Олон улсад арилжааны банк, хөрөнгийн болон даатгалын зах зээл тэнцвэртэй хөгжсөнөөр санхүүгийн зах зээл зуучлалын үүргээ бодитоор гүйцэтгэж, эдийн засгийн өсөлтөө дэмжих гол гүүр нь болдог билээ. Харин Монголд энэ байдал эсрэгээрээ буюу санхүүгийн салбарын 90 орчим хувийг арилжааны банк бүрдүүлж байгаа нь хөрөнгийн зах зээл хурдтай хөгжих шаардлагатайг илтгэж буй. Энэхүү ярилцлагын зочин Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх хүсэлтэй бөгөөд тэрхүү хүсэл нь тус салбар луу хөтөлж, улмаар Ард Санхүүгийн Нэгдэлтэй холбожээ.
Санхүүгийн салбарт төр, хувийн хэвшлийг дамнан арав гаруй жил ажиллахдаа талаас илүү хугацааг нь удирдах албан тушаалд зарцуулж, арвин туршлага хуримтлуулсан тэрээр өнгөрсөн оны долоодугаар сараас Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал, Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаа юм. Мөн тэрээр ИБУИНВУ-ын Засгийн газрын Чевенинг тэтгэлгээр Шотландын Глазговын Их сургуульд санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр магистр, МУИС-ийн ЭЗС-д эдийн засгийн онол мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ. Мөн тэрээр дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын 30 гаруй богино, дунд хугацааны сургалтад хамрагдаж мэргэшсэн билээ.
Энэ ярилцлагаараа бид түүний төр, хувийн хэвшил дэх карьерын өсөлт хөгжил, удирдах хэв маягийн тухай хуваалцах болно.
Байршил: Blue Sky, 9-р давхарт
Эрхэлдэг ажил: Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал, Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал
Сошиал хуудас: Bilguun Khurelbaatar (LinkedIn)
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Хэрэглэдэг гар утас: iPhone 16 Pro Max
1. Таны карьераас бид юу юуг мэдэх ёстой вэ?

Би Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн ангийг төгссөн. Тухайн үед манай анги математик, физикийн олон улсын олимпиадад улсаа төлөөлөх сурагчдыг бэлтгэдэг үлгэр жишээ анги байлаа. Манай найзууд төгсөөд ихэнх нь МУИС, СЭЗИС-д хуваагдаж ороод, би ч мөн тэдний адил МУИС-ийн эдийн засгийн онолын ангид орсон юм. Угаасаа ч математикт дуртай, сайн байсан болохоор мэргэжлээрээ сурч байхдаа эдийн засгийн мэргэжилдээ улам дурлаж, энэ чиглэлээр бакалавр, магистрын зэргээ хамгаалсан.
Бакалаврын зэргээ дүүргэсний дараа Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт, дараа нь Төсвийн бодлогын газарт ажилласан. Төсвийн бодлогын газарт хэрэгжиж байсан Дэлхийн Банкны төслийн зөвлөхөөр ажиллах хугацаандаа нийт дөрвөн удаагийн улсын төсвийн нэгтгэл, тодотголыг оруулбал 10 гаруй төсвийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулах ажилд баг хамт олныхоо хамтаар оролцсон.
Улсын төсөв боловсруулна гэдэг макро эдийн засаг, үндэслэлээ зөв тодорхойлохоос эхлээд энгийн төрийн албан хаагчдын аж ахуй, амьдралыг шийдэхэд нөлөөлдөг, боловсруулсан тоо нь хууль болж батлагддаг маш чухал ажил. Энд би дөрвөн жил гаруй ажилласан гэхээр миний карьерын эхлэлийг сайн тавьж, арвин туршлага хуримтлуулах боломжийг олгож чадсан гэж боддог юм. Энэ үедээ хөрөнгийн зах зээлд сонирхолтой болж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг судалж эхэлсэн бөгөөд Монголд ч тэр Англид ч тэр хийсэн магистрын дипломын ажлууд маань хөрөнгийн зах зээлийн хөгжлийг судлахад чиглэсэн.

