Идэр есийн эрч сааран, урин дулаан эргэж улирал солигдох цагаар монголчууд эртнээс “хаврын салхи хавирга нэвт” хэмээн эрүүл мэнддээ онцгой анхааран тойглож ирсэн. Тэгвэл орчин цагийн технологийн өндөр дэвшлийн үр буюу таны ухаалаг утсыг тань эрүүл мэндийн манаанд зогсоох аппликэйшнүүдийг санал болгоё.

ХООЛ ХҮНС:

1. NOOM

Эрүүл амьдралын хэвшлийг дэмжих зорилго бүхий энэхүү аппликэйшн нь жингээ барих зорилготой ч хоолоо хорих дургүй хэрэгчлэгдэд зориулагдсан бөгөөд тухайн хүний сэтгэлзүйн байдал, зан авирын хэв шинжтэй уялдан хооллох хөтөлбөр, дасгалын хуваарь гаргаж өгдгөөрөө онцлог.

“Noom” аппликэйшний тусламжтайгаар хувийн дасгалжуулагч, сэтгэлзүйчдийн зөвөлгөөг хүртээд зогсохгүй, таныг сэдэлжүүлэх эрүүл мэндийн сэдэвт сонжоо, нийтлэл уншиж болох юм. Мөн цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ, жин, дасгалд зарцуулсан энергиэ хянах боломжтой.

Appstore дээр байгаа эсэх: Тийм

Google Play дээр байгаа эсэх: Тийм

Үнэ: Татахад үнэгүй ч “Noom Pro” хувилбарын үнэ сард $9.99

2. Myfitnesspal

Өдөр тутмын хүнсэндээ анхаарагч хэн хүний утсанд зайлшгүй байх ёстой аппликэйшнүүдийн тоонд зүй ёсоор орох “MyFitnessPal” апп нь таны идэж буй хүнсний илчлэгийг тооцон, тухайн бүтээгдэхүүнд агуулагдах нүүрс ус, уураг, эрдэс давс болон шим бодисын тооцоог нарийвчлан гаргаж, нэг удаагийн хооллолтоор өдөрт авах ёстой шим бодисынхоо хэдэн хувийг авч буйг нарийн бодож өгдөг.

Хэрвээ та жингээ барих, хасах дэглэм барихаар зэхэж буй бол энэхүү аппликэйшний “plan” цэснээс өөрийн тань зорилгот тохирох хөтөлбөрийг сонгоход л өдөр бүр цоо шинэ даалгавар, зөвлөгөө өгөөд зогсохгүй барьж буй дэглэмтэй тань холбогдолтой мэдээллүүдийг хүнсний мэргэжилтнүүдийн бэлтгэсэн нийтлэлүүдээр олгох болно. Эл аппыг татаад бүртгүүлэхэд л таны биеийн массын индексийн хувь болон өдөрт авах ёстой илчлэгийг тань тооцон гаргахын сацуу энэхүү апп таны хөдөлгөөнийг ч автоматаар тооцдог билээ.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх:
Тийм
Үнэ: Татахад үнэгүй ч “Myfitnesspal Pro” хувилбарын үнэ сард $9.99, жилийн $49.99

3. Zero

Мацаг барих таныг хавдар, чихрийн шижин, зөнөлт, мэдрэл муудалт, хөгшрөлт, таргалалт гээд тоймгүй олон эмгэгээс хамгаалдаг талаар сонсож байв уу? Бодисын солилцоог хурдасгаж, булчингийн ажиллагааг дэмжин, биед хортой хлостеролын хэмжээг бууруулдаг нь олон судалгаагаар нотлогдсон мацаг барих нь орчин үед гагцхүү жингээ барих гэлтгүй эрүүл мэнддээ анхаарагчдын дунд газар аваад буй.

