Уншиж бас сонсдог номын сан, дуртай дуучдын маань дижитал цомгийг бидэнд өдөр өдрөөр ойртуулж буй Mbook, Mmusic платформын тухай дуулж байсан л биз дээ? Өдгөө Mbook-д 1,000 гаруй зохиолч, нийтлэлчийн 1,600 гаруй цахим ном, Mmusic-д 900 гаруй уран бүтээлчийн зуу зуун альбум төвлөрч, тус бүр 600,000 орчим бүртгэлтэй хэрэглэгчтэй болжээ. Мөн тэд 2023 оноос Mkaraoke-оор дижитал караокены системийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд тус платформ Univision-ээр дамжин өдгөө хэдэн арван мянган айлын хойморт залраад буй. 

Энэ удаагийн ярилцлагын зочноор Монголын дижитал уран бүтээлийн экосистемийг тал талаас босголцож буй эдгээр платформыг удирдан ажилладаг Д.Батмагнай оролцож, ажил мэргэжлийн замнал болоод салбарын онцлог, сорилтуудыг хуваалцсан нь бүтээлч гэлтгүй бүхий л салбарын залуу мэргэжилтнүүдэд хэрэгтэй өнцөг, авууштай санаагаар дүүрэн байлаа.

Байршил: Хан-Уул дүүргийн 19-р хороо, Туул голын гудамж, Mmusic оффис
Эрхэлдэг ажил: Mmusic, Mbook-ийн Гүйцэтгэх захирал
Ашигладаг гар утас: iPhone 17 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Air M1
LinkedIn хаяг: Batmagnai Dashnyam

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Хүүхэд байхдаа математик, уран зохиол, монгол хэл зэрэг суурь хүчээлүүддээ тун дуртай, санхүү эсвэл технологийн салбарт ажиллана гэх бодолтой байсан. 2004 онд 10 жилээ төгсөөд ШУТИС-ийн аялал жуулчлалын эдийн засгийн удирдлага ангийг сонгон хос мэргэжлээр суралцаж байв. Тухайн үед хос мэргэжилтэй төгсөх гэдэг ойлголт ч шинэ байж. Ийнхүү 3-р курсээсээ зөвхөн аялал жуулчлалын менежмент гэдэг мэргэжлээрээ гүнзгийрч, сургуулиа 2008 онд төгссөн.

MCS группт 2009 онд ороод өдгөө 17 дахь жилдээ ажиллаж байна. Юнител группийн Харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, маркетингийн дизайн продакшн чиглэлээр мэргэшиж, сурталчилгаа төлөвлөлт, суваг хөгжүүлэлтийн хэлтсийн менежер гэхчлэн Юнитэл группт ажиллах хугацаандаа таван өөр албыг хашсан байна. 2018 онд Бээжингийн хэл соёлын сургуульд суралцаж байсан ч цар тахлаас болоод нутаг буцаж, MCS группийн тээвэр ложистикийн хадгалалт, борлуулалтын компанид бизнес, маркетингийн ахлах менежерээр ажиллаж байв.

Харин одоо Монголын дуу хөгжмийн экосистемийг хөгжүүлэх эрхэм зорилго дор дуу хөгжмийн стриймингийн үйлчилгээ, дижитал караокены системийг хөгжүүлийн сацуу Mbook платформоор зохиолч, хэвлэн нийтлэгчдийн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, улам олон хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна.

Mbook 2019 онд, Mmusic 2020 онд үүсгэн байгуулагдсан. Анх Mbook, Mmusic нийлээд Mplus нэртэй апп байсан юм. 2020 онд MCS Ventures компани стартапын экосистемийг хөгжүүлэх зорилгоор энэхүү бизнест хөрөнгө оруулалт хийж, 2022 оны сүүлээс 100 хувь MCS Ventures-ийн хөрөнгө оруулалттай компани гэж яваа. Миний бие 2022 оноос MCS группээс томилогдож, өдгөө Mbook, Mmusic компаниудыг удирдаж буй.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өдөр бүр чанартай нэг цагийг 45:15 харьцаагаар хувааж, ажлаа төлөвлөхөд зориулдаг. Ажил эхлэхээс өмнө 45 минутыг тухайн өдрийн ажлаа жагсааж, өчигдрөөс үлдсэн ажлаа цэгцэлнэ. Энэ үеэр хийх зүйлсээ бодож, эргэцүүлээд ч амждаг юм. Харин ажил тарах үеэр 15 минутыг илүүчилж, тухайн өдөр амжуулсан, хойшлуулсан бүхнээ тэмдэглэдэг.