Улмаар сонирхлоо даган Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт Цаасны газрын Ахлах Реферантаар ажиллаж байлаа. Хожим нь Мөнгө Угаахтай тэмцэх албаны ахлахаар ажиллаж байгаад гарсан. Энд өнгөрүүлсэн гурван жилдээ хөрөнгийн зах зээлийн бүхий л хууль, дүрэм журмыг боловсронгуй болгох, зохицуулалтын орчныг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих зэрэг ажилд гар бие оролцож байлаа. Тухайн үед хөрөнгийн зах зээлийг зохицуулж байсан 70 гаруй журмыг нэгтгэх, өөрчлөх, цуцлах замаар 30 хүртэл бууруулж байлаа. Энэ агуулгаараа хувийн хэвшлийг дэмжих бодлого болж байсан болов уу гэж боддог. Мөн үнэт цаасны давхар бүртгэл, ББЗЗ, дериватив зэрэг бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэхээр судалж ажиллаж байсан юм. Энд өнгөрүүлсэн цаг хугацаа минь надад төрийн шийдвэр гаргалт хэрхэн явагддаг, зохицуулалт хийхэд ямар асуудлууд байдаг зэргийг олон талаас нь ойлгох боломж олгосон болов уу.

Үүний хажуугаар, таван удаа өргөдлөө өгсний эцэст хоёр ч удаа тэнцэж 2020 онд Чевенингийн тэтгэлгээр Шотландын Глазговын Их сургуульд Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр сурсан юм. Энэ таван жилийн хугацаанд би дэлхийн шилдэг 100 их сургуулийн 20 орчмоос нь суралцах урилга авсан бөгөөд надад тууштай байж чадвал юунд ч хүрч болохыг ойлгуулсан он жилүүд байв.
Төгсөөд Монголдоо ирэхдээ төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж болох байсан ч, Ард Санхүүгийн Нэгдэлд орох шийдвэрийг гаргасан. Манай компанийн хувьд тухайн үед ч тэр, одоо ч тэр хөрөнгийн зах зээлийн түүчээ болж, маш идэвхтэй, амьтай компаниудын нэг болж яваа. Энэ нь миний сонирхол, ажиллахыг хүсэж байсан карьерын чиглэлтэй нийцэж байсан болохоор эргэлзэх зүйлгүйгээр орж ажилласан юм. Анх Кредит ББСБ-д санхүү эрхэлсэн захирлаар ажилд орж, улмаар Ард Санхүүгийн Нэгдэл буюу группийн санхүү эрхэлсэн захирлаар томилогдож ажилласан. 2024 оны долоодугаар сард Ард Секюритиз ҮЦК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож мөн давхар Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирлаар одоог хүртэл ажиллаж байна. Эргээд харахад маш сонирхолтой олон төслүүдэд нэгэн зэрэг ажилласан он жилүүд өнгөрч байгаад талархдаг.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Ард Секюритиз ҮЦК нь үнэт цаасны зах зээлээс гадна даатгал, ББСБ гэх мэт олон бизнестэй харилцан уялдаатай ажилладаг. Тал бүрийн ашиг сонирхлыг нийлүүлсэн шийдвэр гаргах хэрэгтэй болдог учраас миний хувьд группийн бараг бүх хуралд оролцдог. Тэгэхээр ажлын өдрүүд маань хурлаар дүүрэн байдаг гэсэн үг.
Одоогийн байдлаар би ажилдаа бүхнээ өгчихсөн байгаа гэж хэлж болно. Одоо үед бол хүмүүс ажил амьдрал тэнцвэртэй байх ёстой гэж их ярьдаг болсон ч миний хувьд үүний эсрэг байр суурин дээр байдаг. Мэдээж ажилтнуудаа тэр боломжоор нь хангадаг ч өөрөө өдөрт дунджаар 10-12 цаг ажилладаг.