Олон нийтийн сүлжээн дэх явцуу мэдээллээс үүдэн мацаг барихыг өдөр хоног өнжин өлөн явахтай андуурах нийтлэг. Харин “Zero” апп таны амьдралын хэмнэл хийгээд биеийн онцлогт тохирох мацаг санал болгоод зогсохгүй тухайн хөтөлбөрийн явцад сэтгэл санааны тань байдлыг ч мөн хянах зохицуулалттай юм.

Аппликэйшн дотроо таны жингийн өсөлт, бууралтыг тэмдэглэх хэсэгтэй бөгөөд сонирхолтой мацаг барих чэлленжүүдэд нэгдэн биелүүлсэн даалгаврынхаа хүрээнд тэмдэг цуглуулдаг аж.

App Store дээр байгаа эсэх: Тийм

Google Play дээр байгаа эсэх: Тийм

Үнэ: Татахад үнэгүй ч “Zero Plus” хувилбарын үнэ жилд $59.99 - $69.99

4. Fooducate

Та авч буй хүнснийхээ шошго, найрлагыг хардаг уу? Энэхүү аппликэйшний тусламжтайгаар та сонирхож буй хүнс, хүнсний бүтээгдэхүүнийхээ зургийг эсвэл найрлагын нэрийг хайх талбарт оруулахад л шим бодисын тооцоолол, илчлэг болон хүний биед хэр тустайг нь А-аас D хүртэл үнэлсэн мэдээллийг авах боломжтой.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх: Тийм

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН:

1.  Motify

Гэр, фитнесс, гадаа гээд та хөдөлг дасгалөөн хаана хийх дуртайгаа сонгоход л энэхүү апп танд зориулсан дасгал, бясалгал, сунгалтын хөтөлбөрүүдийг санал болгоно. Аппликэйшнийг санаачлагч Ханна Дэвис энэ тухай “Биедээ анхаарал хандуулахад шаардлагатай бүхий л хэвшлийг нэг аппликэйшнээс авах боломж нээхийг хүссэн” хэмээжээ. Та апп дээр биеийнхээ аль хэсэгт ажилламаар байгаагаа хайхад л хангалттай бөгөөд найзуудаа энэ аппликэйшн дээр уриад нэг нэгнийхээ өсөлт, дасгалын гүйцэтгэлийг хянан, үр дүнгээ харьцуулах боломжтой нь сонирхолтой.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх: Тийм
Үнэ: Татахад үнэгүй ч “Motify Premium” хувилбар тусдаа үнэтэй.

2. PEAR

Энэхүү апп нь таны биед тохирсон дасгалын хөтөлбөрүүдийг санал болгоно. Та олон төрлийн дасгалыг ямар дарааллаар хийвэл биед хэрхэн нөлөөлөх талаарх мэдээллийг энэхүү аппликэйшнээс авч болох төдийгүй хувийн дасгалжуулагчдын зөвөлгөө, зөвлөмжийг унших боломжтой. Мөн “PEAR” аппаа та бусад фитнесс төхөөрөмжүүдтэй холбох тохируулгатай тул биеийнхээ бусад хэмжээсүүдтэй хамт хянах боломжийг олгох юм.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх: Тийм
Үнэ: Татахад үнэгүй ч “PEAR Premium” хувилбар тусдаа үнэтэй.

3. Seven

Ажил гэрийн хооронд гүйсээр дасгал хийх зав гаргаж чаддаггүй хүмүүсийн нэг та юм биш биз?

Тэгвэл таны өдрийн долоон минутыг л хэрэгцээт хөдөлгөөнд зарцуулахаар төлөвлөгдсөн энэхүү апп нь долоон сарын турш үргэлжлэх дасгалын хөтөлбөрийг танд санал болгох ба та дасгалын явц болон гүйцэтгэлээ шууд хянах боломжтой юм. Аппликэйшнээс гаргаж өгсөн хуваарийг амжилттайгаар дагаснаар танд өөр шинэ даалгаврууд биелүүлэх цонх нээгдэх бөгөөд та апп дээр найзуудаа урин хамт нөхөрсөг уралдаан зохиож болох нь сонирхолтой.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх: Тийм

СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД:

Өнгөрсөн жилд цар тахлын дэгдэлтээс үүдэн хэрэглэгчдийн дунд хамгийн өндөр амжилт үзүүлсэн эрүүл мэндийн аппуудын төрөлд сэтгэлзүйн эрүүл мэндэд зориулсан бясалгалын аппууд толгой цохижээ.