Ажилдаа дугуй унаж, алхаж очих дуртай. Өдрийн турш төрөл бүрийн уран бүтээлчид, хамтрагч байгууллагуудтай хийх уулзалтууд тасардаггүй тул тэдгээрийг аль болох цомхон, үр дүнтэй байлгахыг хичээнэ. Харин багийнхантайгаа олон уулзалт товлох гэхээс илүүтэй ажлын цагаар оффис дундуур явахдаа чухал мэдээллүүдээ солилцдог.

3. Таны ажлын нөү-хау?

Ямар ч төслийг сайн баг хамт олны хүчээр давж гардаг гэж боддог. Иймдээ ч шинэ санаа төрөх, хийх ажил гардаж авч байх үеэс л хэнтэй хамтарч ажиллах тухайгаа боддог гэх үү дээ. Хэрхэн багаа бүрдүүлж, хэнээс мэдээлэл, зөвлөгөө авч, аль байгууллагатай хамтарч ажиллаж болох вэ гээд л эхэлнэ.

Харин хамт олонтойгоо ажиллахдаа хүнлэг байдлыг эн тэргүүнд тавьдаг. Мэдээж байгууллага гэдэг дүрэм журам, зарчимтай байх ёстой ч хүнлэг сэтгэлийг орхигдуулж болохгүй. Аль болох нээлттэй харилцаж, ойлголцохыг хичээнэ. Үүний тулд маш сайн цаг гаргаж, гаргасан цагтаа хийж буй ажлынхаа зураглалыг нэгтгэх чухал. Ер нь харилцаан дээр л их төвлөрдөг. Багийнхнаа гэнэт бүгдийг нь цуглуулаад нэг дор бүх санаагаа урсгаж орхих бус бодож, сэтгэсэн зүйлээ ажлынхантайгаа гадаа, лифтэнд таарахдаа ч, өдрийн хоолны ширээний ард ч бага багаар яриад л, зураглалаа нэгтгээд л явдаг. Ийнхүү багийнхныхаа санал бодол, мэдрэмжийг ч хүлээж авч, нийтэд нь эргэцүүлдэг. Үүнийгээ “цай сүлэх арга” гэдэг юм.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Уулзалт, хурлуудаа гар утасны Reminder апп дээрээ тэмдэглээд 30 минутын өмнө сэрүүлэг дуугарахаар тохируулчихдаг. Мэдээж Mbook, Mmusic аппаа ашиглахгүй байж чадахгүй. Эхний ээлжинд хөгжүүлж, сайжруулах горим, агуулга юу байна гэдгийг хэрэглэгчийн зүгээс таньж мэдэх гэж идэвхтэй ашигладаг байсан бол одоо ажилдаа ирж очихдоо дуу, аудио ном сонсдог дадалтай болжээ.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Мэдээж хэд хэдэн аппаар олон үйлчилгээ үзүүлж буй учир ярьж, хэлэлцэх зүйл дуусдаггүй ч долоо хоногт нэгээс олон хурал, уулзалт товлохгүйг боддог. Харин ажлын чөлөө, завтай үеэр хүн бүр дээр очоод товчхон ажлын тайлан авч, мэдээллээ солилцдог. Магадгүй том групп компанид ийм боломж хомс байх. Манайх стартап учир хэн юу хариуцаж байгаа нь маш тодорхой, ажил шуурхай явдаг давуу талтай. Нэмээд ойлголтоо сайтар нэгтгэчихсэн байхад ажил сунжирдаггүй. Үнэхээр амжуулж чадах зүйлээ л хийнэ гэж амладаг. Ер нь амжихгүй, чадахгүйгээ тухай бүрд нь тодорхой хэлж, мэдэгдэх нь хэт ачаалал авах, бусдынхаа ч ажлыг хүндрүүлэхээс сэргийлнэ.