Өглөө 8-9 цагийн үед ажилдаа ирнэ, энэ үедээ төвлөрөх цаг гаргахыг ихэд хичээдэг, гэсэн ч төлөвлөөгүй, төлөвлөх боломжгүй зүйлс гарч ирэх нь элбэг. Энэ бүхний дундуур багийнхнаа байнга бэлэн байлгахыг хичээдэг. Тухайлбал, би өнөөдөр эдгээр ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдэж, хуралд орж ирэхдээ шийдвэр гаргахад бэлэн байлгахаар ажлуудаа хийж орж ирээрэй гэх байдлаар хурлуудыг үр дүнтэй байлгахыг хичээдэг.
Нэг өдөр бол харвасан сум шиг өнгөрнө, гол нь энэ дундаа хий эргээд байж болохгүй. Хэтэрхий их хуралдаж цаг алдаж болохгүй учраас өдөртөө тодорхой хэдэн ажил дээр л төвлөрөх хэрэгтэй гэж боддог.
3. Таны ажлын нөү-хау?

Санхүү, хөрөнгийн зах зээлд бодлого тодорхойлогчийн талаас ч, зохицуулалттай байгууллагын талаас ч ажиллаж үзсэн учраас зах зээлээ тодорхой хэмжээнд сайн ойлгож, бүрэн зургаар нь харж чаддаг болов уу гэж боддог. Тийм учраас хэзээ ямар ажлыг хийх, аль нь илүү ач холбогдолтойг мэддэг, өөрөөр хэлбэл “ажлаа мэддэг” учраас энэ нь эргээд үр дүнтэй ажиллах боломж олгодог байх.
Түүнчлэн зарчимтай удирдагч байхыг хичээж ажилладаг. Зарчимтай байна гэдэг нь ажилтан нэг бүртэйгээ шударга харилцах буюу хэн нэгэнд нь давуу эрх олгох, хэн нэгнийг хааж боох гэх зэрэг авир гаргахгүй гэсэн үг. Бүгдэд нь шударга бөгөөд тэгш ажлын орчныг бий болгож, шударгаар өсөж дэвших боломжоор нь хангахыг хичээдэг. Энэ нь өөрөө эргээд намайг удирдлагаа гэж хүлээн зөвшөөрөх үндэс болдог юм шиг санагддаг шүү. Ер нь хэн нэгнийг захирал гэж нэрлээд албан тушаалд томилох амархан, түүнийгээ дааж, доорх, зэргэлдээх, дээрх гээд бүх талдаа хүлээн зөвшөөрөгдсөн “захирал” байх нь хэцүү гэж боддог.
Өөр нэгэн нөү-хау гэвэл миний шийдвэр гаргах чадвар байх. Удирдагч хүн гэдэг ямар ч үед гарц, гаргалгаа хайж, буруу ч бай, зөв ч бай шийдвэр гаргах чадвартай байх ёстой гэж боддог. Ажилтан маань “Захирал аа, яах вэ?” гээд ороод ирэхэд “Харин яах вэ?” гээд толгойгоо илээд суугаад байж болохгүй. Би өдөрт дунджаар 20-30 их, бага шийдвэр гаргадаг. Энэ дунд алдаа, оноо аль аль нь байгаа л байх. Гэхдээ тэрийг л үүрэх гэж би энд ажиллаж байгаа гэдгээ ойлгоод шийдвэрээ гаргаад, хариуцлагаа үүрэхийг хичээдэг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Өдөр тутамдаа Ard аппаар бүх төлбөр тооцоогоо хийдэг. Хоёрт нь мэдээж хөрөнгийн зах зээлтэй ойр байх хэрэгтэй учраас Business Insider, Yahoo Finance зэргээ шалгаж, TradingView аппаар голлох хувьцааны ханшуудыг харна.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Мэдээж хүн бүрийн хэлдэгчлэн цаг хэмнэх хамгийн сайн арга бол төлөвлөх шүү дээ. Нэгэнт компанийн хувьд 3-5 жилийн стратеги, тухайн жилийн бизнес төлөвлөгөөгөө гаргасан бол түүнийгээ сараар нь, долоо хоногоор нь хуваагаад ажиллах нь ойлгомжтой. Бусад төлөвлөгөөг хувь хүн өөрийн ажлын арга барилаараа гаргаад явахад болно.
