Манай өнөөдрийн зочин бол Өмнөд Африкийн Йоханнесбург хотын Витватерсрандын Их сургуулийн хиймэл оюуны профессор, Machine Intelligence and Neural Discovery (MIND) хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Бенжамин Росман. Тэрээр энэ оны TIME сэтгүүлийн “Хиймэл оюун ухааны салбарын хамгийн нөлөө бүхий 100 хүний” жагсаалтад багтсан нэгэн бөгөөд судалгааны чиглэл нь хиймэл оюун, тархи судлал болон бусад холбогдох салбаруудыг ашиглан ухаалаг системүүд хэрхэн суралцаж, шийдвэр гаргадаг талаар судалдаг.
Харин саяхан тэрээр AI Academy Asia-гийн урилгаар Монгол Улсад ирж, харилцагч компаниудад зориулсан хиймэл оюуны ахисан түвшний сургалт явуулж буй. Энэ завшааныг тохиолдуулан манай редакц түүнтэй ярилцаж ажлын арга барил, карьерын замналынх нь тухай ярилцлаа.
Байршил: AI Academy Asia-ийн оффис, New Horizon барилга, Сүхбаатар дүүрэг
Эрхэлдэг ажил: MIND институтийн гүйцэтгэх захирал, хиймэл оюуны профессор, зөвлөх
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Өмнөд Африкийн Йоханнесбург хотод төрж өссөн. Бүх л технологийн хүмүүсийн хэлдгээр багаасаа л технологи, компьютерт сонирхолтой байлаа. Манай ээж улсдаа анхдагч компьютер импортлогч нэг компанид ажиллаж байх үедээ цалингийн оронд компьютер авч байсан юм. Ингээд манайх гэртээ компьютертой цөөхөн айлуудын нэг болсон хэрэг. Тухайн үед интернэт ч байхгүй учраас youtube-ээс үзээд компьютероо суурилуулчих боломж байсангүй. Тиймээс дагалдаж ирсэн гарын авлагыг нь уншиж, туршиж, алдаж оносоор нэг юм компьютероо ажиллуулж чаддаг болсон юм.
Мэдээж жаахан хүүхэд учраас компьютер тоглоомд дуртай, гэхдээ надад тэр тоглоомууд яаж ингэж бүтээд байна гэдэг нь илүү сонирхолтой санагддаг байсан л даа. Улмаар өөрөө оролдож, аав маань ч код бичихийг маань дэмжсээр компьютерын шинжлэх ухаан, цаашлаад хиймэл оюуны салбартай холбогджээ.
Би Витватерсрандын Их сургуульд компьютерын шинжлэх ухаан, хэрэглээний математикийн чиглэлээр суралцаж бакалаврын зэргээ дүүргэсэн. Дараа нь Их Британи руу нүүж, Эдинбургийн Их сургуульд хиймэл оюуны чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан юм. Энэ хугацаанд роботикийн болон машин сургалтын чиглэлийн оюутан, судлаач, удирдагч багш нартай хамтарч ажилладаг, судалгааных нь чиглүүлэгчээр ажилладаг байв. Эндээсээ шинжлэх ухааны судалгааны салбарт ийм хамтрал, чиглүүлэг дутмаг байгааг анзаарсан юм.
Ийнхүү докторын зэргийн дипломын ажлаа хамгаалсныхаа дараа би Өмнөд Африк руу буцаж их сургуульд багшилсан. Энэ үедээ оюутнуудын судалгааны удирдагч багшаар ажиллаж улмаар хиймэл оюун болон роботикийн чиглэлд илүү томоохон санаачилгуудыг хөгжүүлэх үндэс тавигджээ.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өдрийн цагаар ихэвчлэн биет уулзалтуудаа хийнэ харин үдээс хойш, оройн цагаар онлайн уулзалтуудад ордог. Дэлхийн өөр өөр бүс нутгийн хамтрагчидтай хамтран ажилладаг учраас зарим өдөр ажлаа орой хүртэл үргэлжлүүлэх шаардлага гарах нь бий.