1. calm

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хорвоо ертөнц хөл хорионы дэглэмд шилжихтэй зэрэгцэн энэхүү сэтгэл тайвшруулан бясалгах зорилготой аппликэйшн 100 хувийн өсөлттэй ажилласан төдийгүй жирийн үеийнхээс хоёр саяар олон хүн аппликэйшний $70 бүхий жилийн хөтөлбөрт хамрагдсан үзүүлэлт гарсан нь сонирхууштай. Аппликейшний нэрийн тайвшруулах чимээнүүд болох “Салхинд найгах гацуур”, “Далайн хөвөө шөнөөр” гэх мэтийн дундаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь алдарт поп од Харри Стаялэсын “Dream with me” хэмээх залуугийн намуухнаар үлгэр унших бичлэг үзүүлсэн байна.

Энэхүү аппликэйшнийг бүтээгчид нэгэнт л бүгд ажил хэрэг, сонирхол, ямар нэгэн шалтгаанаар утаснаасаа салж чадахгүй болсон юм чинь утсаа тайвшрахад ашиглаж яагаад болохгүй гэж бодсон нь "Calm"-ийг бүтээх сэдэл болсон гэнэ.

Эл апп бусад бясалгалын аппликэйшнүүдээс өртгийн хувьд өндөр ч илүү гүн бясалгал хийж, дотогшоо гүн шагайхад туслах авай. Та энэхүү аппликэйшнийг татаж аваад ямар зорилгоор ашиглах гэж буйгаа оруулахад апп танд зориулан бясалгалын төлөвлөгөө, зөвөлгөө санал болгох болно.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх: Тийм
Үнэ: Татахад үнэгүй боловч "Calm Premium" багцууд нэмэлт үнэтэй

2. headspace

Буддын ухааны ламтан технологийн салбар луу хөрвөн бясалгалын гайхамшгийг түмээнд түгээх болсон энэхүү сонирхолтой аппликэйшн манай хуудаснаа нэг биш удаа дурдагдаж байсан билээ. Энэхүү апп нь бясалгалыг хялбараар хүргээд зогсохгүй өнөөгийн хурдан хэмнэлд бодолдоо бага ч гэсэн амсхийх чөлөө өгөхийн чухлыг хэрэглэгчдэдээ таниулдаг. Энд цөөн минутын, удаан хугацааны гэхчлэн төрөл бүрийн бясалгалууд бий. Headspace-ын хэрэглэгчид энэхүү аппликэйшнийг ашигладаг болсноос хойш илүү сайн төвлөрдөг, цэгцтэй сэтгэдэг, сэтгэл санаа тогтвортой болсон хэмээжээ.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх: Тийм
Үнэ: Татахад үнэгүй боловч "Headspace Premium" багцууд нэмэлт үнэтэй

Headspace буланг тоймлосныг эндээс үзнэ үү.

3. Happify

Аз жаргалын мэдрэмжийг нэмэгдүүлэх хамгийн найдвартай арга бол тархины бүх хэсгүүдийг ажиллуулах дасгал хийх гэдгийг нэг биш судалгаагаар батлаад буй. Happify таны тархийг ажиллуулан, бодох үйл явцыг дэмжих хөтөлбөрүүдээр хангаад зогсохгүй мэргэжлийн сэтгэлзүйчдээр зөвшөөрөгдсөн сэтгэл засах арга, алхмуудыг санал болгоно. Сөрөг бодол сатааруулах тоглоомууд, сонжоо, талархах дадал төрүүлэх дасгал, орчноо анзаарах бяцхан сануулга гэх мэтийг агуулсан энэхүү апп, ухаалаг утсан дахь таны бяцхан найз болж чадах болов уу.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх: Тийм