Миний хувьд аливаа зүйлийг тайлбарлаж ойлгуулахдаа давгүй сайн юм уу гэж үнэлдэг. Тэр ч утгаараа ажилтан нэг бүртэй ярилцаж, хийх ёстой зүйлсийг нь тайлбарлаж өгөхдөө цаг алдаж байна гэж огт боддоггүй. Маш сайн тайлбарлаж өгч чадвал эргээд гүйцэтгэл нь ч сайн гарна шүү дээ.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Даваа гараг бүр манай группийн хурлууд болдог. Эхлээд бүх захирлуудын хурал, дараа нь Ард Санхүүгийн Нэгдлийн захирлуудын хурал зохион байгуулагддаг. Би аль алинд нь оролцдог.
Үүнээс гадна, би даваа гараг бүр менежментийн багтайгаа хуралддаг бөгөөд мягмар гаргаас эхлээд баг болгоны хурлууд эхэлнэ. Энэ дундаас менежментийн багтайгаа илүү тулж ажилладаг, шаардлагатай бол ажилтан нэг бүртэй харилцана.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Зуслан дээрээ очиж хоёр хоног ч болтугай цэвэр агаарт гарахыг хичээдэг. Ерөнхийдөө амрах цаг бага гардаг л даа, манай Ард Санхүүгийн Нэгдэл бараг өдөр болгон үйл ажиллагаа зохион байгуулдаг учраас амралтын өдрүүдэд ч ажиллах шаардлага ч их бий. Энэ бүгдийн дундуур гэр бүлтэйгээ, хоёр охинтойгоо цагийг их өнгөрөөх гэж хичээдэг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Одоогоор тусдаа төсөл болгоод ажиллаж байгаа зүйл ажлаас маань өөр байхгүй. Багаасаа хөлбөмбөг тоглож өссөн ч одоо бол бараг хөлбөмбөгөө үзэж ч амжихгүй яваа. Сагсан бөмбөгт бас дуртай болохоор холбоотой подкастууд сонсоно. Мөн долоо хоногтоо гурван удаа фитнест явахыг хичээж байгаа.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Хөрөнгө оруулалтын салбарт ажиллахад бүх бизнесийг судалж ойлгох хэрэгтэй болдог. Сүүлд гэхэд бид цагны бизнес дээр бонд гаргасан. Үүнтэй холбоотойгоор Монголд цагны бизнестэй холбоотой бүх зүйлсийг олон талаас нь судлах жишээтэй. Өөр бизнес хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, хоорондоо нэгдэж нийлэх, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг ажил хийх хэрэгтэй болоход тэр бүхнийг гүнд нь орж судална. Энэ болгоныг судална гэхээр бид нэг талаараа бараг өдөр бүр өөр ажил хийдэг ч юм шиг, маш сонирхолтой.
