1990-ээд оноос хойш төрсөн хүүхдүүдийн бага насны дурсамжид тодоос тод үлдсэн нэг хүнс бол “Гурван тоорой” брэндийн элэгний нухаш билээ. Ажил, хичээлдээ явахдаа, хөдөө хээр зугаалахдаа гээд ямар ч үед жинхэнэ Монгол “snack” болж, элэгний нухашыг нутагшуулсан гэж хэлж болох уг брэндийн үүсгэн байгуулагч эрхэм манай ярилцлагын буланд оролцлоо.
Нийгмийн шилжилтийн тогтворгүй он жилүүдийг өөрийн өнгө төрх, арга барил, чанар, стандартыг хадгалсаар туулсан тус компанийн замналыг уг ярилцлагаас сонирхоорой. Мөн инженерийн ажлаа орхин бизнес эхлүүлээд өдгөө 30 гаруй жилийг үдсэн үүсгэн байгуулагчийн ажилдаа баримталдаг алтан зарчмуудыг энд багтаалаа.
Байршил: Баянхошуу
Эрхэлдэг ажил: Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 17 Pro Max
Хэрэглэдэг компьютер: ASUS
Сошиал хуудсууд: Батцэцэг
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Аав маань эмч, ээж маань багш. Хүүхэд байхын шатар тоглох, тоо бодох дуртай байсан. Ямар сайндаа л манай ангийхан тоо бодохдоо Батцэцэг шиг, томоотой суухдаа Өлзийбаяр шиг бай гэж ярьдаг байж билээ. Ах маань нэгдүгээр ангид байх үед би хажууд нь хичээлээ хийхийг нь хараад суухдаа л тоог нь зэрэгцээд бодчихдог байв.
Тиймээс сургуульд ороод аав ээжийнхээ санааг огт зовоогоогүй шүү. 1982 онд Архангай аймгийн Нэгдүгээр сургуулийг онц дүнтэй төгсөж конкурсээ өгөөд 300 гаруй хүүхдээс 6-р байранд орж байлаа. Уг нь тооны анги авна гэсэн төлөвлөгөөтэй байсан ч яг миний өмнө буюу 5-р байранд орсон хүүхэд тооны анги аваад квот нь дүүрчихсэн. Ингээд би ОХУ-ын Железногорск хотын усан онгоцны инженерийн ангийг сонгосон ч аав маань гадаадад сургах их дургүй байсан юм. Ах маань тухайн үед Улаан-Үдэд сурдаг байсан учраас хоёр хүүхдээ хоёуланг нь гадаадад сургахгүй гэж бодож л дээ. Тэр үедээ би өөрөө ч хүнд өвдөөд Орос руу явж чадаагүй юм. Ёстой л болох ёсгүй юм болдоггүй юм билээ.
Тэр жилийнхээ намар нь Политехникийн Сургуулийн автын инженер, эдийн засгийн факультетад элсэж орлоо. Тэр үед шууд томилолтоор явуулчихдаг байсан учраас сургуулиа төгсөөд сонголтгүйгээр шууд Чойрын нефть баазад томилолтоор очсон. Мэдээж дөнгөж төгсөөд очсон хүүхэд тул колонк дээр түгээгч хийж эхэлсэн. Цаашлаад оператор, механик, гэрээ, эрхийн байцаагч гээд сүүлд нь эдийн засагч болж гурван жилийн дотор мэргэжлийнхээ хувьд ахиж дэвшиж, олон ч зүйл сурсан.