НОЙР ХЯНАХ:

1.  Pillow

Сайн нойртой явах нь өдөр тутмын амьдрал гэлтгүй эрүүл мэндэд хэчнээн амин чухал нөлөөтэйг ярих нь магад илүүц биз. Энэхүү апп нь таны унтлагын цагийг тооцох төдийгүй хэр их хөрвөөж буйг тань тодорхойлдог. Үүний тулд та утсаа орон дээрээ тавиад унтахад л хангалттай.

Нойр хянах үүрэгтэй аппликэйшн дундаас шилдгээр тодроод буй энэхүү аппликэйшн таны нойрсох үеийн дуу чимээг бичих тохируулгатай бөгөөд хэр их хурхирч буйгаа ч нарийн мэдэх боломжтой. Аппликэйшн таны унтлагын хуваарьт анализ хийн улмаар таны өглөөний хамгийн сэргэг үеийг тааруулан автомат сэрүүлэг тавих боломжтой нь тун аятайхан. Сайн өдөр сайн нойрноос эхлэх тул энэхүү аппликэйшн таны бүтээмждээ оруулах томоохон хөрөнгө оруулалт байж мэдэх юм.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх: Үгүй

ХОРТ ЗУРШЛУУДААС ТАТГАЛЗАХ:

1. Smoke Free

Та тамхинаас гарахаар шийдсэн үү? Тэгвэл танд Smoke Free аппликэйшнийг санал болгоё. Та энэхүү аппын тусламжтайгаар тамхинаас түдгэлзсэн хугацаагаа хянан өдрийн аль үед ямархуу нөхцөл байдлаас үүдэн тамхи татахыг хүсэж буйгаа тэмдэглээд зогсохгүй тамхи татаагүй үедээ хэр их хэмжээний мөнгө хэмнэж буйгаа ч тооцоолох боломжтой аж. Мөн таны бие дэх хүчилтөрөгч, нүүрсхүчлийн давхар хийгээд дутуу ислийн хэмжээг тооцдог нь онцлог.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх: Тийм

2. Drinkaware

Баярын араас баяр угсрах хаврын өдрүүдэд спиртийн төрлийн ундаанаас холуур байх чамгүй бэрх даваа болов уу. Тиймд “Drinkaware” аппликэйшнийг танд болоод таны элгэнд санал болгох байна. Энэхүү апп нь ууж буй согтууруулах ундаанд агуулагдах илчлэгийн хэмжээг тооцдог төдийгүй хэр согтууруулах ундаа уухаа “уулт” эхлэхээс урьтан тохируулж болдог аж. Эл аппликэйшний тусламжтайгаар та өөрийн найрлах хэв маягаа анзаараад зогсохгүй өөртөө зорилт тавин, уултаа хянаж, согтууруулах ундаанд зарсан мөнгөө тун хялбараар тооцох боломжтой юм.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх: Тийм

3. StickK

Йэлийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессоруудын хамтран санаачилсан энэхүү аппликэйшнийг татан бүртгүүлсэн даруйдаа та өөрөө өөртэйгөө зорилгын гэрээ хийх бөгөөд тэр бүү хэл зорилгодоо хүрэх эсэхдээ мөнгөөр бооцоо тавих боломжтой аж.

Эдийн засагч Ричард Талэрийн түлхэлтийн онолын судалгаанд суурилан бүтээгдсэн энэхүү аппликэйшнд гэрээ хийхдээ та гэр бүл, найз нөхдөө уриалан оролцуулах боломжтой бөгөөд таны ойр дотныхон явцыг тань шалган зорилгынхоо төлөө хэр ахиц гаргасанд хяналт тавьж болох буй.

App Store дээр байгаа эсэх: Тийм
Google Play дээр байгаа эсэх: Тийм