Би өглөө эрт босох тийм ч дуртай биш, боломжтой бол 10 цагаас өмнө ажлаа эхлүүлэхгүй байхыг хичээдэг. Тийм ч учраас оройн цагаар илүү төвлөрөл шаардсан ажлууд буюу баримт бичиг боловсруулах, илтгэл, танилцуулга бэлтгэх зэрэгт, цаг гаргах үр дүнтэй санагддаг.
Ерөнхийдөө ажлын өдөр бол ямар нэг тогтсон хэмнэл байдаггүй юм байна. Сар эсвэл долоо хоног бүрийн агуулга, ачааллаас шалтгаалаад өөр өөр.

3. Таны ажлын нөү-хау юу вэ?
Миний хувьд ямар баг хамт олонтой хэрхэн ажиллаж байгаадаа ихээхэн ач холбогдол өгдөг төрлийн хүн. Хэд хэдэн ажлын туршлагаасаа харахад урам зоригтой, сониуч хүмүүстэй хамт ажиллахад ямар ч бэрхшээл тулгарсан амжилттай давж гардаг юм билээ.
Хувьдаа ганц дүрэм баримталсаар ирсэн нь байгаа мөчдөө хийж болох хамгийн “күүл” ажлыг, хамгийн “күүл’ хүмүүстэй хийх. Энэ нь ч намайг олон сонирхолтой төсөл, хүмүүстэй уулзуулж, олон нарийн салбарын ажлуудыг нэгэн зэрэг хийхэд хүнд, хэцүү гэж харах бус улам илүү сонирхолтой гэж харахад тусалж, ямар ч ажлыг тууштай хийж гүйцэтгэхэд нөлөөлсөн байх.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Gmail болон Google Calendar хоёрыг голцуу ашигладаг. Үүнээс гадна Chrome, PowerPoint зэрэг хэрэгслүүдийг төлөвлөлт, илтгэл бэлтгэх, хамтын ажиллагаандаа тогтмол хэрэглэнэ.
Цаг хугацааны явцад миний ажилтай холбоотой хийдэг зүйлс нэлээд өөрчлөгдсөн л дөө. Өмнө нь ихэнх цагаа код бичихэд зарцуулдаг байсан бол одоо энэ ажлын ихэнхийг оюутнууд маань гүйцэтгэж, харин миний ажил үүрэг илүүтэй харилцагчидтай ярилцах, чиглүүлэх, багийнхаа санааг нэгтгэхэд зарцуулагддаг болжээ. Тиймээс хиймэл оюуны хэрэгслүүд, ялангуяа ChatGPT-гээр санаа боловсруулах, аливаа текстийг бичүүлэх ер нь ямар ч ажлыг түргэвчлэхдээ ашигладаг.
Эцэст нь хэлэхэд миний хувьд хамгийн чухал “хэрэгсэл” бол ямар нэг төхөөрөмж биш. Харин хамтран ажилладаг хүмүүс маань гэж боддог. Хамт олон, оюутнууд, түншүүдгүйгээрээ би ямар ч ажлыг гүйцэтгэж чадахгүй.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Ямар нэг онцгой арга мэх ашигладаг гэж хэлэхгүй юм байна. Гэхдээ баг хамт олондоо маш их итгэдэг. Тэднийхээ зөвлөгөө, мэдлэгт найддаг учраас аль болох олон ажлыг тохирох хүмүүст нь хуваарилж чаддаг болов уу. Ингэснээр багийнхан маань бүгд өмнө нь ажиллаж байсан төсөл хөтөлбөр, санаачилгатай холбоотой туршлагаа бүгд нээлттэйгээр хуваалцаж илүү хурдан, илүү үр ашигтай ажилладаг мэт.