Түгжрэл, зогсоолын асуудлаас үүдээд онлайн уулзалтыг илүүд үзэж байгаа. Үнэхээр хэн нэгэнтэй биечилж уулзах бол өдрийн хоол идэх, кофетой хослуулах гэхчлэнгээр аль болох давхар ажил амжуулахыг илүүд үзнэ.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Хийх ажлынхаа чухлын эрэмбийг үргэлж тодорхойлдог. Бизнесийн салбарынхны хувьд том зургаараа шинэ хэрэглэгч татах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, борлуулалтаа өсгөхөд ихээхэн төвлөрнө. Хүмүүстэй ярилцаж, тохирсон зүйлээ тэр дор нь тэмдэглэж авна. Мөн хэт их файл, бичиг баримттай зууралдах дургүй. Тиймээс харилцааг маш үр дүнтэй байлгахыг чухалчилдаг даа.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ салхинд гарах, хээр кофе чанаж уунгаа хөгжим сонсох дуртай. Охин маань ч удахгүй сургуульд орохоор зэхэж, ид өсөж, төлөвшдөг насан дээрээ байгаа тул чанартай цаг гаргахыг чухалчилж байгаа. Мөн сүүлийн хоёр жил усанд сэлэлтээр хичээллэж байна. Хааяа эргэн тойрныхондоо зориулаад хошигнол, дөрвөн мөрт бичих дуртай. Хүмүүсийн онцлогийг нь тодотгож, дараа нь уншиж өгөхөд ч гоё байдаг.

Мэдээж үүний зэрэгцээ бидний бизнес өргөжиж, хүргэхийг зорьж буй бүтээлүүд зах зээлд бодитой байр суурь эзэлж, үр шимээ гаргаж буйг харах их цэнэг өгдөг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Үндсэн ажлаас гадна MCS академид хэрэглэгчийн туршлага, эмпати ментор багшаар ажилладаг. Мөн СЭЗИС-ийн Entrepreneur хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, ментор. Оюутнуудад ихэвчлэн гарааны бизнесийн нөү-хау, салбарын онцлогийг таниулах сургалт, уулзалт зохион байгуулж байна. Ажил дээр гарсан хүмүүс, оюутнуудтай ажиллах хоорондоо их ялгаатай, тэр чинээгээрээ ч үргэлж шинэ өнцөг, санаанд хөтөлдөг нь урамтай.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг болон сорилттой талууд?

Ном, дуу хөгжим гэдэг асар их цаг хугацаа, авъяас чадвар, оюуны хөдөлмөрийн үр шим. Харамсалтай нь манайд оюуны өмч, зохиогчийн эрх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хэчнээн сайн хуультай ч зах зээл үнэ цэнийг нь ойшоохгүй тохиолдол олон. Нэг ёсондоо хэрэглэгчийн ойлголт, хандлагад нөлөөлөхүйц тууштай алхмууд, түүнд зориулах цаг хугацаа их шаарддаг салбарт ажиллах нь томоохон сорилт. Бидний зүгээс төрөл бүрийн оюуны бүтээлийг хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэнгээ эдийн засгийн эргэлтэд оруулж, экосистемийг улам боловсронгуй, шилэн, хүртээмжтэй болгоход анхаарч байна. Үүний үр дүнд залуус маань ч, хийсэн ажлынхаа үр шимийг хүртэж эхэлсэн. Мөн зохиолч, уран бүтээлчид ч ойлголтоо нэгтгэж, хамтын ажиллагаанд илүү нээлттэй хандах болсныг харахдаа баяртай байдаг.