Ингээд 1990 онд зах зээл эхэлж нийгэм өөрчлөгдөхийн эрхэнд би Чойроос Улаанбаатарт ирж улсын байгууллагад нийтдээ гурван жил ажиллав. Энэ үедээ ер нь өөрийн гэсэн бизнестэй болохгүй бол цаашид амьдрал хэцүүдэх юм байна гэж ойлгосон л доо. Тэгээд л байсан боломжит хувилбар бол мэдээж наймаа хийх байсан. Тухайн үед Шонхор зах, Баянгол зах гэх мэт захууд бүгд гадаа бараагаа зардаг байлаа шүү дээ.
Өвлийн хүйтэн өдрүүдэд доороо картон цаас дэвсээд л юмаа зарна. Миний хувьд Шонхор зах дээр хиам зардаг байв. Хиамаа Баянхошуу дахь үйлдвэрээс нь аваад усны тэргэн дээр тавиад нийт таван километр явган явж зөөдөг байлаа. Өвлийн хүйтэн, зуны халуун ажрахгүй хоёр жил зах дээр зогсох үед хэцүү үе маш их байлгүй яах вэ. Дээд сургууль төгссөн хэр нь ингээд наймаа хийгээд зогсоно гэдэг зарим хүнд бол тийм таатай санагдахгүй л байх. Гэхдээ Нндад тэгж бодох сөхөө ч байгаагүй. Хоёр хүүхэдтэй, гэр бүл, аж амьдрал хэцүүхэн байсан тул ажиллах ёстойгоо л мэдэж байсан.
Удалгүй өөрөө үйлдвэр байгуулвал болохоор юм шиг санагдаж эхэлсэн. Ингээд 1995 онд нөхөртэйгөө гэр бүлийн бизнесээ эхлүүлж “Хоргын хүү” ЗБ нөхөрлөл үүсгэн байгуулж байв. Нөхөр маань инженер учраас үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан, машин тэрэг гээд үйлдвэртэй холбоотой бүх зүйлсийг хариуцна. Харин би өөрөө санхүүгийн үйл ажиллагаагаа хариуцсаар өнөөдөртэй золгожээ.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Ажлын нэг өдөр маань нэлээн хөдөлгөөнтэй өрнөдөг. Бизнес тогтворжих эхний хэдэн жил тоног төхөөрөмж судалж, Хятадын үзэсгэлэн худалдаануудаар дохио, зангаагаар ойлголцон барин хэсдэг байлаа. Одоо ч гэсэн тодорхой давтамжтай ингэж явж шинэ тоног төхөөрөмжүүд судалж, шинэчилж байдаг.
Үйлдвэр дээр бол ажлынхантайгаа тулж уулзах хэрэгтэй үедээ очно, бусад үед нь хотын оффисоосоо ажиллана.

3. Таны ажлын нөү-хау?
3. Таны ажлын нөү-хау?
Бизнес хийхэд хамгийн чухал нь итгэл, сэтгэл, тэвчээр гурав. Удирдах албан тушаалтай хүний хувьд ажилтныхаа хийгээд сурчихсан юмыг нь шүүмжлээд эсвэл илүү үглээд байх нь зохимжгүй тул хүнд итгэл даалгаж сурах хэрэгтэй.
Мөн аливаад сэтгэлээсээ хандах их чухал. Жишээ нь ээжийн хоол амттай байдаг нь ээжүүд хоолоо хийхдээ “миний хүүхэд иднэ шүү, миний нөхөр иднэ шүү” гэж бодож, сэтгэлээсээ хийдгээс улбаатай. Яг үүний адилаар би ажилчдадаа үргэлж хүний ходоодонд очих хүнс хийж байгаа шүү гэдгээ бодож ажилдаа сэтгэлээсээ хандаасай гэж захидаг юм.
Хүмүүс ажлаа хийж байхдаа үргэлж нэг өөр зүйл бодож эсвэл яарч тэвдсэн байдалтай байдаг нь анзаарагддаг. Ийм сэтгэлзүйтэй юм хийвэл хэний ч гараас гоё зүйл гарахгүй шүү дээ. Тиймээс аливаад хүлээцтэй байж сурах нь зүйтэй.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Тэмдэглэлийн дэвтрээ л өдөр тутамдаа ашиглаж байна даа.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Миний хувьд цагийг маш хатуу баримталдаг. Өглөөний 5:00 цагт босоод 7:00 цаг гэхэд ажлаа эхлүүлдэг. Товлосон цагаасаа хоцорсон хүнийг дээд талдаа 15-30 минут хүлээгээд ирэхгүй бол шууд яваад өгчихдөг төрлийн хүн. Тэгэхээр цагаа л барих нь цаг хэмнэж буй явдал.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Ихэнх ажлуудаа толгойдоо бодож, төлөвлөдөг. Хааяа чухал шаардалагтай эсвэл бүр хэтийн зорилгоо бичиж тэмдэглэнэ.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Өдрийн хамгийн чухал үе нь өглөө юм шиг санагддаг. Тиймээс би өглөө босоод ажилдаа гарахаасаа өмнө өөрийн тухтай орчиндоо, цай кофегоо уугаад, нүүр ам, үс гэзгээ янзлаад гардаг. 40,50 настай хүртлээ өглөө зөвхөн ус уугаад гардаг тийм л завгүй хэмнэлтэй байжээ. Одоо бол өглөөний хэдэн цагийг өөртөө зарцуулдаг болж сураад байгаа. Угаас амрах өдөр тэр бүр олддоггүй учраас өглөө бүр хэдэн цагийг өөртөө гаргахыг эрмэлздэг юм.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Ном унших дуртай, тоон зурхайд сонирхолтой.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Хүмүүс намайг “Хоргын хүү” компанийн захирал гэж мэдэхгүй шүү дээ. Харин “Гурван тоорой” элэгний нухшийг маань сайн мэддэг нь бахархам санагддаг. Олон жилийн турш зөвхөн ганц зүйлийн төлөө тууштай ажилласныхаа үр шимийг одоо хүртээд явж буй нь сайхан.
Бизнес маань дөнгөж хөл дээрээ тогтож байтал 1996 онд сургууль орчмын бүсэд хиамны үйлдвэр эрхлэхийг хориглож, эхнээс нь хөөж эхэлсэн юм. Энэ нь манай бизнест маш хүнд туссан ч цаашдын ирээдүйг нь тодорхойлсон юм шиг санагддаг. Шууд объект бариад тусдаа гарчихъя гэхээр тэр хэмжээнд өргөжөөгүй байсан тул Баянхошууд байсан гурван өрөө байшингаа үйлдвэр болгоод өөрсдөө хашаандаа таван ханатай гэр бариад амьдарч байв. Тухайн үед тоног төхөөрөмж механик байсан учраас өдөрт нэг тонн элэгний нухаш хийхэд 15-20 хүн ажилладаг байлаа.
Харин одоо бол үйлдвэр маань өдөрт гурван тонн элэгний нухаш үйлдвэрлэх хүчин чадалтай болж, Нарантуул, Бөмбөгөр, Шонхор, Барс гэхчлэн томоохон захуудаар тараагддаг Монгол түмний хэдийнээ танил брэнд болж өргөжсөн байна. Энэ бодит өсөлтөө харал их сайхан.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Ойрын зорилго маань олон улсын стандарт хангасан үйлдвэр барьж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг төрөлжүүлэх. Үүнтэй холбоотойгоор шинэ үйлдвэрийнхээ зураг төслийг гаргах ажил дээр төвлөрч байгаа. Өөрөөр хэлбэл хаана ямар төхөөрөмж байрлах, тэр төхөөрөмж нь өдөрт хэдий хэмжээний бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай байх зэргийг мэргэжлийн хүмүүстэй нь хамтран төлөвлөж байгаа гэсэн үг.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