Ер нь л бүх юмыг ганцаараа хийх гэж оролдох нь өөрөө үр ашиггүй. Харин хүмүүсийн мэдлэг чадварт илүү итгэж, хүчтэй баг бүрдүүлэх нь цаг хугацаа хэмнэхийн сацуу хавь илүү үр дүнтэй.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Уншаагүй мэйлүүд маань миний хийх ажлын жагсаалт. Мэйлүүдийн тоо нэмэгдэх тусам хийх ажил маань их болж байна гэж ойлгодог. Ажлын мэйлүүдээ ихэнхдээ уншиж амждаггүй учраас шинэ төсөл хөтөлбөр, хамтралтай холбоотой бүх зүйлсэд хариу өгч, тэдгээрээс тухайн сардаа байна уу, долоо хоногтоо байна уу хийх зүйлс маань тодорхой болдог. Ингэхдээ бүх ажлуудаа google calendar дээр тэмдэглэдэг юм.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Аль болох удаан хугацааг эхнэртэйгээ өнгөрөөх тусам улам тухайн долоо хоногтоо эрч хүчтэй болдог юм шиг санагддаг. Бид хоёр ийш тийш зугаалах дуртай, шинэ хоол туршиж үзнэ, заримдаа зүгээр л хажууд нь суугаад онц зүйл хийхгүй байсан ч сайхан амралт болдог шүү.
Ганцаараа байх цаг ч гэсэн ялгаагүй чухал. Ганцаараа байгальд алхах, эсвэл амьдарч буй орчноо өөрчилж үзэх, жишээ нь заримдаа би кафед сууж ажиллах дуртай. Ингэснээр бодол цэгцэрч, илүү тайвнаар юмсыг хардаг юм шиг санагддаг юм. Үүн дээр нэмээд бясалгалд цаг гаргахыг хичээдэг, ялангуяа хэтэрхий олон хийх юмтай, стресстэй үед жаахан ч болов цаг гаргадаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Манай эхнэрийн хэлдгээр би орж ирэх болгондоо нэг шинэ юм хийхээр болчихсон байдаг хөдөлгөөнтэй төрлийн хүн. Ялангуяа ойрын үед догдлуулж буй нэг төсөл бол эртний хүмүүсийн чулуужсан олдвороороо алдартай Cradle of Humankind хэмээх суурин дээр робот ашиглан судалгаа хийх санаа. Үүн дээр нэмээд Африк тивийн олон өөр хэлд зориулсан хиймэл оюуны хэрэгслийг хөгжүүлэх ажилд оролцон ажиллаж байгаа. Гэх мэт эдгээр төслүүд тус бүр миний өөр өөр сонирхлыг өдөөдөг.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Ажлын маань хамгийн том давуу тал нь эрх чөлөө гэж хэлнэ. Өөрийнхөө сонирхдог салбар, санааг лавшруулан судалж дэлхийн өнцөг булан бүрийн сонирхол нэгт хүмүүстэй хамтран ажиллах боломжтой шүү дээ. Судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гээд өөр олон төрлийн ажлуудын хооронд чөлөөтэй шилжиж ажиллах боломжтой гэдэг нь гоё.
Харин сул тал нь 24 цаг хэзээ ч хангалттай байдаггүй явдал. Өөрөө нэгэн зэрэг олон зүйл хийх дуртай учраас эрч хүч, амралт, анхаарлаа зөв хуваарилах нь үргэлж тулгардаг сорилт хэвээр.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Хийж буй бүх төслүүдээс одоогоор хамгийн их анхаарч, төвлөрч ажиллаж буй гол ажил бол судалгааны институт маань. Манай институтийн үндсэн зорилго бол Африкийн хиймэл оюуны экосистем дэх дутуу орон зайг нөхөх буюу олон олон судлаач, мэргэжилтнүүдийг төвлөрүүлсэн инновацын уурхай бий болгох амбицтай.
Үүнд мэдээж олон улсын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлнэ. Harvard, Google зэрэг байгууллагуудтай түншлэл хөгжүүлэх, санхүүжилт татах зэрэг ажлууд хийгдэнэ шүү дээ, үүнийг дагаад үйл ажиллагаа, зохион байгуулалт, захиргаатай холбоотой ажлууд их хийгддэг.