Энэ гурван үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээр уран бүтээлчид унтаж байхдаа ч орлого олдог борлуулалт, маркетингийн сувгийг бий болгож, цаг хугацаа, орон зайн хязгаарлалтыг үл харгалзан оюуны бүтээлийг түгээж буй нь хамгийн том үнэ цэн. Цаашлаад гадаад, дотоодын төлбөр, тооцооны системийг ч нэвтрүүлээд буй. Бидний зорилго юу юунаас урьтаж ашиг орлого олох гэхээс илүү монголд дижитал бизнесүүд олширч, цаашлаад энэхүү экосистемийг зөв, шударга, ёс зүйтэй, үнэ цэнтэй болгож хөгжүүлэх, хамтран ажиллахад хувь нэмрээ оруулах явдал.

Ном, зохиолын хувьд зохиогч нь тун ойлгомжтой байдаг. Гэрээний харилцаанд сайн орчихсон. Дуу харин “олон эзэнтэй”. Шүлэг, ая, дуучин, лэйбл, студи гэхчлэн оролцогч тал ихтэй учир эрх зүйн орчин нь ч харьцангуй адармаатай, үе шат олонтой. Хэн эзэмшигч нь юм, гэрчилгээг нь эзэмшдэг юм гэдгийг тодорхой болгохын тулд монголын оюуны өмч, зохиогчийн эрхийн зах зээл нь цэгцрэх шаардлагатай болов уу. Бид цэгцлэхийн тулд бүгдтэй нь уулзаад яваад байвал бүтэхгүй гэдгийг ойлгож, хамгийн эхлээд хэнд бүтээл байна, түүнтэй нь хамтарч ажиллаж эхэлсэн. Өдгөө монголын нийт уран бүтээлчдийн 97 гаруй хувь нь албан ёсоор хамтарч ажиллаж байна. Цаашдаа зөвхөн дуучид, уран бүтээлчид биш үг ая зохиогчдод ч уран бүтээлийнхээ үр шимийг шударга, тогтмол олгох системийг хөгжүүлнэ.


Бид 2024 оны 11-р сараас эхлээд Мmusic-ийн зүгээс уран бүтээлчидтэй уран бүтээл дээр нь хамтарч ажиллаж эхэлсэн. Харин Mkaraoke үйлчилгээгээр сүүлийн 20-иод жилийн турш караоке системтэй холбоотой ам дамжин хэлцэгдэж ирсэн оюуны өмчийн асуудлыг шийдээд эхэлсэн. Нэг ёсондоо хэний дуу, хэдэн удаа, хэр хугацаанд дуулагдсан үзүүлэлтийг тоолж, түүнд суурилсан борлуулалтын системийг хөгжүүлсэн гэсэн үг. Одоогоор 46,000 айл Univision-ий Android боксоороо төлбөртэй хэрэглэгч болж, нийт 120,000 гаруй айл туршаад үзсэн үзүүлэлттэй явж байна. Үүнээс 16,000-17,000 айл нь сар бүрийн тогтмол хэрэглэгч болжээ. Мөн караоке баруудад нэвтрүүлэх ажил идэвхтэй өрнөж байна.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Одоогоор Mkaraoke үйлчилгээтэй холбогдуулан маркетинг, оюуны өмчийн кэмпэйн ажил өрнүүлэхээр төлөвлөж байна. Үүгээрээ тус үйлчилгээний ард буй систем, ажиллах схем, хамгийн чухал нь утга учрыг нь таниулах зорилготой.