Нөгөө талаараа Монголын хөрөнгийн зах зээл жижиг байгаа учраас нэг компанид олон төслүүдэд оролцож, бүх оролцогч талуудыг уулзуулах ачаалал их бий. Эдгээр оролцогч талуудын хүсэл сонирхол нэг цэгт огтлолцож байж нэг шийдвэр гардаг учраас бид нарын бодсоноос өөр шийдвэрүүд гарах боломжтой байдаг нь заримдаа хүндрэлтэй.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд ирэх гурван жилийн дотор дэлхийн аль нэг том хөрөнгийн бирж дээр IPO зарлаж, нээлттэй болох амбицтай байгаа. Яг одоогоор бол олон улсын зах зээлээс хөрөнгө татахаар ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор цаг нар харгалзахгүй олон улсын уулзалт, хурлуудад оролцож байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд бид Сингапур явж цөөхөн өдрүүдэд маш олон хөрөнгө оруулагч нартай уулзсан. Мөн өнгөрсөн 6 сард Европын 5 хотоор нийтдээ 150 гаруй хөрөнгө оруулагч нартай уулзалт хийсэн байна. Ойрын нэг хоёр жилийн дотор Төв Азийн зах зээл рүү гарахаар зорьж байгаа. Тэгэхээр эдгээр улсуудад ямар стратегиар гарах уу гэдэг стратегийн төлөвлөгөө боловсруулах тал дээр мөн давхар төвлөрч байна.

Ард Секюритизийн хувьд бусад ҮЦК-уудаас нэлээд ялгаатай нь бүтцийн өөрчлөлт хийж байгаа компаниудад зөвлөх үйлчилгээ ихээр хийдэг. Тэгэхээр бид зөвхөн бүтээгдэхүүн зуучлаад өнгөрөх бус бизнесийг томруулах, өөрчлөх хэмжээний зөвлөх ажилд анхаарч ажилладаг. Одоо ч ийм төрлийн хэд хэдэн төслүүд дээр төвлөрөн ажиллаж байна.
Удирдагчийн хувьд компанийн дотоод соёлыг бий болгох тал дээр мөн их анхаарч байгаа. Тухайлбал, манай ажилчдын компанидаа ажилласан дундаж хугацаа нь 2.5 жил, менежментийн багийн хувьд 5 жил байгаа нь өнөөгийн ажил сэлгэлт өндөр байгаа цагт томоохон амжилт болов уу. Хүний нөөцийн бодлого гэхээр бусад компаниуд шууд зөвхөн цалин, урамшууллын бодлого л яриад эхэлж байгаа харагддаг. Миний хувьд компанийн соёл тогтох, алсын хараа нэг байх нь илүү чухал санагддаг.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Миний хувьд өөрийнхөө тухай баттай ганц хэлж чадах юм нь “тасралтгүй суралцагч”. Би дэлхийн шилдэг сургуулиуд болох Оксфорд, Франкфурт, ЛБС, Виржиниагийн их сургууль зэрэг байгууллагуудын богино болон дунд хугацааны 30-аад курсийг ажлынхаа хажуугаар сурч төгссөн ба ингэхдээ бараг 10 жилийг зарцуулсан. Философи, сэтгэл судлал, түүхээс эхлээд хүний эрх, ардчилал гээд зөвхөн санхүү, эдийн засгаар хязгаарлагдахгүй сонирхолтой санагдсан сэдвүүдээ үргэлж судалдаг байсан.
Анх edX, Udemy, Coursera дөнгөж гарч ирж байх үед иймэрхүү сургалтуудад хамрагддаг байлаа. Асуудал тулгарвал ер нь шууд л тэрэнтэй холбоотой ямар нэг сургалт, судалгаа байгаа эсэхийг шалгах хүсэл төрдөг. Учир нь асуудал зөвхөн надад биш дэлхийн хаа нэгтээ, хэн нэгэнд тохиолдсон л байгаа шүү дээ. Тухайлбал, анх Ард Санхүүгийн Нэгдлийн санхүү хариуцсан захирал болж байхдаа Udemy сургалтын платформ дээрх “санхүү хариуцсан захирлын ажлаа аваад эхний 100 хоногт хийсэн байх ёстой ажлууд” гэх сургалтыг авч байсан юм. Мөн дэлхийн хөрөнгийн зах зээлийг түүхээс нь эхлээд заасан хичээлийг Ард Секюритиз-ийн захирлаар томилогдохдоо үзэж байсан. Хүн түвшин ахиж, дээшлэх тусмаа өөрийгөө улам их хөгжүүлж, алдаа гаргах магадлалаа багасгаж байх хэрэгтэй гэж боддог.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Cүүлийн үед кинонд их дуртай болсон. Ялангуяа нууцлаг, учир шалтгаан нь сүүлд нь гарч ирдэг кинонд дуртай. Солонгосын нэг ангит кинонуудаас гэвэл New World (2013), The Nameless Gangster, the Cop, the Devil (2019), The man standing next (2020), 12 12: The day (2023), 1987: When the day comes (2017) -ийг санал болгоё. Цувралаас бол House of Cards, Suits-ийг санал болгоно. Мэдээж Friends цувралыг бол тоймгүй их үзсэн болохоор санал болгоно.