Харин урт хугацаанд миний хамгийн их хүсэж буй зүйл бол энэхүү институтийг зөвхөн нэг их сургуулийн хүрээнд хязгаарлах бус, Пан-Африк буюу тив дамнасан байгууллага болгон хөгжүүлэх явдал. Ингэснээр Африк тивийн өнцөг булан бүрээс эрдэмтэн, судлаачид хамтарч ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг.
Үүнтэй холбоотойгоор би анх 2017 онд хамтрагчдынхаа хамт Пан-Африк зуны сургуулийг нээсэн юм. Нэг долоо хоногийн тус хөтөлбөр нь 330 оролцогчтойгоор манай их сургууль дээр зохион байгуулагдсан. Харин өнөөдөр энэ санаачилга Африк тивийг хамарсан томоохон хөтөлбөр болон өргөжжээ. Энэ жил гол хөтөлбөр нь Руандад болж, өнцөг булан бүрээс 1300 оролцогч цугларч, өдгөө Африкийн 47 улсад тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Өдөр бүр хэдэн зуун судалгааны өгүүлэл хэвлэгддэг тул бүгдийг нь уншина гэдэг бодит байдал дээр бараг л боломжгүй. Миний хамтарч ажилладаг оюутнууд, хамтран ажиллагчид бүгд өөр өөр чиглэлд мэргэшсэн хүмүүс, хоорондоо ч шинэ санаа, мэдээллээ үргэлж хуваалцдаг. Тиймээс тэднийхээ яриа, илтгэлээс цаг үеийн мэдээг мэдэж авах нь бий.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Номын хувьд хувьдаа юмсыг том зургаар харахад тусалдаг бүтээлүүдэд дуртай. Юваль Ноа Хараригийн номууд түүх, технологи, хүн төрөлхтний тухай бүхнийг өргөн линзээр харуулж чаддаг юм шиг санагддаг. Тиймээс түүний бүтээлүүдтэй танилцахыг санал болгоё. Мөн Терри Пратчеттийн Discworld цуврал номыг би одоо ч унших дуртай. Хошин, ухаалаг, аливааг өөр өнцгөөс харуулдаг.
Хөгжмийн хувьд Metallica-гийн Nothing Else Matters-ийг санал болгоё.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Аав маань нэг л зөвлөгөөг янз янзаар хэлж ирсэн юм билээ. Бүх юм эцэстээ учир нь олддог гэж. Маш энгийн сонсогддог хэр нь маш их түшиг тулгуур бас их тайвшрал мэдрүүлдэг. Тодорхой бус байдал, дарамт, бүтэлгүйтлийн үед ингэж бодох хэцүү ч гэсэн эргээд харахад саад бэрхшээлийг илүү ойлгож хүлээн зөвшөөрөхөд тусалдаг шүү.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Технологи бол миний бүхий л амьдралаа зориулсан салбар. Гэхдээ хэчнээн сайн технологитой байсан ч, хамт ажиллаж буй хүмүүс нь шинийг санаачлах хүсэлгүй хүмүүс байвал ямар ч ажил урагшлахгүй. Бүх зүйл хүмүүсээс эхэлдэг. Сайн сайхан зүйлс хийж бүтээх чинхүү хүсэлтэй, жижигхэн зүйлсээс ч сайжруулж болох өнцөг олж харж чаддаг хүмүүс л бодитой үр дүн гаргаж чаддаг гэж би боддог юм.
Өмнөд Африкт “Ubuntu” гэх философи байдаг. Энэ нь “Би оршдог нь бид оршдогоос” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, хүн гэдэг нь бусад хүмүүсийн дунд байж хүн болдог буюу хамт олны үнэ цэнийг онцолдог үзэл. Үүнийг илүү олон хүн ойлгоосой гэж хүсэж байна.

Сэтгэгдэл бичих