Өнгөрсөн жилүүдэд Mbook, Mmusic аппаа хүмүүст хүргэж, олон хэрэглэгч татъя гэх зорилгоор урамшууллын бодлого идэвхтэй баримталж ирлээ. Mbook апп л гэхэд 600,000 гаруй бүртгэлтэй хэрэглэгч, 1.2 сая гаруй апп таталттай болж, асар том хэрэглэгчийн бааз үүсчээ. Иймд энэ оноос контент, уран бүтээлийг чанаржуулах, агуулгын цар хүрээг тэлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж буй. Шинэхэн уран бүтээлчид ямар өгөөжтэй бүтээл гаргаж, ном орчуулсныг улам олон хүнд хүргэж, тэр ч байтугай тэдний түгээхээр зорьж буй санааг баяжуулж, агуулга боловсруулахад нь хувь нэмэр оруулахыг зорьж байгаа. Эхнээсээ Delkhii хамтлаг тэргүүтэй уран бүтээлчдийн дижитал альбумыг хэрэглэгчдэд хүргэж, Young Mo’G, Tsetse зэрэг дуучидтай хамтран ажиллаж байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Идэвхтэй уншихыг хичээдэг. Хүүхэд байхдаа мэдээ ороод л үлгэр сонсож эхэлсэн дурсамж одоо хэр нь тодхон байдаг юм. Сүүлийн үед сонсдог номд дурлаад байгаа. Ихэвчлэн хувь хүний хөгжлийн ном, подкастууд сонсож байна. Ажил, амьдралын хувьд зөвлөгөө авдаг менторуудтай, тэднээсээ их зүйл суралцдаг. Мөн аливаа зүйлийг суралцахдаа өөрийн төрөлхийн өгөгдөлдөө төвлөрч, давуу тал болгоход анхаардаг. Миний хувьд энэ нь системтэй сэтгэх, аливааг том зургаар нь харах, ямар ч хүнтэй ойлголцож бусадтай үр дүнтэй харилцах гэж боддог.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

“Хоёрын хооронд хэлэлцээр хэзээ ч бүү хий” гэдэг номыг санал болгоно. Учир нь хүн бизнес, борлуулалтын салбар ажилдаггүй байсан ч өглөө сэрэхээсээ л харилцаанд орж, төрөл бүрийн хэлэлцээр хийж эхэлдэг. Иймд бусдад санаагаа ойлгуулах, итгэн үнэмшүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах ур чадвар зайлшгүй. Үүнд энэ бүтээл туслах болов уу.

Дуу гэвэл МУГЖ Ариунаагийн “Миний амьдрал” дуу баяр хөөртэй үед сэтгэл хөглөж чаддаг атлаа гунигтай, тиймхэн үеүдэд ч хань болж, хүч өгдөгт нь дуртай.

Киноны хувьд Хятадын найруулагч Жон Вүүгийн “Red Cliff” түүхэн, дайны сэдэвт киног дахин дахин үзэж, үзэх бүртээ шинэ зүйлсийг олж хардаг. Байгалийн үзэсгэлэн, улс гүрнүүдийн харилцаа, цэрэг дайны стратеги, хүмүүсийн аж байдал, тухайн үеийн нийгмийн амьдралын нарийн деталийг тун чадварлагаар харуулсан учир бусдад ч үзээрэй гэж санал болгох байна. Ташрамд дурдахад, энэ бүтээл Mbook-д “Гурван улсын үлгэр” нэртэй боть ном болж байршсан.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

MCS Holding-ийн Гүйцэтгэх захирал Гантөмөр ментороос авсан “хүндээ зориулсан цаг хугацаа хамийн үнэ цэнтэй” гэдэг зөвлөгөө одоо хэр нь сэтгэлд тодхон үлдсэн.

14. Бусдад шидэх санаа?

Бизнес, тэр дундаа гарааны бизнес үргэлж цаг хугацаатай уралддаг нь үнэн. Гэсэн ч бүх юмыг хурдтай хийх гээд, шинэ санаа бүрийг ажил болгох гэж хэт яараад хэрэггүй гэж зөвлөх байна. Харин тэр санаагаа орхилгүй суурийг нь сайтар бэлдэх нь зүй. Эцсийн хэрэглэгчдэд дутуу хөгжүүлсэн бүтээгдэхүүн хүргэх гэж яарахын өмнө ямар хамтын ажиллагаагаар санаагаа баяжуулж, хүчирхэгжүүлж, ямар бэлэн экосистем, хэрэглэгчийн баазыг ашиглах боломжтойг анзаарах чухал.