2000-аад онд буюу 50 настайдаа би сэтгэл судлаачаар магистрын зэрэг хамгаалсан. Ер нь аав маань намайг өөрийгөө гололгүй аливаад сорьж, сурч мэдэхийн төлөө тэмүүлдэг болгож өсгөсөн юм билээ. Тэгэхээр сонирхсон зүйлсээ ямар нэг аргаар заавал сурч мэддэг.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Номын хувьд би эцэг эхчүүдийг хүүхдэдээ ном уншиж өгөөсэй гэж бодож явдаг юм. Тиймээс Монгол ардын үлгэрүүдийг санал болгомоор байна. Биднийг бага байхад ээж аав нар хүүхдүүддээ ном уншиж түүнийхээ тухай хоорондоо ярилцдаг байсан учраас оюун санааг нь тэлж, сэтгэн бодох чадвар нь тэр чинээгээрээ хөгждөг байсан байх.
Дуу, хөгжмийн хувьд би өдөр бүр бясалгал хийдэг учраас YouTube дээрх бясалгалын хөгжмүүд их сонсдог. Хүний бие махбод, сэтгэл санааг, тархийг амрааж өгдөг юм шиг санагддаг шүү.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Аав маань надад боломж бололцоо нь байвал үргэлж сурч бай гэж зөвлөдөг байсан юм. Тийм ч учраас 80, 90, 100 настай байна уу эсвэл бүр маргааш үхэхээ мэдэж байсан ч хамаагүй үхэхээсээ өмнө ганц ч болтугай зүйл мэдээд үхвэл харамсах зүйлгүй үхнэ шүү дээ гэж хэлж байсан юм.
14. Бусдад шидэх санаа?

Бизнес гэдэг хөндлөнгөөс их гоё харагддаг шиг байгаа юм. Мөнгө олоод л, нүдэн дээр нь баяжаад байгаа мэт. Гэтэл тэр бизнесийг тогтоон барьж, урт удаан хугацаанд ажиллуулахын тулд асар их тэвчээр хэрэгтэй.
Ямар ч юмыг хийхэд үй олон сорилт тулгарна, тэр болгоны өмнө сөхрөөд дараагийн зүйл рүүгээ үсчиж ороод байвал нэг хаалга руу шагайж тэрийгээ удаа ч үгүй хаасаар эцэстээ бүтээсэн зүйлгүй үлдэх нь бий. Тиймээс аливаа зүйлийг тэр дундаа бизнес эхлүүлэхээр сэтгэл шулуудсан бол тэвчээртэй байж гэмээнэ тунаж үлддэг жамтай шүү гэж хэлье дээ.

Сэтгэгдэл бичих