Бага байхдаа уншиж байсан номуудаас “Софийн ертөнц” их таалагдаж байсан, сүүлд “Гүн үйл” номыг уншсан нь бага гэхгүй төвлөрөх цагийг өдөрт заавал гаргаж байхын чухлыг ойлгуулсан шүү. Төвлөрнө гэдэг орчноо солиод л, энд тэнд, гоё газар очиж суух бас биш юм билээ. Зүгээр тухайн үед, 1-2 минут ч бай хамаагүй, оюун санаагаа цэвэрлээд хэсэгхэн байх хугацаа хүртэл төвлөрөл.
Ажлын талбарт гарснаасаа хойш эдийн засаг, санхүү талын тэргүүлэх мэргэжилтэн больё л гэдэг зорилго урдаа тавьсан. Тийм ч учраас мэргэжлийн номууд илүүтэй уншжээ, харин сүүлийн үед түүх, хувь хүний намтар зэрэг жанрын номууд сонирхоод байгаа. Миний амьдралд хамгийн их нөлөөлсөн номын нэг бол Ли Куан Югийн “Сингапурын хөгжлийн нууц”. Энэ номыг уншаад Монгол бол яг 1960-1970-аад оны Сингапур юм байна даа гэж дүгнэж, их урам зориг авч байсан юм. Нуулгүй хэлэхэд хөгжим нэг их сонсдоггүй. Ажлаа хийж байхдаа deep focus music гэж хайгаад л хөгжим гэхээс илүү ая сонсдог.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Сангийн яаманд ажиллаж байхад манай хэлтсийн дарга: “дуусчихсан ажил байсан ч үргэлж эргэж хардаг байгаарай, учир нь ямар ч төгс ажил дээр ямар нэг алдаа байдаг” гэж хэлж байсан юм. Тэр зөвлөгөө хамгийн түрүүнд санаанд орж байна.
14. Бусдад шидэх санаа?

20-иод насыг их ажиллаж өнгөрүүлэх хэрэгтэй. Ялангуяа гэр бүл зохиогоогүй байх үедээ маш их суралцаж, өөрийгөө хөгжүүлж ажиллах ёстой, энэ тал дээр залхуурч огт болохгүй шүү л гэж хэлмээр байна. Дэлхийн түүхэнд бүх хувьсгал, жагсаал, нээлтүүдийг хорин хэдэн настнууд хийсэн байдаг шүү дээ. Энэ насанд л хүмүүс хамгийн баялаг санаагаа уралдуулдаг. Тийм учраас өөрийгөө гололгүйгээр олон салбарт бүтээлч байдлаа харуулах гэж хичээгээрэй.
Монгол улс маань хөгжиж яваа улс, харин залуучууд маань хөгжчихсөн улсын залуучуудыг харж тэдэн шиг сэтгэж, тэдэн шиг ажиллах гээд байгаа нь харагддаг. Толгойтой болгон Монголоос явж сурах, ажиллах талаар ярьж байна. Буруутгах аргагүй. Гэхдээ миний бодлоор бид яг энэ үедээ бусад улсаас 2-3 дахин их ажиллаж, ирээдүйдээ өнөөгийн хөгжсөн улсууд шиг эх орныг үлдээхийн төлөө хичээх хэрэгтэй болов уу.

Сэтгэгдэл бичих

