6 (VI)

Дэлхий даяар хамгийн их хүлээлт үүсгэсэн видео тоглоомуудын нэг болох Grand Theft Auto цувралын 6 дахь хувилбар (GTA VI) арваннэгдүгээр сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Rockstar Games-ийн алдарт цувралын ээлжит тоглоомын үйл явдал АНУ-ын Флорида мужаас сэдэвлэсэн Леонида мужид өрнөх бөгөөд Жейсон Дювал, Люсиа Каминос хэмээх хоёр гол дүрийн түүхийг өгүүлнэ. Гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсан тэдний ээлжит дээрэм төлөвлөснөөр болоогүйгээс Леонида мужийг бүхэлд нь хамарсан гэмт хэргийн хуйвалдаанд орооцолдож, амьд үлдэхийн тулд бие биедээ найдахаас өөр аргагүйд хүрэх ажээ.

13 жил

2013 оны есдүгээр сарын 17-нд GTA V худалдаанд гарснаас хойш олноо алдаршсан Grand Theft Auto цувралын дараагийн тоглоомыг тоглохын тулд 13 жил хүлээлээ. Анх PlayStation 3 болон Xbox 360 консолд зориулан гаргаж байсан GTA V энэ хугацаанд гурван үеийн тоглоомын консолыг дамжин, нийт 235 сая орчим хувь борлуулагдаж, бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай видео тоглоомуудын нэг болсон юм. Түүнчлэн 2013 онд нээлтээ хийсэн GTA Online олон жилийн турш шинэчлэгдэн, дэлхийн өнцөг булан бүрийн сая сая тоглогчийг нэгтгэсээр иржээ. Харин GTA VI-ийн анхны трейлер 2023 оны арванхоёрдугаар сард цацагдсанаар тус цувралын талаарх олон жилийн таамаг, хүлээлт улам эрчимжсэн билээ. Ийнхүү 13 жилийн дараа цувралын шинэ анги нээлтээ хийж, GTA V-ийн тогтоосон өндөр амжилтыг үргэлжлүүлэх томоохон хүлээлттэй нүүр тулж байна.

1 тэрбум ам.доллар

GTA VI зөвхөн борлуулалтаараа бус, бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгөөрөө ч энтертайнментийн салбарын түүхэнд бичигдэхээр байна. Reuters, The Guardian зэрэг олон улсын хэвлэлүүдийн тооцоолсноор тус тоглоомыг бүтээхэд нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулсан нь бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр бүтээгдсэн видео тоглоомуудын нэг болжээ. Харьцуулбал, 2013 онд нээлтээ хийсэн GTA V-ийн хөгжүүлэлт, маркетингийн нийт төсвийг 276 сая ам.доллароор үнэлж байсан бөгөөд тухайн үедээ салбарынхаа дээд амжилтыг тогтоож байв. Тоглоомын хөгжүүлэлт 2015 оноос эхэлж, Rockstar Games-ийн дэлхий даяарх студиудын 5000 орчим ажилтан бүтээн байгуулалтад нь оролцжээ. Бодит ертөнцөөс ялгахад бэрх нарийн деталчлалтай хот, өөрийн гэсэн амьдралтай мэт оршин суугчид, тоглогчийн үйлдэлд хариу үзүүлэх орчин гээд виртуал ертөнцийн өчүүхэн хэсэг бүрийг бүтээхэд олон жилийн судалгаа, хөдөлмөр шингэсэн байна. Тухайлбал, тоглогчид Вайс Сити хотын гудамжаар зугаалах, далайн ёроолыг судлах, бүр 62 төрлийн шувууг ажиглан бүртгэх боломжтой аж. Хэдийгээр хөгжүүлэгч Rockstar Games болон Take-Two компани тоглоомын бодит төсвийг өнөөг хүртэл албан ёсоор зарлаагүй боловч дор хаяж нэг тэрбум ам.доллар давсан гэх тооцоо бий.

3.8 тэрбум

GTA VI худалдаанд гарсан эхний бүтэн өдрөө 3.8 тэрбум ам.долларын борлуулалт хийж, энтертайнмент салбарын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой нээлт боллоо. Харьцуулбал, 2013 онд GTA V нээлтийн өдрөө 800 сая ам.долларын борлуулалт хийж байсан бол шинэ анги нь уг үзүүлэлтийг бараг тав дахин давжээ. Түүнчлэн GTA V гурван өдрийн дотор нэг тэрбум ам.долларын борлуулалтад хүрч, тухайн үедээ түүхэн рекорд тогтоож байв.

32.5 сая хувь

Тус тоглоом худалдаанд гарахаасаа өмнө 32.5 сая хувь борлуулагдсанаар дээд амжилт тогтоожээ. Урьдчилсан захиалга 2026 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд ердөө хэдхэн сарын дотор ийм хэмжээний борлуулалтад хүрсэн байна. Харьцуулбал, GTA V 2013 онд нээлтийн эхний 24 цагтаа 11.21 сая хувь борлуулагдаж байв.

40 тэрбум гаруй хандалт

GTA VI худалдаанд гарахаас өмнө тус тоглоомтой холбоотой YouTube бичлэгүүдийн нийт үзэлт 40 тэрбумыг давсныг YouTube албан ёсоор мэдээлжээ. Үүнд албан ёсны трейлерүүдээс гадна тоглогчид, контент бүтээгчдийн бэлтгэсэн бүх төрлийн бичлэг багтсан байна. Сонирхуулахад, GTA цувралын тухай YouTube дэх бичлэгүүдийн нийт үзэлт 900 тэрбумыг давсан бол GTA VI-ийн хоёр дахь трейлер 2025 онд цацагдсан эхний 24 цагтаа бүх платформд нийлээд 475 сая үзэлт цуглуулж байв.

8.5 цаг

Circana компанийн мэдээлснээр, АНУ-д GTA VI-ийг нээлтийн өдөр нь тоглосон PlayStation 5 хэрэглэгчид дунджаар 8 цаг 33 минутыг тоглоомд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, тоглогчид ажлын бүтэн өдөртэй дүйцэх хугацааг GTA VI-ийн ертөнцөд өнгөрүүлсэн байна.

61 хувь

GTA VI нээлтээ хийсэн арваннэгдүгээр сарын 19-нд АНУ-д идэвхтэй байсан PlayStation 5 тоглогчдын 61 хувь нь тус тоглоомыг тогложээ. Харин дэлхийн хэмжээнд тухайн өдөр идэвхтэй байсан Xbox Series X/S хэрэглэгчдийн 56 хувь нь GTA VI-д цаг заваа зориулсан байна. Ийнхүү шинэ бүтээл худалдаанд гарсан эхний өдрөө хоёр томоохон консолын тоглогчдын талаас илүү хувийг татаж чаджээ.

99/100

GTA VI видео тоглоомын шүүмжлэгчдийн үнэлгээг нэгтгэдэг Metacritic платформоос 100 боломжит онооны 99-ийг авч, XXI зуунд энэ үнэлгээнд хүрсэн анхны тоглоом болжээ. Сонирхуулахад, өмнө нь зөвхөн 1998 онд Nintendo компанийн гаргасан The Legend of Zelda: Ocarina of Time тоглоом ийнхүү 99 оноо авч байсан бөгөөд GTA VI 28 жилийн дараа тус амжилтыг давтсан байна. Тоглоомын асар нарийн деталчлалтай нээлттэй ертөнц, дүрүүдийн түүх, техникийн шийдлийг шүүмжлэгчид өндрөөр үнэлсэн бөгөөд ийнхүү GTA VI бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй хоёр тоглоомын нэг болоод байна.