.
"Бидний эрхэм зорилго бол бүх өвчнийг эмчлэх зорилгоор эм гарган авах процесыг дахин тодорхойлох явдал юм.”
Дэмис Хассабис
Сундар Пичай Google-ийг “дэлхийн хамгийн том лаборатори” гэж тодорхойлж ярьсан байдаг. Тэр ч утгаараа тус компани шинжлэх ухааны салбарт хийж буй хөрөнгө оруулалт бусад технологийн томчуудтай харьцуулахад асар их байдаг. 10 жилийн өмнө хиймэл оюуны шинжлэх ухаанд зарцуулсан хөрөнгө оруулалтынхаа үр шимийг одоо хүртэж буй гэж хэлж болно.
Харин Дэмис Хассабисын хувьд хиймэл оюун бол шинжлэх ухааны мэдлэгийг шат ахиулах төгс хэрэглүүр гэж үздэг нэгэн бөгөөд Gemini-ийг ч энэ чиглэлд хөгжүүлэхээ зарлаж буй нь энэ юм.
"Миний бодлоор бид технологийн сингуляритигийн бэлд зогсож байна."
Дэмис Хассабис
Энэ бол түүний хэлсэн хамгийн хачирхалтай өгүүлбэр. Технологийн сингулярити гэдэг нь хиймэл оюун хүний сэтгэн бодох чадварыг давж гарах мөчийг хэлж байгаа хэрэг. Зарим судлаач технологи хүний хяналтаас гарах боломжтой бөгөөд үүнээс цааш юу болохыг тооцоолох боломжгүй гэж үздэг. Сингуляритид ойртсон гэдгийг хөгжүүлэгчдэд зориулсан техник детал ярьдаг тайзан дээрээс дэлхийн хамгийн том хиймэл оюуны лабораторийн гүйцэтгэх захирал хэлсэн нь тун хачирхалтай санагдав. Магадгүй хиймэл оюуны дараагийн том зүйл тун ойрхон ирсэн бололтой.


